Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2012, 2(12)
Анхдагч шилэнцэрийн гиперплази
( Лекц )
 

 

ТОДОРХОЙЛОЛТ

Анхдагч шилэнцэрийн үр хөврөлийн үед үүссэн мезенхимийн эсүүд болон гиалоид артерийн гаж ургалт юм.

Гол шинжүүд

  • Лейкокори
  • Болрын цайлт
  • Микрофтальм
  • Болрын арын фиброваскулярны эд
  • Цилиарын булчингууд сунаж татагдах
  • Ихэвчлэн нэг нүдэнд тохиолдоно 90% нэг нүдэнд, 10% хоёр нүдэнд тохиолдоно

Туслах шинжүүд

  • Хожуу үед хаалттай өнцөг глауком үүсэх
  • Нүдэн дотор цус харвах
  • Харааны мэдрэлийн дутуу хөгжил
  • Торлогын хууралт
  • Мохос хараа

Анхдагч шилэнцэр болон гиалоид судасны эмгэг ургалт бөгөөд анхдагч шилэнцэр нь үр хөврөлийн тав дахь долоо хоногтойгоос хөгжиж эхэлдэг ба гиалоид судсууд, мезенхимийн эсүүд болон коллагены фибринууд, макрофагаас тогтдог. Ихэнх тохиолдолд удамшлын хүчин зүйлтэй холбоогүй боловч аутосом доминант, аутосом рецессив хэлбэрээр тохиолддог. Фиброваскулярын эдийн байрлалаас хамаарч өмнөд хэсгийн, арын хэсгийн мөн хавсарсан байж болно. Өмнөд хэсгийн үед болрын тэсвэртэй судасны бүрхүүл, катаракт, глаукома үүснэ. Арын хэсгийн үед харааны мэдрэлээс татагдсан гиалоид артерийн суваг, торлогийн хуниас, шилэнцэрийн мембран, харааны мэдрэлийн дутуу хөгжил үүснэ.

Ангилал

  • Өмнөд хэсгийн
  • Ар хэсгийн
  • Хавсарсан

ОНОШИЛГОО

Бага насны хүүхдүүдэд оношлогоо хийхдээ ихэвчлэн ерөнхий унтуулгын дор хийнэ. Ихэвчлэн нэг нүдэнд тохиолдох ба оношийг шууд тавих боломжтой. Хоёр нүдэнд тохиодох нь ховор. Хэрвээ хоёр нүдэнд байвал ялган оношлохын тулд зарим нэмэлт шинжилгээг хийх шаардлагатай. Мөн хоёр нүдэнд тохиолдсон үед удамшлын анамнез, төрөлтийн түүхийг асууж ретинобластомаас ялгах шаардлагатай. СТ болон нүдний ЭХО шинжилгээнд нүдэн дотор шохойжилтын голомт илэрвэл ретинобластомын гол шинж юм. АШГ үед энэ шинж илрэхгүй. Микрофтальм нь АШГ–н гол шинж боловч бусад лейкокори үүсгэдэг эмгэгүүдээс ялгах шаардлагатай. Мөн шинжилгээнд нүдний дагуу тэнхлэгийн уртыг хэмжих нь чухал ач холбогдолтой. Нүдний уг шинжлэх боломжгүй үед СТ болон ЭХО шинжилгээгээр арын хэсгийн өөрчлөлт, торлогийн хууралт зэргийг илрүүлэх боломжтой.

ЯЛГАН ОНОШИЛГОО

  • Ретинобластом,
  • Дутуу нярайн ретинопати,
  • Коатсын өвчин,
  • Токсокариасис,
  • Норрисын өвчин,
  • Төрөлхийн болрын цайлт,
  • Увеит,
  • Колобом зэрэг өвчнөөс ялгах оншлох шаардлагатай.

Ялган оношлогоонд нүдний цагаан рефлекс өгдөг эмгэгүүдээс ялган оношлоно. Эдгээрээс хамгийн чухал нь ретинобластомаас ялган оношлох юм. Хэдийгээр ретинобластомын үед нүд хэмжээгээр томордог харин АШГ нь жижиг нүдэнд тохиолддог боловч ялган оношлох шаардлагатай. Хэрвээ хоёр талын цагаан рефлекс өгч байвал юуны түрүүн ретинобластомег сэжиглэнэ. КТГ болон ЭХО шинжилгээгээр нүдний доторх кальцификаци илрэх нь ретинобластомын үед илрэх гол шинж юм. Харин АШГУ үед энэ шинж илрэхгүй. Мөн дараагийн нэг ялган оношлох шаардлагатай эмгэг бол дутуу нярайн ретинопати юм. Ихэвчлэн бага жинтэй төрсөн нярайд тохиолдох торлогийн судасны пролифераци болох эмгэг бөгөөд торлогийн хууралт үүсэх шалтгаан болдог. Нярайн төрсөн жин болон төрөх хугацаа бага байх тусам ДНР үүсэх эрсдэл нэмэгддэг. Мөн нэг долоо хоногоос урт хугацаагаар хүчилтөрөгч эмчилгээ хийлгэх, сурфактант эмчилгээ, цус юүлэх эмчилгээ хийлгэх, сепсис, цус харвалт, уушиг бронхын гаж хөгжил, артерийн хүчилтөрөгчийн хэмжээ ихсэх зэрэг нь эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гол хүндрэл нь хүнд хэлбэрийн торлогийн хууралт үүсгэдэг. Оношийг тавихдаа төрөлтийн хугацаа, төрсөн жин болон нүдний угийн болон бусад шинжилгээг хийж оношийг шууд тавьж болно. Мөн Коатсын өвчнөөс ялган оношлоно. АШГ болон Коатсын өвчин аль аль нь ихэвчлэн нэг нүдэнд тохиолддог. Коатсын үед эрэгтэй хүүхдэд илүүтэй тохиолдоно мөн шинж тэмдэгүүд хожуу илэрдэг. Хараа муудах, хялар харах, цагаан гэрлийн урвал өгөх зовиуртай. Шинж тэмдэгийн хувьд торлогийн судасны телеангиоэктази, торлогийн тархмал шар хатуу нэвчдэс торлогийн завсар болон торлогийн дор үүсдэг. Мөн торлогийн хууралт үүснэ. Токсокариазис нь муурнаас, нохойноос шимэгч хорхойгоор хүнд халдварладаг. Ихэвчлэн 1-5 насны хүүхдүүдэд тохиолддог. Архаг токсокариоз эндофтальмитын үед цагаан рефлекс мөн үүсч болно. Токсокариаз гранулом нь арын сегментэд байгаа үед эндофит ретинобластомын тухай бодох хэрэгтэй. Захын увеит хүүхдэд ихэвчлэн хожуу насанд нь илэрнэ.Төрөлхийн катаракт хараа алдах нэг шалтгаан болдог ба оношлоход харьцангуй хялбар төрсний дараа болон эрт үед оношлогддог. Норрисийн өвчний үед микроцефали, дүлий, мэдрэлийн гаралтай өвдөлт хавсардаг. Хоёр нүдэнд торлогийн хууралт үүснэ. Мөн торлогийн төрөлхийн эмгэгүүд болох харааны мэдрэлийн гаж хөгжил колобом, morning glory диск, харааны мэдрэлийн миелинизацийн үед цагаан рефлекс үүсч болно гэдгийг санаж байх хэрэгтэй.

Эмчилгээ

Анхдагч шилэнцэрийн гиперплази нь нүдний цөөн тохиолдох гаж хөгжил юм. Хэдийгээр тийм боловч хараа муудахад хүргэх шалтгаан болж байгаа тул сүүлийн үед нүдийг хамгаалах болон хараа сайжруулах зорилгоор мэс заслын эмчилгээ хийж байна. АШГ-ийн өмнөд хэсгийн үед мохос хараа болон бусад хүндрэлүүд үүсч болно.Өмнөд хэлбэрийн үед мэс заслын дараа өвчтөний 70%- д харааны чадал 0.1 ба түүнээс дээш, арын хэлбэрийн үед болон хавсарсан хэлбэрийн үед мэс заслын дараах харааны чадал 70%-д 0.06 болон түүнээс дээш байна. АШГ-ийн үеийн эмчилгээний үр дүн мэс засалд орсон хугацаа болон хэлбэрээс хамааралтай. Эрт үед хагалгаанд орсноос хаагдалтын мохос хараанаас урьдчилан сэргийлнэ, АШГ-ийн гиалоид артеритэй хүүхдүүдэд хагалгааны үед цус алдах хүндрэл ихэнхдээ тохиолддог. А.В.Хватова болон Т.В.Судовскийн судалгаагаар мэс заслын үед болор авах, өмнөд болон арын наалдац салгах, шилэнцэрийн швартыг салгах үед өмнөд камерт, шилэнцэрт гиалоид болон солонгон бүрхүүлийн судаснаас, цилиарын сэртэнгээс, болрын арын мембранаас цус алдалт 52.2%-д нь үүсдэг. АШГ-ийн үед болрын цайлттай, хоёрдогч глауком, хүүхэн харааны өргөсөл, өмнөд наалдац, эвэрлэгийн бүдэгшил байхгүй бол мэс заслыг 10-12 сартайгаас дээш хийнэ. Шварт 4мм-с дээш үед мэс заслын үр дүнгүй, үйл ажиллагааны тааламжгүй төгсгөлтэй тул мэс засал хийхгүй.

АШГ үед цайсан болрыг авах, арын капсулотоми хийх, болрын арын мембраныг мөн гиалоид артерийг авах, цилиарын сэртэнгүүдийг таслах зэрэг мэс заслын олон ажилбаруудыг хийдэг. Арын хэлбэрийн үед шилэнцэрийн мэс засал хийнэ. Болрын арын мембран болон гиалоид артерийг авахын тулд мэс заслын хоёр хүрцийг ашигладаг. Арын буюу цилиарын биеийн хавтгай хэсгээр, өмнөд буюу хүүхэн хараагаар мэс заслыг хийнэ. Цилиарын хүрцээр хагалгаа хийх үед торлогийн урагдал болон хууралт үүсэх эрсдэлтэй тухайлбал микрофтальмай АШГУ-тай хүүхдүүдэд цилиарын биеийн хавтгай хэсгийн дутуу хөгжлийн улмаас торлогийг гэмтээх өндөр эрсдэлтэй. Өмнөд хүрцээр хагалгаа хийхэд болрын арын мембраныг бүрэн авах боломжтой гэхдээ кератопати үүсгэх хүндрэл гарч болно. Гиалоид артерийг бүрэн авах эсэх асуудал бүрэн шийдэгдээгүй бөгөөд зарим судлаачид өмнөд хэсгийг авсны дараа арын хэсгийг авах мэс заслыг сонгож байна. Зарим судлаачид болрын арын мембраныг авахдаа үе шаттайгаар авна гэж үзсэн бол зарим судлаачид эсрэгээр хэрвээ болрын арын мембраныг бүрэн бус үлдээж авсан тохиолдолд нүдний даралт ихсэх, хүүхэн харааны наалдац үүсэх, торлог болон цилиарын тракц үүсэх эрсдэлтэй гэж үзсэн. Мөн мэс заслаас гадна ИАГ лазер эмчилгээтэй хавсарч болно. Ийм маягаар мэс заслын тактик хэлбэр, үе шат, өвчтөний нас зэрэг янз бүийн шалтгаанаас хамаарч янз бүр байж болно. 

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Орчуулсан Б. Батцэцэг


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1028
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК