Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 5(24)
Хичээнгүй орчуулагч
( Түүх )

Н.Наваан-Юндэн

 

 

Авьяас хичээнгүй орчуулагч Балжиннямын Гонгоржав бол Ардын хувьсгалын дараа өрнөн өссөн манай сэхээтний төлөөлөгчдийн нэгд зүй ёсоор тоцогдох юм. Гонгоржав Улаанбаатар хот дахь анхны дунд сургуульд суралцаж байгаад, Улаан Үд, Ленинград хотуудад эрдмийн мөр хөөж явсаар хүний их эмчийн мэргэжил эзэмшин ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үлэмж хувь нэмэр оруулжээ.

Б.Гонгоржав орос хэлнээс зүйл зүйлийн орчуулга хийж монгол уншигчдадаа улс төрийн болон, эрдэм боловсрол, уран сайхны олон зохиол бүтээл танилцуулсан гавьяа сайшаалтай хүн байв.

Бүүр 1929 онд хорь гаруйхан настай байхдаа химийн ухааны сурах бичиг орос хэлнээс орчуулан, дунд сургуулийн гарын авлага болгосон юм. Гонгоржав орчуулах эрдэмд цаашид мэргэших тутам монгол хэлнээ хөрвүүлэхэд нэн хэцүү байдаг дэлхийн суут хааны бүтээлээс эх хэлэндээ буулгаж эхэлсэн байна. В.И.Лениний: “Большевик нам хөдөлмөрчний хөдөлгөөнд ямар дайснуудтай тэмцсээр бат бэх болов?”, “Большевикуудын их амжилтын шалтгааны нэг нь”, “Нийгэм журамт хувьсгал ба үндэсний тусгаар тогтнол” хэмээх бүтээлүүдийг орчуулсан нь монгол уншигчдын уншин судлах өврийн ном болж байсан билээ. Түүнчлэн Б.Гонгоржав дэлхийн сонгодог уран зохиолоос монгол хэлнээ хөрвүүлсэн нь Лев Николаевич Толстойн “Хаджи Мурат”, Александр Сергеевич Пушкиний Дубровский” зэрэг нэр цуутай зохиолууд бий.

Гонгоржав агсан сурагч байхаасаа шүлэг бичдэг авьяастай, дотоод гадаад дуу дуулах дуртай байв. Түүний зохиосон “Сар хиртсэн нь” гэдэг шүлгийг олноор таашаан, сурах бичигт хэвлэж байв. Гонгоржав бид тэр үед үерхэн нийлж, уран зохиолын талаар хүүрнэлддэг байлаа. Нэгэн удаа бид монгол газар зүйн нэг томьёоны тухай ярилцаж “Цэцэрлэг мандал” гэж ер ямар сайхан нэр вэ!” гэж түүний дуу алдсан нь санаанаас минь гардаггүй бөгөөд миний бие “Тал дээрх ганц гэр” гэдэг анхны нэгэн өгүүллэг бичихдээ тэр нэрийг авсан билээ.

Бас нэгэн зүйлийг дашрамд дурдахад сонин гэж бодов. Юу гэвэл, тэр нэгэн жил Ленин багшийн төрсөн ой ойртож байсан нэгэн өдөр сургуулийн хэдэн сурагч надтай уулзаж: “Бид нийслэлийн 21-р сургуулиас явж байна. Манай сургууль дээр “Их багш Лениний зохиолоос хэн анх монгол хэлээр орчуулсан бэ?” гэдэг сэдэвт үдэшлэг зохиох гэсэн юм. Үүнд бид Ленин багшийн зохиолоос хэн гэгч орчуулагч анх түрүүнд монгол хэлэнд орчуулсныг олж мэдэх гэж Улсын нийтийн номын санд очиж лавласанд НаваанЮндэн гуай таныг Лениний зохиолын анхны монгол орчуулагч гэж хэлж өглөө. Ингээд бид таныг урь явна. Манай 21-р сургууль дээр очиж, бидний зохиох үдэшлэгт оролцоно уу?” гэв. Би ч нилээд гайхлаа. В.И.Лениний зохиолоос надаас өмнө өөр орчуулагч монгол хэлээр орчуулсан баймаар юм гэж бодогдов. Гэсэн ч нэгэнт урилга авсанболохоор Улаанбаатар хотын Сэлбэ голын гоё эрээн арслантай чулуун гүүрээс өмнө оршиг 21-р сургуульд хүрч очлоо. Надтай хамт зохиолч Н.Надмид тэнд очсон юмсан. Ингэж “дэлхийн суут багш Владимир Ильич Лениний зохиолоос хэн анх монгол хэлээр орчуулсан бэ?” гэдэг сэдэвт үдэшлэгт оролцон: “Нийгэм журам ба анархизм” хэмээх зохиолыг анх 1931 онд орос хэлнээс монгол хэлэнд орчуулсан ба тэр товхимол 5000 ширхэг хэвлэгдсэн хийгээд худалдаанд дорхноо алга болж, нийтийн хүртээл болсн тухай тус сургуулийн багш сурагчдад сонирхуулан ярьж өгч билээ.

Гэтэл хожим бас юу болсныг хэлье. Өгүүлэх нь 1925 онд эрдэмтэн Жамсрангийн Цэвээн В.И.Лениний “Залуучуудын эвлэлийн зорилт” зохиолыг хамгийн анх орчуулсан байж билээ. Бас орчуулагч Гонгоржав В.И.Лениний “Нийгэм журмын хувьсгал ба үндэсний тусгаар тогтнол” гэдэг зохиолыг мөнөөхөн 1931 онд монголоор орчуулж, хуучин үсгээр хэвлэв гэж Улсын нийтийн номын санд тэмдэглээстэй байж байх юм.

Ер нь хичээнгүй орчуулагч Балжиннямын Гонгоржав бол 1930 оны орчим Ардын цэргийн газар орчуулагчаар ажиллаж байхаас эхлэн, Сайд нарын зөвлөлийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Арьс өнгөний эмнэлгийн ерөнхий эмч, Шинжлэх ухааны академийн Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны сайдын өндөр албан тушаалд байхдаа ч гэсэн орчуулах эрдмийг огооролгүй орчуулж туурвисаар байсан. Б.Гонгоржав манай соён гэгээрүүлэх дайчин эгнээнд хамт халин нисэж явсан анхны хаврын нэг алтан хараацай байсаныг дурсан тэмдэглэе.

Ном зүй

“Орчуулах эрдэм”, № 6, Редактор Г.Аким, 1989 номноос, х.107-109
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 858
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК