Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 6(25)
Загдсүрэнгийн Дугар (1908-1956) Мэндэлсний 100 жилийн ойд
( Редакцийн зурвас )
 

 

Загдсүрэнгийн Дугар 1908 онд тэр үеийн Сэцэн хан аймгийн Сан бээсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Баян-уул сумын нутаг “Бэрх” гэдэг газар төржээ.

Тэрээр 1924 онд цэргийн хугацаанд албанд татагдсанаар түүний төрийн алба хашсан түүх эхлэж, Тамсагийн хороонд байлдагч, Нэгдүгээр морьт отрядад бага даргаар ажиллаж байгаад 1927 онд Улаанбаатар хотноо Цэргийн госпитальд санитараар ажиллаж эхэлснээр БНМАУ-ын эрүүлийг хамгаалах албанаа насан эцэстлээ зүтгэсэн билээ. 1929-1930 онд бага эмчийн күрст суралцан төгсөөд, 1930 оноос Улаан цэргийн госпитальд бага эмчээр ажиллаж байжээ.

З.Дугар 1930-1936 онд тэр үеийн ЗХУ-ын Ленинград хот дахь Цэргийн хүн эмнэлгийн академид суралцаж төгссөн манай анхны их эмч нарын нэг юм. Цэргийн их эмч З.Дугар 1936-1938 онд Монгол ардын армийн 5 дугаар дивизэд Хүн эмнэлгийн албаны дарга, 1938-1939 онд Цэргийн ерөнхий сургуулийн Эмнэлгийн албанд их эмч, 1939-1942 онд Монгол ардын армийн 5 дугаар дивизийн 28 дугаар хорооны Эмнэлгийн албаны дарга, 1942-1944 онд 9 дүгээр хорооны Эмнэлгийн албаны дарга, 1944- 1945 онд Цэргийн госпиталийн халдвартын тасгийн дарга, 1945-1950 онд Монгол ардын армийн Хүн эмнэлгийн албаны даргаар ажиллаж байгаад БНМАУын Эрүүлийг хамгаалах яамны сайдаар томилогдож, 1950-1954 онд БНМАУ-ын эрүүлийг хамгаалах албыг толгойлсон билээ.

З.Дугарын ЭХЯ-ны сайдаар ажилласан жилүүд бол БНМАУ таван жилийн төлөвлөгөөний үндсэн дээр улс ардын аж ахуйгаа хөгжүүлж эхлэсэн үе, сумдыг их эмчээр хангах үеийн түрүүч, манай улсад анагаах ухааны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж эрчимтэй хөгжиж эхлэсэн үе байлаа. Чухамхүү энэ үед БНМАУ халдварт өвчний тохиолдол бүрийг заавал бүртгэн мэдээлэх тогтолцоотой болсноор одоог хүртэл хадгалагдсан халдварт өвчний статистикийн мэдээлийн сангийн эх тавигдсан билээ.

З.Дугар сайд шинэ үеийн анагаах ухааны хөгжлийн хандлагыг эрт ойлгосон хүний хувьд эрүүлийг хамгаалах яамны сайдын ажлаа өгсний дараа манай анхны рентгений их эмч болж, гэнэтийн ослоор ид насандаа насан хутагийг олтлоо анагаах ухааны энэ шинэ тутам хөгжиж буй салбарыг БНМАУ-д хөгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нэгэн байсан юм.

Түүний БНМАУ-ын батлан хамгаалах болон эрүүлийг хамгаалах салбарыг хөгжүүлэн бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг төр, засаг өндрөөр үнэлж, “Алтан гадас” одонгоор 2 удаа, “Цэргийн гавъяаны одон”-гоор нэг удаа, “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”-гоор 2 удаа, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор нэг удаа, мөн медалиудаар шагнажээ.

З.Дугар сайдын амьрал бол төр улсдаа хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэхийн гарамгай жишээ, манай анагаахын залуу үеийнхний бахархан дуурайх түүхт амьдралын нэг мөн билээ.

Монгол улсын Эрүүл мэндийн яам,
Халдварт өвчин судлалын үндэсний төв,
Монголын анагаах ухааны академи,
Халдварт өвчинтэй тэмцэх Монголын үндэсний холбоо,
“Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”-ийн зөвлөл

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 381
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК