Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2009, 4(29)
Мерьёгийн сантай хамтран ажиллах талаар ярилцлаа
( Товч мэдээлэл )

Академич П.Нямдаваа

 

 

Франц улсын Лион хотноо төвтэй Мерьёгийн сан бол хөгжиж буй орнуудад микробиологийн лабораторийн оношлогоо, судалгааг хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 1967 онд байгуулагдсан буяны сан юм. Энэ санг Дэлхийн микробиологийн оношлогооны толгой компаниудын нэг болох Францийн БиоМерьё компаний ерөнхийлөгч, доктор Шарль Мерьё үндэслэсэн бөгөөд одоо Мали, Кампучи, Лаос, Хайти, Мадагаскар, БНХАУ зэрэг хөгжиж буй орнуудад өөрийн салбартай болж, халдварт өвчний лабораторийн оношлогоог боловсронгуй болгох чиглэлээр хамтарсан судалгаа хийж, боловсон хүчин бэлтгэхэд нь тусладаг юм. Би энэ сангийн эрдэм шинжилгээ хариуцсан захирал, вирүс судлалч Ги Вернетэй 2008 оны 12 дугаар сард Францийн МиоМерьё компаний ажилтан, вирүс судлалч Жак Лемиүсийн жуучлалаар Лион хотноо уулзаж, МАУА-ийн нэрийн өмнөөс хамтран ажиллах санал тавих сайхан завшаан олдсон юм. Энэ нь бас учиртай. Мерьёгийн сан уг нь франц хэлний орнуудад голлон туслах, ингэхдээ голчлон сүрьеэ, бактерт мэнэнгийн оношлогоо, судалгааг боловсронгуй болгох чиглэл барьж байсан боловч 1990-ээд оноос үйл ажиллагааныхаа хүрээг ихээхэн тэлж, БНХАУ-ын Анагаах ухааны академитай хамтран Бээжин хотын Юнион коллежийг түшиглүүлэн Доктор Христоф Мерьёгийн лаборатори байгуулан БНХАУ-д микробиологи, вирүсологийн залуу боловсон хүчин бэлтгэхэд нь туслаж байгаа нь хамтран ажиллах илүү аатай орчныг бидэнд олгож байгаа юм. МАУА-ийн урилгаар Бээжин хот дахь Христоф Мерьёгийн лабораторийн менежер Ришар Гонзалез 2009 оны нэгдүгээр сард манай улсад айлчилж, ХӨСҮТ, ЭМШУИС-ийн зарим судлаачидтай уулзан, хамтын ажиллагаа хөгжүүлж асуудлаар санал солилцсон билээ (арын хавтасны дотор талын зургаас үзнэ үү). Мөн миний бие Мерьёгийн сангийн урилгаар Энэтхэг улсын Шинэ Дели хотноо 2009 оны 3 дугаар сард болсон “Les Cent Gardes 15” (“Les Cent Gardes” гэдэг нь Францийн хааны шадар цэргүүд байрладаг асан Парижийн дүүрэгдэх нэг жижиг тосгоны нэр бөгөөд анхны хурлыг нь тэнд хийсэн ажээ) эрдэм шинжилгээний хуралд оролцож, Нобелийн шагналт вирүс судлалч Франсуаз Барри-Синусси, вирүст хепатитын өвөрмөц эмчилгээний Дэлхийн толгой мэргэжилтний нэг Христиан Трепо зэрэг нэртэй судлаачдын илтгэл сонсч, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар ярилцсан билээ. Мерьёгийн сангийн эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, доктор Ги Верне, Бээжин дэхь Христоф Мерьёгийн лабораторийн менежер Жишар Гонзалез нар хятад шавь нарынхаа хамт манай “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” 12 дугаар бага хуралд лекц, илтгэл бэлтгэн оролцохоор зөвшөөрсөн нь бидний хамтын ажиллагааны бас нэг чухал шав болох нь дамжиггүй.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 288
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК