Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2008, 2(4)
Бодлын солбилцол
( Редакцийн зурвас )

Лувсандагва

Монгол Улсын Ардын эмч,  Шинжлэх Ухааны академийн гишүүн,  академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор 

 
Абстракт

Монголын анагаах ухааны салбарт хүүхдийн эмч гэдэг мэргэжлийг эзэмшиж түмэн олны үр хүүхэд түүний эцэг эх, гэр бүл, ураг садны эрүүл энх, саруул сайхан амьдралын төлөө зүтгэсээр 52 жил боллоо.

Хүүхдийн эмч бол хүнлэг энэрэнгүй, өрөвч зөөлөн сэтгэлтэй, хүүхдэд тохиолдсон өвчний шаналгаа зовлонг хамт хуваалцдаг, өндөр мэргэжлээр эмгэг жам, эмнэлзүйн оношлогоог зөв тогтоох, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг хормын хугацааг ч алдалгүй хийж, эх эцгийн сэтгэл зүйн шаналгааг хуваалцах, тэдний бодол санааг зөв тусгаж чаддаг байх ёстой.

Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэсэн ариун сургааль анагаах ухаанд бодит номлол болон мөнхөрсөн билээ.

21-р зуун бол шинжлэх ухаан технологи, мэдээлэл зүй, эрүүл саруул амьдрал, эрдэм мэдлэгийн эрин билээ. ДЭМБ архины хор нөлөөлөл, түүний үр удамд учруулах гажуудлын талаар онцгой анхаарч, эрдэмтэн мэргэдийн сургааль айлтгалыг хүн ардынхаа эрүүл мэндэд зориулан ишлэл үндэслэл болгон мэдээлсээр байна. Тухайлбал: архи, хүүхэд төрүүлэх үйл ажиллагаанд төдийгүй үр удамд хорт нөлөө үзүүлдэг тухай эрт дээр үеэс мэддэг байжээ. Тиймээс ч найр хуримын үед охид, залуу эмэгтэйчүүдийг архи хэрэглэхийг хориглодог байсан байна.  Эртний Грекийн гүн ухаантан  Аристотель “согтуу эмэгтэйгээс төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд төрнө” гэж баталсан байхад, дорно дахины алдарт эмч Авицен “үр удамд эцэг эхийн архидалтаас илүү хор нөлөө байхгүй” гэжээ.

Архины хордлогоос ураг эхийн хэвлийд үхэх, амьгүй төрөх, архичин хүн үргүй болох, үрийн сувгийг нарийсган хатууруулах, үрийн шингэний ялгаралт багасах, бэлгийн сулрал зэрэг сөрөг нөлөө үзүүлнэ. Жирэмсэн үед зөвхөн нэг аяга шар айраг уухад улаан бөөмийн тоо цөөрч эхийн умай дахь ургийн хүчилтөрөгчийн дутал үүсч, ургийн өсөлт удаашрах, эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа хямрах, тархины хүчилтөрөгч, цусан хангамж муудсанаас төрөх үед тархинд цус шүүрэх, цус харвах зэрэг эмгэгтэй хүүхэд төрснөөс эрт нярай үед (эхний долоо хоног) нас барах, эрэмдэг, гаж хөгжилтэй болдог байна. Зөвхөн эхийн архидалтаар барахгүй эцгийн архидалт нь төв мэдрэлийн системийн дутуу хөгжилтэй, оюун ухааны хомсдолтой болоход нөлөөлнө.

Францын судлаач Демье “архичин гэр бүлд төрсөн хүүхэд бага насандаа эндэх нь 2.5 дахин, сэтгэхүйн дутуу хөгжил 4 дахин, татаж унах өвчин 13 дахин, төрөлхийн дүлий 5 дахин, бусад эрхтэн системийн өвчин 5 дахин их тохиолдогийг тогтоосон байна. Иймээс  манай улсад архидалтыг бүрэн арилгах, манай орны хойч ирээдүй, хүүхэд залуучуудыг архидалтаас бүрэн ангижруулах явдал төр засаг, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, эмч мэргэжилтэн, түмэн олны анхаарлын төвд байх асуудал зайлшгүй мөн.

Архины нэг адил 2 дахь хор бол тамхи юм. Сүүлийн үед тамхи татах явдал өсвөр үе, идэр залуу насны хүмүүсийн дотор өсөх хандлагатай байна. Монгол Улсын Их хурлаас тамхины хор нөлөөтэй тэмцэх хууль үндэсний язгуур эрх ашгаас үүдэн гарсан болно. Үүнийг багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, түмэн олон маш талархалтайгаар хүлээн авч хэрэгжүүлэх алхмууд тавигдсаар байна. Асч байгаа янжуур тамхины утаа олон тооны химийн нэгдлүүд үүсгэдгээс 30 гаруй нь хүний бие махбодийн олон эрхтэн  системд  хортой нөлөө үзүүлж байна. Эрдэмтдийн судалгаагаар тамхины утаанд 3000-аад төрлийн хор агуулагддаж байдгийг тогтоосон байна. Дэлхийн олон орны эрдэмтний судалж тогтоосноор тамхи татах үед химийн хорт нэгдлүүдийн никотин, нүүрсний давхар оксидын 40-50% нь утаатай хамт гадаад орчинд тархаж өрөө тасалгаа орчны агаарыг бохирдуулдаг ажээ. Иймээс тамхи татдаггүй хүн тамхины утаагаар хордсон агаараар амьсгалахыг идэвхгүй тамхи татагч гэдэг байна. Үүнд хүүхэд ихээр өртдөг болно. Тамхины утаа агаарыг хүртэл  бохирдуулдаг учраас тамхи татдаггүй гэр бүлд бага насны хүүхдийн амьсгалын эрхтний  өвчлөл 13% байхад, нэг хүн тамхи татдаг бол 68.3%, хоёр хүн татдаг бол 88.6% байна. Үүнээс үзэхэд тамхины хор нөлөөлөл ямар болохыг харуулж байна.Орчин үеийн анагаахын шинжлэх ухаан үндэслэлгүйгээр эм хэрэглэхийг  багасгах, эмийн бус эмчилгээг голлох, үүний тулд зөв хооллох, хөдөлгөөн, ажил амралтын тогтсон дэглэмээр чанд сахих, биеийн тамир, нар ус агаарыг  өргөн ашиглах, 2 хорыг хэрэглэхээс бүрэн татгалзах энэ асуудалд хүүхэд, өсвөр үе, засуу наснаас анхаарах нь чухал байна.

21-р зуун бол эрдэм мэдлэгийн эрин учраас оюун ухаанаа хөгжүүлэн өндөр боловсрол мэдлэгтэй болох нь хүүхэд залуучуудын хүсэл мөрөөдөл. Энэ нь орчин үеийн нийгэмд бүрэн биелэх үндэстэй. Эх үр хоёр эхийн хэвлийд хүйн холбоотой, төрөх үед сүүн холбоотой. Иймээс охин наснаас эхэлж эрүүл мэндээ хамгаалж, эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэдгийг ямагт санаж, хоол унд, ажил амралтаа зөв зохицуулж, жирэмсэн үед эмчийн байнгын хяналт зөвлөгөөг авч, түүнийг сайтар биелүүлэх, хүүхдийг төрсөн өдрөөс нь эхлэн 2,3 нас хүртэл нь хөхөөр хооллох, хөхний сүүг орлох хоол ямар ч нийгэмд байхгүй гэдгийг байнга санаж хэрэгжүүлэх хэрэгтэй.

Аливаа өвчнийг эрт эмчид үзүүлэн оношийг тогтоолгон мэргэжлийн зөвлөгөө зааврыг сайтар биелүүлэх нь чухал. Таавраар мэргэжлийн бус хүний элдэв эм тан хэрэглэх, бариа засал хийлгэх асуудалд болгоомжтой хандах. Америкийн эрдэмтдийн судалгаагаар хүчтэй эм, антибиотекийг хүүхэд насанд үндэслэлгүй хэрэглэхээс болгоомжлох, тухайлбал: ампициллин, амоксициллин зэрэг эмүүдийг таавраар хэрэглэх нь хүүхдийн шүдний танан цагаан өнгийг шарлуулан, шүд цоорох, хорхойтох, мөөгөнцрийн хүнд өвчнийг үүсгэдгийг эцэг эхчүүд санаж байх хэрэгтэй.

ЭНЭШТ-өөс “Эх барих эмэгтэйчүүд, хүүхэд судлал” сэтгүүлийг санаачлан гаргаад одоо 2 дахь жилдээ тогтмол хэвлэлийн хэмжээнд хүрсэн явдалд баярлаж байдгаа илэрхийлье.

Эрүүл биед саруул ухаан, эрдэм мэдлэг оршино гэдгийг өсвөр үе хүүхэд залуучууд маань санаж яваарай!

Монголын үрс үй түм болох болтугай!



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК