Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 5(24)
Амьсгалын цочмог халтай хамшинж (Хэвлэлийн тойм)
( Лекц )

Г.Болормаа1, Р.Туул2

1Байгалийн Голомтот Халдварт Өвчнийг Эсэргүүцэн Судлах Төв, 2Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

 

 

Манай улсад 2003 онд амьсгалын цочмог халтай хам шинж (АЦХаХ) өвчин бүртгэгдэж байсантай холбогдуулан Монгол орны нөхцөлд шинэ болон дахин сэргэж болох халдварын дотор АЦХаХ, шувууны томуу, баруун Нилийн халдвар зэрэг өвчнүүдийн тархалтыг тандах, тогтмол хянах аргыг боловсруулан нэвтрүүлж оношлогоо, урьдчилан сэргийлэлтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлага урган гарч байгаатай холбогдуулан энэхүү хэвлэлийн тоймыг бичих болсон юм.

Нэг. Тодорхойлолт

Энэ зууны эхэнд дэлхийн улс түмнийг айлган түгшээсэн, амьсгалын цочмог халтай хам шинж (АЦХаХ) өвчнийг үүсгэгч нь коронавирүсийн бүлгийн шинэ вирүс бөгөөд амьсгалын зам болон ахуйн хавьтлаар дамжин халдварлаж агшин зуур амьсгалын цочмог дутагдал үүсгэн улмаар үхэлд хүргэх аюултай өвчин болно. 2002 оны сүүлчээс эхлэн БНХАУ, Зүүн Азийн зарим орон улмаар Австрали, Америк, Африк, Европийн орнуудад тархаж олон хүнийг хамран өвчлүүлсэн энэ өвчин шинэ халдварт өвчин болох нь тогтоогдож SARS (Severe acute respiratory syndrome) буюу АЦХаХ (амьсгалын цочмог халтай хамшинж) нэр авсан билээ (K.W.Tsang, L.L.Ho,G.C.Ooi, et al, 2003, N.Lee,D.Nui, A.Wu, et al 2003, C.Drosten, S.Guenter, W.Preiser et al, 2003, T.G.Ksaizek, D.Erdmen, C.S,Gkldsmith, et al, 2003).

Хоёр. Үүсгэгч

АЦХаХ-ийн үүсгэгч нь Coronaviridae овгийн коронавирүсийн бүлэгт хамаарагдах бөмбөлөг хэлбэртэй, титэм хэлбэрийн гликопротейны сэртэн бүхий уургийн бүрхүүлтэй, дан (+) утаслаг РНХ агуулсан, 60-130 нм диаметртэй вирус юм. Өтгөн, шингэнд тасалгааны хэмд 1-2 өдөр амьд байх чадвартай, 560С болон халдваргүйтгэх бодист идэвхиэ алдана. Вирүс нь эзэн эсийн дотор олшрохдоо нахиалах маягаар түрж ургаж гардаг, аль ч эдийн эсэд үрждэг.

Коронавирүсийн түүхэн хувьсал

Хүн амьтанд өвчин үүсгэдэг коронавирүсүүдийг 3 бүлэгт хуваадаг байв. Үүнд:

  • Нэгдүгээр бүлэгт TGEV (гахайн), IPV (муурын), HcoV-229E (хүний),
  • Хоёрдугаар бүлэгт MHV (хулганы), BcoV (үхэр), HcoV (хүний),
  • Гуравдугаар бүлэгт IBV (тахианы) корона вирүс орно.

SARS-ын коронавирүс цоо шинэ бүлэг болох нь тогтоогдсон байна (Зураг 1).

Зураг 1 Coronaviridae вирусүүдийн удмын хэлхээ SARS CoV-ийн гадаад орчин ба халдваргүйжүүлэх бодист тэсвэрлэх чанар

Holmes нарын судалснаар коронавирүсүүд нь олон төрлийн хөхтөн амьтад болон шувуудаас илэрсэн байдаг байна. Хамгийн их илэрдэг, түлхүү судлагдсан коронавирүс бол тахиа, цацагт хяруул, муур, нохой, гахай, үхэр, хулгана, харх, туулай болон хүнд өвчин үүсгэгч коронавирусууд юм. Коронавирүс нь өндөр хоруу чанартай бөгөөд амьтанд амьсгалын зам, ходоод гэдэс болон мэдрэлийн өвчнүүдийг үүсгэх ба нууц үе нь 2-7 хоног байна. Вирүс нь уушиг, элэг, бөөр, тархи нугас болон бусад эд эрхтэнд үржих чадвартай, гэрийн тэжээвэр амьтдад өвчин үүсгэж эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг.

Коронавирүс нь эзэн амьтны зүйлд өвөрмөц шинж чанар өндөртэй байдаг. Хүний коронавирүс нь хүүхэд болон насанд хүрэгчдэд амьсгалын замын хөнгөн хэлбэрийн өвчин үүсгэдэг тухай Makela, гадаад орчинд 3 хүртэл цаг амьдрах чадвартай тухай Sizun, хүнээс хүнд агаар дуслын замаар ихэвчлэн халдварлагддаг, мөн бохир гар, бөөлжис зэргээр дамжин халдварлах боломжтой талаар Ijaz нарын судлаачид тэмдэглэн бичжээ.

McIntosh, El-Sahly, Folz, Sizun нар судалгаандаа зарим тохиолдолд коронавирүс нь хүүхэд болон насанд хүрэгчдэд амьсгалын замын хүнд өвчлөл, нярай хүүхдэд гэдэсний үжил үүсгэж болно гэж тэмдэглэжээ. АЦХаХ-ын коронавирүс нь хүнийг хүндээр өвчлүүлдэг анхны коронавирүс гэж хэлж болно.

Marra нарын судлаачид 2003 оны 4-р сард Канад, Британийн Колумб, Манитобын АЦХаХ-ын вирүсийнн геномын дарааллыг тогтоосон бол 2 өдрийн дараа АНУ-ын ӨХТ-ийн судлаачид мөн адил судалгаа хийсэн тухай Rota бичсэн байна. Drosten, Peiris, Marra, Rota нар вирүсийн геномын секвенсийн дүн нь энэ вирүсийг өмнө мэдэгдэж байсан аль ч коронавирүс, үүний дотроос хүний 2 төрлийн коронавирүсээс (HCoV-OC43 and HCoV- 229E) ялгаатай болохыг илрүүлжээ.

АЦХАХ-ын коронавирус үхэр, гахай, хүний болон шувууны IBV коронавирустэй хамгийн төстэй /http://www.ncbi.nlm.nih.gov/genomes/SARS/ S ARS.html/ бөгөөд Ludwig нар вирусын геномын секвенсийн судалгааны дүн нь амьтны гаралтай гэсэн таамаглалтай нийцэж байгааг тэмдэглэсэн бол Marra, Rota нарын судлаачид вирусын геномын секвенцийн дүнгээр АЦХАХ-ын коронавирус нь коронавирусын 1,2,3-р бүлэгт багтах эдгээр вирусүүдийн алинтай нь ч адилгүй байгаа нь бие даасан 4-р бүлэг болгон ангилах боломжтой тухай бичжээ.

Ruan нар АЦХАХ-ын коронавирус хүнийг халдварлуулах чадвартай, хүнд дасан зохицсон гэж үзэх боломжтой гэжээ.

Коронавирүсийн мутац ялангуяа S генийн мутац нь эсийн тропизм эмгэг жамд ихээхэн өөрчлөлт оруулна. Жишээ нь, гахайны коронавирүсээс 1984 онд цоо шинэ коронавирүс үүсжээ. Коронавирүсийн геномын дараалал тодорхой болоод байгаа ба энэ нь 29751 сууриас тогтдог ажээ. АЦХаХ-ийн коронавирүсийн генетикийн ялгааг судлах, цаашдын хувьслыг ажиглах зорилттой байна. Вирусын геном нь S /титэм/, E / дугтуй/, M /мембран/, N /нуклеокапсид/ гэсэн 4 төрлийн уургийн нийлэгжилтийг хангадаг. S уураг нь вирусын эзэн амьтны зүйлд өвөрмөц чанарыг, M уураг вирусын гадаад бүрхэвчийг хариуцдаг байна.

Rota нарын судлаачдын судалгаагаар вирусийн геномын бүтцэд полиморфизм илрээгүй байна. Энэ нь АЦХаХ-ын вирусийг өмнө нь мэдэгдэж байсан ямарваа нэг коронавирусын мутант байх боломжтойг үгүйсгэж байгаа юм.

Өвчтний өтгөн болон шээсэнд вирүс нь тасалгааны температурт 1-2 өдөр, суулгаж байгаа өвчтний шүлтлэг чанартай ялгадаст 4 хоног хүртэл амьдарна. Практикт өргөн хэрэглэдэг ихэнх халдваргүйтгэх бодисын нөлөөгөөр тус вирүсын халдварлах чанар нь суларна. Вирүсийг ердийн хөргөгч ба -80 хэмийн гүн хөлдөөгчид 21 хоног хадгалахад аль алинд нь вирүсийн түвшрүүлэг буурахгүй ба тасалгааны тогтмол температурт вирүсийн түвшрүүлэг өдөрт 2 log-оор буюу 100 дахин буурдаг байна. Харин 56 хэмд 15 минут тутамд ойролцоогоор 10000 SARS CoV үхнэ http://www.who.int/csr/sars/sur vival_2003_ 05_04/en/index.html). АЦХАХ-ын вирус бусад хүний коронавирүсийг бодвол илүү тэсвэртэй болохыг судлаачид тогтоосон байна. SARS CoV нь халдварлах чадвар ихтэй,биологийн аюулын зэрэглэлээр III ба IV зэрэглэлд хамаарагдах вирүс юм.

Гурав. Тархвар судлал

АЦХаХ өвчний тархалтанд амьтны гүйцэтгэсэн үүрэг

Шинээр бүртгэгдэж байсан халдварт өвчний 75% нь малаас хүнд халдсан. Халдварын эх уурхай нь хүнс ба эмийн зориулалтад ашигладаг шувуу, мөлхөгчид, хөхтөн амьтан байж болох юм гэж эрдэмтэд таамаглаж байна. Хятадын хэсэг эрдэмтэд тус орны өмнөд хэсэгт амьдардаг 8 зүйлийн 25 амьтны хамар, шулуун гэдэсний арчдас, цусыг авч эсийн өсгөвөрт вирүс ялгах, вирүсийн нуклейн хүчлийг ПГУ-аар олшруулж, нуклеотидийнх нь дарааллыг тогтоон филогенетикийн судалгаа хийжээ. Уг судалгааны үр дүнд Гимлайн дал модны үнэг (Himalayan Palm civet), илбэнх нохой (Raccoon dog) хоёроос коронавирүс олсон нь уг вирүс амьтнаас хүнд тархсан байж болзошгүйг харуулж байна. Энэ вирүст өвчлөмтгий чанарыг гахай тахиа хоёрт туршсан боловч энэ хоёр зүйлийн амьтан өвчлөхгүй, харин эсрэг бие үүсч байсан нь гахай, тахиа хоёроос коронавирүс тархаагүйг батлажээ.

АНУ-ын ХААЯ, ХАА-н судалгааны алба болон Тахианы аж ахуйн судалгааны лабораторийн мэргэжилтнүүд хамтран нугас, галуу, тахиа, цацагт хяруул, японы ятуу (Japanese quail) зэрэг амьтад дээр коронавирүсийг халдварлуулж туршихад 10 хоногийн дотор өвчилсөн болон үхсэн амьтан гараагүй байна. Хятад дахь АЦХаХ-ийн эпидемиологийн судалгааны зарим сонирхолтой үр дүнг танилцуулсан юм. Хятадад анх бүртгэгдсэн өвчлөлөөс үзэхэд өөр өөр цаг хугацаанд, газарзүйн хувьд тусгаарлагдмал оршдог хотуудад өвчлөл гарчээ. Хамгийн эхний бүртгэгдсэн тохиолдлуудаас үзэхэд хүнсний наймаачид, янз бүрийн амьтадтай ойр хавьтаж ажиллагсад 39%- ийг эзэлж байснаас гадна АЦХаХ-аар өвчлөгсдийн дийлэнх нь хүнсний захад ойр амьдардаг хүмүүс байжээ. Энэ бүхэн уг өвчний үүсгэгч цоо шинэ коронавирүс нь зэрлэг амьтнаас хүнд халдварлан тархсан байх болзошгүйг харуулж байна.

Гонконгийн судлаачид 2003 оны 5-р сард Хятадын өмнөд нутгийн / Гуандун муж / амьд амьтны Шензен захаар явж, амьтдаас сорьц авч шинжлэхэд тус нутагт хүнсэнд хэрэглэгддэг дал модны суусар (Paguma larvata) болон бусад нохой илбэнх (Nycte -reutes procyonoides), ferret badger (Melogale moschata) зэрэг амьтдаас АЦХаХ-тай генетикийн хувьд маш ойролцоо хэд хэдэн коронавирүсийг эсийн өсгөвөрт ялган, ОГУ-аар тодорхойлсон байна. Гонконгийн судлаачид эдгээр вирүсийг генетикийн хувьд АЦХаХ-ын коронавирустэй яг ижил биш ч вирүсийг маш төстэй гэж тодорхойлсон байна (Cyranoski; Enserink 2003b).

Энэ судалгаа нь уг вирүсийг хүнээс өөр амьтдад байх боломжтойг тогтоосон анхны судалгаа байв. Гэвч дээрх амьтад нь АЦХаХ-ын өвчлөл, дэгдэлтэнд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх бүрэн үндэслэл байхгүй юм. Амьтдыг анх зэрлэг байхад нь барьж, фермд тэжээж өсгөсөн, тэдгээр нь зэрлэг байх үедээ өөр амьтдаас халдвар авсан, эсвэл фермд тэжээгдэж байхдаа хүнээс халдвар авсан аль нь ч байх боломжтой ба цаашид судлах шаардлагатай ( WHO Update 64, 5-р сарын 23).

Суусрын овог нь / дэд отряд Fissipedia/ муурын овогтой (Felidae) ойр төрөл юм. Энэ үүднээс Martina B.E.E. нарын судлаачид 2003 онд хийсэн судалгааны дүнгээр гэрийн муур, өмхий хүрэн нь АЦХаХ-ын вирусээр амархан халдварлагдагдахаас гадна эрүүл амьтдад халдвар тараах боломжтой гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Ангилал зүйн хувьд хоорондоо нилээд ялгаатай эдгээр араатан амьтад АЦХАХ-ын коронавирүсээр амархан халдварлагдаж байгаа нь уг вирүс олон төрлийн зэрлэг амьтдад агуулагдаж болохыг харуулж байгаа боловч Normile D, Enserink M нарын бичсэнээр Гуандоноос гадна Хятадын өмнөд нутгийн зургаан муж болон Бээжин хотоос 54 зэрлэг, 11 гэрийн тэжээвэр амьтнаас шинжлэгдэхүүн дээжилж шинжлэхэд АЦХаХ-ын үүсгэгч илрээгүй ба вирүсийн халдварын анхдагч эх уурхай нь бүрэн тогтоогдоогүй хэвээр байна.

2005 оны 9-р сард Нью-Йорк таймс сонинд Lawrence K. Altman гэдэг сэтгүүлч Австрали АНУ, Гонкунгийн судлаачид Хятадад тахт сарьсан багваахайнаас АЦХаХ-ын үүсгэгчийг илрүүлсэн тухай мэдээ нийтлүүлсэн байна. Хятадын Вендон Ли нарын судлаачид сарьсан багваахай АЦХАХ-ын агуулагч байж болохыг дурьдаад зарим төрлийн сарьсан багваахайнаас АЦХаХ-ын коронавирустэй генетикийн хувьд төстэй вирус илрүүлсэн байна.

David E. Swayne нарын судлаачид галуу, нугас, цацагт хяруул, тахиа зэрэг гэрийн тэжээмэл шувуудыг АЦХАХ-ын вирусээр халдварлуулж туршихад эдгээр амьтдад уг вирүсийн таньц маш бага, заримд нь илрээгүй байна.

Эх уурхай нь АЦХаХ-тай өвчтөн бөгөөд өвчний нууц үе нь 2-10 хоног, өвчтний гэр бүл, эмнэлгийн ажилтан тэдний гэр бүлийнхэн өртөх магадлал өндөр байдаг байна.

Халдвар дамжих зам. Вирүс нь халдвартай хүнээс агаар дусал болон ахуй хавьтлын замаар тархдаг. Халдвар дамжих гол зам нэг метрээс дотогш ойр хавьтал, бохирдсон эд зүйлээр дамжина. 9 сарын турш үргэлжилсэн энэ халдварын улмаас дэлхийн 29 улсын 8000 гаруй хүн өвчилж, 774 хүн нас баржээ. Бүртгэгдсэн өвчлөл, нас баралтыг хүснэгтээр үзүүлэв.

Манай улсад 2003 онд импортлогдож оношлогдсон Амьсгалын цочмог халтай хам шинж (АЦХаХ) өвчний анхны таван тохиолдол нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын “Хараа-I” эмнэлгийн дотрын тасагт 2003 оны 3 дугаар сарын 16-аас 4 дүгээр сарын 2-ны хооронд эмчлэгдэж байсан гурван гэр бүлийн гишүүд байсан ба онош нь эмнэлзүйн болон лабораторийн шинжилгээгээр батлагдсан бөгөөд нэг нь ээжийгээ асарч байх явцдаа халдвар авч өвчилсөн орон нутгийн дотоодын халдвар байсан юм. Удаах гурван тохиолдол нь Бээжин хотод сурч байсан оюутнууд бөгөөд оношийг эмнэлзүйн шинжээр тогтоожээ.

АЦХаХ өвчин ингэж манай улсад импортлогдсонтой холбоотойгоор хил гаалиар нэвтрэн орох хөдөлгөөнд онцгой журам тогтоож, энэ өвчний дэгдэлтийг богино хугацаанд хязгаарлан барьж чадсан юм. ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт 2003 оны 4 болон 5 дугаар сард АЦХаХ байж болзошгүй гэсэн оноштой хэвтэж эмчлүүлсэн 9 өвчтнөөс ДЭМБ-ын зааврын дагуу цуглуулж, -80 С хэмд хөлдөөж хадгалсан хоолойн арчдас, хамар залгиурын угаадас, цусны ийлдсэнд АЦХаХ-ын коронавирусийн РНХ-г илрүүлэх болон эсрэгбие илрүүлэх шинжилгээ хийж бүрэн батласан юм.

Дөрөв. Эмнэлзүй

Амьсгалын цочмог халтай хамшинжээр өвчлөгсдөд эмнэл зүйн дараах шинжүүд илэрнэ. Үүнд: 38 хэмээс дээш өндөр халуурах, булчин шархирч өвдөх, толгой өвдөх, хоолой өвдөх, суулгах, ханиалгах, амьсгалахад бэрхшээлтэй болох, амьсгаадах, хөхрөх, уушгинд шаржигнуур, жижиг хөөслөг хэрчигнүүр сонсогдох зэрэг болно.

Уг халдварын үндсэн шинж нь: халуурах 100%, дагжиж амьсгаа давчдах 72%, булчингаар өвдөх 60%, ханиах 57%, толгой өвдөх 55%, бие сулрах 42% зэрэг бөгөөд үүнээс гадна цэр гарах, хоолой өвдөх, хамраас ус гоожих, дотор муухайрч бөөлжих, суулгах зэрэг шинж илэрдэг байна. Рентген зургаар хатгааны өвөрмөц шинж илэрнэ. Хоёр өөр эмнэлэгт хийсэн судалгаанд нэгдүгээр эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн 73% нь суулгаж байхад нөгөө эмнэлэгт 38%-д нь суулгах шинж тэмдэг илэрсэн ба их хэмжээгээр, усархаг, цусгүй, салстгүй суулгалт байсан байна. Эдгээр өвчтнүүд бүгд өндөр халуурч байсан ба бүдүүн гэдэсний хананы цэлмэнд вирүс үржсэн байна. Цусны ерөнхий шинжилгээнд лимфопении, тромбоцитопении илэрсэн. Энэ өвчин гурван үе шаттай явагддаг болохыг судлаачид тогтоожээ. Нэгдүгээр үе шат нь вирүсийн үржлийн үе, энэ нь ойролцоогоор 6 өдөр үргэлжилж өвчтөн 390С-ээс дээш халуурна. Хоёрдугаар шат нь дархлалын хэт идэвхижлийн үе. Энэ нь ойролцоогоор 6-7 дахь хоногоос 13 дахь хоног хүртэл үргэлжилж вирүсийн эсрэг өвөрмөц эсрэгбие үүсэх ба эс устгагч Т лимфоцитүүд идэвхижнэ. Гуравдугаарт уушги гэмтэх үе шат нь 13 дахь хоногоос эхэлж вирүсийн эсрэг чиглэсэн эс устгагч Т лимфоцитийн нөлөөгөөр уушгны эд эс гэмтэж эхэлнэ.

АЦХаХ-ийн сэжигтэй гэж онош тавьсан анхны эмч шинжлэгдэхүүн авах бэлтгэлийг хангаж, эмчилгээ эхлэхээс өмнө шинжлэгдэхүүн авна. Шинжлэгдэх үүнийг халдвартай ба сэжигтэй материалтай ажиллах халдвар хамгаалалын дэглэмийг баримталж авна. Авсан шинжлэгдэхүүнийг хаяглаж битүүмжлэн хадгалах ба нарийн мэргэжлийн лабораторит хүлээлгэн өгнө.

Тав. Оношлогоо

Рентген оношлогоо. Уушгины рентген зурагт дараахи өөрчлөлт гарна. Үүнд: нэгдүгээрт- өвчин эхэлсэн эхний 2 хоногт уушгины талбайд бүдгэвтэр торлог сүүдэржилт илрэх, хоёрдугаарт-уушгины доод дэлбэнг юмуу хэд хэдэн сегментийг хамарсан хөнгөн сүүдэржилт – “үүлэн сүүдэржилт” шинж илрэх, гуравдугаарт-хоёр талын уушгийг хамарсан тархмал сүүдэржилт – “цагаан уушги” шинж илэрнэ.

Хоёр талын уушгийг нилэнхүйд нь хамарсан тархмал сүүдэржилт юмуу сүүдэржилт агшин зуур тэлж байвал өвчтний тавилан муу байдаг. Харин уушгин дахь сүүдэржилт хэмжээгээрээ нэмэгдэлгүй улмаар багасаж байвал тавилан сайн байдаг. Өндөр ялгаралтай компьютерийн томограмд (Groung-glass opacification CT) хөнгөн сүүдэржилтийн бүсэд уушгины цулцанд шингэн хуралдах, цулцангийн хана болон цулцан хоорондын таславч зузаарах, гуурсанцарын тойронд шингэн хурах зэрэг шинж гардаг нь уушгины завсрын эдийн нэвчдэст үрэвсэл болохыг илтгэнэ.

Лабораторийн оношлогоо

АЦХаХ-ийн лабораторийн оношлогоонд 2 гол үзүүлэлт баримталж байна. Үүнд: вирүс ялгарах, тухайн өвчтөнд дархлалын хариу урвал явагдсан байх ёстой.

Өвчний 14 дэхь хоногоос өвөрмөц эсрэгбие үүсдэг байна. Бусад вирүст халдвараас ялгаатай нь өвчтний ялгадаст вирүс урт хугацаагаар хадгалагддаг, нийт өвчтний 60 орчим хувьд 23 хоног дээр өтгөнд вирүс ялгарч л байсан нь уг халдвараар өвчилсний дараа ч халдвар тарж болохыг харуулж байна.

Дэлхийн лабораториудад АЦХаХ-ийг 3 янзаар оношлож байна. Үүнд:

1.Серологийн шинжилгээ

а. ЭИА –энзим иммуны аргыг өргөн хэрэглэж байгаа бөгөөд вирүсийн эсрэг ИгМ, ИгЖ эсрэгбиеийг илрүүлэхээс гадна өвчний оношийг батлахад Вестрн Блотын арга хэрэглэж байна. Ялангуяа цочмог үеийн сорьцонд вирусийн эсрэг өвөрмөц эсрэгбие (-) тодорхойлогдохгүй байснаа бий болох, эсрэг биеийн таньц явцдаа нэмэгдэх нь халдвартай байгаагийн шинж. Харин өвчин эхэлснээс хойших 21 хоногт эсрэгбие илрэхгүй байх нь АЦХаХ-ийн халдвар аваагүйг гэрчилнэ.

б. Иммунофлюоресценцийн арга Энэ нь маш найдвартай арга бөгөөд үүгээр IgM, IgG-г тодорхойлох ба эсрэгбие нь өвчлөлийн 10-аас дээш хоногт тодорхойлогддог.

2. Вирүс судлалын арга. Энэ нь вирүсийг эсийн өсгөвөрт буюу амьтанд халдаах арга бөгөөд сайн тоноглогдсон лабораторит хийгдэх ёстой. Хэрэв вирүс илэрвэл ПГУ-аар баталгаажуулах шаардлагатай.

3. Нуклейн хүчил олшруулах ПГУ-ын олон аргыг хэрэглэж байгаа бөгөөд энэ нь маш өвөрмөц, мэдрэг болох нь батлагдсан.

Real Time PCR-ын аппаратаар нуклейн хүчлийг олшруулж хичнээн хэмжээтэй байгааг тогтооно.

RT-PCR нь янз бүрийн шинжлэгдхүүнд (цус, өтгөн, амьсгалын шүүрэл, эд) АЦХаХ үүсгэгч коронавирүсийн геномын өвөрмөц хэсгийг тодорхойлдог. RT-PCR шинжилгээний үндсэн хэсэг АЦХаХ үүсгэгчийн геномын өвөрмөц бүтцэнд суурьласан праймер агуулдаг бөгөөд эерэг болон сөрөг хяналтын сорьц байна.

Гэвч одоогоор хэрэглэж буй RT-PCR шинжилгээ нь өвөрмөц чанар сайтай ч мэдрэмж багатай. Өөрөөр хэлбэл RT-PCR сөрөг байх нь АЦХаХ-ийн вирүсгүй гэсэн үг хараахан биш. Нөгөө талаар шинжлэгдхүүн хуурамч эерэг дүн өгч ч болно.

RT-PCR эерэг байх нь АЦХаХ-ийн вирүсийн геном байгааг илтгэх боловч үржих чадвартай вирүс байна гэсэн үг биш юм. Гэхдээ бусад хүнийг халдварлуулах бүрэн боломжтой.

Өвчтөнөөс дараах шинжлэгдэхүүнийг авна. Үүнд:

  • Амьсгалын цочмог халтай хамшинжийн сэжиг илэрсэн өвчтөнөөс хамар залгиурын арчдас, хамар залгиурын угаадас, цусны ийлдсийг авч дагалдах бичиг баримтын хамт амьсгалын замын вирүс судлалын лабораторид нийслэлд 2 цагийн дотор, аймаг, орон нутгаас 48 цагийн дотор хүргүүлнэ.- Өвчтөн нас барсан тохиолдолд 1 цагийн дотор эдийн шинжилгээнд: уушги, цагаан мөгөөрсөн хоолой, зүрх, дэлүү, тархи, бөөр, бөөрний дээд булчирхай зэрэг эрхтнээс авсан шинжлэгдэхүүнийг 10 % формалин болон бусад бэхжүүлэгч бүхий уусмалд юмуу эсвэл антибиотик бүхий Хэнксийн уусмалтай саванд хийж битүүмжлэн өвчтөний овог нэр, нас, хүйс, шинжлэгдхүүний нэр, цуглуулсан он, сар, өдрийг бичсэн шошго нааж, дагалдах бичигт өвчтөний овог нэр, нас, хүйс, өвчин эхэлсэн он, сар, өдөр, илэрсэн эмнэлзүйн гол шинж тэмдгүүд, эмнэлгийн байгууллагын нэр хаяг, утасны дугаар, шинжлэгдхүүн цуглуулсан он, сар өдөр, шинжлэгдхүүн цуглуулсан хүний албан тушаал, овог нэрийг бичиж хотод 2 цагийн дотор, аймаг, орон нутгаас 48-ийн цагийн дотор амьсгалын замын вирүс судлалын лабораторид хүргүүлнэ. Амьсгалын дээд замаас шинжлэгдэхүүн авах:
  • Өвчтөн, сэжигтэй, магадлал өндөртэй тохиолдлоос амьсгалын дээд замаас шинжлэгдэхүүнийг өвчтөнд эмчилгээ эхлэхээс өмнө авна.
    • Хамар залгиур зайлсан шингэнээс шинжлэгдэхүүн авахдаа өвчтөнг суулгаж толгойг бага зэрэг хойш нь гэдийлгэнэ. Зөөлөн гуурсыг хамрын нэг нүх рүү тагнайтай зэрэгцээ байдлаар оруулж PH 7,1 ±1.5 0,85%-ийн 2-3 мл давсны уусмалыг тариураар гуурс руу хийж зайлан соруулж авна. Энэ аргаар хамрын нөгөө нүхийг зайлж 1-2 мл угаасан шингэнийг ариун шилэнд цуглуулж авна. Шинжлэгдхүүнийг хөлдөөж тусгай зориулалтын саванд хийж зөөвөрлөнө.
    • Хамрын арчдас авахдаа хамрын үзүүрийг шантайлган бамбарыг тагнайтай зэрэгцээ байдлаар хамрын нүхэнд байрлуулж, шүүрлийг шингээхийн тулд хэдэн секунд байлгана. Арчдасыг хамрын 2 нүхнээс хоёулангаас тус тусад нь бамбараар авна.
    • Ам залгиурын арчдас: Залгиур хоолой, гүйлсэн булчирхайн арын хананаас хэлэнд хүргэлгүй арчдас авч триптон глюкоз, глицеролын 2 мл агуулсан ариун саванд хийнэ. Арчдас авсан бамбарын ишийг хугалж, таглааг сайтар бөглөнө. Хөлдөөсөн байдлаар хадгалж зөөвөрлөнө. Амьсгалын доод зам-гуурсан хоолой, цулцангийн лаваж, цагаан мөгөөрсөн хоолойн аспират, гялтангийн шингэнээс шинжлэгдэхүүн авна. Эдгээр шинжлэгдэхүүнийг формалинд бэхжүүлээд, үлдсэн хэсгийг давхар тагтай ариун шилэнд хийнэ. Хөлдөөсөн байдлаар хадгалж зөөвөрлөнө (4° С).

Ийлдэс цуглуулах:

  • Өвчний цочмог үед ийлдсийг аль болох эрт хугацаанд авна. Боломжтой бол эдгэрэлтийн үеийн шинжлэгдэхүүнийг 3-4 долоо хоногийн дараа 5-10 мл цус авч ийлдэс ялгах шилэнд хийж бүлэгнүүлнэ. Ийлдсийг давхар таглаатай саванд цуглуулна. Хөлдөөсөн ийлдсийг хуурай, мөстэй саванд хийж зөөвөрлөнө.

Эдийн шинжлэгдэхүүн

  • Сорьцыг уушги, цагаан мөгөөрсөн хоолой, зүрх, дэлүү, тархи, бөөр, бөөрний дээд булчирхай зэрэг эрхтнээс авна. Тасалгааны температурт зөөвөрлөж хадгална /бэхжүүлсэн эдийг хөлдөөж болохгүй/.
  • Нас барсан тохиолдолд уушги, амьсгалын дээд замын эдийн шинжилгээг аль болох хурдан хугацаанд, ариун нөхцөлд авч –70 ° С хөлдөөж, хуурай, мөстэй орчинд зөөвөрлөнө.

Лабораторийн бүх шинжлэгдэхүүнийг битүүмжилсэн тусгай саванд хийж зөөвөрлөнө. Манай улсад гарсан АЦХаХ-тай өвчтөнүүдэд хийсэн шинжилгээгээр: Энзим иммуны аргаар анхны өвчтний эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэнээс хойш 12 дахь хоногт авсан цусны ийлдсэнд SARS CoV–ийн эсрэг иммуноглобулин М болон иммуноглобулин Ж тодорхойлогдсон бол бусад 8 өвчтөнд тодорхойлогдоогүй ба харин иммунофлюресцентийн аргаар шинжлэхэд өвчтний эхний ийлдсэнд SARS CoV–ийн эсрэг үүссэн өвөрмөц эсрэг биеийн таньц 1280 байснаа эхний шинжлэгдэхүүн авснаас хойш 14 дахь хоногт авсан цусны ийлдсэнд 5120 болтлоо нэмэгдсэн байжээ. Мөн 2 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахь өвчтөнүүдэд ч эсрэг биеийн таньц нэмэгдсэн үзүүлэлт гарч байсан байна. Саармагжуулах урвалын аргаар хийсэн шинжилгээгээр эхний 5 өвчтний өвчний шинж тэмдэг эхлээд 5-12 дахь хоногт авсан эхний сорьцонд SARS CoV–ийн эсрэг үүссэн өвөрмөц эсрэгбиеийн таньцын хэмжээ нь < 20-иос 160 байснаа хоёр дахь буюу өвчний шинж тэмдэг эхлээд 19-26 дахь хоногт авсан цусны ийлдсэнд эсрэг биеийн таньцын хэмжээ нь 160-1280 болтлоо нэмэгдэж байсан байна. Хоолойн арчдас болон хамар залгиурын угаадаст RT-PCR-ын шинжилгээ хийсэн дүнгээс үзвэл хоёр өвчтөнд SARS CoV–ийн нуклейн хүчил илэрч байжээ (П.Нямдаваа, Д.Наранзул, Г.Зулхүү, Т.Одагари, Л.Эрдэнэчимэг Р.Туул, Амар, Н.Жаргалсайхан, Н.Цэнд, Д.Гончигсүрэн, Б.Энхтуяа, С.Цогтсайхан Д.Бат-Очир 2003).

Зургаа. Эмчилгээ

Халуурсан, АЦХаХ-ийн сэжиг бүхий өвчтнүүдэд судсаар цефотаксим юмуу левофлоксазин тарьж рибовирин өдөрт 3,6 гр, преднизолон өдөрт 1мг/кг-аар судсаар хийхийн зэрэгцээ гидрокортизоныг 6 цагаар 100мг-аар судсанд хийнэ. Эдгээр эмчилгээний үр дүнд өвчтний биеийн байдал засарч ирсний дараа метилпреднизолоныг өдөрт 0,5гр-аар 3 өдөр дараалан судсанд тарина. Халуун буурахгүй, уушгины рентген зургийн өөрчлөлт ихэсвэл өвчилж эдгэрсэн хүний сийвэнгээр эмчилнэ.

Вакцин, оношлуур, эм бэлдмэл: АЦХаХ-ыг тогтвортой хянаж чадахын тулд өвчнийг эхний шатанд нь тодорхойлж, тархалтыг хянаж чадах оношлуур, вакцин, вирүсийн эсрэг бэлдмэлүүдийг бий болгох нь чухал юм. (Breiman).

Өнөөгийн байдлаар тахианы коронавирүсийн халдварын эсрэг вакцинаас өөр амьтдын коронавирүсийн эсрэг вакцин байхгүй байна. Хэдийгээр вакцин ойрын үед бий болж чадахгүй ч шувуу, гахай зэрэг амьтдын коронавирүсийн эсрэг вакцин үйлдвэрлэх боломж бий. АЦХАХ-ын коронавирүсийн генетикийн харьцангуй тогтвортой шинж нь вакцин гаргахад дөхөмтэй юм (Brown).

Гэвч хүний коронавирүс 229E–ээр халдварлуулж туршилт хийхэд удаан хугацааны дархлаа тогтож чадахгүй байсныг дурьдах нь зүйтэй. Үүний нэгэн адилаар зарим амьтны коронавирүс нь удаан хугацааны дархлал тогтоодоггүй, давтан халдвар үүсгэх чадвартай боловч, давтан халдвар нь ерөнхийдөө хөнгөн байдаг байна.

Ер нь АЦХаХ-ын вакцин бий болгох бодит боломж бий бөгөөд үүнд зөвхөн хугацаа, мөн тохиромжтой амьтныг олох шаардагдаж байгаа талаар Gold бичсэн байна. Цаашид:

  • АЦХаХ-ын коронавирүсийн гарал үүсэл, агуулагч амьтныг бүрэн тогтоох
  • Хүнд халдварлсан нь тохиолдлын мутаци байсан эсэх, одоо хүн, амьтан аль алиныг халдварлуулж байгаа эсэх,
  • АЦХаХ-ын эрүүл халдвар тээгчимд оршиж байгаа эсэх,
  • Хүүхдүүд яагаад АЦХаХ-ын халдварт бага өртдөг
  • Chlamydia spp. and hMPV зэрэг хам халдваруудын ямар үүрэг рольтой байдаг
  • Янз бүрийн орчин, нөхцөлд вирүсийн тэсвэртэй чанар
  • Өндөр үр дүнтэй халдваргүйтгэлийн бодис
  • Вирүсийн янз бүрийн омгуудын генетик ялгаа нь ямар ач холбогдолтой болох зэргийг нарийвчлан судалж тогтоох шаардлагатай талаар ихэнх судлаачид бичсэн байна.
Ном зүй

1. Breiman RF, Evans MR, Preiser W, et al. Role of China in the Quest to Define and Control Severe Acute Respiratory Syndrome. Emerg Infect Dis Vol. 9, No. 9, (2003) Sep. Soon available from: http://www.cdc.gov/ncidod/EID/upcoming.htm.
2. Breiman RF, Evans MR, Preiser W, et al. Role of China in the Quest to Define and Control Severe Acute Respiratory Syndrome. Emerg In-fect Dis (2003) ; 9(9):1037-41. Available from: http://www.cdc.gov/ncidod/EID/vol9no9/03-03 90.htm
3. Brown EG, Tetro JA. Comparative analysis of the SARS coronavirus genome: a good start to a long journey. Lancet (2003) ; 361:1756-7.
4. Chung-Ming Chu, Vincent C C. Cheng, Ivan F N. Hung et al. Viral load distribution in SARS outbreak. Em Inf Dis (2005). Vol 11, No. 12. 1882-1886
5. Cyranoski D, Abbott A. Virus detectives seek source of SARS in China’s wild animals. Nature (2003) ; 423:467.
6. Drosten C, Gunther S, Preiser W, et al. Identifi-cation of a Novel Coronavirus in Patients with Severe Acute Respiratory Syndrome. N Engl J Med (2003) a; 348:1967-76. http://SARSReference.com/lit.php?id=12690091
7. Drosten C, Preiser W, Gьnther S, Schmitz H, Doerr HW. Severe acute respiratory syndrome: identification of the etiological agent. Trends Mol Med (2003) b; 9:325-327.
8. David E. Swayne, David L. Suarez, Erica
Spackman, Terrence M. Tumpey et all. Do-mestic Poultry and SARS Coronavirus, Southern China.
9. Enserink M. Infectious diseases. Clues to the animal origins of SARS. Science (2003) a;300:1351.
10. Enserink M. SARS in China. China’s missed chance. Science (2003) b; 301:294-296.
11. Folz RJ, Elkordy MA. Coronavirus pneumo-nia following autologous bone marrow transplantation for breast cancer. Chest (1999); 115:901-5. http://www.chestjournal.org/cgi/content/full/115/3/901
14. Fouchier R, Kuiken T, Schutten M, et al. Koch‘s postulates fulfilled for SARS virus. Na-ture (2003) ; 423: 240.
13. Hawkey PM, Bhagani S, Gillespie SH. Severe acute respiratory syndrome (SARS): breath-taking progress. J.Med. Microbiol. (2003); 52:609-613. http://sarsreference.com/lit.php?id=12867552
14. Gold ER. SARS genome patent: symptom or disease? Lancet (2003) ; 361:2002-3.
15. Hazelton PR, Gelderblom HR. Electron mi-croscopy for rapid diagnosis of infectious agents in emergent situations. Emerg Infect Dis (2003); 9: 294-303. http://SARSReference.com/lit.php?id=12643823
16. Holmes KV. Coronaviruses. In: Granoff A, Webster RG, editors. Encyclopedia of virology. San Diego: Academic Press; (1999). p. 291–8.
17. Holmes KV, Enjuanes L. The SARS coronavi-rus: a postgenomic era. Science (2003) ; 300: 1377-8.
18. Holmes KV. SARS coronavirus: a new chal-lenge for prevention and therapy. J Clin Invest (2003) ; 111:1605-9. http://www.jci.org/cgi/ content/full/111/11/16 05
19. Joseph S M. Peiris, D.Phil, Kwok Y.Yuen, Al -bert D M E. Osterhaus, Klaus Stohr. The Severe Acute Respiratory Syndrome. N Engl J Med March (2003) ; 349:2431-2441
20. Ijaz MK, Brunner AH, Sattar SA, Nair RC, Johnson-Lussenburg CM. Survival characteristics of airborne human coronavirus 229E. J Gen Virol (1985); 66:2743-8. http://SARSReference.com/lit.php?id=2999318
21. Kenneth W.Tsang, Pak l, Gaik C. Ooi, Wilson K.Yee, Teresa wang, Moira Chan-Yeung et al, A Cluster of cases of Severe Acute Respiratory Syndrome in Hong Kong. N Engl J Med March (2003)
22. Ksiazek TG, Erdman D, Goldsmith CS, et al. A Novel Coronavirus Associated with Severe Acute Respiratory Syndrome. New Eng J Med (2003), 348:1953-66. http://SARSReference.com/lit.php?id=12690092
23. Kuiken T, Fouchier RA, Schutten M, Rimmelzwaan GF, van Amerongen G, van Riel D, La-man JD, de Jong T, van Doornum G, Lim W, Ling AE, Chan PK, Tam JS, Zambon MC, Gopal R, Drosten C, van der Werf S, Escriou N, Manuguerra JC, Stöцhr K, Peiris JS, Osterhaus AD. Newly discovered coronavirus as the primary cause of severe acute respiratory syndrome. Lancet (2003); 362:263-270. http://sarsrefer-ence.com/lit.php?id=12892955
24. Ludwig B, Kraus FB, Allwinn R, Doerr HW, Preiser W. Viral Zoonoses - A Threat under Control? Intervirology (2003) ; 46: 71-78. http://SARSReference.com/lit.php?id=12684545
25. Makela MJ, Puhakka T, Ruuskanen O, et al. Viruses and bacteria in the etiology of the common cold. J Clin Microbiol (1998); 36:539-42. http://SARSReference.com/lit.php?id=9466772
26. Marra MA, Jones SJM, Astell CR, et al. The Genome Sequence of the SARS-Associated
Coronavirus. Science (2003) ; 300:1399-404. http://www.sciencemag.org/cgi/conten t/abstract/1085953v1
27. Martina BE, Haagmans BL, Kuiken T, Fouchier RA, Rimmelzwaan GF, Van Amerongen G, et al. Virology: SARS virus infection of cats and ferrets. Nature (2003) ;425(6961):915. [Med -line]
28. Matthev Kaye, Julian Druce, Thomas Tran, Renata kostecki, Doris Chibo, Jessica Morris, Mike Catton, Chris Birch. SARS-associated Coronavirus replication in cell lines. Em Inf Dis Vol.12, No.1, Jan (2006). 128-133
29. Normile D, Enserink M. SARS in Chi-na. Tracking the roots of a killer. Science (2003) ;301:297–9.
30. Peiris JS, Lai ST, Poon LL, et al. Coronavirus as a possible cause of severe acute respira-tory syndrome. Lancet (2003) a, 361:1319-25. http://image.thelancet.com/extras/03art347 7web.pdf
31. Peiris JS, Chu CM, Cheng VC, et al. Clini-cal progression and viral load in a com-munity outbreak of coronavirus-associated SARS pneumonia: a prospective study. Lancet (2003) b; 361:1767-72. http://image.thelancet.com/extras/03art443 2web.pdf
32. Ruan YJ, Wei CL, Ee AL, et al. Comparative full-length genome sequence analysis of 14 SARS coronavirus isolates and common muta-tions associated with putative origins of infec -tion. Lancet (2003) ; 361:1779-85. http://im -age.thelancet.com/extras/03art445 4web.pdf
33. Rota PA, Oberste MS, Monroe SS, et al. Char-acterization of a Novel Coronavirus Associ-ated with Severe Acute Respiratory Syndrome. Science (2003) ; 300:1394-9. Published online May 1, 2003. http://www.sciencemag.org/cgi/conten t/abstract/1085952v1
34. Rota PA, Oberste MS, Monroe SS, Nix WA, Campagnoli R, Icenogle JP, et al. Character-ization of a novel coronavirus associated with severe acute respiratory syndrome. Science (2003) ;300:1394–9.
35. Siddell S, Wege H, ter Meulen V. The biology of coronaviruses. J Gen Virol. (1983) ; 64 (Pt 4): 761-776.
36. Tsui SK, Chim SS, Lo YM; Chinese University of Hong Kong Molecular SARS Research Group. Coronavirus genomic-sequence varia-tions and the epidemiology of the severe acute respiratory syndrome. N.Engl.J.Med. (2003) ;349:187-188.
37. WHO. Acute respiratory syndrome - China, Hong Kong Special Administrative Region of China, and Viet Nam. Weekly Epidemiologi -cal Record (2003); 78(11): 73-74. http://www.who.int/wer/pdf/2003/wer7811.pdf
38. Acute respiratory syndrome in Hong Kong Special Administrative Region of China/ VietNam. March 12, (2003). http://www.who.int/csr/don/2003_03_12/en/
39. WHO. Acute respiratory syndrome, China - Update. Weekly Epidemiological Record 2003; 78(11): 57. http://www.who.int/csr/don/2003_03_12/en/
40. WHO. Alert, verification and public health management of SARS in the post-outbreak period. August 14, (2003). http://www.who.int/csr/sars/postoutbreak/en/
41. WHO. WHO Multicentre Collaborative Net-works for Severe Acute Respiratory Syndrome (SARS) diagnosis. Weekly Epidemiological Record (2003); 78(15): 121-122. http://www.who.int/wer/pdf/2003/wer7815.pdf
42. Wendong Li,1 Zhengli Shi,* Meng Yu, Wuze Ren et all. Bats Are Natural Reservoirs of SARS-Like Coronaviruses.
43. World Health Organization. Cumulative num-ber of reported probable cases of SARS. [ac-cessed July 6, (2003)]. http://www.who.int/csr/sars/country/2003_07_11/en/
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3348
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК