Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 1(163)
Зүрх судасны өвчтэй хүмүүсийн амны хөндийн эрүүл мэндийн байдал
( Судалгааны өгүүлэл )

Б.Цолмонцацрал, Ш.Үнэнчимэг, Ө.Цолмон, Б.Баярчимэг

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 
Абстракт

Introduction

Chronic periodontitis has been associated with cardiovascular diseases (CVD).

Goal

The goal of the present study was to investigate the periodontal status of patients with ischemic heart diseases.

Materials and methods

We studied 35 subjects with clinically newly confirmed ischemic heart disease and 64 matched control subjects with no evidence of cardiovascular diseases all receiving a comprehensive periodontal examination.

Results

Patients with ischemic heart disease had significantly lower numbers of natural teeth. The percentage of participants with periodontal pockets (p<0.001) and clinical attachment losses (p<0.001) were higher in the case group. Statistical analysis demonstrated a difference in the proportion of sites with a periodontal probing depth >3.0 mm (26% for case and 3% for control group, p<0.001). The mean periodontal pocket depth was 5.29 mm in the case subjects and 3.3 mm in the control group.

Conclusion

Our findings suggest that patients who at routine dental visits demonstrate evidence of deep periodontal pockets and clinical attachment losses around several teeth can predictably be identified as being at risk of future cardiovascular diseases, especially ischemic heart disease. Such subjects should be referred for medical and periodontal examinations and treatments.

Оршил

Дэлхий нийтийн хэмжээнд зүрх судасны өвчлөл, нас баралт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нэгэнт болжээ. Монгол улсын эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 1990 он гэхэд манай хүн амын нас баралтын шалтгааны дотор зүрх судасны өвчин, хавдар нь 2 ба 3-рт ордог байсан бол 1993 оноос эхлэн нас баралтын шалтгааны дотор зүрх судасны өвчин эрс нэмэгдэн тэргүүлж байна [1]. Цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл, нас баралтын түвшин хүн амын дунд төдийлөн буурахгүй эдгээр өвчнийг эрт илрүүлэх, бүртгэх, хянах явдал хангалтгүй байна [2].

“Эрсдэлт хүчин зүйлс” гэсэн ухагдахуун анхны Фрамингхамын судалгааг 1948 онд явуулснаас хойш яригдах болсон бөгөөд зүрх судасны өвчний эмгэг жамын талаарх ойлголт нэмэгдэх бүр шинэ эрсдэлт хүчин зүйлсээр хүрээгээ тэлсээр байна. Уламжлалт эрсдэлт хүчин зүйлд нас, нийгэм эдийн засгийн байдал, удамшил зэрэг өөрчилж болохгүй болон зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, цусны холестерин, глюкозын хэмжээ ихсэх, таргалалт, чихрийн шижин, стресс зэрэг өөрчилж болох хүчин зүйлс ордог байна [3].

Харин сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд үрэвсэл, үүний дотор шүдний тулгуур эдийн өвчин зүрх судасны өвчинтэй нягт холбоотой эрсдэлт хүчин зүйл болох нь эмч судлаачдын анхаарлыг татаж байна [4].

Шүдний тулгуур эдийн өвчин нь шүдийг тулан тогтоож байгаа эдийг эвдрэлд хүргэдэг үрэвсэлт өвчин бөгөөд энэ нь өнгөрт агуулагдах өвөрмөц нянгаар үүсгэгддэг байна.  “Үрэвслийн байнгын голомт” болсон эмгэг хөндийгөөс нян болон нянгийн медиаторууд цусанд байнга орох боломжтой юм [6].

Зүрхний ишеми өвчинд шүдний тулгуур эдийн өвчин хэрхэн нөлөөлж байгаа талаар манай улсад хийгдсэн судалгаа одоогоор байхгүй байна.

Зорилго

Зүрхний ишеми өвчний үед шүдний тулгуур эдийн байдлыг тодорхойлох зорилгоор тохиолдол хяналтын загвараар судалгаа хийж судалгаанд хамрагдагсдын амны хөндийн эрүүл ахуйн индекс, шүдний тулгуур эдийн байдлыг тодорхойлов.

Материал, арга зүй

Судалгааг эхлэхийн өмнө Эрүүл Мэндийн Яамны Анагаахын Ёс зүйн хорооноос судалгаа явуулах зөвшөөрөл (03 тоот тогтоол, 2011) авч судалгааны явцад ёс зүйн хэв хэвжээг баримтлав.

Тохиолдлын бүлэгт зүрхний ишеми өвчтэй, тухайлбал тогтворгүй стенокарди, зүрхний шигдээс анх удаа оношлогдсноос хойш 1 сар болоогүй, хөдөлмөрийн насны 36 хүн, хяналтын бүлэгт зүрхний ишеми өвчингүй 64 хүнийг Улаанбаатар хотын II, III–р эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүсээс шалгуурын дагуу судалгаанд хамрууллаа. Судалгаанд тамхи татдаг байсан болон одоо татаж байгаа, чихрийн шижин өвчтэй, жирэмсэн, хөхүүл, бүрэн шүдгүй хүмүүсийг оруулаагүй болно.

Зүрхний шигдээс, тогтворгүй стенокарди оношлогдох шалгуур нь цусанд тропoнин I фермент хэвийн хэмжээнээс нэмэгдсэн, цээжний өвдөлт байсан, Электрокардиограмд (ЭКГ) эмгэг Q шүд, сөрөг Т шүдтэй, ST сегмент өөрчлөгдсөн зэрэг байлаа. Хяналтын бүлэгт тохиолдлын бүлгийн хүмүүсийн нас, хүйстэй ойролцоо, зүрхний шигдээсээр өвдөөгүй, зүрхний хэм алдагдаагүй, цээжний өвдөлт байхгүй, ЭКГ-д ишемийн өөрчлөлт байхгүй хүмүүсийг хамруулав. Судалгаанд орсон хүмүүсийн глюкозын хэмжээ 4.6-5.5ммол/л байв. Судалгаанд оролцогчдын амны хөндийн эрүүл ахуйн хялбарчилсан индекс (АХЭАИ), 8-р шүднээс бусад шүдний “бэхлэгдсэн холбоосын төвшин” (БХТ), буйл шүдний эмгэг хөндийн гүний хэмжээг тулгуур эдийн мм-ийн хэмжүүрт сэтгүүрээр шүд болгоны 4 талд тодорхойлов.

Түүнчлэн шүдний тоог тогтоов. Судалгаа эхлэхээс өмнө судлаач 5 хүний шүдний 4 талт тулгуур эдийн эмгэг хөндийг хэмжүүрт сэтгүүрээр хэмжиж каллибраци хийсэн.

Үр дүн

Судалгаанд оролцогчдын дундаж нас нь 49.58(±1.28) байсан ба хамгийн залуу нь 38 настай, хамгийн ахмад нь 64 настай байлаа. Харин хяналтын бүлэгт дундаж нас нь 45(±1.14), хамгийн залуу нь 35 настай, ахмад нь 64 настай байв.

Судалгаанд хамрагсдын шүдний тоог гаргахад тохиолдлын бүлгийн хүмүүс 3-28 шүдтэй буюу нийт 632 шүдтэй байхад хяналтын бүлгийн хүмүүс 13-28 шүдтэй буюу нийт 1537 шүдтэй байв. Тохиолдлын бүлэгт нэг хүн дунджаар 17.56 (±6.48) шүдтэй байхад хяналтын бүлэгт нэг хүн дунджаар 24.02 (±3.28) шүдтэй байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.001). Тохиолдлын бүлэгт 16 ба түүнээс доош шүдтэй хүмүүсийн эзлэх хувь 38.9% байсан бол, хяналтын бүлэгт 1.5% байв (Зураг 1).

Зүрх судасны өвчтэй хүмүүсийн АХЭАИ-ийг тодорхойлоход дундаж үзүүлэлт нь 2.74(±1.4) байсан ба эрүүл хүмүүсийнхтэй (1.17(±0.82) харьцуулахад статистикийн хувьд ялгаатай (р<0.001), “муу” үр дүнтэй байв. Тохиолдлын бүлгийн хүмүүсийн бараг тал хувь (47.2%) нь “муу” үнэлгээтэй байхад хяналтын хүмүүсийн ихэнх (60.9%) нь “сайн” үнэлгээтэй байв. Гэтэл зүрх судасны өвчтэй хүмүүсийн ихэнх (52.8%) нь өөрийн амны хөндийн эрүүл ахуйг “дунд”, 38.4% нь “сайн” гэж үнэлсэн байв.

Тохиолдлын бүлэгт буйл шүдний эмгэг хөндийн гүний дундаж хэмжээ 5.29мм байхад хяналтын бүлэгт 3.3мм байв (Зураг 2).

Тохиолдлын бүлгийн хүмүүсийн шүдний нийт талын 26%, хяналтын бүлэгт нийт талын 3% нь буйл шүдний эмгэг хөндийн гүний хэмжээ 3ммс их байлаа. Буйл шүдний эмгэг хөндийн гүн >3мм бүхий хүмүүсийн эзлэх хувь тохиолдлын бүлэгт 86%, хяналтын бүлэгт 40.6% байв (Зураг 3).

Тохиолдлын бүлэгт хүмүүсийн шүдний нийт талын 3.5% нь, хяналтын бүлэгт 0.1% нь ≥6мм эмгэг хөндийтэй байлаа.

Тохиолдлын бүлгийн хүмүүсийн БХТ 6.69(±1.75)мм байхад хяналтын бүлгийн хүмүүсийнх 3.88(±1.24)мм байв (Зураг 2).  Хяналтын хүмүүсийн 25% нь шүд буйлны холбоос эвдрээгүй байсан бол тохиолдлын бүлэгт ийм хүмүүс байсангүй. Тохиолдлын бүлгийн хүмүүсийн шүдний нийт талын 19.6%- д, хяналтын бүлгийн хүмүүсийн шүдний нийт талын 4.3%-д БХТ >3мм ба ≤4.5мм байв. Харин БХТ нь >4.5мм бүхий талын хувь тохиолдлын бүлэгт 20%, хяналтын бүлэгт 0.9% байлаа. Бэхлэгдсэн холбоос алдагдсан хүмүүсийн эзлэх хувь тохиолдлын бүлэгт илүү байв (Зураг 4).

Буйл шүдний эмгэг хөндийн гүн (OR3.49), БХТ (OR2.84), ≥6мм эмгэг хөндийтэй талын тоо (OR1.96), БХТ>4.5мм бүхий талын тоо (OR1.72) ихсэх тусам зүрх судасны өвчний эрсдэл нэмэгдэж байв. Харин шүдний тоо (OR0.75)  нэмэгдэх тусам эрсдэл буурч байв (Хүснэгт 1).

Хэлцэмж

Шүдний тулгуур эдийн үрэвсэл зүрх судасны өвчинтэй холбоотой болохыг олон судалгаагаар баталжээ. Иймд бид шүдний тулгуур эдийн үрэвсэл зүрхний шигдээс, стенокарди өвчинд хэрхэн нөлөөлж байгааг өөрийн орны нөхцөлд анх удаа судалсан болно.

Бидний судалгаагаар тохиолдлын бүлгийн хүмүүсийн шүдний тоо хяналтын бүлэгтэй харьцуулахад бага буюу статистикийн хувьд эрс ялгаатай (р<0.001) байв. Энэ нь бусад судлаачдын үр дүнтэй ойролцоо байна [9, 10, 14, 15, 17].

Буйл шүдний ховил 1-3мм байхад эрүүл гэж үздэг. Харин 3мм-с их хэмжээтэй үед нэг бол буйл хавагнасан, эсвэл шүдний тулгуур эдийн холбоос алдагдсны илрэл байдаг. Бидний судалгаагаар зүрх судасны өвчтэй болон эрүүл хүмүүсийн шүд буйлны эмгэг хөндийн гүний хэмжээ статистикийн хувьд (р<0.001) ялгаатай байгаа нь бусад судлаачдын үр дүнтэй ойролцоо байна [11, 12, 13, 18, 19, 20, 21].

Дээрх эрдэмтдийн (18) судалгаагаар шүдний тулгуур эдийн эмгэг хөндийн дундаж гүн >4.5мм байх нь эрсдлийг 8.5 дахин нэмэгдүүлж байв. Lopez R зэрэг эрдэмтдийн (23) судалгаагаар буйл шүдний эмгэг хөндийн гүн (OR8.64) зүрх судасны өвчинтэй шууд холбоотой үр дүн гарсан байна. Харин бидний судалгаанд эмгэг хөндийн хэмжээ ихсэхэд зүрх судасны өвчний эрсдэл 3.49 дахин нэмэгдэж байгаа төдийгүй буйл шүдний эмгэг хөндийн гүн >3мм бүхий талын тоо зүрх судасны өвчинтэй хамааралтай болох нь харагдаж байна.

Буйл шүдний ховил 3мм хүртэл байсан хэдий ч БХТ нь 3мм-с дээш байгааг бэхлэгдсэн холбоос алдагдсан буюу шүдний тулгуур эдийн эвдрэл явагдсан байна гэж дүгнэдэг бөгөөд зүрх судасны өвчтэй бүх хүмүүсийн шүдний тулгуур эдийн холбоос алдагдсан, тулгуур эдийн эвдрэл явагдсан болох нь тогтоогдсон болно. Манай судалгаанд тохиолдол, хяналтын бүлэгт БХТ-ий хэмжээ статистик ач холбогдол бүхий ялгаатай (р<0.001) байв. Бидний судалгаагаар БХТ>3мм үзүүлэлт бүхий хүний хувь тохиолдлын бүлэгт 100%, хяналтын бүлэгт 75% байсан бол Pradeep AR зэрэг (18) эрдэмтдийн судалгаагаар 78% ба 53% байв. Lopez R зэрэг (23) эрдэмтдийн судалгаагаар БХТ (OR3.17; 95% CI:1.31; 7.65) зүрх судасны өвчний эрсдлийг нэмэгдүүлж байжээ. Бидний судалгаанд шүдний тулгуур эдийн бэхлэгдсэн холбоос алдагдах тусам зүрх судасны өвчний эрсдэл 2.84 (95% CI: 1.93, 4.18) дахин нэмэгдэж байв. Харин БХТ >4.5мм бүхий талын тоо зүрх судасны өвчинтэй шууд хамааралтай (OR1.72; 95% CI:1.35, 2.19) үр дүн гарлаа.

Зүрх судасны өвчтэй хүмүүсийн амны хөндийн эрүүл ахуйг үзлэгээр тодорхойлоход дундаж үзүүлэлт нь эрүүл хүмүүсийнхтэй харьцуулахад статистикийн хувьд ялгаатай (р<0.001) муу үр дүнтэй байв. Тохиолдлын бүлгийн хүмүүсийн бараг тал хувь (47.2%) нь “муу” үнэлгээтэй байхад хяналтын хүмүүсийн ихэнх (60.9%) нь “сайн” үнэлгээтэй байв. Гэтэл зүрх судасны өвчин оношлогдсон хүмүүсийн ихэнх (52.8%) нь өөрийн амны хөндийн эрүүл ахуйг “дунд”, 38.4% нь “сайн” гэж үнэлсэн байх юм. Амны хөндийн эрүүл ахуйн бодит байдал болон өөрийн үнэлгээг харьцуулж үзэхэд зүрхний ишеми өвчтэй хүмүүс амны хөндийн эрүүл ахуйгаа хэт үнэлсэн байхад эрүүл хүмүүс багаар үнэлжээ. 

Магадгүй энэ нь зүрх судасны өвчтэй хүмүүс амны хөндийн эрүүл ахуйдаа ач холбогдол өгч анхаарч үздэггүйтэй холбоотой байж болох юм.

Дүгнэлт:

  1. Зүрх судасны өвчтэй хүмүүсийн амны хөндийн эрүүл ахуйн үзүүлэлт “муу” (р<0.001) байв.
  2. Зүрх судасны өвчтэй хүмүүс цөөн шүдтэй, шүд буйлны эмгэг хөндийн гүний хэмжээ болон бэхлэгдсэн холбоосын алдагдал ихтэй (р<0.001) байна.

Талархал

Энэхүү судалгаа нь ММСС-ийн Эрүүл мэндийн төслийн тэтгэлгээр хийгдсэн болно. Судалгааг гүйцэтгэхэд дэмжлэг тусалцаа үзүүлсэн EPOS Health Management-ийн хамт олон, НАССгийн Эрдэмтдийн Зөвлөл, судалгаанд хамтран ажилласан судлаачид, судалгаанд хамрагдсан нийт хүмүүст гүнээ талархал илэрхийлье. 

 

 

 

Ном зүй

1. Эрүүл Мэндийн статистик үзүүлэлт. 2010 Улаанбаатар
2. Цэцэгдарь Г. Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах бодлого зохицуулалт (2000-2009). Монголын Анагаах Ухаан, 2010, №2 (152), 62-72.
3. Henry R. And Black M.D. Cardiovascular risk factors. Chapter 3. In the Book: Yale University School of Medicine Heart book. Medical editors: Barry L. Zaret M.D., Marvin Moser M.D., Lawrence S. Cohen M.D. 1992. US.
4. Libby P, Ridker PM, Maseri A. Inflammation and atherosclerosis. Circulation 2002;105:1135- 1143
5. Seymour GJ, Ford PJ, Cullinan MP, Leishman S, West MJ, Yamazaki K. Infection or inflammation: the link between periodontal and cardiovascular diseases. Future Cardiol 2009; 5: 5–9.
6. Demmer RT and Desvarieux M. Periodontal infections and cardiovascular disease: The heart of the matter. J Am Dent 2006; 137; 14S- 20S
7. Thompson SG, Kienast J, Pyke SD, Haverkate F, Van de Loo JC. Hemostatic factors and the risk of myocardial infarction or sudden death in patients with angina pectoris. European Concerted Action on Thrombosis and Disabilities Angina Pectoris Study Group. NEngl JMed 1995; 332:635-641.
8. Hokamura K, Inaba H, Nakano K, Nomura R, Yoshioka H, Taniguchi K. Molecular analysis of aortic intimal hyperplasia caused by Porphyromonas gingivalis infection in mice with endothelial damage. J Periodontal Res 2010;45:337–344.
9. Joshipura Kaumudi J., Hsin-Chia Hung, Eric B. Rimm, Walter C. Willett and Alberto. Periodontal Disease, Tooth Loss, and Incidence of Ischemic Stroke 2003; 34: 47-52
10. Latronico Matteo, Alessandro Segantini, Fabrizio Cavallini, Andrea Mascolo, Federico Garbarino, Sara Bondanza, Eugenio A. Debbia, Giorgio Blasi. Periodontal disease and coronary heart disease: an epidemiological and microbiological study. New Microbiologica 2007; 30, 221-228,
11. Geerts SO, Legrand V, Charpentier J, Albert A, Rompen EH. Further evidence of the association between periodontal conditions and coronary artery disease. J Periodontol 2004; 75:1274–1280
12. Holmlund A, Holm G, Lind L. Severity of periodontal disease and number of remaining teeth are related to the prevalence of myocardial infarction and hypertension in a study based on 4,254 subjects. J Periodontol 2006; 77:1173–1178
13. Bahekar AA, Singh S, Saha S, Molnar J, Arora R. The prevalence and incidence of coronary heart disease is significantly increased in periodontitis: A meta-analysis. Am Heart J 2007; 154:830–837
14. Grau AJ, Buggle F, Ziegler C et al. Association between acute cerebrovascular ischemia and chronic and recurrent infection. Stroke 1997;28:1724–1729.
15. Molloy J, Wolff LF, Lopez-Guzman A, Hodges JS: The association of periodontal disease parameters with systemic medical conditions and tobacco use. J Clin Periodontol 2004; 31: 625–632.
16. Syrjала АМ, Pekka Ylostalo, Sirpa Hartikainen, Raimo Sulkava and Matti L Knuuttila. Number of teeth and myocardial infarction and stroke
among elderly never smokers. Journal of Negative Results in BioMedicine 2009; 8: 6.
17. Joshipura KJ, Rimm EB, Douglas CW, Trichopoulos D, Ascherto A, Willet CW. Poor oral health and coronary heart disease. J Dent Res 1996; 75: 1631-1636.
18. Pradeep AR, Hadge P, Arjun Raju P, Shetty SR, Shareef K, Guruprasad CN. Periodontitis as a risk factor for cerebrovascular accident: a case–control study in the Indian population. J Periodont Res 2010; 45: 223–228.
19. Geismar Karen, Kaj Stoltze, Bjarne Sigurd, Finn Gyntelberg and Palle Holmstrup. Association Between Periodontal Disease and Coronary Heart Disease, J Periodontol 2006; 77:1547- 1554.
20. Starkhammar Johansson C, Richter A, Lundstro Ёma, Thorstensson H, Ravald N. Periodontal conditions in patients with coronary heart disease: a case–control study. J Clin Periodontol 2008; 35: 199–205.
21. Persson G. Rutger, Ola Ohlsson, Thomas Petterssond, Stefan Renvert. Chronic periodontitis, a significant relationship with acute myocardial infarction. European Heart Journal 2003; 24: 2108–2115
22. Yoko Oe, Hirofumi Soejima, Hideki Nakayamа,Takashi Fukunaga, Koichi Sugamura, Hiroaki Kawano, Seigo Sugiyama, Katsuhiko Matsuo, Masanori Shinohara, Yuichi Izumi, Hisao Ogawa. Signifi cant association between score of periodontal disease and coronary artery disease. Heart Vessels 2009; 24:103–107
23. Lopez R, Oyarzun M, Naranjo C, Cumsille F, Ortiz M, Baelum V. Coronary heart disease and periodontitis case control study in Chilean adults. J Clin Periodontol 2002; 29: 468–473.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Д.Нарантуяа


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1560
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК