Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 6(25)
ViroChip-ийг зохион бүтээгч МакАртурын шагнал хүртлээ
( Товч мэдээлэл )

Н.Наранболд

 

 

Жое ДеРиси (Joe DeRisi)-д тайлагдашгүй асуудлыг шийдвэрлэх, ялангуяа цоо шинэ вирүстэй холбогдсон тулгамдсан асуудлыг шийдэх явдал их таалагддаг. Калифорнийн Их Сургуулийн энэ эрдэмтэн одоо мэдэгдэж буй бүх вирүсийг нэг сорилоор илрүүлж чадах микрочип бүтээсэн юм. Тэрээр үүнийгээ Viro- Chip хэмээн нэрийдсэн байна.

Жое ДеРиси одоогоор шинжлэх ухаанд мэдэгдээд байгаа яг 22 000 вирүсийн ДНХ-ийн дарааллыг уг микрочипдээ суулгажээ. Тиймээс тэрээр ханиадтай хүний хэрэглэж байсан аягыг авч ViroChip-ээрээ шинжлээд л яг ямар вирүс байсныг илрүүлэн хэлж чадах аж.

Тэрээр ViroChip-ээ ашиглан хийсэн өөрийхөө хамгийн сүүлчийн судалгааныхаа тухай судлаачид болон үйлдвэрлэлийн хүрээнийхэн цуглаж геномиксын шинэ олотыг хамтран ярилцдаг “Геном секвенсинг ба анализын бага хурал” (GSAC: Genome sequencing and analysis Conference) нэртэй чуулга уулзалт дээр өнгөрсөн долоо хоногт ярьж танилцуулжээ.

ДеРиси болон түүний судалгааны багийхан Сан Франциско дахь асрамжын газрын үйлчлүүлэгчдийг хамарсан хамрын ханиадны үүсгэгчийг илрүүлэхэд ViroChip-ийг ашиглажээ. Мөн хүүхдийн эмнэлэгийн 350 гаруй сорьцноос хэд хэдэн төрлийн вирүсийг илрүүлсэн байна.

Анх 2003 оны АЦХаХ (SARS)-ийн дэгдэлтийн үеэр эрдэмтэд энэ өвчний үүсгэгчийг илрүүлэхээр уламжлалт аргуудаар оролдож байх үеэр ViroChip олонд танигджээ. ДеРисигийн лабораторийхан АНУийн ӨХТ-өөс илгээсэн сорьцыг ViroChip-ийг ашиглан шинжилж АЦХаХ-ын үүсгэгч нь коронавирүс болохыг 24 цагийн дотор тогтоосон юм.

Чип дээр вирүс илрүүлсний дараа, ДеРиси чип дээрхи эерэг толбыг механик аргаар хусч аваад, шинэ вирүсийн ДНХ-ийн нүклеотидын дарааллыг тогтоож илүү нарийн дүр зургийг гаргажээ.

МакАртурын сан Жое ДеРиси энэ амжилтаараа шинжлэх ухааны шинэ дээд амжилтыг тэмдэглэн олгодог МакАртурын шагналыг авах эрхтэй болсон гэж үзээд түүнийг энэ хүндтэй шагналын 23 дахь эзнээр зарлажээ. Уг шагналыг 500 000 ам.доллар дагалддаг аж.

ДеРисигаас “Та энэ мөнгөөр юу хийнэ гэж бодож байна?” гэсэн сурвалжлагчийн асуултад тэрээр: “Би энэ мөнгийг манай лабораторид хийгдэж буй илүү эрсдэлтэй шинэ төслүүдэд зарцуулна” гэж хариулжээ.

Тэрээр нэмж хэлэхдээ “Өөртөө бол нэг шинэ унадаг дугуй авна гэж бодож байна. Миний өдөр бүр хэрэглэдэг унаа минь болох унадаг дугуй маань одоо 14 настай. Тэгээд энэ би дугуйгаа шинэчлэх цаг болсон гэж бодож байна” гэжээ.

Ном зүй

Genome News Network, October 1, 2008 http://www.genomenewsnetwork.org/articles/2008/10/01/virochip.php?promt=1
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Англи хэлнээс Н. Наранболд орчуулав


Нийтлэлийн нээгдсэн тоо: 305
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК