Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 5(24)
БНМАУ-д арьс өнгөний өвчний эсрэг явуулж байгаа тэмцэлийн арга хэжээний тухай
( Лекц )

Б.Гонгоржав

Арьс-өнгөний эмнэлгийн дарга

 

 

 (Монголын эмч нарын хоёр дугаар их хуралд тавьсан илтгэл)

Манай улсад явуулж ирсэн бүх арга хэжээнүүдийн дотор арьс өнгөний халдварт өвчнийг эсэргүүцэн хамгаалах явдал өөрийнхөө 30 жилийн ойдоо яр, хүйтэн зэрэг нийгмийн халдварт өвчнүүдтэй тэмцэх талаар бага бус ололттой ирсэн байна. Хувьсгалын өмнөх Монгол оронд арьс өнгөний халдварт өвчин хэтэрхий дэлгэрч улс гэрийг доройтуулан хүн амын өсөлтөнд ихээхэн хор учруулж байжээ. Манай Бүгд Найрамдах Улсад арьс өнгөний өвчин бол хувьсгалын өмнө байсан феодалын мөлжлөгт нийгмээс хоцорч шилжсэн хортой өвчин мөн юм. Хуучин манай оронд нийгмийн халдварт өвчнүүд дэлгэрэх явдал ард түмний харанхуй бүдүүлэг, засаг төрөөс ард түмний эрүүл мэндийн төлөө ямар ч арга хэмжээ авдаггүй хийгээд тогтмол гэр бүлгүй үй түмэн лам нар, мөн гаднаас бараа таваарын зэрэгцээгээр янз бүрийн өвчин тахал авчирагч шунахай худалдаачин гол нөхцөл нь болж байлаа. Зөвлөлтийн эрдэмтэн профессор И.Н.Устюж- нов өөрийнхөө “Монгол ардын соёл” гэдэг зохиолдоо бичсэн нь: “Хувьсгалын урьдах гадаад Монголд ард түмний нь бие бялдар доройтож, үхлийн хэмжээ ихдэх, өсөх төрөх явдал нь хорогдож улсаараа мөхөж байсны гол гэмийг шарын шашин, Манжийн түрэмгийчүүд ба Монголын феодалууд хүлээнэ. Бүх эрэгтэй хүн амын бараг тал хувь нь санваартан гэж нэрийн журмаар гэрлэдэггүй байсан нь нэг талаараа гэр бүл зохиох, үр хүүхэд төрүүлэх явдалд саад болж, нөгөө талаар тогтмол нэг гэр бүлгүй өчнөөн олон мянган лам нар гадаад Монголд гэр бүлгүйгээр ирж суудаг гадаадын шунахай худалдаачин ба тэдний зарц бичээч нарын хамт хүн амын өсөлтөнд хор хөнөөл учруулагч нийгмийн халдварт өвчнийг олонд тараах голомт болж байсан билээ. Бас ч боловсон эмнэлэгийн тусламж байсангүй нь энэ байдлыг улам бүр гүнзгийрүүлжээ” гэжээ. 1914 онд оросын худалдааны төлөөлөгч Болобан гэгч хүний бичсэн нь: “Бүх түшмэдүүд нэгэн дуугаар халхын хошуудын хүн ам хорогдож байна. Мөн ч монгол өвгөдүүд ингэж ярьж байна. Үүнээс үзвэл Монгол улс хүн амын хувьд хорогдож байгаа юм байна” гэжээ. Бас 1914 онд Түшээтхаан аймгийн гурван хошуунд хүн амын шинжилгээ явсан байхад бүх төрсөн хүүхдийн 48% нь 3 насанд хүрэлгүй үхэж байжээ. 1928 онд Монголд явсан зөвлөлтийн эмнэлэгийн экспедицийн түүвэр мэдээнээс үзвэл хүүхдийн 44.5% нь 3 ойноосоо өмнө нас барсан ба 18-35 насны эмэгтэйчүүдийн 31% нь нэг ч хүүхэд төрөөгүй бүх амаржсан эмэгтэйчүүдийн гуравны нэг орчим нь үхсэн хүүхэд төрүүлсэн байв ( Хозяйство Монголии, 1928, №4). Дээрэх үед манайд иймэрхүү гашуудал төрүүлэх хүнд бадалтай байжээ. Энэ байдалтай манай одоо үеийн хөгжлийн эрс ялгаатай болох тоо баримтыг авч харьцуулан үзэхэд сонирхолтой юм. Жишээ нь: Манай улсын хэжээгээр төрөлт ба нас баралтыг авч үзье: 1954 онд 1000 хүн ам тутам 24.1 хүүхэд төрсөн байхад 11 хүн нас барсан байна. Иймд хүн амын цэвэр өсөлт нь 1000 хүн ам тутам 13.1 болжээ. 1955 оны эхний гурван улирлын мэдээгээр 1000 хүн ам тутамд төрөлт нь 18.2 байхад нас баралт нь 8.3, цэвэр өсөлт нь 8.9 байна (Э.Х.Я-ны эмнэлэгийн тоо бүртгэлийн тасгийн мэдээ). Энэ тоо баримтууд бол хүн амын өсөлтөнд хортойгоор нөлөөлж улс гэрийг мөхөөхөд хүргэж байсан нийгмийн хорт өвчнөөр өвдөх явдал манай хайрт Ардын Хувьсгалт нам засгийн үргэлжийн халамж, мөн манай агуу их хань Зөвлөлт Улсын ах дүүгийн тусламжаар ихээхэн хорогдож ирсэн ба манай ард түмний аж амьдрал гуйвшгүй сайжирч байгааг ямар ч маргаангүй гэрчилж байна. Ардын Хувьсгалт нам ба засгаас өөрийн орших анхны жилүүдээс эхлэн ард түмнийг эрүүлжүүлэх ба тусгайлан нийгмийн хорт гамшиг болсон арьс өнгөний өвчинтэй тэмцэх хэрэгийг маш чухал ач холбогдолтой явдал гэж үзсээр байв. Үүний гэрч баримтууд нь нам засгийн удаа дараагын тогтоол шийдвэрүүд ба хууль дүрэм зэрэгт олон бий. МАХН-ын программд бичсэн нь цаг бусын үхэлийг бий болгодог ба хүн амын өсөж төрөхийг доройтуулдаг нийгмийн өвчнүүдтэй тэмцэхэд хөдөлмөрчдийг зохион байгуулна” гэжээ. Гагцхүү жинхэнэ ардын эрхт засаг төр ардын хувьсгалт намын удирдлагын доор Зөвлөлт улсын ах дүүгийн тусламжтайгаар тогтоосноос хойш ардын эрүүлийг хамгаалах ажлыг явуулах шинжлэх ухааны боловсон эмнэлэгийг хөгжүүлэх нөхцөлүүд сая бүрдсэн байна. Манай хувьсгалын их жолоодогч Сүхбаатар 1921 оны 8-р сарын 15-нд Хувьсгалт цэргийн зөвлөлийн 5-р хуралд өвчтөн ард түмэнд эмнэлэгийн тусламж үзүүлэх тухай санал оруулж, цэрэг ба энгийн ардуудыг үнэ төлбөргүй эмнэх лазаретыг бий болгосон байна. 1925 оны намар Улаанбаатар хотноо Ардын эрүүлийг хамгаалах газар буюу анхны амбультори ба жижиг больниц байгуулсан тухай тэр үеийн Дотоод явдлын яамнаас ард олонд нийтлэх бичигт нийтлэжээ. Дараа нь тэр эмнэлэгийн анхны голомт өргөжин ирэхэд 1927 оны орчимд яр хүйтэн өвчнийг эмнэх тусгай тасаг бий болж, дараагаар нь төв больницын дэргэд эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн яр хүйтний хоёр тасаг бий болж арьс өнгөний өвчтөнг хэвтүүлэх ба явуут эмнэдэг болжээ. Манай халуун хань Зөвлөлт улсаас манайд феодалын үеээс шилжсэн арьс өнгөний өвчин үлэмжхэн байгааг харгалзан эмнэлэгийн экспедиц явуулах зэргээр хувьсгалын анхны жилүүдээс эхлэн ихээхэн туслажээ. 1926 онд 15 их бага эмчээр бүрдсэн яр хүйтэн ба нүдний өвчнөөр голлож судлан эмнэх экспедиц явуулсан нь 3 жил шахам төв ба орон нутагт ажиллажээ. Тэр экспедицээс арьс өнгөний мэргэжилтэн Гобянский, нүдний эмч Бергман нар анхны эрүүлийг хагаалах больницад хоцорч ажилласан байна. Дараагаар нь 1937-1938 онуудад СССР-ийн эрүүлийг хамгаалах комиссариатын арьс өнгөний Лейн тэргүүтэй экспедиц манай засгын газрын урилгаар ирж судлан шинжлэх, зохион байгуулах эмнэн сэргээх ихээхэн ажил хийжээ. Жишээ нь тэр үед 11 аймгаас татагдсан шинэ цэргийг арьс өнгөний өвчний талаар үзэж тэд нарын дотор 33.4% нь яр өвчний янз бүрийн хэлбэрээр өвчтэй байгааг нотложээ. Үүнээс үзэхэд дээр үед монголын хүмүүсийн дотор арьс өнгөний өвчин хичнээн элбэг байсан нь үзэгдэж байна. Цаашид мөн экспедицийн тусламжтай анхны цус шинжилгээний лаборатори байгуулагдсан нь далд ярыг илрүүлэхэд нэмэр болжээ. 1928 онд одоо байгаа арьс өнгөний төв диспансерыг байгуулж Монгол улсад анх удаа ард олныг диспансерын аргаар үйлчлэх газрыг бий болгожээ. Тэр үед монголын эрүүлийг хамгаалах залуу байгууллагуудад нэг ч үндэсний их эмч байсангүй. Тэр үеэс ба дараагийн жилүүдэд ажиллаж байсан Гобянский, Ашурков, Орлов, Акатов, Беленький, Михайлов, Соболев зэргийн Зөвлөлтийн арьс өнгөний өвчний мэргэжилтнүүд олонд алдаршиж өвчтөний зүгээс зүй ёсны хайр хүндэтгэлийн хүлээж байсан байна. Тэр үед ажиллаж байсан төвд эмнэлэгийн лам эмч нар тэмбүү яр зэрэг өвчнийг эдгэрүүлж чаддаггүй байжээ. Үүний нэг баримт нь улсын архивын материалаас үзэхэд 1924 онд хуралдсан Хувьсгалт залуучуудын 3-р их хурал дээр нэг төлөөлөгчөөс шүүмилсэн нь: Залуучуудын дотор яр тэмбүү зэргийн бөгсний өвчтэй хүмүүс маш олон байна. Лам эмч нар уул өвчнийг эмнэж хараахан давахгүй мэт тул Европ ёсны эмнэлэг байгуулж өгнө үү” гэжээ. 1927 оноос эхлэн тэр үед аймгуудын төв болох Ховд, Улиастай, Алтанбулаг, Заяын хүрээ, Өндөрхаан зэрэг газруудад анхны эмнэлэгийн салбар байгуулагдаж үүний зэрэгцээгээр арьс өнгөний өвчтөнд эмнэлэгийн тусламж үзүүлэх болов. 1930 оноос шинээр байгуулагдсан 18 аймгийн төвийн больницууд арьс өнгөний тасгууд нээгдэж байжээ. Үүний хамтаар арьс өнгөний өвчтөнг хэвтүүлэх орны тоо жил тутам ихсэж ирэв. Манай засаг төрөөс арьс өнгөний өвчинтэй тэмцэх хуульчилсан арга хэмжээ авч байсаныг дурьдвал: БНМАУ-ын эрүүгийн хуулийн 166-р зүйлд заасан нь: “Яр хүйтэн зэрэг халдварт өвчинтэйгөө мэдсээр атлаа бусдад халдаавал гурван жил хүртэл хорьж шийтгэнэ”гэжээ. Мөн 1942 оны 1- р сарын 22-нд” Арьс өнгөний өвчинтөй тэмцэх арга хэмжээний тухай” гэсэн тогтоолдоо эрүүлийг хамгаалах байгууллагад эрүүл мэндийн шалгалт хийлгэх ба эмнүүлэхээс хортойгоор зайлсхийсэн этгээдүүдийг албадан эмчлэх ба үзэх эрхийг олгожээ. 1946 онд эрүүлийг хамгаалах яамны шийдвэрээр төв больницын эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн яр хүйтний тасаг гэж байсаныг уул больницоос тусгаарлаж улсын хэмжээний арьс өнгөний больниц болгож байгуулсан юм. Энэ больницод дараа нь хүүхдийн арьс өнгөний тасаг бий болгон өргөтгөв. 1948 онд МАХН-ын төв хороо ба засгийн газараас арьс өнгөний өвчтэй тэмцэх явдалыг хүчтэй болгож арга хэмжээ авсан 39/19 тоот тогтоол гарсан билээ. Энэ тогтоолын дагуу ихээхэн арга хэмжээ явагдсан юм. Арьс өнгөний өвчний эсрэг тэмцэлд томоохон шат болсон нь 1952 онд МАХН-ын төв хороо ба Сайд нарын Зөвлөлөөс 235/64 тоот тогтоол гаргаж арьс өнгөний бригадыг аймгуудад ажиллуулах болсон юм. Нэгдүгээр ээлжинд Завхан, Архангай, Төв, Хэнтий, дөрвөн аймагт Зөвлөлтийн мэргэжилтэн оролцсон олон орон тооны ажилтан бүхий отрядуудыг гаргасан билээ. Эдгээр арьс өнгөний отрядууд 1952 оны 8-10- р саруудад бэлдэн зэхэж хөдөө аймгуудад гарсан юм. Энэ отрядууд нь 25 ортой хүүхдийн больниц, цус шинжилгээний лаборатори, эм хэрэгсэл, ариун цэврийн ухуулах таниулах ажлын хэрэглэгдэхүүн зэргээр бүрэн хангагдаж явжээ. Отрядууд 1952 оны 11-р сараас 1953 оны 5-р сард дээрх 4 аймгуудын хүн амыг үзэж үндсэнд нь дууссан байна. Үүнд: Завхан аймагт 56000 хүн, Архангай аймагт 55600 хүн, Төв аймагт 42600 хүн Хэнтий аймагт 30600 хүн тус тус хамаарагджээ. Жич эдгээр бүх хүмүүсийн цус шинжилсэн ба ариун цэврийн дэвтэрийг гардуулан олгосон байна. Нийслэл Улаанбаатарт 1953 онд 3 сарын 15-наас 9-р сарын 15 хүртэл 6 сарын дотор хотын хүн амд эрүүл мэндийн шинжилгээг арьс өнгөний төв диспансерын хүчээр явуулж бүгд 50000 шахам хүнийг хамарсан билээ. Аймгуудад яваа арьс өнгөний отрядууд ба төв диспансер бүх илэрч байсан өвчний ил халдвартай хүмүүсийг бусдаас тусгаарлан хэвтүүлж, анхны курсийг хийж гаргадаг байв. БүхЛбүртгэгдсэн өвчтөнг (гол нь далд яр) арьс өнгөний отрядууд аймаг сумдын эмнэлэгт хүлээлгэн өгөөд нүүдэллэн шилждэг юм. Сумдын эмнэлэгүүд арьс өнгөний отрядын эхэлсэн эмчилгээг цаашид үргэлжлүүлдэг байна. Бас ч отрядууд нь шинжилгээ явуулаад шувтарсан сумуудыг эргэж эмнэлэг тарилга нь аль хир явагдаж байгааг шалгадаг үүрэгтэй юм. 1954 онд ЭХЯ дахиад арьс өнгөний отряд гурвыг шинээр байгуулж Хөвсгөл, Дорноговь, Баян-Өлгий энэ гурван аймагт гаргав. Түрүүчийн хуучин дөрвөн отряд өөр аймгуудад шилжин ажиллав. Үүнд анх Завханд гарсан нь отряд Ховд аймгийг дуусгаад одоо Говь-Алтайд ажиллаж байна. Анх Архангай аймагт явсан отряд Булган аймгийг дусгаад Сэлэнгэд шилжсэн байна. Мөн Төв аймагт анх гарсан отряд Өвөрхангай аймгийг дуусгаад одоо Баянхонгорт ажиллаж байна. Хэнтий аймагт анх явсан отряд Сүхбаатар аймгийг дуусгаад одоо Чойбалсан аймагт ажиллаж байх жишээтэй байна. Ингээд 1956 онд бүх улсын хэмжээгээр арьс өнгөний шинжилгээ дуусах төлөвтэй байна. Энэ чухал бөгөөд том ажил бол гагцхүү манай нам ба засгаас хөдөлмөрчин ард түмний эрүүл энхийн хэрэгт маш их халамжаа тавьж байдгийн ачаар биелүүлэгдэж байна. Арьс өнгөний отрядууд өмнөх сэргийлэх ажлын хажуугаар ард олны дунд ариун цэврийн гэгээрэл танилцуулгын ажлыг ихээхэн хийж ирсэн байна. Арьс өнгөний отрядад ажиллаж яваа бүх хүмүүсийн ба түүний дотор Зөвлөлтийн мэргэжилтэн нар ахуй байдал ба цаг уур газарзүйн хувьд сүрхий бэрх байдалд ажиллаж ирсэнийг тэмдэглүүштэй байна. Одоогийн байдлаар эрүүл мэндийн шинжилгээ явагдаад дууссан аймаг 11, дуусаагүй явагдаж байгаа аймаг 7, энэ нь Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Баянхонгор, Чойбалсан, Говь-Алтай, Дундговь эдгээр болно. Арьс өнгөний отрядуудын тайлангаас үзвэл тус улсын бүх хүн амын 75% нь одоо шинжилгээгээр харагдаад байна гэж болмоор байна. Мөн тайлангийн мэдээнүүдэс үзвэл далд яр дунджаар ярны бүх хэлбэрүүдийн 35%, ил нь 15% болж байна. Улаанбаатар хотноо эрүүл мэндийн бүх шинжилгээний дүнд илэрсэн арьс өнгөний өвчтөн бүгд үзүүлэгсдийн 8.9% ба үүний дотроос ил халдвартай хэлбэрүүд нь бүх үзүүлэгсэдийн 0.8% байв. Арьс өнгөний отрядуудаас ил халдварт яр өвчинг бусдаас тусгаарлаж хэвтүүлэн эмнээд орчин тойрны хүмүүст аюулгүй болгож байгаа ганц тэр явдал нь ихээхэн сэргийлэх чанарын арга хэмжээ мөн юм. Энэ оны 3-р сард Сайд нарын зөвлөлд арьс өнгөний отрядуудын ажлын явц, дүнг авч хэлэлцээнд гаргасан 126 тоот тогтоолдоо тэмдэглэсэн нь ”Манай орны эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагууд, СССР-ийн Эрүүлийг Хамгаалах Яам ба Зөвлөлтийн мэргэжилтэн нарын байнгын тусламжийг түшиглэн, ард олны дотор арьс өнгөний халдварт өвчнийг устгах талаар нилээд их амжилтыг олжээ. Арьс өнгөний өвчинтэй тэмцэх тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл ба МАХН-ын төв хорооны 1952 оны 7-р сарын 8 ны 235/64-р тогтоолыг биелүүлэх талаар арьс өнгөний отрядуудаас ихээхэн ажлыг зохиосны үр дүнд сүүлийн жилүүдэд хүн амын дотор яр өвчнөөр ба ялангуяа түүний хурц халдварт хэлбэрээр өвчлөх явдал эрс багасжээ. Арьс өнгөний отрядууд арьс өнгөний өвчнийг илрүүлэх талаар нилээд амжилтыг олсон байна” гэжээ. Гэвч арьс өнгөний өвчнийг устгах ажил удаашралтай, шинээр өвчлөх явлал бас л нилээд байгаа ба өвчтнийг тасралтгүй гүйцэд эмнэх явдал хангалтгүй, яр халдаагчдыг илрүүлэх явдал сул зэрэг дутагдлууд эмнэлэгийн газруудын практик дээр оршиж байгаа юм. Ийм дутагдлуудыг арилгахын тулд бүх эмчлэн сэргийлэх байгууллагууд ба улсын байгууллагуудын өмнө цаг үед шаардагдсан чухал үүргүүдийг Сайд нарын Зөвлөл тавьсан билээ. Энэ тавьсан үүргүүд нь өнөөдөр манай ажлын программ болох ёстой. Үүнд арьс өнгөний халдварт өвчинтэй тэмцэх ажлыг өргөтгөн зохиох, энэ ажилд бүх эмнэлэгийн байгуулагуудыг үл барам олон нийтийн хүчийг оролцуулах, их бага эмч нарын тусгай мэргэжлийг дээшлүүлэх, өвчтөн хэрхэн эмнүүлж байгааг хянах явдлыг хүчтэй болгох, тэдэнд гүйцэд эмнэлийг хангах, эмнэлэг ариун цэвэрийн ажлыг өргөн зохиохыг шаарджээ. Жирэмсэн эмэгтэйчүүдийг бүрэн дүүрэн патронажед авах ба төрөлх ярыг урьдаас сэргийлэхийн үүднээс тэд нарын цусыг шинжлэх, ард олны дунд ба олон сургуулийн сурагчдад арьс өнгөний өвчний тухай анхны мэдэгдэхүүнийг тусгай программаар заах, их бага эмч нараар түр курс байгуулж арьс өнгөний ухааны талаар давтан сургах, арьс өнгөний өвчинтэй тэмцэх талаар суртал таниулагын хэлбэрээр явуулах, арьс өнгөний өвчтөнийг эмнэх нүүдлын бага эмчийн салбаруудыг байгуулах зэргийн тодорхой арга хэмжээнүүдийг заажээ. Одоохон дээр манай улсад арьс өнгөний эмнэлэгийн байгууллага салбарууд цөөвтөр бөгөөд чадлаар онц биш арьс өнгөний мэргэжилийн их эмч нар орон нутагт хүрэлцээгүй, диспансерын арга ажиллага, ялангуяа хөдөөд маш сул явагдаж байгаа нь үнэн. Иймд арьс өнгөний өвчинтэй хүчтэй тэмцэл явуулахад дан ганц арьс өнгөний байгууллагуудын ажилтанд үл давагдах нь илт болох учраас Зөвлөлт улсад шигээ нам ба улсын хийгээд олон нийтийн багууллагуудын идэвхитэй дэмжлэгтэйгээр бүх эмнэлэгийн газруудын ажилчдыг энэ ажилд оролцуулах явдал зайлшгүй хэрэгтэй. Жишээ нь: Төрлөх яр ба хүйтнийг сэргийлэх илрүүлэх явдалд эх барих ба эмэгтэйчүүдийн өвчний хийгээд хүүхдийн эмч нарыг оролцуулах нь чухал юм. Арьс өнгөний эмнэлэгийн салбарууыг олшруулах талаар одоо байгуулагдаж байгаа нүүдлийн бага эмч нарынесалбарууд их чухал байна. Учир нь арьс өнгөний отрядууд сумдын эмнэлэгэд дунджаар 200-300 тариулах өвчтөн хүлээлгэн орхиж байхад ганц бага эмч алиндан ч нь хүрэлцэхгүй байгаа юм. Бас зарим сумдын газар дэвсгэр нь уудам алс багийн хүмүүс тэр бүгд суман дээр очиж эмчилгээ хийлгэхэд амар биш байдаг. Бага их эмч нарыг болохуйц олноор нь арьс өнгөний өвчний талаар мэргэжилтэй болгож бэлтгэхийн чухалыг яриад илүү биз. Сайд нарын Зөвлөлийн 126-р тогтоолд арьс өнгөний диспансерын дэргэд 8 их эмч, 10 бага эмчийн 2 сарын курс хийлгэхээр заасныг Эрүүлийг хамгаалах яамнаас хойшлуулашгүй биелүүлбэл сайн байна. Арьс өнгөний төв диспансер эрүүлийг хамгаалах яамны хамт диагностик эмнэлэг, бүртгэл хийгээд диспансерын ажиллагааны талаар нэгдмэл арга методыг дэлгэрүүлэх зорилгоор заавар удирдамжуудыг бичиж тарааж байх нь чухал байна. Арьс өнгөний диспансер энэ жил тэмбүү, яр ба заг хүйтэнийг эмнэх тухай зааврууд ба цусыг хатааж лабораторид хүргүүлэх тухай заавар зэргийг бэлтгэж яаманд шилжүүлсэн билээ. Үүгээр гүйцэх юм биш яр хүйтэн, зөөлөн шанкер, бэлэгсийн 4-р өвчин, арьсны мөөгөнцөрт өвчнүүдтэй тэмцэх тухай заавруудыг Зөвлөлтийн анагаах ухааны баялаг туршлагыг баримтлан тус тусад нь бичих хэрэгтэй юм. Бичих гэдэг, ажлын хагас нь юм. Бичигдсэн заавар удирдамжнууд олны хүртээл болох нь чухал. Үүний тулд түүнийг ямар нэгэн аргаар олшруулж тараах хэрэгтэй. Манай хүн эмнэлэгийн ажилтан өөрийн тогтмол хэвлэлтэй бол иймэрхүү гарын авлага болох зүйлүүдийг түүнд нийтэлж байхад их дөхөмсөн. Ер нь ч эмнэлэгийн ажилтаны мэргэжлийг дээшлүүлэх, туршлага солицоход чиглүүлсэн хэвлэлтэй болох цаг бидэнд хэдий нь болсон юм. Би илтгэлдээ гол нь өвчний тухай ярьж байна. Ингэхдээ хүйтэн өвчин арьсны зарим халдварт өвчинтэй тэмцэх явдалын чухалыг үгүйсгэн орхигдуулж байгаа юм биш харин одоогийн байдлаар нийгэмд хамгийн давуу хор холбогдол учруулах сифилисруу гол довтлогоогоо хийх маань зүйтэй гэж үзнэ. Яр тэмбүүтэй тэмцэх ажлыг зөвөөр зохион байгуулахад уг өвчинг эрт таних явдал маш чухал юм. Эрт танивал ил халдвартай өвчинг орчны хүмүүсээсээ эрт тусгаарлаж, эмнэж эхлэх явдал юм. Ярыг газар аваагүй шинэ дээр нь эмнэхэд үр ашиг нь үлэмж байдаг гэдэг нь мэдээжийн хэрэг. Өвчинг эрт зөв танихад туршлага мэдсэнээс гадна лабораторын туслалцаа хэрэгтэй. Үүнд манай арьс өнгөний эмч нар ярны спирохетыг микроскопоор олж чадах байх ба цус шижилгээний лаборатори хүрэлцээтэй байх ёстой. Серологийн лабораторийн тусламж, ялангуяа далд ярыг илрүүлэх ба эмчилгээний үр дүнд шалгахад маш хэрэгтэй юм. Тав гаруй аймгийн дундын больницуудад гэсэн цус шинжилгээний лаборатори ба их эмчийн салбар бүрд иммерсионт микроскоп байх ёстой байна. Хатаамал ба шингэн цусыг эдгээр лабораторуудад бага эмчийн салбаруудаас ирүүлэх явдлыг үүний зэрэгцээгээр хүчтэй болгох хэрэгтэй. Ирэх онд хэд хэдэн цус шижилгээний лаборатори байгуулаар ЭХЯ-аас төлөвлөх нь чухал. Зарим аймгаас ажлаа дуусаад буух арьс өнгөний отрядуудын лабораторуудын хэрэгсэл багажыг заримд нь ашиглаж болох юм. Зарим хэрэгсэлийг захиалж авчруулах болно. Ажиллах серолог-лаборантуудыг сургаж бэлтгэх явдлыг одооноос эхлүүлбэл таарна. Арьс өнгөний өвчнүүдтэй тусгайлан тэмбүү яртай зөв, бөгөөд чанартай тэмцэлийг явуулахад нэгэнтэй эхлэсэн эмнэлийн хугацаанд нь гүйцэд хийлгэх явдал дээр хатуу хяналттай байх ба патронажийн ажлыг олигтой явуулах нь маш чухал байна. Халдварлагсдыг илрүүлж эмнэх гэр бүлийн хүмүүс ба хавьтагсдыг үзэж шалгах асуудлууд бол арьс өнгөний диспансерууд, сабаруудын ажиллагаанд чухал суурь эзлэх ёстой. Шинээр бий болох хүүхдийн бага эмч нарын салбаруудын орон тоонд патронаж сестра нэгийг оруулж батлуулбал их ашигтай юмсан. Энэ патроножийн хүн бол ариун цэвэрийн гэгээрлийн ажлыг хавсарч болох бөгөөд айл гэрээр дуудлагаар явахдаа ярын таниулга хийж байх үүргээ гүйцэтгэнэ. Патронажийн сестра бэлтгэх хэрэг бэрх биш юм. Манайд дутуу тариулах буюу чанар хангамжгүй эмнэлэг хийлгэх явдал яр өвчин сэргэж дахидгийн гол шалтгаан юм. Манайд 2-р үеийн дахисан яр бусад хэлбэрүүдээс давуу олон тохиолдож ирсэн юм. Арьс өнгөний больниц ба диспансерийн тайлангуудаас үзэхэд 2-р үеийн дахисан яр эрэгтэйчүүдэд бүх эмнүүлсэн яр өвчний 50-60%-ийг нь, эмэгтэйчүүд 60- 70%-ийг нь дунджаар болж байна. Үүнд бас өөр шалтгаанууд ч байдаг юм. Жишээ нь: өвчтөн ариун цэвэрийн гэгээрлийн хувьд мөчид учираас оройтож эмнэлэгт үзүүлэх, үгүй бол цаг тухайд нь үзүүлсэн ч өвчнийг ташаарч таних эс бол эмнэлэг тариа нь ёс төдий дууссан боловч чанаргүй хийгдсэн зэрэг болно. Ерөнхийдөө үзүүлэх явдал жил тутам нэмэгдэж байна. Гэвч яр мэтийн өвчний хор хөнөөлийг сайтар мэдэхгүйгээс өвчнөө удаашруулж газар авхуулдаг, үе шатыг нь даамжруулдаг явдал байдаг байна. Үүнээс үзэхэд мнай эмнэлэг гэгээрлийн ажил хоцронгүй явагдаж байгаа ба зарим эмнлэгийн ажилтан энэ ажилд анхаарлаа сайтар тавихгүй байна гэж болох юм. Одоо эмнэлгийн бүх ажилтан тус улсын дотор арьсны өнгөний халдварт өвчинтэй шаргуу тэмцэх байлдааны зэрэг үүрэг тавигдаад байхад ариун цэврийн гэгээрлийн ажил хоцрогдож яваатай эвлэрч болохгүй байна. Нам засгын шийдвэрээр Улаанбаатар хотод Ариун цэвэрийн соёлын орд нээгдсэн ба 7 хоногийн 3 дахь өдөр бүрийг таниулга гэгээрлийн өдөр болгосон билээ. Бид энэ сайхан болоцоонуудыг ашиглах хэрэгтэй юм. Эмнэлгийн чанар дээр ярих юм бол манайд эрмэлзээд байвал бүх болоцоо бэлэн байна. Манай улс эрүүлийг хамгаалах зардал төсвийг өгөөмөр олгож, яр хүйтэн зэрэг өвчнийг эмчлэх зүйл ба багаж хэрэгсэлүүдийг Зөвлөлт улсаас саадгүй бүрэн хүрэлцээтэйгээр захиалан авч байна. Бид бүх их бага эмчийн сабаруудаас тэдний явуулж байгаа тарилга нь чанар сайтай байх, тарих эмүүдийг салаавчлан солиж байх, эсрэг заалтгүй л бол булчин ба судсаны тариаг хослуулан, зохих цаг тухайд нь хийж байхыг хатуу шаардах ёстой. Арьс өнгөний халдварт өвчнийг устгахын төлөө тэмцэх бидний ажил бол сайн нөхцөл бүрдсэн цаг үед өрнөж байна. Яагаад гэвэл, Нэгд: Зөвлөлтийн тэргүүний анагаах ухааны туршлага ба тусламж дэмжлэг байна. Хоёрт: Манай эх орон сициалист орон болохоор амжилттай хөгжиж байгаа явдал нь капитализмын орнуудад оршдог бөгөөд нийгмийн халдварт өвчнийг зайлшгүй дэлгэрүүлэх нөхцөл байдлыг үүсгэгч нийгмийн шалтгаанууд манай улсад устсан байна. Бид ийм сайн нөхцөл бүрдсэн байдлыг бүрэн ашиглаж улсынхаа дотор арьс өнгөний халдварт өвчнөөр өвчлөх явдлыг аль болох ойрын хугацаанд арилгахын төлөө тэмцэх бидний үүрэг болно.

Асуулт хариулт Гонгоржав

Асуулт: Бригадуудаас ирүүлж байгаа далд яр өвчнийг та юу гэж үздэг вэ?

Хариулт: Эдгээр нь ерөнхийдөө зөв, гэвч зарим хувь нь алдаатай байж болно.

Асуулт: Далд яртай хүмүүсийг байн байн эмчилсэн боловч шинжилгээгээр цус нь хэрээстэй байгааг яах вэ?

Хариулт: Серорезистент хэлбэр гэж бий. Эмчилгээг 8-9 курсээс хэтрүүлсний ашиггүй. Иймд 8- 9 курс тариж дуусаад паспортыг олгож болно. Харин бололцоо байвал курс эмчилгээг дуусмагц невропаталогт шилжүүлэх хэрэгтэй, мөн пиро-эмчилгээ хийх шаардлагатай зарим үед, Вассерманы урвал яргүй байтал сүрьеэ, маляри зэрэг хурц халдварт өвчний үед чагттай байж болно. Өөр шалтгаанаас болж гэж үзвэл салицилат натрийг содтой хамт 0.5 дозоор 3 өдөр 3 удаа өгч дараа нь шинжлүүлэх хэрэгтэй.

Асуулт: Бэлэгсийн 4-р өвчнийг та юу гэж үздэг вэ? ямар нэрээр нэрлэвэл зохих вэ?

Хариулт: Одоогоор энэ өвчнийг бэлэгсийн 4-р өвчин гэж нэрлэж байгаа ба цавьны лимфогрануломатоз гэж бас нэрлэж болно. Бас энэ өвчний диагнозыг тавихдаа их болгоомжтой байх хэрэгтэй. Үүнд цус нь чагтгүй байх ба цавьны булчирхайн байдлаас ялгана. Энэ өвчин цааш хүндэрвэл хируриг буюу генекологод шилжүүлэн эмчлэх хэрэгтэй.

Асуулт: Улаанбаатар хотын яр өвчнийг муу эмчилж байгаагын шалтгаан ?

Хариулт: Улаанбаатар хотод энэ өвчнийг муу эмчилж байгаа гэж илтгэлд дурьдаагүй юм. Харин арьс өнгөний диспансер ба больницийн ажиллагаа зүгээр явагдаж байгаа болно. Эдний дутагдалтай тал гэвэл өвчин халдаагсадыг илрүүлэх ажил сул байгаа юм. Зөвлөлтөд халдаагсад ба хавьтагсадын 70% ийг илрүүлж шинжил гэсэн байдаг. Гэвч манай өвчтэй хүмүүс тодорхой адресаа нуудаг ба бас өвчтөн хэнээс халдааснаа мэддэггүй. Энэ нь манай залуус бэлэгсийн харьцааг замбараагүй үйлдэдгээс болж чухам халдаасан этгээдээ мэддэггүй байна. Үүнээс болж хавьтагсад ба халдагсадыг илрүүлэх явдал 30- 40% иас хэтрэхгүй байгаа юм.

Асуулт: Хороодоор хийж байгаа яр эмчилгээн дээр ямар хяналт тавьж, ямар зөвлөгөө өгч байна вэ?

Хариулт: Арьс өнгөний диспансер зүй нь хороодын эмнэлэгийг хяналтандаа авч зөвөлгөөнийг тогтмол өгч байх ёстой. Гэвч манайд эмчийн хүрэлцээгүй ба уналагагүйгээс алсын хороодоор явах нөхцөлгүй байна. Гэвч цөөн хороогоор явж зөвлөгөөн өгч, ажилд нь туслалцдаг юм.

Асуулт: Бэлэгсийн 4-р өвчнийг яаж эмчилдэг вэ?

Хариулт: Энэ өвчнийг сульфамид ба антибиотикоор эмчилдэг, мөн иммунотерапи хийдэг.

Асуулт: Танайх антибиотикийг хир хэрэглэдэг вэ?

Хариулт: Энэ эмүүдийг манайх ихээр хэрэглэж байна. Үүнд төрөлхийн ярыг пенициллинээр, зарим архаг хүйтнийг пенициллин, стрептомицин, синтомицинээр эмчилж байна.

Асуулт: Яр өвчнөөр эрэгтэй, эмэгтэй аль нь их өвдөж байна.

Хариулт: Ерөнхийдөө адилавтар өвдөж байгаа боловч 1-р үе эрэгтэйчүүд их өвчилж ирж байгаа ба рецедив хэлбэрээр эмэгтэйчүүд их өвчилж байна. Учир нь эмэгтэйчүүд 1-р үеийг анзаарахгүй өнгөрөөж байна.

Асуулт: Хүүхдийн төрөлхийн яр хэдэн хувийг эзэлж байна вэ?

Хариулт: Төрөлхийн яр бодвол их хувийг эзэлмээр байгаа боловч одоо 2-3%-ийг эзэлж байна. Энэ нь яраас урьдчилан сэргийлэх эмчилгээ сайжирснаар тайбарлагдана.

Асуулт: Вассерманы урвал 3-р үеийн яранд яагаад хасах тэмдэгтэй байх нь олон байдаг вэ?

Хариулт: Ярын 3-р үе Вассерманы урвал хасах тэмдэгтэй гардаг нь цөөнгүй байдаг гэгчийг анагаах ухаан нэгэнт нотлосон болох тул үүнд гайхах эргэлзэх хэрэггүй.

1955 он

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хэвлэлд бэлтгэсэн: Л.Энхбаатар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 844
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК