Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 2-3(33-34)
Томуугийн цар тахлын давалгаа дахин нөмөрч болзошгүй
( Редакцийн зурвас )

Л.Энхбаатар

 

Өнгөрсөн зууны эхэн үеэс үүсэж хөгжсөн Хелиобиологийн шинжлэх ухаан нь Helio-нар, bio- амь ахуй, logos- судлах гэсэн утгатай үг Герег үгнээс гаралтай бөгөөд биофизикийн шинжлэх ухааны нэг  салбар юм. Нарны идэвхжилийн өөрчлөлтийн нөлөө манай дэлхийн амь ахуйд хэрхэн нөлөөллөхийг судалдаг бөгөөд оросын нэрт эрдэмтэн А.Л.Чижевский уг шинжлэх ухааныг үндэслэсэн билээ. Манай нэрт сэтгүүлч, зохиолч, соён гэгээрүүлэгч доктор Л.Түдэв Наран-биологи хэмээн монголчилсон байн[1]. Гелиобиологийг үндэслэгч А.Л.Чижевский [1897- 1964] нарны идэвхжил, халдварт өвчний талаархи материал цуглуулж, 1922 онд “Халдварт өвчний дэгдэлтэд нарны идэвхжилийн үечилсэн өөрчлөлтийн нөлөө”, 1926-1927 онд “Орос-Германы сэтгүүл” хэмээх эрдэм шинжилгээний сэтгүүлд “Нарны үечилсэн үйлчлэл ба урвах тахал, томуугийн хамаарал” зэрэг эрдэм шинжилгээний анхдагч илтгэл, өгүүллэгүүд хэвлүүлсэн нь эрдэмтдийн анхаарлыг татаж ирсэн байна. Түүний судалгаагаар томуу өвчний дэгдэлтүүд нарны идэвхжлийн тодорхой үед хэсдэг гэж үзжээ [2, 3]. Сүүлийн үеийн судалгаагаар ХХ зуунд дэгдсэн 4 томоохон цар тахлын 3 нь нарны идэвхжлийн өндөр үед тохиожээ. Тухайлбал: 1918-1919 оны A(H1N1)-р үүсгэгдсэн “Испанийн” гэж нэрлэгддэг томуугийн дэгдэлтэнд 20-50 сая хүн нас барсан, 1957-1958 оны “Азийн” гэж нэрлэгддэг A(H2N2)-р үүсгэгдсэн, 1968 оны A(H3N2)-р үүсгэгдсэн цартахлууд нь 30-40 орчим жилийн давтамжтай нарны идэвхжлийн оргил үед гарч байжээ. 1976-1977 оны Оросын гэж нэрлэгддэг A(H1N1) томуу идэвхжлийн нам үед гарсан томуугийн цартахлаас хойш дэлхийн нийтийн томуу болон байгаль цаг уурыг өвчин эмгэгтэй холбон судалдаг судлаачид ээлжит цар тахлыг таамаглан бэлтгэж ирсэн байна. Гэтэл 2009 оны 4-р сараас АНУ, Мексикт гахайн томуугийн хүний өвчлөл бүртгэгдсэн бөгөөд цар тахлын 3 гол шинж болох 1. Шинэ вирүс үүссэн байх 2. Олон орон тивүүдийг хамарсан байх 3. Нас баралт өндөртэй байх гол нөхцөлүүдээс үүсгэгч 8 сегмэнттэй вирүсийн 5 нь гахайн, 2 нь шувууны, нэг нь хүний сегмэнттэй шинэ вирүс илэрч нас баралтын хувь 0.3-0.4 % болжээ. 2009 он нь нарны идэвхжилийн хамгийн бага үе, 2010 оноос наран дээрхи үзэгдлууд идэвхжиж эхэлсэн бөгөөд 2011-2012 онууд нарны идэвхжлийн өндөр үе тохиож магадгуй гэж судлаачид үзэж байна [10-13]. Манай эмч, геофизикчдын хамтарсан судалгаагаар манай томуугийн харьцангуй ихсэлт нарны идэвхжлийн өндөр үед дунджаар 10 жилийн давтамжтай R = 0.9 хамааралтай байв [3, 4]. Мөн түүхэн баримтуудыг эргэн судлахад 1918 онд Хүрээнд суурьшсан оросуудын нэрлэдгээр “Инфлуэнц” хэмээх өвчин орон даяар тархаж монголчуудыг баруун солгойгүй хиаруулсан, заримдаа гэр орноор нь хиаруулж цогцсыг нь амьтан хүн мэдэлгүй гэр оронд нь удаасан явдал ч гарсан гэж бичиж үлдээсэн байна [5, 8]. 1944 онд Улаанбаатар хотод томуугийн дэгдэлт гарчээ. Тэр үед цэргүүдийн ойролцоогоор 50% нь томуугаар өвчилж СнЗ-өөс томуутай тэмцэх тогтоол гаргаж байв. 1947 онд дахин томуу дэгдснээр ЭХЯ-ны 47-р тогтоол гарч төв эмнэлэгт тасаг нээж байжээ [7, 6]. Эдгээр дэгдэлтүүдээс 1918 он, 1947 оных нарны идэвхжилийн өндөр үед болжээ. Судлаачид 2011-12, 2018-19, 2022-2023 онуудад таарах магадлалтай нарны идэвхжлийн өндөр үед өвчлөл ихсэж болох таамаглал дэвшуулж байна [10-13]. Бид судалгааныхаа үндсэн дээр 2009-2010 онуудын томуугийн дэгдэлт нь цар тахлын эхлэл бөгөөд 2011-2012 онуудад үргэлжилж магадгуй, нарны идэвхжлийн өндөр үед өргөн тархалттай дараагийн давалгаа нөмөрч магадгуй гэсэн таамаглал дэвшүүлж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 454
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК