Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2009, 4(29)
“Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” ба Монголын вирүс судлалын нийгэмлэг
( Редакцийн зурвас )

Монголын вирүс судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Академич П.Нямдаваа

 

 

Тэр үеийн Ж.Самбуугийн нэрэмжит Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Вирүс судлалын тасгийн эрхлэгч асан, мал эмнэлгийн ухааны дэд эрдэмтэн Ц.Дашцэрэн бид санаа нийлж “Хүн, мал эмнэлгийн вирүс судлалын тулгамдсан асуудлууд” нэртэй эрдэм шинжилгээний бага хурлыг 1978 оны 9 дүгээр сарын 28-нд ДСНК (Дом советской науки и культуры) нэрээрээ нийтэд танил байсан Зөвлөлтийн шинжлэх ухаан, соёлын ордонд хамтран зохион байгуулж байснаас хойш даруй 30 жил улиран оджээ. Анхны энэ бага хурлын зардал, төсвийг дэд эрдэмтэн Ж.Купул захиралтай манай ЭХЯ-ны Эрүүл ахуй,халдвар, нян судлалын улсын институт хариуцаж вирүс судлалчдаа дэмжиж байсан юмсан.

Миний мэдэж байгаагаар вирүс судлалын асуудлаар дагнан хийсэн эрдмийн анхны энэ бэсрэгхэн чуулганд нийт 11 илтгэл хэлэлцэж байсны товчлолыг нь тэр үеийн жаягаар орос хэлээр хэвлэсэн 20 нүүр жижиг дэвтэр гэрч болон үлдэж хоцорсон байна. Нэн даруухан түвшинд болсон уг бага хуралд академич Б.Рагчаа, профессор Ч.Долгор, профессор Ч.Цэрэндаш нарын зэрэг тэр үеийн манай анагаахын болон мал эмнэлгийн эрдмийн томчуул тоон морилж, шинэ тутам хөгжиж байсан салбар дундын ухаанаа урагшлуулах эрмэлзэлтэй вирүс судлалч бидэнд урам хайрласан сайхан үг хэлж байсан нь сэтгэлд тодхон үлджээ. Том эрдэмтдийн сайхан ерөөлд урамшсан манай хоёр хүрээлэнгийн вирүс судлалчид бид энэ бага хурлаа ээлжлэн толгойлж зохион байгуулж байхаар хэлцэн тогтсон боловч, харамсалтай нь манай мал эмнэлгийнхэн өөрсдийнх нь зохион байгуулах ээлжтэй байсан 1984 оны дөрөвдүгээр бага хурлыг бидэнд даатган орхисноосоо хойш ичмэглэх болж, сонирхол нь сулран суларсаар нэхүүлж байж илтгэл оруулах төдий идэвхитэй болчихсон юм.

1994-2004 оны хооронд эзэнгүйдэж 10 жил завсарласныг эс тооцвол энэ бага хурал анагаахын вирүс судлалчдын хичээл зүтгэлээр 2-3 жил тутам огтмол болж, илтгэл бэлтгэн оролцдог хүрээлэн, судлаачид нь ч өргөсөн тэлж, 2004 онд болсон 10 дугаар бага хурлаас эхлээд гадаадын толгой вирүс судлалчдаас урьж лекц уншуулах түвшинд хүрч ирж буй билээ.

2007 онд хуралдсан 11 дүгээр бага хуралд оролцогсодоос гарсан саналын дагуу бидний хэсэг нөхөд “Монголын вирүс судлалын нийгэмлэг”-ийг одоо цагийн төрийн бус мэргэжлийн байгууллагын дэг жаягаар үүсгэн байгуулсан нь одоогийн ээлжит 12 дугаар бага хурлыг санаачлан зохион байгуулж байна. Манай нийгэмлэг Монгол улсын вирүс судлалын эрдэм шинжилгээний ажлыг Дэлхийн ижил чиглэлийн судалгаа хийгсэдтэй холбох, юуны өмнө эрдмийн бага хурлаа бие даан зохион байгуулдаг болох зорилт тавьж байгаа юм. Цаашлаад Вирүс судлалын нийгэмлэг маань 2005 онд байгуулагдсан “Халдварт өвчинтэй тэмцэх Монголын үндэсний холбоо”-ны бүрэлдэхүүн хэсэг байж, микробиологчид, эпидемиологчид, инфектологчидын ах дүү нийгэмлэгүүдтэй хамтран халдварт өвчинтэй тэмцэх үйлст мэргэжлийн залуурдах хүч болж, холбоог бүрдүүлэгч нийгэмлэгүүдийн бага хурал буюу салбар хуралдаан бүхий Холбооны их хурлаа хийдэг болохсон гэж мөрөөдөж байгаа юм.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 362
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК