Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 4(23)
Түүхэнд дуурсагдах гавъяатан
( Түүх )

 

Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, эмзүйн ухааны доктор Д.Ням-осор
 

 

Г.Туваан сайдынхаа алтан шарилын дэргэд  элдвийг эргэцүүлэн бодож, гүн хүндэтгэлээ  илэрхийлж, эмгэнэн зогсож байхдаа тэр их хүний  манай нийгмийн өмнө байгуулсан гавъяа, өчүүхэн  надад тусалсан эцэг ёсны тусыг дурсан санаж, “Намайг амьдралын замаа олох гэж тэмтчин явах  үед энэ хүн туслаагүй бол миний туулж  өнгөрүүлсэн  амьдрал ямархуу өнгө төрхтэй байх байсан бол гэж” өөрийн эрхгүй бодогдож билээ. 

“Түмний нэг" гэдэг кинонод “Энэ Чимэд дарга  хатуу гэхэд зөөлөн, зөөлөн гэхэд хатуу янзын хүн шүү”  гэж ажилчид хоорондоо ярилцаж байдаг даа. Түүн  лугаа адил Г.Туваан сайд үнэхээр иймэрхүү төрхтэй  хүн байж билээ. Монголын Эрүүлийг хамгаалахын  нэрт зүтгэлтэн, Монгол улсын гавъяат эмч Гүржавын  Тувааны ажил амьдрал, гавъяа зүтгэлийг монголын  ард түмэн сайн мэдэх учраас би түүнийг хүнийх  нь тухай жаахан яримаар санагдлаа. Ганц би ч  биш, Туваан сайдыг дурсан ярьж, түүний ач тусыг  сэтгэл зүрхэндээ нандигнан хадгалж явдаг олон,  олон хүн бий дээ. Бас Туваан гуайг ад үздэг, хувиа  хичээсэн, олны төлөө огт зовдоггүй, амиа бодож атаа жөтөө өвөрлөж явдаг бэртэгчинг мэр сэр бий.  Тэд хамрынхаа үзүүрээс цааш юм хардаггүй улсууд.  Тэгээд ч тэд нэр хүнд олдоггүй. Харин өөрсдөө олонд  адлагдаж явдаг. 

Туваан сайдын хамтран зүтгэгч нөхөддөө ямар элгэмсэг, өөриймсөг байсан тохиолдлыг хэлж  барашгүй. 1954 онд намайг дээд сургууль төгсөөд  ирэхэд эрүүлийг хамгаалах яамны коллегийн гишүүнээр  шууд томилсон юм. Тэр жил нэг их хүн шагнах болж  200 гаруй хүний тодорхойлолтыг коллегиор хэлэлцэж  билээ. Тэгэхэд Туваан сайд алс холын ямар нэгэн  сумын бага эмч, сувилагч, галч, ажилчны нэр гарахад  “Аа, тийм сахалтай нэг өвгөн байдаг юм. Олон жил  ажиллаж байгаа” “Аа, тийм нэг настай авгай байдаг  юм“ гэх шиг нэр гарсан бүгдийг бараг цөмийг нь  таньдаг, уулзсан, амьдралыг нь хүртэл мэддэг байсанд  бид бүхэн гайхдаг байв. Туваан сайд юм мартана гэж  байхгүй, тун их ой сайтай хүн байсан юм. 

Монгол улсад, монголын ард түмэнд, манай  нийгэмд Туваан сайдын байгуулсан гавъяаг мэргэжил нэгт хамтран зүтгэгчид, манай анагаах ухааны нэрт  эрдэмтэд, ахмад үеийнхэн санаж байгаа. 

1950-иад оны дунд үе хүртэл монголын хүн ам  зүйн үзүүлэлт ямар байлаа, тэр үед Туваан сайдын  санаачлан өрнүүлсэн агуу их үйл явдал (агуу гэхээс  өөр тодотгол баймааргүй) монгол улсын хүн ам  зүйн хөдөлгөөнд ямар их өөрчлөлт гаргасныг манай  эрдэмтэд статистикийн тоогоор л ярихаас хэтрэхгүй  юм даа. Уг нь бол монголын хүн амын төрөлт өсөлт  хэний гавъяагаар, хэний санаачлагаар, ямар янзын  өөрчлөлтөнд орсон бэ? гэдгийг нэг их дурсадаггүй нь  харамсалтай. Энд манай төр, засгийн бодлого, арга  хэмжээг үгүйсгэж байгаа хэрэг огт биш шүү?. Сүүлийн  жилүүдэд бидний бахархах ярих болсон “ Хүн амын  70 шахам хувийг 35-аас доош настан эзэлдэг, монгол  улс залуужсан хүн амтай орон” гэдэг нь чухамхүү 50-  д оны дунд үеэс хойш болсон хэрэг.

Аливаа ажлын хувь заяа, үр дүн түүнийг  хариуцаж байгаа хүний идэвхи санаачлага, тэмцэл  зүтгэлээс шалтгаалдаг гэж ярьдаг, дүгнэдэг биз дээ.  Энэ ойлголтоор ч гэсэн Г.Туваан сайдын ажил үйл  дүгнэгдэх биз ээ. Тавиад оны дунд үед “Арьс өнгөний  улаан” хэмээх ЗИС -150 “Зил” нэр аваагүй байсан үе)  маркийн улаан өнгөтэй машинууд (улаанаар будсан  нь ямар учиртай байсан юм бол доо) бүх аймагт  сум, сум дамжин хөндлөн гулд давхиж, манай ахмад  эмч, сувилагч нар (одоо цөөрч дээ, хөөрхий) багаж  зэвсгээ үүрээд хүн бүгдэд шинжилгээ сорил тавьж  сүрьеэ, тэмбүү, заг хүйтэн илрүүлэн эмчилж, хүн  амыг нэг бүрчлэн эрүүлжүүлэх их ажил өрнүүлсэн  юм. Улс орныг хамарсан тэрхүү нөр их ажлын жолоог  хэн барьж байв? Туваан сайд барьж байсан. 

1950-иад он бол монголын эрүүлийг хамгаалахын  түүхэнд алтан хуудас нээсэн онцгой үе шат гэж тоологдох ёстой юм. 

Монголын хүн амыг нийгмийн хэмээх халдварт  өвчнүүдээс ангижруулсан том үйл явдлыг манай  эрдэмтэн судлаачид тод томруун тавьж задлан  шинжилгээ хийх болсон байх аа!

Энэхүү асар том үйл явдлыг санаачлан зохион  байгуулж, гардан удирдсан Гүржавын Тувааны   дурсгалын хөшөө босгох буюу түүний нэрэмжит  байгууллага бий болгох болоогүй юу!

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 291
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК