Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 6(25)
Хатах йогийн цэвэршүүлэх дасгалууд
( Лекц )

Б.Намжилмаа

Халдварт өвчин судлалын үндэсний төв

 

 

 

1.     Ходоод угаах дасгал

Бэлтгэх зүйл: 1,5 – 2 л буцалгасан бүлээн ус бэлтгэнэ. Ходоодны хүчил ихтэй, цөсний ялгаралт муудаж зогсонго байдалд орсон үед усандаа бага зэрэг сод хийж өгч болно.

Цэвэрлэх аргачлал: Өглөө өлөн байх үедээ ходоодоо угаах нь сайн байдаг.

Дасгал хийх байрлал: Хоёр хөлөө бага зэрэг салган өвдөгөөрөө нуглан явган сууна. Уснаасаа аяганд хийж том том балган аажим залгилан буцаж гартал нь усыг ууна. Эхний үед 1,5- 2л орчим ус уух ба яваандаа усныхаа хэмжээг өдөр өдрөөр нэмэгдүүлж болно. Усаа ууж дуусаад хоёр хөлөө нийлүүлж 90 градусын өнцөг үүсгэж зосоод баруун гарынхаа 2 дугаар хурууг амандаа хийж хүүхэн хэлэнд хүргэж огуулна. Ийм үйлдлийг хэд хэдэн удаа хийж усыг гүйцэд гаргах хэрэгтэй. Ус гарч дуусах үед гашуун амттай шүлс буюу шар ногоон өнгөтэй зүйл гарч болно. Энэ үед 1-3 аяга сул содтой, эсвэл цэвэр ус ууж ходоодыг цэвэрлэж өгөх хэрэгтэй. Дасгалыг долоо хоногт нэг удаа хийнэ.

Ач холбогдол нь: Хоолны шингэц сайжирна. Бие мах бодийг илүүдэл хорт бодисоос цэвэрлэнэ. Нүүрний арьс цэвэршиж тунгалаг болно. Арьсан дээр толбо гарах,шүд хорхойтох,ангина өвчнөөр өвчлөх зэргээс урьдчиан сэргийлнэ. Ходоод гэдсэний эмгэг, хэл өнгөртөх, амнаас эвгүй үнэр гарах, хоолны шингэц муудах болон шөнө зүүдэлж нойр хулжих зэргийг арилгана. Эхний үед мэргэжлийн хүмүүсийн заавар зөвөлгөөн удирдлаган доор бие дааж хийж сурсаны дараа өөрийн биед тохируулан хийнэ.Зүрх судасны өвчтэй, артерийн даралт ихдэх өвчтэй хүмүүс тухайн үед хийхдээ эмчийн заавраар хийннэ.

Анхаарах зүйл: Хүчтэй огуулснаас хоолойн судас хагарч бага зэрэг цус гарч болох тул аль болох тайван биеэ сул байлгана. Хоолой эвгүй оргиж байвал давстай усаар өдөрт 3-4 удаа зайлвал зүгээр болно.

Эсрэг заалт: Ходоодны шархтай хүн хийхгүй.

2.Гэдэс цэвэрлэх дасгал

Бэлтгэх зүйл: 4 – 5 л буцалгасан бүлээн ус бэлтгэнэ. Усандаа хоолны давсыг /60.0/ орчмыг хийж сайн хутгаж уусгаад шорвог амттай усыг хөргөж халуун бүлээн болгоно. Ус шорвог байх нь гэдсэний салстыг цочроож, гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж өтгөн гарахад дөхөм үзүүлнэ.

Цэвэрлэх аргачлал: Өглөө өлөн байх үедээ гэдсээ угаах нь сайн байдаг. Уснаасаа 4-5 аягыг ууж дараах 4 дасгалыг хийнэ.

Дасгал №1 Бэлтгэх байдал:Доош харж хэвтэн толгойг газарт хүргэн хоёр гарыг тохойгоор нугалан гарын алгыг хөхний орчиид тавьж хөлөө нийлүүлнэ. Амьсгалаа авч хоёр гар дээрээ хүчээ тэнцүүлэн толгойгоо дээш өргөн ууц нуруугаар аль болох хотойж өгч амьсгалаа хэдэн секунд түгжин, амьсгалаа гарган цээжээ баруун тийш нь эргүүлж хөлийн өсгийг харна. Цээжээ буцааж эргүүлэх үедээ амьсгалаа авч бэлтгэх байдалд орохдоо амьсгалаа гаргана. Дасгалыг баруун зүүн талд ээлжилэн 4-5 удаа хийнэ.

Дасгал №2 Бэлтгэх байдал: Хоёр гараа салаавчлан толгой дээрээ өргөн зогсоно. Амьсгалаа авч хэдэн секунд түгжин баруун тийш хазайн амьсгалаа гаргана. Дасгалыг баруун зүүн талд ээлжилэн 4-5 удаа хийнэ.

Дасгал №3 Бэлтгэх байдал: Хөлөө бага зэрэг салган хоёр гараа мөрний хэмжээнд урагш болгон зогсоно. Амьсгалаа авч хэдэн секунд түгжин гар цээжээ баруун тийш эргүүлэн амьсгалаа гаргана. Дасгалыг баруун зүүн талд ээлжилэн 4-5 удаа хийнэ.

Дасгал №4 Бэлтгэх байдал:Хөл дээрээ явган сууна. Амьсгалаа авч баруун өвдөгөө газар хүргэн толгой цээжийг зүүн тийш эргүүлэх үедээ амьсгалаа гарган зүүн гуянд гэдсээ сайн шахаж 30секудээс 1минут орчим сууна. Дасгалыг баруун зүүн талд ээлжилэн 4-5 удаа хийнэ. Дээрхи 4 дасгалыг хийсний дараа уснаасаа дахин 4-5 аягыг ууж дахин дасгалуудыг давтан хийнэ. Энэ ус уух дасгалыг 4-5 удаа давтан хийсний дараа тунгалаг шар туяатай ус гарах нь гэдэс бүрэн цэвэрлэгдсэнийг гэрчилнэ. Дасгал хийж дуусаад 30 минутаас 1 цаг орчим амраад цайгаа ууна. Гэдэс дүүргэхгүй хоол хүнс хэрэглэнэ.

Ач холбогдол нь: Хоолны шингэц сайжирна. Бие мах бодийг илүүдэл хорт бодисоос цэвэрлэнэ. Нүүрний арьс цэвэршиж тунгалаг болно. Арьсан дээр толбо гарах,шүд хорхойтох,ангина өвчнөөр өвчлөх, архаг өтгөн хаталт зэргээс урьдчиан сэргийлнэ. Ходоод гэдсэний эмгэг, хэл өнгөртөх, амнаас эвгүй үнэр гарах, хоолны шингэц муудах болон шөнө зүүдэлж нойр хулжих зэргийг арилгана. Эхний үед мэргэжлийн хүмүүсийн заавар зөвөлгөөн удирдлаган доор хийнэ. Бие дааж хийж сурсаны дараа өөрийн биед тохируулан хийнэ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1500
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК