Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 6(25)
Мал, амьтны халдварт өвчний асуудалд
( Лекц )

Ч.Тунгалаг, Б.Чимэдцэрэн, С. Ганзориг, Ж.Даваадорж

Хөдөө аж ахуй их сургууль

 

 

Дэлхий нийтэд даяарчлагдах үйл явц хүчтэй өрнөж, хүмүүс хоорондын харилцаанд таатай нөхцөл бий болж байгаа хэдий ч, нөгөө талдаа хүн, мал амьтанд тохиолддог төрөл бүрийн халдварт өвчний гаралт тархалт нэмэгдэх боломж улам бүр ихсэж байна.

Түүхийн хувьд авч үзвэл мал аж ахуйн үйлдвэрлэл нь харьцангуй бүтээмж, орлого багатай өрхийн түвшинд тогтвортой явж ирсэн ч орчин үед эрчимжсэн хэлбэрээр ижил нөхцөлд нэг зүйлийг маш олноор үйлдвэрлэх чиглэлд шилжиж, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчтэй явж байна. Энэ нь хэрэглэгчийн эрэлт сонирхолд нийцүүлэх гэдгээрээ үр дүнтэй боловч нөгөө талдаа олон тооны мал, амьтны нягтрал бий болж халдварт өвчний гаралт, тархалтанд нөлөөлөх том хүчин зүйл болоод байгаа юм.

Түүнчлэн сүүлийн үед малаас хүнд халддаг зооноз өвчин мэргэжилтнүүдийн санааг зовоосон асуудал болоод байна. Сүүлийн арваад жил дэлхийд өргөн тархсан хүний халдварт өвчний ойролцоогоор 75% нь мал болон малын гаралтай бүтээгдэхүүнээс үүсэлтэйг тогтоожээ. /Taylor,Lathаm, and Woolhouse 2001 / Үүнд галзуу, бруцеллез, лейшмани, бэтэг зэрэг сайн судлагдсан өвчнөөс гадна сүүлийн үед гараад байгаа шувууны ханиадын H5NI вирүс нь 60%, Nipah вирүс нь 66% хүний үхэлтэй байгаа нь мал, амьтныг олон саяар нь устгах шийдвэр гаргахад хүргээд байгаа билээ.

Малын эрүүл мэнд болон халдварт өвчинг тусад нь салгаж ойлгож болохгүйтэй адил мал аж ахуйн

салбарыг улс төрийн болон нийгмийн бусад салбартай сайтар холбохгүй бол нэг газраараа “цагаан толбо” үүсэж одоогийн шүлхий, шувууны ханиад, сарс гэх мэт өвчнөөс зайлсхийхэд хүндрэлтэй болно. Халдварт өвчний дэгдэлт нь шинжлэх ухааны үйл явдал гэхээсээ илүү хурдан улс төрийн түүх болон үлддэг жамтай билээ. Ихэнх өвчний нөхцөл нь өвчний дэгдэлтийн дараа улс төрийн асуудал болж нийгэм, улс төрийн ба эдийн засгийн нөлөөлөл нь техникийн болон шинжлэх ухааны байр сууриас дээгүүр тавигддаг.

Малын халдварт өвчний үед гарсан хор хохирлыг тооцох нь шууд ба шууд бус олон хэлбэрээр илэрхийлэгддэгийн нэг жишээ бол 2001 онд Англид гарсан шүлхийн хохирол нь 12 тэрбум доллар орчим байсан. (Anderson 2002) Энэ нь мөнгөн тооцоо бөгөөд малын эздийн стрессийг яаж тооцох, энэ нь нийгмийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөгийг яаж тооцох гэх мэт асуудлууд урган гардаг. Ийм ч учраас мал, амьтны халдварт өвчний үед үндэсний засгийн газар болон олон улсын хамтын үүрэг, үйл ажиллагаа чухал байдаг. Шүлхий мэт эпидемик өвчний үед уг өвчин гараагүй оронд ч урьдчилан сэргийлэх арга хэмжээнд их хэмжээний зардал гаргах шаардлага гардаг. Ийм нөхцөлд импортлогч орнууд ДХӨБ /OIE/ стандартаас хатуу шаардлагыг экспортлогч оронд тавьдаг явдал тохиолддог. Шууд хохиролыг бүтээгдэхүүний алдагдал, зах зээлийн үнийн бууралт, устгагдсан малын өртөг, вакцинжуулалтын зардал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн өртөг, үйлдвэрлэгчид, ажилчид зэргийн үйл ажиллагаа зогссоноос гарсан алдагдалаар тооцох бөгөөд тухайн засгийн газрын бодлого, даатгалын систем алдагдлыг нөхөхөд яаж оролцсоноос олон зүйл хамаарах нь ойлгомжтой билээ. Шууд бус хохирол нь дотоод болон гадаад худалдааны зах зээлээ алдах, өрсөлдөх чадваргүй болох, шинээр бүхнийг босгоход гарах зардал, үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ багасах зэрэг болно. 1997-98 онд Нидерландад гарсан мялзангийн дэгдэлт нь 2,3 тэрбум долларын хохирол /Meuwissen et. al., 1999/ учруулснаас үүний 37% нь гахай дахин худалдаж авахад, 25% нь адил аж ахуйг босгоход зориулагдсан байна. 2001 оны Англид гарсан шүлхий 5,9 тэрбум долларын шууд буюу шууд бус хохирол /Thompson, et a.,l/ учруулснаас бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 675 сая доллар, хүнсний аж үйлдвэр 323 сая долларын алдагдал хүлээсэн байна.

Манай оронд дотоодын нийт бүтээгдхүүний 36 %-ийг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдхүүн эзэлддэгээс 88% нь мал аж ахуйн бүтээгдхүүн юм. Тус улсын экспортын 30% -ийг хөдөө аж ахуйн бүтээгдхүүн эзэлдэгээс жил бүр дунджаар 20000 орчим тонн мах гадаадад гаргаж байна. Дээрх байдал нь хөдөө аж ахуйн салбар энэ салбарийн үйлдвэрлэл эрхлэгчдийн эдийн засгийн баталгаа учир мал, амьтны халдварт өвчин шууд буюу шууд бусээр ихээхэн нөлөөлдөг.

Монгол орны мал, амьтны халдварт өвчний түүх нь улс орны түүхийн үетэй давхцан явж ирсэн билээ. ХХ зууны эхэн хагасаас 1990 оныг хүртэл хөдөө аж ахуйн мэрэгжилтнүүд тэр дотроо малын эмч нар хуучин ЭЗХТЗ-ийн орнуудын техник хамтын ажилгааны оролцоотойгоор мал амтьны олон төрлийн халдварт өвчнийг устгаж, олон өвчинд хяналтын систем баримталж ирсэн сайхан түүхтэй билээ. Үүнд үхрийн мялзан, ямааны годрон, үхрийн цээж, бруцеллез, ям, шүлхий, сүрьеэ г.м олон өвчнийг нэрлэж болно.

1990 оноос хойш улс орон аж ахуйг эрхлэн хөтлөн шинэ тогтолцоонд шилжин орж мал болон малын гаралтай бүтээгдхүүний үйлдвэрлэл өмчийн эзэнд шилжив. Үүнээс үүдсэн эрх зүйн зохицуулалт, өмчийн эздийн хариуцлага, мэдлэг чадвар халдварт өвчний дэгдэлтэнд нөлөөлөх эрсдлийг бууруулахад чухал ач холбогдолтой.

Дээрхи байдлаас үүдээд монгол оронд мал амьтны хэд хэдэн халдварт өвчинд анхаарал тавих шаардлага зүй ёсоор гарч байна. Үүнд шувууны томуу 2005 оноос Хятадаас нүүдэллэсэн шувуунаас илрээд байгаа нь энэ өвчний эрсдэл бий болсныг харуулж байна. Шүлхий өвчний О хэвшил 70 орчим жил байхгүй байгаад 2000 онд Хятадтай хил залгаа Дорноговийн нутагт гарснаас хойш ниитдээ 6 удаа гарч 2005 онд Ази 1 хэвшил оношлогдоод байна. Үхрийн мялзангаар манай орон тайван боловч сүүлийн жилүүдэд хилийн дагуу Орос оронд гарч байгаа нь анхаарал татаж байна. Хонины хөх хилтэх өвчин гараагүй боловч Монголоос өмнө өргөргийн 400 -д оношлогдоод байна. Манайд ямааны годрон өвчинг 1953 онд устгасан боловч сүүлийн 2 жил Азийн зарим оронд гараад байна. 2007 оны эхээр хонины цэцэг өвчин Монгол орны зүүн зүгийн нутгаар гараад байна. 1990 оны албан мэдээтэй харьцуулахад өнөөдөр Монгол оронд адууны ям өвчний халдварлалтын хувь нэмэгдсэн байна. Дэлхий нийтээр цаг агаар дулаарах үйл явц өрнөж байхад өнө удаан хугацаанд адуутай хам амьдраад сурсан ямын үүсгэгчийн биологийн шинж өөрчлөгдөх эрсдэл байсаар байна. Сүүлийн жилүүдэд малаас хүнд дамждаг зооноз өвчин болох бруцеллезоор хүний өвчлөл эрс нэмэгдсэнийг юугаар тайлбарлах вэ? Амьд вакцинаар хэдэн арван жил малаа тарьж байгаа боловч амьд амьтдын харилцан үйлчлэлийн үр дүнд хоруу чанартай омог үүсэж өвчлөл газар авах боломжийг судлах талаар хийсэн дорвитой судалгааны үр дүн даруй шаардагдаж байгааг анхаарах шаардлага байна. 2000 оноос хойш масс вакцинжуулалт хийгээд үр дүнг хэрхэн тооцож байна вэ? Ер нь дэлхий нийтээр гол төлөв вирүсын гаралтай шинээр оношлогдож байгаа өвчинд анхаарлаа төвлөрүүлээд байхад бид бактерийн гаралтай архаг халдварт өвчний талаар хэлэх тоймтой мэдээ хомс байгаа нь бидний санааг зовоож байна.

Мөн дэлхийн малын эрүүл мэндийн байгууллага (OIE) нь гишүүн орнууддаа хүнээс малд халддаг өвчинг олон улсын түвшинд хурдан тархах, нийгэм эдийн засаг буюу хүний эрүүл мэндэд хүчтэй нөлөөлөх, олон улсын худалдаа мал, малын гаралтай бүтээгдхүүнд чухал нөлөөтэй гэдгээр нь ялгавартай бодлого боловсруулах, үйл ажиллагаагаа явуулахыг зөвлөөд байна.

Бид олон улсын байгуулага, мэрэгжилтнүүдтай хамтарч ажиллаж ирсэн, хил залгаа зарим оронтой харьцуулахад нээлттэй бодлого баримталдаг талаараа үнэлэгддэг хэдий энэ чиглэлд олон ажил хийхийг цаг үе шаардаж байна. Сүүлийн жилүүдэд ХААИС-ийн халдварт өвчин судлал микробиологийн тэнхим НҮБ-ын ХААБ болон ХХААЯ –тай хамтран эпидеомиологийн төв байгуулж зарим мал амьтны халдварт өвчнийн төлөв байдалд үнэлгээ хийх ажлыг эхлээд байна. Энэ ажлын хүрээнд Монгол орны бүх нутаг дэвсгэрийг хамран 80 сумаас 10000 малын цусны ийлдэс цуглуулан 5 вирүсын гаралтай халдварт өвчинд иммунферментийн урвал тавьж 21000 ийлдсэнд эсрэг биетийг илрүүлэх шинжилгээг хийгээд байна. Энэ нь мал эмнэлгийн салбарт эпидеомиологийг хөгжүүлэх ажлын эхлэлийг тавиад зогсохгүй махны экспортод нөлөөлдөг зарим халдварт өвчин байхгүйг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх ач холбогдолтой юм.

Эцэст нь малын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчад хүн, амьтны эрүүл мэндэд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлийг зөв тодорхойлж, дэлхийн түвшинд шуурхай хамтран ажиллах, мал амьтныг халдварт өвчний асуудлыг шинэ өнцгөөс харж ажиллах нь чухал байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1742
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК