Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 6(25)
ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ХЯНАЛТЫН ЛАВЛАХ, 18 ДУГААР ХЭВЛЭЛ (ХӨХЛ18) ЦУВРАЛ 1
( Лекц )
 

 

 

Халдварт өвчинтэй тэмцэх ажлыг зохион байгуулахдаа Дэлхийн олон орны нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын барьдаг нэг гол лавлагаа бүтээл бол 1917 онд анх хэвлэгдсэнээсээ хойш зуу шахам жил уламжлагдан шинэчлэгдэж, халаагүй ашиглагдаж байгаа Америкийн Нийгмийн Эрүүл Мэндийн холбоо(АНЭМХ)-ны “Халдварт өвчний хяналтын лавлах” (ХӨХЛ) ном юм. Энэ номын 18 дахь хэвлэлийг 2004 онд ДЭМБ хамтран хэвлүүлсэн билээ. Монголын анагаах ухааны академи, Халдварт өвчинтэй тэмцэх монголын холбооны тавьсан хүсэлтийг үндэслэн ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хороо энэ номыг монгол хэлнээ орчуулан хэвлэх ажлыг ивээн тэтгэ байгаа билээ. Академич П.Нямдаваагаар удирдуулсан манай 20 шахам эрдэмтэд энэ бүтээлийг орчуулж дуусаад ном болгон хэвлэх шатнаа яваа юм. Гэвч ном хэвлэгдэн гартал бас нилээгүй хугацаа өнгөрөх төлөвтэй тул бид номын хэ ээс энэ дугаараасаа эхлэн хэсэгчлэн нийтэлж уншигчдынхаа саналыг авахаар шийдвэрлэлээ. Сэтгүүлийн энэ дугаат нийтлэгдэж буй хэсэг бол энэ лавлахад орсон халдварт өвчин тус бүрийн тухай өгүүллийн бүтэц, баримт асан зарчим, дэс дараа, мөн ашигласан гол нэртомъёоны тайлбарыг өгүүлсэн болох тул тун анхааралтай унши ойлгох, цаашдын өгүүллүүдийг ойлгохын тул дахин дахин ашиглах ч хэрэг гарах хэсэг тул Та бүхэн нэн анхааралтай хандахыг хүсэе. Та бүхэн орчуулгын тухай санал, шүүмжээ манай сэтгүүлийн зөвлөлийн нэрээр ирүүлбэл бид баяртай хүлээн авах бөгөөд шаардлагатай засвар, өөрчлөлтийг хэвлэгдэх хувилбарт тусгуулах талаар хичээн ажиллах болно.

Сэтгүүлийн зөвлөл

ХӨХЛ18-ийн өгүүллүүдийн бүтэц

ХӨХЛ18-д орсон өвчин болгоны бичлэгийг нэгэн стандартад оруулж, дараах хэсгүүдэд хуваан бичсэн буй. Үүнд: Өвчний нэр: Өвчний нэрийг ДЭМБ-ын Өвчий олон улсын ангиллын 9 дүгээр хэвлэлийн эмнэлзүйн хувилбар (WHO International Classification of Diseases, 9th Revision, Clinical Modification: ICD-9 CM) болон 10 дугаар хэвлэлд (10th Revision – ICD-10) орсноор авсан. Одоо нийтээр хэрэглэж буй өвчний нэр нь дээр заасан эх үүсвэрүүдээс ихээхэн зөрөөтэй байгаа тохиолдолд Анагаах ухааны олон улсын байгууллагуудын зөвлөл (Council for International Organizations of Medical Scienses: CIOMS) болон Олон улсын өвчний ангиллын хуучин хэвлэлд (ICD, v.II, part 2, Mycosis, 1st Edition, 1982; and part3, Viral Diseases, 1st edition, 1983) зөвлөмж болгосон нэрийг авав. Ийм тохиолдолд зөвлөмж болгож буй нэрийг тодоор бичиж, бусад синоним нэрийг жижгээр дор нь хаалтанд бичсэн байгаа1.

  1. Тодорхойлолт нь уг өвчний эмнэлзүйн гол төрх, ойролцоо шинжтэй бусад өвчнөөс ялгах оношийг товч бичиглэсэн болно. Мөн уг өвчнийг үүсгэгч нянг илрүүлэхэд зонхилон ашигладаг лабораторийн аргуудыг дурьдсан байгаа.
  2. Үүсгэгч хэсэгт уг өвчнийг сэдээгч нян буюу нянгийн бүлгийг тодорхойлон бичсэн. Нянгийн ангилалзүйн тодорхойлолт, зарим тохиолдолд нянг дүйн тодорхойлоход ашигладаг гол шинжүүдийг товч дурьдсан буй.
  3. Тархалт гэсэн хэсэгт уг өвчин хаана голчлон тохиолддог, хүн амын ямар бүлэг уг өвчинд илүү өртөмтгий болох тухай мэдээлэлийг өгсөн болно. Зарим тохиолдолд өнгөрсөн болон ойрмог үед ажиглагдсан дэгдэлтийн тухай товч мэдээлсэн буй.
  4. Резервуар гэсэн хэсэгт уг өвчинг үүсгэгч нян хүн, амьтан, үе хөлтөн, ургамал болон амьгүй байгалийн алинд үржин олшрох чадвартай, байгальд үлдэж хоцрох гол эзэн нь юу болох, мэдрэг хүн, амьтны сүрэгт тархан дэлгэрэхийн тул ямар организмд хадгалагддаг тухай мэдээлэл орсон.
  5. Дамжин тархах зам гэсэн хэсэгт уг өвчнийг үүсгэгч нян хүнд халдвар үүсгэхдээ ямар замаар дамжин тархдаг механизмыг бичиглэсэн.
  6. Нууц үе гэдэг нь өвчин үүсгэгч нян мэдрэг хүнтэй анх хавьталд орсноос хойш өвчний анхны шинж тэмдэг илэрч эхлэх хүртлэх хугацаа болно.
  7. Халдвартай байх үе гэдэг нь өвчин үүсгэгч нян халдвар авсан хүнээс өөр хүнд шууд буюу дам арга замаар дамжин тархаж болох хугацааг хэлнэ. Мөн халдвар амьтнаас хүнд буюу хүнээс амьтанд дамжих чадвартай үе үүнд орно. Амьтан гэдэгт үе хөлтөн, шавьжийг оруулан тооцсон болно.
  8. Мэдрэг хүн ам гэсэн хэсэгт уг халдварт өртөх боломжтой буюу халдвараас (дархлалын хүчээр) хамгаалагдсан хүн, амьтны популяцийн тухай мэдээллийг оруулсан. Халдвар авсны дараа үүсэх дархлалын тухай мэдээллийг бас энд оруулсан байгаа.
  9. Халдварын хяналт гэсэн хэсгийг дор дурьдсан дэд хэсгүүдэд хуваан бичиглэсэн. Үүнд:

А. Сэргийлэх арга хэмжээ гэсэн дэд хэсэгт уг халдварт өвчнөөр хувьхүн болон хүн амыг өвчлүүлэхгүй байхын тул авах арга хэмжээг дурьдсан.

В. Халдвар хамгааллын арга хэмжээ гэсэн дэд хэсэгт уг өвчнөөр хувьхүн нэгэнт өвчилсөн тохиолдолд халдварыг цааш тархан дэлгэрэхээс хамгаалах арга хэмжээний арга хэмжээний цогц, өвчилсөн хүний халдвартай байх үеийг багасгах, ингэснээрээ өвчлөл, эндэгдлийг бууруулах чадавхитай өвөрмөц эмчилгээний тухай мэдээлэл оруулсан олно. Үүнд:

  • Өвчтөнийг тусгаарлах эсэх нь АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв (ӨХТ – СDC: Center for Disease Control and Prevention, US) болон ДЭМБ-ын “нийтлэг сэрэмжлэл” (universal precautions)-ийн арга хэмжээний хүрээнд өвчин тус бүрд зориулсан зөвлөмж дээр үндэслэсэн болно.
  • ХӨХЛ18 нь эмчилгээний лавлах биш. Гэвч халдварт өвчин тус бүрийн өвөрмөц эмчилгээний тухай товч мэдээллийг 9В7 гэсэн хэсэгт бичиглэсэн буй. Өвөрмөц эмчилгээг яаралтай эхлэхгүй бол өвчтөний амь насанд аюул занал учирч болох тохиолдлуудад эмийн тун хэмжээ, хэрэглэх аргыг зааж өгсөн болно.
  • Ховор тохиолдох халдварт өвчнийг эмчлэх зориулалттай өвөрмөц эмийн бэлдмэл нь лицензлэгдсэн бол ДЭМБаас үнэ төлбөргүй авч болно. Ийм зориулалттай эм нь лицензлэгдээгүй бол зарим тохиолдолд ӨХТ-өөс судлагдаж буй шинэ эм (СШЭ - IND: Investigantional New Drugs) хөтөлбөрийн хүрээнд авч болно.
  • Өвөрмөц эм, вакциныг нь захиалан авч болох тохиолдолд уг эмийг хангах байгууллагын утас, цахим хаяг (e-mail)- ыг 9В7 хэсэгт мөн дурьдсан байгаа.

C. Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ: гэсэн дэд хэсэгт тухайн халдварт өвчин тодорхой бүлэг хүмүүс, тодорхой дэвсгэр нутаг, хот тосгон, улс орныг хамран гарсан үед тархан дэлгэрэхийг нь таслан зогсоох зорилгоор яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний цогцыг товч бичиглэсэн.

D. Гамшгийн үеийн арга хэмжээ: Дэд хэсэг нь гамшигийн байдал бий болсон үед тухайн халдвараас сэргийлэх яаралтай арга хэмжээ шаардлагатай эсэхийг тодорхойлно.

Е. Улс дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ: гэсэн дэд хэсэгт тухайн халдварт өвчин олон улс орныг хамран тархах аюул нүүрлэсэн үед авах шаардлагатай арга хэмжээг бичсэн болно. ДЭМБ-ын Хамтран ажиллагч төвүүд, АНУ-ын ӨХТ болон бусад зарим төвүүд ийм тохиолдолд: лабораторийн онош баталгаажуулах, зөвлөх баг илгээх, холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх, лавлагаа материал болон урвалж бодисоор хангах, хамтарсан судалгаа хийн, сургалт зохион байгуулах зэрэг тусламж үзүүлнэ. ДЭМБ-ын халдварт өвчний асуудлаар хамтран ажиллах төвүүдийн тухай мэдээлийг www.who.int/WHOCC-Net буюу http:// whocc.who.int/database вэбсайтуудаас авч болно. Халдварт өвчний дэгдэлтийн тухай мэдээллийг outbreak@who.int хаягаар өдөр, шөнийн 24 цагийн аль ч үед өгч болно.

F. Хорлон сүйтгэх зорилгоор үүсгэгчийг ашиглах үед авах арга хэмжээ: гэсэн дэд хэсгийг ХӨХЛ18-д шинээр нэмсэн. Ингэхдээ үүсгэгчийг нь хорлон сүйтгэх (био-терроризм) зорилгоор ашиглаж болох зарим өвчний тухайд л бичсэн бөгөөд өвчин үүсгэгч нянг хорлон сүйтгэх зорилгоор ашигласан юм уу, ашигласан байж болзошгүй тохиолдолд анх тулгарсан нийгмийн эрүүл мэндийн ажилтанд тусламж болох зөвлөмж оруулсан юм. Ийм тохиолдолд:

- дараах утсаар мэдээлж болно. Үүнд:

  • ДЭМБ: + (0041)-22-791-2111,
  • ӨХТ: + (001)-770-488-7100; 404-639-3311; 404-639-2888;

- мөн дараахь вэбсайтуудаас лавлагаа мэдээлэл авч болно. Үүнд:

  • ДЭМБ: http: /www.who.int/csr/delibepidemics,
  • ӨХТ: http;//www.cdc.gov.

- дэгдэлтийн тухай мэдээллийг өдөр, шөнийн 24 цагийн аль үед дараах интернет хаягаар мэдээлж болно. Үүнд:

  • outbreak@who.int;
  • ehheinq@cdc.gov.

ХӨХЛ17-г шинэчлэхдээ уг номыг хэвлэгдсэнээс хойших 5 жилийн хугацаанд халдварт өвчин тус бүрийн чиглэлээр хэвлэгдсэн ном зохиолын тойм хийж, ХӨХЛ18-д хянан магадлагчаар (reviewer) ажилласан судлаачдад хүргүүлсэн бөгөөд уг хянан магадлагчид уг тоймыг үндэслэн ХӨХЛ18-ын өгүүллийг шинэчлэн зассан болно. Бүрүлийн яр, АЦХаХ-аар бол ХӨХЛ18- д шинэ өгүүлэл нэмсэн. Өгүүлэл бүрийн эцэст уг өгүүллийн хянан магадлагчийн нэрийг дөрвөлжин хаалтанд хийж өгсөн байгаа2. ХӨХХ18-д орсон өлгүүлэлд нэмэлт, шинэчлэл хийгээгүй бол хянан магадлагчийн нэрийг өгүүллэгийн эцэст бичээгүй болно3.

Халдварт өвчнийг мэдээлэх

Улс орнууд зарим халдварт өвчнийг албан ёсоор мэдээлдэг хууль тогтоомжтой байдаг бөгөөд зарим өвчний тохиолдлыг ДЭМБ-д мэдээлэх ёстой. Халдварт өвчний тохиолдлыг мэдээлэх, дэгдэлтийг мэдээлэх гэсэн хоёр тогтолцоо байдаг.

1. Тохиолдлыг мэдээлэх: Тодорхой халдварт өвчний тохиолдол бүрийг онош, өвчтөний нас, хүйс, өвчин эхэлсэн огноог оруулан мэдээлнэ. Зарим улс оронд бол өвчтөний нэр, оршин суугаа хаяг, хийсэн эмчилгээ зэрэг нэмэлт мэдээлэл шаарддаг. Улс орон бүрийн хууль тогтоомжоор заавал мэдээлэх халдварт өвчний жагсаалт, хэн, хаана мэдээлэхийг тогтоож өгдөг. Олон улсын хэмжээнд мэдээлэхээр хууль тогтоомжид заасан бол Засгийн газар нь ДЭМБ-д мэдээлдэг.

2. Дэгдэлтийг мэдээлэх: Тодорхой халдварт өвчнөөр өвчилсөн хүний тоо нийгмийн эрүүл мэндийн холбогдол бүхий заагаас давсан тохиоллыг мэдээлэх тогтолцоо. Ийм тохиолдолд заавал мэдээлэх халдварт өвчний жагсаалт байхгүй байж болох бөгөөд шалтгаан тодорхойгүй ч, ямар нэг өвчин эмгэг олон хүнийг хамран тархах хандлага илэрсэн бол мэдээлдэг. Үндэсний хууль тогтоомжид халдварт өвчний ямар дэгдэлтийг, хэн, хаашаа мэдээлэх, ямар маягт, асуултаар мэдээлэхийг тогтоож өгдөг. Дэгдэлтийн мэдээллийг тухайн улс оронд хамгийн өндөр хурдтай холбоо-мэдээллийн тогтолцоог ашиглан дамжуулах ёстой байдаг. Дэгдэлтийг олон улсын түвшинд мэдээлэх шаардлагатай бол Засгийн газар нь ДЭМБд мэдээлдэг. ХӨХЛ18-д орсон өвчнүүдийг мэдээлэх байдлаар нь 5 ангилсан бөгөөд өгүүлэл бүрийн 9В1 хэсэгт энэ ангиллын бүлгийг заан өгсөн болно.

Нэгдүгээр бүлэг: “Олон улсын эрүүл мэндийн дүрэм” (ОУЭМД – IHR: InternationalHealth Regulations)-ийн заалтын дагуу тохиолдол бүрийг ДЭМБ-д мэдээлнэ. Энэ бүлэгт мөн ДЭМБ-ын тандалтанд байх ёстой гэж тогтсон өвчнүүд орно.

ОУЭМД (1969)-ийн дагуу ДЭМБ-д мэдээлэх ёстой халдварт өвчнүүд:

ОУЭМД бол халдварт өвчний (одоогоор урвах тахал, тарваган тахал, шар чичрэгээр хязгаарлагдаж буй) тохиолдлыг мэдээлэхийг шаардсан олон улсын цорын ганц хууль тогтоомж юм. ДЭМБ шинээр болон сэргэж тархаж буй халдварын аюул, халдварт өвчнийг мэдээлэх шинэ эх үүсвэрийг тусгах зорилгоор ОУЭМД-ийг өөрчлөн шинэчилж байгаа бөгөөд 2004 онд багтаан ОУЭМД-д оруулах өөрчлөлтүүдийг тухайн гишүүн орнуудтайгаа зөвлөлдөөд 2005 онд шинэчлэн багтаах зорилт тавин ажиллаж байна. ОУЭМД-д оруулж буй өөрчлөлтүүдийг гол чиглэл нь:

  • Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхэд хариу арга хэмжээг зохион байгуулах, тандалт хийх цөм нэгж байгуулахыг гишүүн орнуудаас шаардах,
  • ОУЭМД-д заасан зөвлөмжийг баримтлан олон улсын холбогдол бүхий нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг ДЭМБ-д мэдээлэхийг гишүүн орнуудаас шаардах,
  • Мэдээлсэн ноцтой байдлын эпидемиологийн зүй тогтолд тохируулан ДЭМБ-аас зөвлөмж болгосон хариу арга хэмжээний тухай мэдээлдэг тогтолцоо бий болгох,
  • ОУЭМД-ийн үндэсний зохицуулагчдын сүлжээ байгуулах замаар олон улсын холбогдолтой ноцтой байдлын тухай мэдээлэл, хариу арга хэмжээний үеийн хамтын ажиллагааг сайжруулах эдгээр болно4.

ДЭМБ-ын тандалтанд байгаа халдварт өвчнүүд:

Энэ бүлэгт бөөсний хижиг, дахидаг чичрэг, менингококкт менингит, саажилт полиомиелит, хумхаа, сүрьеэ, ДОХ/ХДХВ, томуу, АЦХаХ орно. Дээрхи 2 дэд бүлэгт хамаарах өвчний тохиолдол бүрийг үндэсний эрүүл мэндийн алба ДЭМБ-д мэдээлэх үүрэгтэй . Томуу зэрэг цартахлын аюултай өвчний тухайд бол өдөр бүр юм уу, долоо хоног бүр бүртгэгдсэн өвчлөл, эндэгдлийн тохиолдлыг ДЭМБ-д мэдээлэх үүргийг үндэсний эрүүл мэндийн алба хүлээнэ.

Хоёрдугаар бүлэг. Тохиолдол бүрийг нь албан ёсоор яаралтай мэдээлэх ёстой өвчнүүд

Халдварын тархалтыг нь таслан зогсоохын тул халдварын эх уурхай болон хавьтлуудыг яаралтай олж тогтоох шаардлагатай өвчнүүд энэ бүлэгт орно. Энэ өвчний анхны тохиолдол бүрийг болон тодорхой нутаг дэвсгэрийн дотор буюу гадна бүртгэгдсэн тохиолдол бүрийг мэдээлэл-холбооны хамгийн хурдан аргаар Үндэсний эрүүл мэндийн албанд мэдээлж, цаашид 7 хоног бүр бүртгэгдсэн тохиолдлыг нэгтгэн мэдээлж байхыг олонхи орнуудын хууль тогтоомжоор баталгаажуулсан байдаг. Үүнд, нэгдүгээр бүлэгт орсон ДЭМБ-ын тандалтанд байгаа өвчнүүд, мөн балнад, сахуу зэрэг өвчин ордог. Зарим улс орны хууль тогтоомжоор энэ бүлэгт үүсгэгчийг нь хорлон сүйтгэх зорилгоор ашиглаж болзошгүй өвчнүүдийг оруулсан байдаг.

Гуравдугаар бүлэг: Уг халдвар нутагшмал улс орон буюу дэвсгэр нутагт гарсан тохиолдолд мэдээлэх шаардлагатай өвчнүүд

Улс орон бүрийн Үндэсний эрүүл мэндийн алба энэ бүлэгт орсон өвчний тохиолдол бүрийг яаралтай мэдээллийг шаардахгүй байгаа болно. Харин тооцоолсноос хэт олон тохиолдол, үхэл эндэгдэл өндөртэй тохиолдол ихэссэн үед халдварын тархалтыг таслан зогсоох үйл ажиллагааг сайжруулах зорилгоор мэдээлэхийг шаарддаг болно. Маажуурт хижиг (цуцугамуши өвчин), шистосомиаз, фасциопсиаз зэрэг нь энэ бүлгийн өвчний жишээ болно.

Дөрөвдүгээр бүлэг. Тохиолдол бүрийг бус, дэгдэлт гарвал мэдээлэх ёстой өвчин

Энэ бүлэгт орсон өвчнийг дэгдэлт гарвал яаралтай мэдээлэхийг олонхи орны хууль тогтоомж шаарддаг. Мэдээлэл нь тохиолдлын тоо, өвчин эхэлсэн огноо, эрсдэлтэй хүн амын тоо, халдвар тархаж буй буюу тархаж байгаа байж болзошгүй замыг тусгасан байх шаардлагатай. Стафилококкын гаралтай хоолны хордлого, шалтгаан тодорхойгүй халдварын дэгдэлт зэрэг нь энэ бүлгийн өвчний жишээ болно.

Тавдугаар бүлэг: Албан ёсоор мэдээлэх шаардлагагүй өвчин

Энэ бүлэгт алаг цоог тархалттай буюу ер нь олон хүнийг хамран өвчлүүлдэггүй, хүнээс хүнд шууд дамжин тархдаггүй халдварт өвчнүүд (жишээ нь, хромомикоз), эсвэл хяналт тавих арга хэрэгсэл байхгүй, үхэл эндэгдэл багатай халдвар (жишээ нь, хамрын ханиад) орно.

Дэгдэлтийн тухай мэдээллийн мөрөөр авах арга хэмжээ

Дэгдэлтийн тухай мэдээлэл аваад авах арга хэмжээ нь өвчилсөн тохиолдлуудыг хурдан эмчлэн эдгэрүүлэх, халдварын хэлхээг таслан зогсоож цаашид тархан дэлгэрэх замыг хаахад чиглэх ёстой. Дэгдэлтийн мэдээллийн мөрөөр авах арга хэмжээ нь тухайн халдварын эпидемиологийн зүй тогтолд үндэслэсэн, системтэй, стандарт арга хэмжээ байх шаардлагатай. Харамсалтай нь олон нийтийн болон улс төрийн уур амьсгал, тухайн дэвсгэр нутгийн бололцоо нь зарим үед хариу арга хэмжээг тогтсон журмын дагуу хэрэгжүүлэхэд саад болдог. Дэгдэлт гарсан үед дор дурьдсан арга хэмжээнүүдийг дэс дараалан юм уу, шаардлагатай үед зэрэгцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Оношийг баталгаажуулах,
  • Дэгдэлт болж байгааг баталгаажуулах,
  • Өвчилсөн хүмүүс, тэдний эмнэлзүйн төрхийг тодорхойлох,
    • тохиолдол бүрт өвчний түүх хөтлөх,
    • шинэ тохиолдлыг илрүүлэх,
  • Уг халдварт өртөх эрсдэлтэй хүн амын давхрагыг тодорхойлж, тархалтыг судлах,
  • Дэгдэлтийн эх уурхай, дамжин тархаж буй замын тухай таамаглал (хипотоз) дэвшүүлэх,
  • Дэгдэлтийг хяналтанд авах:
    • өвчилсөн тохиолдол бүрийг эмчлэн эдгэрүүлэх,
    • дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ авах, халдварыг эрт илрүүлэх идэвхитэй тандалт зохион байгуулах,
    • (дэгдэлтийн тухай болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай) илтгэл бэлтгэх

Оношийг баталгаажуулах

Халдварт өвчний тохиолдлын тухай эхний мэдээлэл өгсөн эрүүл мэндийн ажилтан уг тохиолдлын тухай аль болох бүрэн мэдээлэл цуглуулж, эмнэлзүйн ойролцоо илрэлтэй өвчнүүдээс урьдчилсан ялгах онош тавьсан байх шаардлагатай. Тухайлбал, хоолны хордлогыг урвах тахлаас ялган оношлосон байвал дэгдэлтийг судлан шинжлэх багийнхны үйл ажиллагааг ихээхэн хөнгөвчилж өгнө. Анхдагч мэдээлэл хангалттай зөв байвал онош тодруулах шинжилгээнд авах сорьц, шаардлагатай багаж, хэрэглэгдэхүүнийг зөв сонгох нь хялбар болно. Сорьцонд онош тодруулах шинжилгээ хийх лаборатори нь энэ шатнаа хангалттай мэдээлэл авбал шинжилгээнд зарцуулах цаг хэмнэх боломжтой болно. Анхны тохиолдол нас барсан бол задлан шинжилгээ хийх бэлтгэлийг хангах ёстой. Судалгааны багийнхан уг өвчний тандалт, хяналтын үйл ажиллагаанд ашиглахаар санал нэгдсэн тохиолдлын тодорхойлолт (surveillance case definition) боловсруулан ашиглана (энэ тодорхойлолт нь тохиолдлын эмнэлзүйн тодорхойлолттой заавал тохирч байх албагүй).

Дэгдэлт болж буйг баталгаажуулах

Зарим өвчин тухайн дэвсгэр нутагт нутагшмал тархалттай боловч танигдалгүй явж байгаад тохиолдлоор, жишээлбэл, зарим өвчтөн хуучин хэрэглэж байсан уламжлалт эмийн оронд эмчилгээний шинэ арга хэрэгсэл ашиглах үед илрэн гарах явдал тохиолддог. Иймээс эмнэлзүйн уг шинж тэмдэг тухайн дэвсгэр нутагт урьд нь тохиолддог байсан эсэхийг тандан тодруулах замаар ийм “хуурамч дэгдэлт” болж байгаа эсэхийг баталгаажуулах шаардлагатай. Тохиолдлын тоон хөдлөлзүйг хугацааны тархалтаар нь зураглан дүрслэх юм уу, газарзүйн тархалтыг нь газрын зураг дээр буулгах замаар дэгдэлт болж буйг баталгаажуулж болно. Нутагшмал халдварын тухайд бол бүртгэгдсэн өвчлөл нь тооцоолсон болзошгүй тохиолдлын заагийг давснаар нь дэгдэлтийг илрүүлдэг. Улирлын хэлбэлзэлтэй өвчний тухайд бол бүртгэгдсэн тохиолдол өмнөх оны тухайн сар, долоо хоногт бүртгэгдсэн буюу олон жилийн дундажийн хэмжээнээс давснаар нь дэгдэлт болж буйг тогтоодог.

Өвчилсөн хүмүүс, тэдний эмнэлзүйн төрхийг тодорхойлох

Тохиолдол бүрт өвчний түүх хөтлөх

Халдварт өвчний дэгдэлтийн мөн чанарыг бүрэн ойлгохын тулд өвчилсөн буюу сэжигтэй тохиолдол бүрийн тухай аль болох бүрэн дүүрэн мэдээлэл (нас, хүйс, мэргэжил, оршин суух хаяг, өвчлөхөөсөө өмнө хаагуур томилолт болон аялалаар явсан, эмнэлзүйн гол шинж тэмдэг, тэдгээрийн эхэлсэн болон арилсан огноо, цаг, дархлаажуулалтын хамралт, өмнө нь туссан халдварт өвчнүүд г.м.) цуглуулах шаардлагатай. Тухайн халдварыг бусад ойролцоо төрхтэй өвчнөөс ялган оношлоход шаардлагатай бусад мэдээллийг ийм судалгаанд мөн оруулж болно. Уг халдварын нууц үе нь мэдэгдэж байгаа бол халдварын эх үүсвэрийг илрүүлэхэд холбогдолтой мэдээллийг бас нэмэн оруулж болно. Энэ бүх мэдээллийг тусгайлан бэлтгэсэн асуултын хуудас буюу эпидемиологийн судалгааны хуудсанд бичиж авдаг. Энэ мэдээллийн хуудсыг олшруулах, мэдээлэл бүртгэн оруулах, баталгаажуулах журмыг халдварт өвчнийг мэдээлэх журамтай уялдуулан боловсруулдаг (“Халдварт өвчнийг мэдээлэх” гэсэн хэсгээс тодруулна уу). Шинэ тохиолдлыг илрүүлэх Халдварт өвчний дэгдэлтийн анхны тохиолдлыг голдуу аль нэг эмнэлэг юм уу, амбулатори ирүүлдэг. Иймээс эрүүл мэндийн бусад байгууллага, тухайн дэвсгэр нутгийн засаг захиргааны бусад нэгжид идэвхтэй тандалт хийх замаар шинэ тохиолдлуудыг илрүүлж болно. Энэ тохиолдлууд нь эмнэлзүйн зарим шинэ илрэлтэй байж мэднэ.

Уг халдварт өртөх эрсдэлтэй хүн амын давхрагыг тодорхойлж, судалгаа хийх

Халдварт өртөх эрсдэлтэй хүн амын давхрагыг тодорхойлсноор уг өвчний шинэ тохиолдлыг илрүүлэх тандалтын хүрээ тодорхой болж ирдэг. Үүний үндсэн дээр уг халдварын тархалтын эрчмийг (насны бүлэг, дэвсгэр нутгаар г.м. гаргасан өвчлөлийн үзүүлэлт) тооцоолдог. Энэ үзүүлэлтүүд нь цаашдын нарийвчилсан судалгааны шинэ таамнал боловсруулах, судалгааны төлөвлөгөө боловсруулах үндэслэл болно. Мөн өвчлөл өндөр эрсдэлтэй хүн амыг лабораториор шинжлэх шаардлага гарч болно, тухайлбал, менингококкт халдварын дэгдэлтийн үед хамар-залгиурт менингококк тээж буй давхрагын эзлэх хувийг шинжлэн тогтоох г.м. Мөн ялгасан үүсгэгч нянгийн хэвшинж, антибиотикт тэсвэржилт зэргийг тогтоох нь хяналтын арга хэмжээг оновчтой болгоход туслана.

Дэгдэлтийн эх уурхай, дамжин тархаж буй замын тухай таамаглал дэвшүүлэх

Тухайн дэгдэлт яагаад, ямар нөхцөл бүрдсэний улмаас гарсан, ямар үе шатыг дамжин хөгжсөнийг тогтох нь халдварын тархалтыг таслан зогсоох оновчтой хувилбар боловсруулахад ихээхэн ач холбогдолтой. Хоол хүнснээс гаралтай халдварын дэгдэлтүүдийн тухайд эх уурхай, дамжин тархсан зам, дэгдэлтэнд хүргэсэн нөхцөл байдлыг олж тогтоох шаардлагатай. Үйл явдлын холбоо, хэлхээг зөв олж тогтоох нь нэн чухал бөгөөд үүнд харгалзан үзвэл зохих хүчин зүйлс нь: I) уг өвчин үүсгэгчийн төрх, хүн амын дунд тархсан байдал; II) резервуар байгаа эсэх; III) халдвар уг резервуараас тарсан зам; IV) цаашид хүнээс хүнд дамжин тархсан зам; V) олон хүнийг хамран халдварлуулсан эх уурхай; VI) хүн амын уг нянд мэдрэг байдал зэрэг болно.

Дэгдэлтийг хяналтанд авах

Халдварт өвчний дэгдэлтийг хяналтанд авах гол нөхцөл бол эмнэлзүйч эмч, эпидемилогич, микробиологич, эрүүл мэндийн боловсролын мэргэжилтэн болон нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн албаны хамтын, уялдсан үйл ажиллагаа болно.

Ийм хамтын ажиллагааг хэрэгжүүлэх шалгарсан арга бол дэгдэлтийн эхний шатанд дээрхи албад, мэргэжилтнүүдийн төлөөлөл орсон тусгай баг буюу буюу хороо байгуулан ажиллах явдал юм.

Өвчилсөн тохиолдол бүрийг эмчлэн эдгэрүүлэх

Оношлосон тохиолдол бүрийг эмчлэн эдгэрүүлэх нь эрүүл мэндийн байгууллага, эмнэлзүйч эмч нарын гол үүрэг болно. Менингит, тарваган тахал, урвах тахал г.м. өвчнүүдийн дэгдэлтийн үед эмчилгээний тусгай байр бэлтгэх, эмч нарыг яаралтай давтан сургах хэрэгцээ гардаг. Унтаа өвчин, урвах тахал г.м. халдварын дэгдэлтийн үед ердийн үед хэрэгцээ нь бага байдаг эм, бэлдмэлийн нөөцийг яаралтай бүрдүүлэх шаардлагатай болно. Дэгдэлтийг таслан зогсоох асуудлыг удирдаж буй баг шинээр хангалт, сургалт шаардаж буй асуудлуудыг хурдан судлан тооцоолж, нөөцийг яаралтай бүрдүүлэх үүрэг хүлээнэ. Полиомиелит г.м. зарим халдварт өвчний дэгдэлт нь цочмог үеийн дараа залгах физик эмчилгээ, нөхөн сэргээх эмчлгээний нөөц шаардана. Ийм нэмэлт үйлчилгээг цаг алдалгүй зохион байгуулж чадвал тухайн дэгдэлтийн эрүүл мэндийн болон эдийн засгийн хожмын хохирлыг бууруулж чадна.

Дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ авах

Тухайн дэгдэлтийн эпидемиологийн төрхийг судлан тогтоосноор үүсгэгч нян цаашид тархан дэлгэрэхээс сэргийлэх хяналтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх бололцоотой болдог. Гэхдээ эпидемиологийн төрхийг судлан тогтоож гүйцэхийг хүлээлгүйгээр дэгдэлтийн аль болох эрт үеэс л тархалтыг таслан зогсоох арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай. Олон халдварт өвчнөөс хими-сэргийлэлт юм уу, дархлаажуулалтаар сэргийлж болдог. Халдварт өртсөн хүмүүсийг тусгаарлах, халдварын эх уурхайд орох болон гарах хөдөлгөөнийг хязгаарлах нь халдварын тархан дэлгэрэхийг хязгаарладаг хамгийн энгийн, үр ашигтай арга тул бололцоо, нөхцөл нь бүрдсэн бол хэрэгжүүлэхийг эрмэлзэх ёстой. Мөн өвчтөнийг асран сувилах хүмүүс, орчин нөхцлийн нийтлэг сэрэмжлэг буюу ариун цэвэр-эрүүл ахуйн дэглэм халдвар тархахаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Хяналтын бүх арга хэмжээ, хичнээн ч яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай бай, эрсдэлт хүн амд тайлбарлан ойлгуулсны дараа л хэрэгжүүлэх шаардлагатай. Хүн ам халдварын шинэ тохиолдлыг мэдээлэх, дархлаажуулалтанд хамрагдах, ариун цэвэр-эрүүл ахуйн нөхцлөө сайжруулах зэрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хүсэл эрмэлзэлтэй байх нь халдварын дэгдэлтийг хяналтанд авахад нэн чухал ач холбогдолтой. Эм, вакцины нөөц хүрэлцээ муу байвал, эхний ээлжинд тэдгээрийг хүн амын хамгийн өндөр эрсдэлтэй бүлэг, давхрагад хүргэх хэрэгтэй. Яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай эхний арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний дараа эрүүл мэндийн сурталчилгаа, усны хангамж, хүнсний эрүүл ахуй, дамжуулагч шавьж, мэрэгчдийн устгал г.м. тогтмол хэрэгжүүлж байх ёстой арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх шаардлагатай. Эхний компанчилсан вакцинжуулалтын дараа уг дархлаажуулалтыг тодорхой хугацааны дараа давтан хэрэгжүүлэх, эсвэл уг вакциныг товлолын вакцины жагсаалтанд оруулах шатчилсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх урт хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхлэх шаардлага ч гарч болно.

Халдварыг эрт илрүүлэх идэвхитэй тандалт зохион байгуулах

Халдварт өвчний дэгдэлтийн эхний шатанд өвчтөнтэй шууд хавьталд орсон хүмүүс зэрэг өндөр эрсдэлтэй бүлгийнхнийг идэвхитэй тандалтанд байлгаж, өвчний дараагийн тохиолдлуудыг эрт илрүүлэн эмчлэхээр тооцох ёстой. Дэгдэлтийг таслан зогсоох эхний арга хэмжээнүүдийг авч эхлэсний дараа ч хүн амын дотор уг өвчний шинэ тохиолдлыг эрт илрүүлэх зорилготой идэвхитэй тандалтыг үргэлжлүүлэх шаардлагатай. Ийм идэвхитэй тандалтын мэдээллийг дараах эх сурвалжуудыг ашиглан хэрэгжүүлнэ. Үүнд: I) эрүүл мэндийн ажилтнууд, хамтлагийн толгойлогчид (баг, хот айлын дарга, ахлагч г.м.), ажил олгогчид, бага болон дунд сургуулийн багш нар, өрхийн тэргүүнүүдийн мэдээлэл; II) эрүүл мэндийн байгууллагууд дахь нас барсан шалтгааны гэрчилгээ; III) нийгмийн эрүүл мэндийн лабораториуд, энтомологийн болон мал эмнэлгийн алба, лабораториудын мэдээлэл г.м. Дэгдэлтийг дархлаажуулалтаар хяналтанд авч байгаа бол эрсдэлт хүн амын тоог дархлаажуулалтанд зарцуулсан вакцины тоотой харьцуулах тооцооны аргаар хүн амын дархлал тогтоцын түвшинг тандаж байх нь чухал.

Илтгэл бичих

Дэгдэлтийн төрх, авч хэрэгжүүлж буй хяналтын үйл ажиллагааны тухай илтгэлийг бололцоотой бол дэгдэлтийг таслан зогсоох үйл ажиллагааны явцад хэд хэдэн удаа бэлтгэж, дэгдэлт бүрэн зогссоны дараа төгсгөлийн илтгэл бэлтгэх шаардлагатай. Энэ нь: I) нийт хүн ам тухайн дэгдэлтийн мөн чанарыг ойлгож, цаашдын тархалтаас сэргийлэхийн тулд тэд өөрсдөө юу хийх ёстойгоо мэдэж авахад; II) ийм дэгдэлт дахин гарахаас сэргийлэхийн тулд нутаг дэвсгэрийн засаг захиргаа, Эрүүл мэндийн яам төсөл, төлөвлөгөөндөө тусгахад; III) анагаах ухааны мэргэжлийн сэтгүүл, мэдээлэлд эрдэм шинжилгээний нийтлэл бэлтгэхэд; IV) анагаахын мэргэжлийн сургуулиудын сургалтанд нэн тустай хэрэглэгдэхүүн болно.

Үүсгэгч болон түүний дамжин тархах замыг туршлагаар баталгаажуулах

Тухайн дэгдэлт яагаад гарсан тухай таамнал нь заримдаа туршилтаар баталгаажуулахыг шаарддаг. Жишээ нь, хүнсний бүтээгдэхүүн халдвартай зүсэгч машинаар дамжин тархсан байж болзошгүй гэсэн таамналыг дэгдэлтийн судалгаагаар баталгаажуул чадаагүй бол, туршилтаар баталгаажуулж болох юм. Ийм туршилтын судалгаа нь илүү хүчин чадалтай лаборатори шаарддаг тул ийм төрлийн судалгаа нь дэгдэлт зогссоны дараа ч үргэлжилж болдог.

Биологийн агентыг хорлон сүйтгэх зорилгоор ашиглах (Био-терроризм, биологийн зэвсэг)

Өвчин үүсгэгч нян, вирүсийг хорлон сүйтгэх зорилгоор ашиглах нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. Ийм хорлон сүйтгэх үйл ажиллагааны хүрээ нь хамрагдсан хүн ам, тухайн хүн ам хэрэглэсэн биологийн зэвсэгт хэр мэдрэг байх зэргээс шалтгаалдаг. Биологийн зэвсэг хэрэглэсэн үед авах арга хэмжээг хэрэгжүүлэхэд тагнуулын албад, хууль хэрэгжүүлэх албад, нийгмийн эрүүл мэндийн албад, хорлон сүйтгэх үйл ажиллагаа гадаад улс оронтой холбоотой гэж үзвэл Батлан хамгаалах яамны холбогдох албад оролцох шаардлагатай болдог. Тайван үед дээр дурьдсан албад нэг их хамтран ажилладаггүй тул хамтран ажиллах шаардлага гарах үед ажлын арга барилын хувьд болон харилцан ойлголцоход зарим бэрхшээл үүсч болзошгүйг анхаарах нь чухал.

Биологийн зэвсгийг хорлон сүйтгэх зорилгоор ашиглах эрсдлийг тооцоолох буюу урьдчилан мэдэх аргагүйг АНУ-д 2001 оны аравдугаар сард боомын нянг хорлон сүйтгэх зорилгоор ашигласан явдал гэрчилнэ. Энэ үйл явдлын үед шуудангийн тогтолцоог ашиглан боомын нянгийн спорыг хорлон сүйтгэх зорилгоор тараасны улмаас 22 хүн халдвар авч, 5 хүн нас барсан билээ. АНУ-ын нийгмийн эрүүл мэндийн алба шуудангаар боомын нянгийн спор бүхий захидал, илгээмж авсан байж болзошгүй 32000 гаруй хүнийг олж тогтоон, антибиотик сэргийлэг хийсэн юм. Энэ хариу арга хэмжээг зохион байгуулахад АНУ-ын гамшигтай тэмцэх болон хууль хэрэгжүүлэх албад мөн оролцсон болно. Энэ үйл явдал Дэлхий дахинд ихээхэн шуугиан дэгдээж, хэд хэдэн оронд хуурамч түгшүүр зарлагдахад хүрсэн билээ. Энэ үйл явдал, үүнтэй холбогдон гарсан айдас түгшүүр нь дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн лабораторийн ачааллыг урьд хожид байгаагүй ихэсгэж, зарим улс оронд энэ ажилд хувийн лабораториудыг ч дайчлан туслуулахад хүргэсэн юм.

Биологийн зэвсэг болгон ашигласан нян, вирүсийг өргөн дэлгэр нутаг дэвсгэрийг хамран хэрэглэсэн, уг нян, вирүс нь хүнээс хүнд амархан дамжин тархдаг бол халдвар авсан олон тооны өвчтөнг багтаах нөөц эмнэлэг, эм болон вакциныг богино хугацаанд олон хүнд хүргэх найдвартай тогтолцоо шаардагдана. Хорлон сүйтгэх зорилгоор ашиглаж болох биологийн агент нь боом, бруцеллёз, мейлоидоз, тарваган тахал, Ку чичрэг, хулгана тахал, балнад зэргийг үүсгэгч бактери, кокцидойдомикоз үүсгэгч мөөгөнцөр, арбовирүсүүд, филовирүсүүд, бодоогийн вирүс зэрэг микро-организм байх боломжтой. Олон улсын түвшинд хийсэн аюул заналхийлэлийн дүн шинжилгээ нь биологийн агентыг хорлон сүйтгэх зорилгоор ашиглах аюул хэзээ ч, хаана ч тохиолдож болох бодит аюул мөн гэдгийг батласан болно. Гэхдээ ийм төрлийн дүн шинжилгээ нь ерөнхийдөө бол нийгмийн эрүүл мэндийн албаны үүрэг биш юм.

АНУ-ын үндэсний тагнуулын болон батлан хамгаалах албадын мэдээгээр биологийн агентыг зэвсэг болгон хувиргах үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний болон олон улсын сүлжээ байгааг гэрчилсэн нотлох баримтууд байгаа бөгөөд зарим тохиолдолд нян, вирүсийн эмгэгтөрөх чадварыг нэмэгдүүлэх, тэдгээрийг хорлон сүйтгэх зорилгоор ашиглах арга хэрэгслэл боловсруулах судалгаа хийж байгаа байж болзошгүй байгаа юм. Хүнд үүссэн халдварт өвчин нь нэгэн удаагийн тохиолдол ч байж болох, анхны халдварын дараа тодорхой хугацаанд дахин дахин сэдэрдэг эмгэг ч байж болох магадлалтай. Иймээс хорлон сүйтгэх зэвсэг болгон ашиглах биологийн агент нь анхны, эсвэл хэд хэдэн удаагийн довтолгооны дараа хүнээс хүнд дамжин тархах чадвартай болж болох юм. Энэ тухай тодорхой халдварт өвчний тухай бүлгүүдэд оруулсан байгаа. Мөн халдварын нууц үе, халдвартай байх хугацаа, хүн амын мэдрэг чадвар нь биологийн агент бүрт өөр өөр байх нь тодорхой.

Биологийн агентыг хорлон сүйтгэх зорилгоор ашиглахаас сэргийлэх гол арга нь террористууд, эдгээрийн үйл ажиллагааны тухй тагнуулын албадын идэвхтэй тандалт юм. Биологийн зэвсэг болгон ашиглаж болох нян, вирүсийг вакцин, биобэлдмэл үйлдвэрлэдэг багаж, төхөөрөмжийг ашиглан үржүүлж, хуримтлуулж болно. Тиймээс биобэлдмэлийн үйлдвэрлэлийг террорист үйл ажиллагаанд давхар ашиглах боломжтой. Энэ нь хяналтын үйл ажиллагааг ихээхэн хүндрүүлдэг. Тийм учраас аюулгүй байдлын зарим аналистууд хүн амын дунд тохиолдож буй ямар ч халдварт өвчний дэгдэлтийг хурдан хугацаанд илрүүлж, тархан дэлгэрэх аюулыг нь таслан зогсоох чадвартай нийгмийн эрүүл мэндийн хүчирхэг дэд бүтэцтэй байх нь биологийн агентыг хорлон сүйтгэх зорилгоор ашиглах аюулыг гэтлэн давах цорын ганц боломжийн арга гэж үзэж байгаа юм.

Халдварт өвчний үүсгэгсийг хорлон сүйтгэх зорилгоор ашиглсан тохиолдолд бэлэн байдлыг хангах

Хүний халдварт өвчний дэгдэлт болон шинээр тархаж буй халдварыг тандах үндэсний болон олон улсын тогтолцоо нь халдварт өвчний үүсгэгчийг хорлон сүйтгэх зорилгоор ашигласныг илрүүлэх, тархалтыг нь таслан зогсоох хүчин чадавхийн үндэс юм. Учир нь байгальд тохиолдож буй халдвар, зориудын тараасан халдвар хоёрын аль альных нь үед авч хэрэгжүүлэх нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа нь ижил болно. Халдварт өвчин үүсгэгчийн шинж чанарын тухай тулхтай суурь мэдлэг нь халдварт өвчний ер бусын дэгдэлтийн учир шалтгааныг тайлж, халдварт өвчний үүсгэгчийг хорлон сүйтгэх зорилгоор ашигласан байж болзошгүй тухай таамнал дэвшүүлэх үндэслэл болно. Халдварт өвчин үүсгэгчийг хорлон сүйтгэх зорилгоор ашигласан үед авах арга хэмжээний бэлэн байдлыг хангах суурь нь хэрэгцээ шаардлага тохиолдсон үед нийгмийн эрүүл мэндийн албад, тагнуулын албад, хууль сахиулах албад, үндэсний батлан хамгаалах тогтолцоо хурдан холбогдож, харилцан ойлголцох нөхцлийг бүрдүүлэх явдал болно. Хорлон сүйтгэх үйл ажиллагааны эсрэг бэлэн байдлын бэлтгэл нь газар хөдлөлт г.м. том хэмжээний байгалийн гамшиг, үйлдвэрийн буюу зам тээврийн том хэмжээний ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөн дээр үндэслэх боломжтой. Эрүүл мэндийн албад ийм нөхцөлд ердийн нөхцлөөс олон дахин их өвчлөл, эндэгдэлтэй тулгарах магадлал дээр хийсэн тооцоог баримтлан ажилладаг. Хорлон сүйтгэх зорилгоор ашиглаж болох үүсгэгчээр сэдээгдсэн халдварт өвчний шинж тэмдэг, эмчилгээ, сувилгааны тухай мэдлэг, дадлага олонхи эмнэлгийн ажилчдад дутдаг. Тиймээс биологийн зэвсэг хэрэглэсэн үед авах арга хэмжээний эхний шатанд эрүүл мэндийн ажиллагсадад уг халдварт өвчнийг оношлох, эмчлэх асуудлаар яаралтай давтан сургалт зохион байгуулах явдал шаардагдах болно. Ийм төрлийн сургалтанд мөн уг халдварыг хяналтанд авах арга тактик, лабораторийн шинжилгээнд зориулсан сорьц, биеийн шингэнүүдтэй зөв харьцах, халдваргүйжүүлэх асуудал тусгагдах ёстой. Хорлон сүйтгэх үйл ажиллагаанд эрүүл мэндийн албадын бэлтгэлийг хангах үйл ажиллагааны хамгийн төвөгтэй хэсэг бол шаардлагатай эм, биобэлдмэл, багаж, хэрэгслийн нөөцийг хэрхэн тооцоолж, нөөцлөх асуудал байдаг.

Хяналт

ОУЭМД-2005-д “халдвар үүсгэгчийг осолдож юм уу, зориудаар алдах” үед авах арга хэмжээний шатчилсан хэмжүүрүүдийг оруулсан болно. ОУЭМД- 2005-ын хэрэгжилтийг хангах зорилгоор ДЭМБ дэмжин ажиллуулж байгаа дэгдэлтийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах глобаль сүлжээ (GOARNglobal outbreak alert and response network) халдвар үүсгэгчийг хорлон сүйтгэх зорилгоор ашигласан байж болзошгүй мэдээллийг авснаар идэвхжих бөгөөд уг үйл явдлыг хняналтанд авахад олон улсын түвшинд уялдан зохицуулсан дэмжлэг үзүүлэх болно. Олон улсын холбогдол бүхий халдварт өвчний дэгдэлт гарсан тохиолдолд Үндэсний Засгийн газар нь ердийн болон хорлон сүйтгэх үйл ажиллагааны үр дүн аль нь ч бай ДЭМБ-д outbreak@who.int цахим хаягаар яаралтай мэдээлэх үүрэг хүлээнэ. Холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг дорхи хаягаар лавлана уу. Үүнд:

  • Утас: + (004)–122–792– 31;
  • Вэб сайт: http: //www.who.int/csr/delibepidemics;
ХӨХЛ18-д хэрэглэсэн зарим нэр томъёоны тайлбар

1. Бөөстөх (infestation) - Хүн, амьтны биеийн гадаргуу болон хувцсанд бөөс зэрэг үе хөлтөн үүрлэж, өсч үржихүй. Эд зүйлс буюу орон байранд бөөс зэрэг үе хөлтөн, мөн мэрэгчид өсч үржих нөхцөл бүрдсэн бол мөн бөөстсөн гэнэ.

2. Дархан бодгаль (immune individual) – Халдварт өртсөний улмаас буюу дархлаажуулалтын үр дүнд хүн, амьтны биед эсрэгбие болон дархлаажсан эс бий болсныг хэлнэ. Өөрөөр хэлбэл хүн, амьтны бие махбод халдвар болон дархлаажуулалтын үр дүнд уг халдварыг сэдээгч нянд дахин өртөхгүй, вчлөхгүй болсон нь юм. Гэхдээ дархлаа нь харьцангуй үзэгдэл бөгөөд ердийн нөхцөлд хүн, амьтны бие махбодыг өвчлөлөөс хамгаалж чадах дархлаа нь нянгийн хэт өндөр тунгаас буюу, өөр замаар нэвтрэн орсон нянгаас хамгаалж чадахгүй байж болно. Дархлааны хамгаалах хүч нь дархлаа дарангуйлах эм, хавсарсан өвчин, нас өтлөх зэргийн улмаас мөн суларч болдог.

3. Дархлаа (immunity) – Тодорхой халдварт өвчин сэдээгч нян буюу түүний хорын эсрэг биемахбодид үүсэх эсрэгбие болон дархлааны эсийн хүчээр бий болох халдварт үл өртөх байдал. Хүчин төгөлдөр дархлаа нь мэдрэгжсэн Т-лимфоцитоор биежих эсийн дархлаа, Влимфоцитын ялгаруулах эсрэгбиеэр нөхцөлдөх шингэний дархлаа хоёрын хавсарсан үйлдэл болно. Эхээс эхсээр дамжин нярайд дамжих юм уу, хэт дархлаажуулсан хүн, амьтны цуснаас бэлтгэх өвөрмөц иммунглобулины тусламжтайгаар идэвхигүй дархлааг бий болгож болох бөгөөд энэ богино (хэдэн өдрөөс хэдэн сар) настай байдаг. Байгалийн нөхцөлд эмнэлзүйн илрэлтэй болон илрэлгүйгээр халдвар авах буюу вакцинаар дархлаажуулах замаар олон жил хадгалагдах чадвартай, идэвхитэй дархлааг бий болгодог.

4. Зооноз [халдвар] (zoonosis) – Ердийн нөхцөлд сээр нуруутан амьтнаас хүнд дамжин халдварлах чадвартай халдварт өвчин. Зооноз нь түгмэл (эпизоотик) буюу нутагшмал (энзоотик) хэлбэртэй байж болно.

5. Зөөлөн биетэн устгах бодис (molluscicide) – усан үзмийн эмгэн хумс зэрэг зөөлөн биетнийг устгах чадвартай химийн бодис.

6. Мэдрэг (susceptible) – тодорхой нянгийн эсрэг дархлаагүй тул уг нянтай учрахдаа халдвар авахад бэлэн хүн буюу амьтан.

7. Мэрэгч устгах бодис (rodenticide) – мэрэгчдийг устгах чадвартай химийн бодис.

8. Нас баралт (mortality rate) тохиолдол тооцохтой адил аргаар гаргах үзүүлэлт бөгөөд тодорхой хугацааны дотор, голдуу нэг жилийн туршид нас барсан хүний тоог эрсдэл бүхий хүн амын тоонд, голдуу жилийн дундаж хүн амын тоонд хувааж гаргана. Нэг жилийн хугацаанд 1000 ам тутамд ногдох нас барсан бүх хүний тоог нийт буюу бохир нас баралт гэнэ. Тодорхой өвчний улмаас нэг жилийн дотор нас барсан хүний тоог голдуу 100 000 хүн амд тооцох бөгөөд тухайн өвчний улмаас болсон нас баралт гэнэ. Нас баралтыг мөн тодорхой насны бүлэг зэрэг хүн амын бүлэглэлээр гаргаж болно. Насбаралтыг тохиолдол-нас баралтын харьцаа буюу эндэгдлийн түвшингээс ялгаж ойлговол зохино.

9. Нутагшмал (endemic) - тодорхой өвчин эмгэг буюу халдвар үүсгэгч аль нэг нутаг эвсгэрт байнга тохиолдох хандлагыг илэрхийлнэ. Тодорхой нутаг дэвсгэрт тухайн өвчин эмгэг бүх насанд өндөр дамтамжтай тохиолдож байвал хэт нутагшмал буюу хиперэндемик гэнэ. Ямар нэг өвчин эмгэг хүүхдийн насанд насанд хүрэгсэдийнхээс байнга их тохиолдож байвал бүтэн нутагшмал буюу холоэндемик гэнэ.

10. Нууц үе (incubation period) – Халдвар үүсгэгчтэй анх учирснаас эмнэлзүйн анхны тэмгүүд илрэх хүртлэх хугацааг хэлнэ. Халдвар дамжуулагчийн буюу халдварын завсрын эзний хувьд бол халдвар үүсгэгч биед нь орсноос хойш халдварыг цааш дамжуулах чадвартай болох хүртлэх хугацаа болно. Халдвар үүсгэгч мэдрэг биемахбодтой учирснаас хойш цус буюу шээс, баасанд мэдрэг аргаар илрэх хүртлэх хугацааг илрэх хугацаа (prepatent period) хэмээнэ.

11. (Нян) тээгч (carrier) - Аливаа тодорхой хүн, амьтан өвчин үүсгэгч нянг эмнэлзүйн тодорхой илрэлгүйгээр биедээ хадгалж, халдварын эх уурхай болохыг хэлнэ. Нян тээгч бодгалыг халдвар үүсгэгчтэй учирснаасаа хойш анхнаасаа эмнэлзүйн илрэлгүй тээх буюу эрүүл нян тээгч (healthy or asymptomatic carrier), өвчний нууц үед (incubatory) буюу эдгэрэх үед (convalescent) нян тээгч гэж ангилдаг. Мөн нян тээх хугацаанаас нь хамааруулан түр (temporary or transient) буюу архаг (chronic) нян тээгч гэж ангилж болно.

12. (Нянгийн) бохирдол (contamination or pollution) – Нян биеийн гадаргуу, хувцас, ор дэрний хэрэглэл, тоглоом, мэс заслын багаж, боолтын материал, ус, хүнс зэрэг амьгүй биет болон материалд халдварлуулах чадвараа хадгалан үүрлэхийг хэлнэ.

13. (Нянгийн) хоруу чанар (virulence) – Нян амьд организмын эд, эсийг сүйтгэх чадварын зэрэглэл буюу нянгийн эмгэгтөрөх чадварын зэрэглэл. Голдуу өвчний тохиолдол-нас баралтын харьцаагаар илэрдэг.

14. (Өвчний) тандалт (surveillance of disease) – Халдварт өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор өвчний тархалтанд холбогдох тоон материалыг цуглуулж, дүн шинжилгээ хийх үйл ажиллагаа. Тандалт нь: 1) өвчлөл, нас баралтын мэдээ; 2) өвчний тохиолдол болон дэгдэлтийн үед хийсэн судалгааны дүн; 3) өвчин үүсгэгчийг ялгаж, дүйн тодорхойлсон лабораторийн шинжилгээний дүн; 4) вакцин, дархлаажуулах бусад бэлтмэл, шавьж устгах бодис зэрэг өвчний хүрээг хязгаарлахад хэрэглэх бодис, материалын эерэг ба сөрөг үйлдлийн тухай мэдээ; 5) хүн амын дархлаал тогтоцын түвшний тухай мэдээ; 6) эпидемиологийн бусад шаардлагшатай мэдээллийг ситемтэй цуглуулж, дүгнэлт хийх явдал болно. Дээрхи мэдээг нэгтгэн дүгнэсэн мэдээллийг халдварын тархалтыг хязгаарлах үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудалд холбогдох бүх шатны (орон нутгийн болон олон улсын) албан тушаалтанд хүргэх ёстой. Тодорхой хүн амын дотор халдвар үүсгэгчийн түүхэн болон одоогийн тархалтыг тодорхойлох зорилгоор өвөрмөц эсрэгбие илрүүлэх шинжилгээ хийхийг ийлдэс судлалын тандалт (serological surveillance) хэмээнэ.

15. (Өвчнийг) мэдээлэх (report of a disease) – Хүн, амьтны тодорхой халдварт болон бусад өвчний тохиолдлыг засаг захиргааны холбогдох албадад мэдэгдэх тогтолцоо. Хүний халдварт өвчний тохиолдлыг орон нутгийн эрүүл мэндийн албанд, амьтны халдварт өвчний тохиолдлыг мал эмнэлгийн буюу хөдөө аж ахуйн албанд, мал амьтнаас хүнд халдварлан тархдаг өвчний тохиолдыг бол энэ хоёр албаны аль алинд мэдээлдэг. Улс орон бүрийн эрүүл мэндийн алба нь өөрийн улсын онцлогт тохируулан мэдээлбэл зохих халдварт өвчний жагсаалт батлан мөрдүүлдэг (“Халдварт өвчнийг мэдээлэх” гэсэн хэсгээс тодруулан үзнэ үү). Яаралтай хязгаарлах арга хэмжээ, эпидемиологийн судалгаа шаарддаг зарим халдварт өвчний тухайд бол сэжигтэй тохиолдол бүрийг мэдээлдэг. Хэрэв өөр нутаг дэвсгэрийн харъяалалтай этгээд аль нэг нутаг дэвсгэрт халдварт өвчтэй гэж илэрвэл тухайн дэвсгэр нутгийн эрүүл мэндийн алба нь уг этгээд халдвар анх авсан байж болох үндсэн дэвсгэр нутгийнх нь эрүүл мэндийн албанд мэдээлэх ёстой. Нэн ялангуяа уг илэрсэн халдварт өвчний хавьтлыг илрүүлэх шинжилгээ яаралтай хийх шаардлагатай буюу халдвар нь ус, хүнс зэрэг нийтийн хэрэглээний зүйлээр дамжин тархах аюултай бол ийм мэдээлэл нь өвчний дэгдэлтийг эрт хязгаарлан зогсооход нэн чухал ач холбогдолтой болно. Аливаа өвчин эмгэг голомтлон гарч, олныг хамрах хандлагатай бол заавал мэдээлэх жагсаалтанд ороогүй ч холбогдох албадад нэн даруй мэдэгдэх шаардлагатай. Олон улсын холбогдол бүхий нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг Олон улсын эрүүл мэндийн дүрэм-ийн дагуу мэдээлнэ. Тодорхой халдварт өвчин ажиглалтын тогтоосон хугацаанд гараагүй байгааг мэдээлэхийг тэг мэдээдэл (zero reporting or null reporting) хэмээх бөгөөд энэ нь уг халдвар гараагүй ч тандалт хийсээр байгааг, сэрэмж алдагдаж мартаагүйг илтгэсэн үзүүлэлт болно.

16. Резервуар (reservoir) – Халдар үүсгэгч мэдрэг организмд халдвар тараах боломжоо хадгалан үүрлэх боломжтой хүн, амьтан, ургамал, хөрс болон бусад эд зүйл.

17. Сэжигтэй [тохиолдол] (suspect) – Эпидемиологийн мэдээлэл болон эмнэлзүйн төрх дээр үндэслэн тухайн хүн тодорхой халдварт өвчнөөр өвчилсөн байж болзошгүй гэж үзэх.

18. Тархалт (prevalence) – Тухайн мөчид тодорхой хүн амын дотор байгаа уг өвчний тохиолдлын тоо (тухайн мөч дэхь тархалт – point prevalence) юм уу, тодорхой цаг хугацааны туршид уг өвчин эмгэг бүртгэгдсэн шинэ, хуучин нийт тохиолдлын тоо (нийт тархалт – period prevalence). Өвчний тархалтыг тархалтын түвшин(prevalence rate)-гээс ялгаж ойлговол зохино. Тархалтын түвшин гэдэг нь тодорхой цаг хугацааны туршид эрсдэл бүхий хүн амын дунд тодорхой өвчин эмгэгийн илэрцийг харуулсан үзүүлэлт бөгөөд голдуу жилийн туршид бүртгэгдсэн өвчлөлийг 1000, 10 000, 100 000 хүн амд харьцуулж гаргадаг.

19. Тахал[т тархалт] (epidemic) - Ямар нэг өвчин эмгэг тодорхой дэвсгэр нутагт юм уу, хүн амын тодорхой давхрагын дотор ердийн буюу олон жилийн дунджаас илт олон тохиолдох. Халдварт өвчний тахалт тархалтыг тогтоохдоо уг халдварын үүсгэгчийн төрх, эрсдэлт хүн амын тоо, уг халдварын эсрэг дархлалын түвшин, жилийн улирал зэргийг харгалзан үздэг. Өөрөөр хэлбэл, аливаа халдварт өвчний тахалт тархалт нь харьцангуй үзүүлэлт болно. Олон жилийн турш бүртгэгдээгүй байсан халдварт өвчний юм уу, урьд нь тухайн хүн амын дотор бүртгэгдэж байгаагүй халдварт өвчний нэг тохиолдол бүртгэгдэх нь яаралтай мэдээлж, эпидемиологийн гүнзгийрүүлсэн судалгаа хийхийг шаардах бөгөөд тухайн халдварын нууц үеийн нэг хугацаанд өвчний 2 тохиолдол бүртгэгдэх нь уг халдварын тахалт тархалт хэмээн үзэх нөхцөл болно.

20. Тохиолдол (incidence) – Тодорхой өвчин эмгэг илэрсэн тоо нь. Тодорхой хугацааны, тухайлбал жилийн туршид бүртгэгдсэн тохиолдлыг хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтийг тохиолдлын түвшин (incidence rate) гэж нэрлэдэг. Тохиолдлын түвшинг голдуу жилд 1000 буюу 10 000 хүн амд ногдох тохиолдлын тоогоор илэрхийлдэг. Халдварт өвчний тодорхой нэг дэгдэлтийн үед хүн амын хамрагдсан байдлыг өртөлтийн түвшин (attack rate or case rate) гэдэг үзүүлэлтээр харуулдаг бөгөөд процентоор (эпидемийн туршид эрсдэлт хүн амын 100 хүн тутамд бүртгэгдсэн тоогоор) илэрхийлдэг. Тухайн халдварын нэг нууц үеийн хугацаанд бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоог эрсдэлт хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтийг халдварлалтын эрчим (secondary attack rate) хэмээдэг. Тухайн халдварын эмнэлзүйн илрэлтэй болон илрэлгүй ийлдэс судлалын аргаар тодорхойлсон) нийт тохиолдлыг хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтийг халдварын тархалтын түвшин (infection rate) гэдэг.

21. Тохиолдол-нас баралтын харьцаа (case-fatality rate) – Тодорхой хугацаанд бүртгэгдсэн өвчлөлийн тохиолдлыг уг өвчнөөр нас барсан тохиолдолд харьцуулсан үзүүлэлт. Халдварт өвчний эпидемиологийн судалгаанд өвчний дэгдэлтийн хугацаанд бүртгэгдсэн нас баралтыг бүртгэгдсэн нийт тохиолдын хэдэн хувь болж байгаагаар энэ үзүүлэлтийг голдуу гаргадаг. Энэ үзүүлэлтийг зарим ном зохиолд эндэгдлийн түвшин (death rate; fatality rate) гэх нь ч бий.

22. Тусгаарлах (isolation) – Халдварт өвчтэй хүнийг голдуу халдвартай байх хугацааны туршид нь уг халдварт мэдрэг хүн буюу халдвар тараах эрсдэлтэй хүнд үүсгэгчийг тарааж болох нөхцлийг нь хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааны цогц. Халдварт өвчтэй хүнтэй харьцахдаа (амбулаторийн нөхцөлд ч, эмнэлэгт хэвтүүлсэн тохиолдолд ч) нийтлэг сэрмжлэгийг чанд баримтлавал зохино. Нийтлэг сэрэмжлэг (universal precautions) гэдэг нь цус болон биеийн бусад шингэн (нус, нулимс, хөлс, үрийн, үений, амнионы, тархи-нугасны шингэн, үтрээний шүүрэл г.м.) нь халдвар үүсгэгчийг агуулах боломжтой гэдэг дээр үндэслэх бөгөөд хамгаалагдаагүй арьс, салстыг эдгээр шингэнд хүрэлцэхээс хамгаалахад оршино. Энэ зорилгоор бээлий, халад, нүдний шил, нүүрний хамгаалалт зэргийг ашигладаг. Ариун цэврийн нөхцөл, дэглэм муу хангагдсан нөхцөлд тусгаар өрөөг энэ зорилгоор ашиглах нь зүйтэй. Өвчтөний хог хаягдлыг халдвар тараахаас сэрэмжлэсэн орчинд хадгалж, устгах шаардлагатай бөгөөд түүний биелэлтэнд нутаг дэвсгэрийн болон үндэсний хэмжээний хяналтын албад хяналт тавих ёстой. Халдвартай байж болзошгүй бүх тохиолдолд нийтлэг сэрэмжлэгийн хүрээнд дараахи 2 арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлбэл зохино. Үүнд:

  1. халдварт өвчтэй хүн, халдвартай байж болзошгүй эд материалд хүрэлцсэний дараа өөр өвчтөнтэй харьцахаасаа өмнө гараа сайтар савандаж угаах,
  2. халдвартай байж болзошгүй бүх хаягдлыг ариутгал, устгалд шилжүүлэхийн өмнө тусгайлан уутлаж, тэмдэглэх.

Энэ лавлахад орсон өвчин болгоны бичлэгийн 9В2 хэсэгт тухайн халдварын дамжин тархах онцлогт үндэслэсэн тусгаарлах арга хэмжээний тухай заалтыг оруулсан болно. Тусгаарлах араг хэмжээ нь дараахи зэрэглэлтэй. Үүнд:

  • Чанд тусгаарлалт (strict isolation) Агаар дуслын болон хавьтлын замаар дамжин тархдаг тул халдвар тарах эрсдэл өндөртэй, өндөр хоруу чанартай нянгаар үүсгэгдсэн халдвараар өвчилсөн өвчтөнд хэрэглэх усгаарлалт. Өвчтөнийг тусгай өрөөнд нэг нэгээр нь байрлуулж, уг тусгаарласан өрөөнд орох хүн бүр хувийн хамгаалалтын хэрэгсэл, тухайлбал, маск буюу бүрэн тусгаарлалттай амьсгалын аппарат, битүү халад буюу скафандр, нүдний шил, бээлий хэрэглэх шаардлагатай. Тусгаарлах өрөө нь бин битүү, сөрөг даралттай байвал бүр сайн.
  • Хавьтлын тусгаарлалт (contact isolation) Шууд болон дам хавьтлаар голлон тархдаг, хоруу чанар харьцангуй багатай халдвараар өвчилсөн тохиолдолд хэрэглэх зарчим. Нийтлэг сэрэмжлэгийн дээр дурьдсан 2 үндсэн зарчмыг баримтлахын зэрэгцээ өвчтөнийг тусгай өрөөнд байлгах нь зүйтэй. Гэхдээ нэг төрлийн үүсгэгчээр сэдээгдсэн халдвар авсан өвчтөнүүдийг нэг өрөөнд байлгаж болно. Өвчтөнтэй ойрын зайд хавьтах хүн маск зүүх, өвчтөн бөөлжих зэрэг эрсдэлтэй үед тусгай халад өмсөх, өвчтөнтэй шууд хүрэлцэх хүмүүс бээлий хэрэглэх нь зүйтэй.
  • Амьсгалын замын тусгаарлалт (respiratory isolation) Ойрын зайд үүсгэгч нь агаар дуслын замаар тархах эрсдэлтэй халдвар авсан өвчтөнийг эмчлэх, асрах үед баримтлах зарчим. Өвчтөнийг тусгай өрөөнд байлгах нь зүйтэй. Гэхдээ нэг төрлийн үүсгэгчээр сэдээгдсэн халдвар авсан өвчтөнүүдийг нэг өрөөнд байлгаж болно. Өвчтөнтэй ойрын зайд хавьтах хүн бүр маск зүүх шаардлагатай. Харин халат, бээлий шаардлагагүй байж болно.
  • Сүрьеэгийн тусгаарлалт (tuberculosis or AFB isolation) Уушгины сүрьеэтэй, цэрэнд нь M.tbc илэрсэн бүх өвчтөнийг эмчлэх, асрахад баримтлах дэглэм. Өвчтөнийг агаарын шүүлтүүртэй өрөөнд тусгаарлаж, орох хүн бүр агаарын шүүлтүүртэй амьсгалын аппарат хэрэглэх шаардлагатай. Тусгай халат ашиглах нь халдвар хавьтлаар тархахаас хамгаална. Бээлий зүүх шаардлагагүй байж болно.
  • Гэдэсний халдварын сэрэмжлэг (enteric precautions) Баастай шууд болон дам хүрэлцсэнээр халдвар тархах өндөр эрсдэлтэй нөхцөлд хэрэглэх дэглэм. Нийтлэг сэрэмжлэгийн үндсэн зарчмыг сайтар сахих шаардлагатай. Өвчтөн эрүүл ахуйн дэглэм хангалтгүй сахьдаг бол тусгаарлах өрөө ашиглах нь зүйтэй. Маск зайлшгүй шаардлагатай бус. Өвчтөн бөөлжих зэрэг эрсдэлтэй бол тусгай халад хрэрэглэх, өвчтөн болон халдварласан байж болзошгүй материалтай хүрэлцэхдээ бээл хэрэглэх нь зүйтэй.
  • Шүүрлийн сэрэмжлэг (drainage or secretion precautions) Цус, биеийн шингэнээр халдвар дамжин тархах өндөр эрсдэлтэй үед баримтлах дэглэм. Тусгай өрөө шаардлагагүй. Өвчтөн, түүний биеийн шингэнтэй хүрэлцэх бол халат, бээлий хэрэглэх нь зүйтэй.

23. Утах (fumigation) – Өвчин үүсгэгчийг дамжуулагч үе хөлтөн, мэрэгч амьтдыг хий, уур байдалтай химийн бодис ашиглан устгах арга.

24. Үүсгэгч (infectious agent) – Халдвар болон халдварт өвчин сэдээх чадвартай бичил биетэн (вирүс, риккетси, бактер, мөөгөнцөр, эгэл биетэн, шимэгч хорхой г.м.). Үүсгэгч мэдрэг организмд нэвтрэх, эзэн организмын эсэргүүцлийг давж гаран үржиж олшрох чадварыг үүсгэгчийн халдварын чадавхи (infectivity) гэдэг. Үүсгэгч нэг эзнээс нөгөөд хэр хурдан дамжин тархах чадвартайг үүсгэгчийн халдварлуулах идэвхи (infectiousness) хэмээх үзүүлэлтээр илэрхийлдэг.

25. Хавсай дархлаа (herd immunity) – Популяцийн тодорхой бүлгийн халдвар эсэргүүцэх нийлбэр чадавхи. Тодорхой бүлгийн гишүүн бүр тодорхой үүсгэгчийн эсрэг толгой дараалан дархлаатай болж чадаагүй боловч дийлэнхи нь дархлаатай байвал уг хамтлагт тухайн үүсгэгч тархах чадваргүй болдог.

26. Хавьтал (contact) – Халдвартай хүн, амьтан, орчноос халдвар авах бололцоотой нөхцөлд буй хүн, амьтан.

27. Халдвар (infection) – Халдвар үүсгэгч хүн, амьтны биед нэвтрэн орж, өсөж үржихүй. Гэхдээ халдвар гэдэг ойлголтыг халдварт өвчин гэдгээс ялгаж ойлгох шаардлагатай. Халдвар нь эмнэлзүйн илрэлгүй (inapparent) буюу илрэлтэй (manifest) байж болдог. Халдвар үүсгэгч нь хүн, амьтны биеийн гадаргуу, орчны эд, хэрэгсэлд үүрлэх нь халдвар биш болно [(нянгаар) бохирдох].

28. Халдвар авсан бодьгал (infected individual) – Халдвар авсны дараа халдвар үүсгэгчийг биедээ агуулсаар буй хүн буюу амьтан. Биед нь буй халдвар үүсгэгч халдварыг цааш дамжуулан тараах чадвартай байгаа бол уг бодьгалыг халдвартай (infectious) хэмээнэ.

29. Халдваргүйтгэл (disinfection) – Биеийн гаднабуй халдвар үүсгэгчийг хими, физикийн хүчин зүйл ашиглан устгахыг хэлнэ. Өндөр зэрэглэлийн халдваргүйтгэл (high-level disinfection) нь бактерийн спороос бусад бүх нянг устгадаг. Бактерийн спорыг бүрэн устгахын тул халдваргүйтгэх хүчин зүйлийг илүү удаан хугацаагаар юм уу, дахин хэрэглэх шаардлагатай. Өндөр зэрэглэлийн халдваргүйтгэл хийхийн тулд детергент (саван) хэрэглэн сайтар угаасны дараа 20 минутаас доошгүй хугацаагаар халдваргүйжүүлэх бодис(2% глютаральдехид, 6% устөрөгчийн тогтворжуулсан хэт исэл, 1% цууны хэт хүчил г.м.)-оор үйлчлэх шаардлагатай. Дунд зэрэглэлийн халдваргүйтгэл (intermediate-level disinfection)-ийн жишээ нь пастержуулалт 75°C температурт 30 минут байлгах) болно. Дунд зэрэглэлийн халдваргүйтгэл нь ихэнхибактерийг хөнөөх боловч спорт нөлөөлөхгүй. Халдвар үүсгэгч агуулсан ялгадас, шүүрдсийг биеэс гармагц нь буюу эдгээрээр орчны эд материал бохирдсон гэж үзмэгц халдваргүй болгохыг явцын халдваргүйтгэл (concurrent disinfection) гэнэ. Халдвартай хүн, амьтан, түүний орчинд явцын халдваргүйтгэл хийгээгүй байхад хүрэлцэх, хавьтах бололцоог аль болох багасгах нь халдварын тархалтыг хязгаарлан зогсооход ихээхэн ач холбогдолтой. Халдвартай хүн, амьтан халдварын эх уурхай байхаа больсны дараа, өөрөөр хэлбэл, нас барсны нь буюу өөр газар шилжүүлсний нь дараа хийх халдваргүйтгэлийг төгсгөлийн халдваргүйтгэл (terminal disinfection) гэдэг.

Халдварт өвчний ихэнхи тохиолдолд өвчтөн байсан өрөөний тавилгыг сайтар угааж, өрөөг салхилуулахаар хязгаарлагддаг төгсгөлийн эвэрлэгээ (cleaning) хангалттай байдаг. Гэхдээ Ласса чичрэг зэрэг гоц аюулт халдварт өвчний үед төгсгөлийн халдваргүйтгэлийг чамбай хийж, өвчтөний ор дэрний хэрэглэл зэрэг материалыг шатааж устгах шаардлага ч гарч болдог. Халдвар үүсгэгчийг өндөр температур, хүчтэй цацраг зэрэг физик хүчин зүйл болон зарим химийн бодисын тусламжтайгаар бүрэн устгахыг ариутгах (sterilization) хэмээнэ.

30. Халдварт өвчин (communicable disease or infectious disease) – Тодорхой халдвар үүсгэгч буюу түүний хороор сэдээгдсэн өвчин. Халдварт өвчин нь халдвартай хүн, амьтан, халдвар үүсгэгч агуулсан амьгүй бодисоос шууд болон завсрын дамжуулагчаар дамжин мэдрэг хүн, амьтанд тархан халдварладаг.

31. Халдвартай байх үе (period of communicability) – Халдвар үүсгэгч халдвартай хүнээс эрүүл хүнд, эсвэл халдвартай амьтнаас эрүүл хүнд шууд буюу дам дамжин тархах нөхцөл бүрдсэн үе. Халдвар үүсгэгч нь амьсгалын дээд замаар голдуу нэвтрэн ордог сахуу, стрептококкт халдвар г.м. өвчний үед өвчтөн халдвар авснаас эхлээд халдвар үүсгэгч амьсгалын салст бүрхэвчээс бүрэн арилах хүртэл, өөрөөр хэлбэл продром үеэс эдгэртэл буюу тээгч байх хугацааг дуустал халдартай байдаг. А вирүст хепатит зэрэг зарим өвчнөөр өвчлөгсөд нууц үеийн хугацаандаа хамгийн их халдвартай байдаг байна. Сүрьеэ, уяман, тэмбүү, заг хүйтэн болон зарим сарьмонеллт халдварын үед үүсгэгч нь удаан хугацааны турш, заримдаа тасалдалтайгаар халдвар авсан хүний биеэс ялгарсаар байх тул халдвар тараах боломжтой байсаар байдаг. Хумхаа, шар чичрэг зэрэг үе хөлтнөөр дамжин тархдаг халдварын үед халдвартай байх үе нь нь халдвар үүсгэгч үе хөлтөнд дамжин халдарлахуйц хэмжээтэйгээр өвчтөний цусад байх үеэр хэмжигддэг. Халдвар дамжуулагч үе хөлтний тухайд бол бас эд эрхтэнд нь халдвар үүсгэгчийг цааш хүн, амьтанд дамжуулах тарааж хүрэлцэхүйц хэмжээтэй агуулсан үедээ л халдвартай байдаг байна.

32. Халдварын эх уурхай (source of infection) – Халдвар үүсгэгчийг мэдрэг хүн амд дамжуулах чадвартай хүн, амьтан, эд юмс. Гэхдээ халдварын эх уурхайг усны эх үүсвэрийг бохирдуулж буй бохирын цооног г.м. бохирдлын эх үүсвэр (source of contamination) гэдгээс ялгаж ойлгох шаардлагатай.

33. Хими сэргийлэг (chemoprophilaxis) – Халдвар авсан хүн, амьтныг өвчлүүлэхгүйн тулд юм уу, халдвар тээгчийг үүсгэгчээс чөлөөлж халдвар цааш тархахаас сэргийлэх зорилгоор антибиотик зэрэг химийн бэлдмэл хэрэглэх. Эмнэлзүйн илрэл гарснаас хойш өвчнийг даамжруулалгүйгээр эмчлэн эдгэрүүлэх зорилгоор антибиотик зэрэг химийн бэлдмэл хэрэглэхийг хими-засал (chemotherapy) гэнэ.

34. Хөл хорио (quarantine) – Халдварт өвчин цааш тархан дэлгэрэхээс сэргийлэх зорилгоор халдварт өвчтэй хүн, амьтантай халдвартай байх үеийн хугацаанд нь хавьталд орсон буюу орсон байж болох хүн, амьтны хөл хөдөлгөөнийг хязгаарлах. Хоёр төрлийн хөл хорио байдаг, үүнд: Бүрэн хөл хорио (absolute or complete quaratine): Халдварт өртсөн байж болзошгүй бүх хүнийг тодорхой дэвсгэр нутгаас гарах, орохыг уг халдварын нэг нууц үеийн хамгийн урт хугацаанаас ихгүй хугацаагаар бүрэн хориглох арга хэмжээ. Ингэснээр халдвар авсан байж болзошгүй хүн амыг халдвар аваагүй хүн амтай хавьталд орохыг таслан зогсооно гэж үздэг. Хязгаарлагдмал хөл хорио (modified quaratine): Хүн амын тодорхой давхрагын тухайн халдварт өртөх эрсдэл, тооцоон дээр үндэслэн хөл хориог ялгавартай тогтоох арга. Энэ нь тухайн нөхцөл байдлын судалгаанд үндэслэх ёстой бөгөөд сургуулиудыг хаах, тухайн халдварын эсрэг дархлаатай хүмүүсийг өвчтөний асаргаа, сувилгаанд дайчлах г.м. байж болно.

Хязгаарлагдмал хөл хориог ерөнхийдөө хоёр хувилбараар хэрэгжүүлдэг, үүнд: i) халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг хурдан илрүүлэх үүднээс хавьталд тавих эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтыг чангатгаж, хөл хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх аргыг хавьтлын тандалт (personal surveillance) хэмээдэг; ii) Хадварлалтын зэргээс нь хамааруулан дэвсгэр нутгийн тодорхой хэсэгт хөл хорио тавьж, үлдсэн хэсэгт нь ажиглалтыг чангатгах аргыг ялгавартай хөл хорио (segregation) гэдэг.

35. Хувийн эрүүл ахуй (personal hygiene) – Шууд замаар дамжин тархдаг өвчнүүдээс сэргийлэх, тархалтыг нь таслан зогсоохоор хувь хүн бүрийн хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний цогц. Үүнд дараахи үйл ажиллагаа орно:

  • Бие зассаныхаа дараа болон хоол, унд хэрэглэхийнхээ өмнө гараа сайтар савандаж угаах,
  • Бохирдсон байж болох, тухайлбал, өөр хүн бие засахдаа хэрэглэсэн байж болох зүйлд гараараа хүрэхгүй байх, ам, хамар, нүд, чих, бэлэг эрхтэн, шарх шалбархайтай газартаа хүргэхгүй байх,
  • Бусдын хэрэглэсэн аяга таваг, халбага сэрээ, гар нүүрийн болон нусны алчуур, сам, сойз, гаанс зэргийг хэрэглэхгүй байх,
  • Бусдын ханиах, найтаах, инээх, ярих үед агаар дуслаар халдвар авахаас болгоомж, сэрэмжтэй байх,
  • Өвчтэй хүнд болон түүний хувцас, ор дэрний хэрэгсэлд хүрсэн бол гараа сайтар савандаж угаах, усанд ойр ойрхон орж байх.

36. Хүнсийг цацрагаар ариутгах (food irradation) – Хүнсийг бохирдуулсан байж болзошгүй халдвар үүсгэгч болон халдвар дамжуулагчийг устгах зорилгоор ионжуулагч цацраг болон ионжуулагч цацрагийн эх үүсвэрийг ашиглах. Хэрэглэх тун нь: i) жимс, тариа, ногоог шавьжнаас чөлөөлөхийн тул бага тун буюу 1 хүртэл килоГрей (kGy or kiloGrays) цацраг хэрэглэнэ; ii) мах, загасыг паразитаас чөлөөлөхийн тул дунд зэргийн тун буюу 1-10 kGy цацраг хэрэглэнэ; iii) хоол хүнсийг бактери, мөөгөнцөрөөс чөлөөлөхийн тул болон эмнэлгийн нэг удаагийн хэрэглээний хэрэгслийг ариутгахын тулд их тун буюу 10-50 kGy цацраг хэрэглэнэ.

37. Цэвэрлэгээ (cleaning) – Гадаргуу дээр нь халдвар үүсгэгч үүрлэж, өсөж үржиж болзошгүй эд материалаас тоос сорогч, саван болон бусад детергент бүхий уусмалаар угааж, арчих замаар халдвар үүсгэгч болон бусад органик бохирдлыг багасгах арга.

38. Шавьж үргээх бодис (repellent) – Үе хөлтнийг хүнд халдахгүй байлгах, хельминтийн авгалдайг арьсанд нэвтрүүлэхгүй байх зорилгоор биеийн гадаргуу, хувцас болон бусад эд хэрэглэлд цацаж, түрхэж хэрэглэдэг химийн бодис.

39. Шавьж устгах бодис (insecticide) – Шавьж хөнөөх үйлдэлтэй химийн бодис. Зарим химийн бодис нь хэрэглэснээс хойш удаан үргэжлэх үйлчилгээтэй байж болно. Нунтаг, шингэн, цацлаг, шүршлэг зэрэг олон хэлбэрээр ашигладаг. Шавьжийг зөвхөн бие гүйцээгүй шатанд нь хөнөөдөг бодисыг авгалдай устгах бодис (larvicide) гэдэг бол шавьжийг зөвхөн бие гүйцсэн шатанд нь хөнөөдөг бодисыг бие гүйцсэн шавьж устгах бодис (adulticide or imagocide) хэмээн нэрлэдэг. Шавьж устгах бодис гэдэг нэрийг өргөн утгаар нь үе хөлтөн хөнөөх үйлдэлтэй бодисыг ч оруулан хэрэглэдэг. Гэвч хачиг устгах бодис (acaricide), бөөс устгах бодис (lousicide), бүүрэг устгах бодис (miticide) хэмээн ялган нэрлэх нь ч бий.

40. Шавьжгүйтгэл (disinfestation or disinsection) – Хүн болон гэрийн тэжээмэл амьтан, тэдгээрийн хувцас, орон байр, ноохой зэргээс физик, химийн аргаар төрөл бүрийн жижиг амьтан, ялангуяа үе хөлтөн, мэрэгчдийг зайлуулах арга. Бөөс(Pediculus humanus)-өнд баригдсан хүнийг бөөснөөс цэвэрлэх нь шавьжгүйтгэлийн нэг хэлбэр болно.

41. Шавьжтах (infestation) - Хүн, амьтны биеийн гадаргуу болон хувцсанд бөөс зэрэг шимэгч үе хөлтөн үүрлэж, өсч үржихүй. Эд зүйлс буюу орон байранд бөөс зэрэг үе хөлтөн, мөн мэрэгчид өсч үржих нөхцөл бүрдсэн бол мөн шавьжтсан буюу бөөстсөн гэнэ.

42. Эзэн (host) – Байгалийн (туршлагын биш) нөхцөлд халдвар үүсгэгч үүрлэж, өсч үрждэг хүн, амьтан (шувуу, үе хөлтөнг оруулаад). Зарим эгэл биетэн, хельминт бие гүйцэхийн тулд хэд хэдэн эзэн организмыг сэлгэн хөгжих ч явдал байдаг. Шимэгч эгэл биетэн буюу хельминт бэлгийн замаар үржихэд бэлэн бие гүйцсэн хэлбэртээ ордог организмыг жинхэнэ (definitive) буюу анхдагч (primary) эзэн, тэдгээрийн авгалдайн буюу бэлэг боловсроогүй үеийн амьдрал явагддаг организмыг завсрын (intermediate) буюу хоёрдогч (secondary) эзэн хэмээдэг. Шимэгч өсч боловсрохгүй боловч амьд хадгалагддаг организмыг зөөвөрлөгч эзэн (transport host) гэж нэрлэнэ.

43. Эмгэгтөрөх чадвар (patogenicity) – Халдвар үүсгэгч эзэн организмд өвчин үүсгэх чадвар. Эмнэлзүйн илрэл бүхий өвчтөний тоог халдвар авсан нийт хүн, амьтны тоонд харьцуулсан үзүүлэлтээр хэмждэг.

44. Эмнэлгээс хамааралт буюу эмнэлгийн дотоод халдвар (nosocomial or hospital-acquired infection) – Эмнэлэг буюу эрүүл мэндийн үйлчилгээний бусад төвд хэвтэх үед байгаагүй халдварт өвчин шинээр илрэхийг хэлнэ. Ийм халдварыг өвчтөн эмнэлэгт хэвтэж байх үедээ шинээр авах юм уу, уг халдвар нь хэвэтх үед нь нууц үедээ байсан байдаг. Энэ ангилалд эмнэлгээс гараад нууц үеийн хугацааны дотор илэрсэн халдвар, эмнэлгийн ажилчдад өвчтөнөөс дамжин тархсан халдварыг мөн оруулдаг.

45. Эмнэлзүйн илрэлгүй халдвар (inapparent, orasymtomatic, or subclinical, or occult infection) – Халдвар авсан боловч эмнэлзүйн илрэлгүй байх тохиолдол. Ийм халдварыг зөвхөн лабораторийн шинжилгээгээр юм уу, арьсны харшлын урвалаар илрүүлдэг.

46. Эрүүл мэндийн боловсрол (олгох) буюу эмнэлэггэгээрлийн сурталчилгаа (health or public health education) – Тодорхой бодгаль буюу бүлэг хүн эрүүл мэндээ хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх арга барилд суралцах процесс. Эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагаа нь тухайн хүн амьдрах, эрүүл байх орчин бий болгох хүсэл сонирхолтой эсэхийг харгалзахгүйгээр эхэлдэг бөгөөд эцсийн зорилго нь хүн өөрийнхөө болон гэр бүл, хамтлагийнхаа эрүүл мэндийн төлөө санаа тавих хариуцлага бий болгоход чиглэнэ. Халдварт өвчний тухайд бол эрүүл мэндийн боловсрол нь тодорхой халдварт өвчний тухай хүн амын мэдлэг, чадварын түвшинг тодорхойлсны үндсэн дээр уг халдварыг тархан дэлгэрэхээс сэргийлэхэд саад болох доголдож буй талуудыг засах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэдэг.

 

1 ХӨХЛ18-д ороогүй боловч манай эмч, мэргэжилтнүүд хэрэглэсээр байгаа өвчний зарим нэрийг энэ хаалтанд дотор бас нэмж оруулсан байгаа (орчуулгын редактор).
Монгол хэвлэлд бол өгүүлэл бүрийн эцэсдэх дөрвөлжин хаалтанд хянан магадлагчийн нэрийн дараа ташуу зураас (/)-аар зааглан уг өгүүллийг орчуулагчийн нэрийг бичсэн (Орчуулгын редактор).
3 Ийм тохиолдолд өгүүлэлгийн эцэсдэх дөрвөлжин хаалтанд монгол хэлнээ орчуулагчийн нэрийг л тавьсан болно. (Орчуулгын редактор)
4 ОУЭМД-ийн шинэ хувилбар (ОУЭМД-2005)-ыг ДЭМБ-ын 58 дугаар чуулганаар баталж, 2007 оны 7 дугаар сарын 1-ээс мөрдөж эхлээд байгаа болно (Орчуулгын редактор).

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич П.Нямдаваа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3347
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК