Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 1(163)
Умайн хүзүү, хөхний өмөнгийн онош хожимдолтын шалтгааныг хавдрын тусламж үйлчилгээний байдалтай уялдуулан судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

С.Түвшингэрэл1, О.Чимэдсүрэн2

1Хавдар Судлалын Үндэсний Төв, 2Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, ЭМШУИС

 
Абстракт

Background

The prognosis of breast and cervical cancer is relatively good if they are diagnosed at early stages. In Mongolia, however the survival rate of these cancers has been lower than in developed countries. Prevalence of late diagnoses of breast and cervical cancer is one of the most significant factors of the low survival rate of cancer patients in Mongolia. In this study, we sought to determine (1) the delay in diagnosing related with patient and (2) delay in treatment related with medical care including possible risk factors.

Goal

To study the diagnosis delay of breast and cervical cancers related to medical care system.

Methods

Breast and cervical cancer patients treated in the inpatient wards of National Cancer Center completed a study questionnaire on the first symptoms, timeline of medical care, and socio-demographic information. Diagnostic delay related with patient is indicated by extension of time interval of 30 days between the first symptoms and the first medical consultation. Diagnostic delay related with medical care system is indicated by extension of time interval of 30 days between the first medical the consultation and the first diagnosis. The delays of time were analyzed using the Mantel-Haenszel test.

Results

The mean value of cervical cancer patient delay was 1.7 months. 40% of the patients were diagnosed later than 1 month failing to seek medical assistance as soon as the first symptom has been found (p=0.03). But the mean value of breast cancer patient delay was 2.1 months and 57% of patients were diagnosed later than 1 month. Diagnostic delay was associated with lack of diagnostic capacity of general practitioners and of province and district hospitals (p=0.001).

Conclusions

Delays occur in all stages of the diagnostic process. Our results may represent an important tool in guiding the actions for an early diagnosis of cervical and breast cancers. There is a need for improving breast and cervical cancer awareness and training of general practitioners to reduce breast and cervical cancers mortality by promoting early detection.

Оршил

Монгол эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүү, хөхний өмөн зонхилон тохиолдсоор байна [1]. 

Умайн хүзүү, хөхний өмөн нь бусад байрлалын хорт хавдруудтай харьцуулахад оношийг эд эсийн шинжилгээгээр батлах төдийгүй эрт илрүүлж, төгс эмчлэгдэх боломжтой, тавилан сайтай хавдрууд юм [2]. Онош хожимдол гэдэг нь шинж тэмдэг илэрч эмнэлэгт үзүүлснээс хойш онош батлагдах хүртэлх хугацаа уртсахыг хэлэх бөгөөд зөвхөн хувь хүний нийгэм эдийн засгийн байдал, боловсрол, итгэл үнэмшил төдийгүй нөгөө талаас эрүүл мэндийн тогтолцооны бүтэц зохион байгуулалт, эмч, эмнэлгийн ажилчдын мэдлэг, хандлагаас шалтгаалдаг [3]. Иймээс онош хожимдолтын шалтгааныг тусламж үйлчилгээний байдалтай уялдуулан судлах нь эрт илрүүлэлтийн үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулахад түлхэц болохуйц мэдээллийг бүрдүүлнэ гэж үзэж байна.

Зорилго

Умайн хүзүү, хөхний өмөнгийн онош хожимдолтын шалтгааныг хавдрын тусламж үйлчилгээний байдалтай уялдуулан судлах

Зорилт

  1. Умайн хүзүү, хөхний өмөнгийн онош хожимдолтыг өвчтөнөөс өөрөөс хамаарал тай эсэх ийг тогтоох
  2. Умайн хүзүү, хөхний өмөнгийн онош хожимдолтыг хавдрын тусламж үйлчилгээтэй холбоотой эсэхийг тогтоох, санал боловсруулах

Материал, арга зүй

Судалгааны арга, аргачлалыг ЭМШУИСийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Эрдэмтдийн Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ЭМЯ-ны Анагаах Ухааны Ёс Зүйн Хяналтын Хорооны хурлаар хэлэлцүүлж судалгаа хийх зөвшөөрөл авсан.

2011 оны 4 сараас 7 сар хүртэлх хугацаанд Хавдар Судлалын Үндэсний Төвд (ХСҮТ) умайн хүзүү ба хөхний өмөнгөөр өвчилж эмчилгээ хийгдэж байсан 60 эмэгтэйг  хамруулан шууд ярилцах замаар асуумжийн аргаар мэдээлэл цуглууллаа. Умайн хүзүү, хөхний өмөнгийн зовиур илэрснээс хойш эмнэлэгт анх үзүүлэх  хүртэлх хугацааг өвчтөний хожимдол (>30 хоног), эмнэлэгт анх үзүүлснээс хойш эцсийн онош тавигдах хүртэл хугацааг оношийн хожимдол (>30 хоног) гэж авч үзэв [4].

Онош хожимдсон бүлэг болон хожимдоогүй бүлгийн хооронд амьдарч байгаа бүс нутаг, нас, боловсрол, ажил мэргэжлийн байдал, хөх умайн хүзүүний өмөнг эрт  илрүүлэх талаарх мэдлэг, хорт хавдрын урьдал эмгэгтэй байсан эсэх, анх ямар эмнэлэгт үзүүлсэн, тухайн эмнэлэгт эд эсийн шинжилгээ хийгдсэн эсэх, үзүүлсэн тусламж үйлчилгээ ялгаатай эсэхийг Mantel- Haenszel тестээр тодорхойлов [5].

Үр дүн

1. Умайн хүзүүний өмөн

Судалгаанд 24-57 насны умайн хүзүүний өмөнгөөр өвчилсөн 30 эмэгтэй хамрагдсан бөгөөд дундаж нас 41.3 байв. Эмэгтэйчүүдийн эмнэлгийн байгууллагад анх хандсан болон хэд хэдэн эмнэлгээр дамжсан нь найман өөр байдалтай байна. Үүнд анх шинж тэмдэг илэрсний дараа өрхийн эмнэлэгтээ хандсан эмэгтэйчүүдийн 2 нь буюу судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 7 хувь нь аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандаад дараа нь Хавдар судлалын үндэсний төвд хандсан байхад, өрхийн эмнэлэгт хандсны дараа шууд ХСҮТ рүү 1 эмэгтэй буюу 3 хувь хандсан байна. Харин шинж тэмдэг илэрэнгүүт нийт оролцогчдын 40 хувь нь хувийн хэвшлийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандсан байхад 17 увь нь ХСҮТ –д шууд хандсан байна.


 

Судалгаанд оролцогчдын дунд оношийн хожимдол 40 хувьд нь тохиолдсон бөгөөд дунджаар 1.7 сар алдаж эмнэлэгт хандсан ба хамгийн их хугацаа алдсан нь 11 сар, хамгийн бага нь 6 хоног байлаа (Table 2).

Өвчтөний онош хожимдол умайн хүзүүний өмөнгийн үед илрэх шинж тэмдгийн улмаас эмнэлэгт хандсан 22 эмэгтэйн дундаж нас (p=0.7), оршин суугаа газар (p=0.48), боловсрол (p=0.12) болон ажил эрхлэлтийн байдлын (p=0.17) хувьд ялгаагүй байна.

Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний өмөнгөөс урьдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй эсэх нь өвчтөний онош хожимдолтой холбоогүй (p=0.19) байхад зовиур эхлэнгүүт эмнэлэгт хандаагүй нь гол шалтгаан (p=0.03) болж байна (Table 3). 

Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 10 буюу 33 хувьд оношийн хожимдол байсны хожимдсон хугацааны голч нь 1.9 сар, хамгийн их хугацаа алдсан нь 2.7 сар, хамгийн бага нь 1 хоног байлаа (Table 2).

Анх аль шатлалын эмнэлэгт хандах нь оношийн хожимдолд хүргэх шалтгаан болж чадахгүй байна (p=0.052), харин тухайн үзүүлсэн эмнэлэгт умайн хүзүүний эд эсийн шинжилгээ хийлгэсэн эсэх (p=0.001), авсан арга хэмжээ, зөвлөлгөө зэргээс шалтгаалж байна (Table 4).

2. Хөхний өмөн

Хөхний өмөнгөөр өвчилсөн 29-79 насны 30 эмэгтэй хамрагдсан ба дундаж нас 50.5 байв. 

Эмэгтэйчүүдийн эмнэлгийн байгууллагад анх хандсан болон хэд хэдэн эмнэлгээр дамжсан нь долоон өөр байдалтай байна. Үүнд анх шинж тэмдэг илэрсний дараа өрхийн эмнэлэгтээ хандсан эмэгтэйчүүдийн 3 нь буюу судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 10 хувь нь аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандаад дараа нь ХСҮТ-д хандсан байхад, өрхийн эмнэлэгт хандсны дараа шууд ХСҮТ-д 5 эмэгтэй буюу 17 хувь хандсан байна. Харин шинж тэмдэг илэрэнгүүт нийт оролцогчдын 33 хувь нь ХСҮТ –д шууд хандсан байна.

Хөхний өмөнгөөр өвчилсөн эмэгтэйчүүдийн дунд өвчтөнөөс хамаарсан онош хожимдолт 57 хувьд нь байсан бөгөөд онош хожимдсон хугацааны голч нь 2.1 сар байсан бөгөөд хамгийн их хугацаа алдсан нь 23 сар, хамгийн бага нь 9 хоног байлаа (Table 6). 

Хөхний өмөнгийн үед илрэх шинж тэмдгийн улмаас эмнэлэгт хандсан 29 эмэгтэйн дундах өвчтөнөөс хамаарсан онош хожимдолт нас (p=0.8), оршин суугаа газар (p=0.07), боловсрол (p=0.4) болон ажил эрхлэлтийн байдлын (p=0.6) хувьд ялгаагүй байна.

Эмэгтэйчүүдийн хөхний өмөнгөөс урьдчилан сэргийлэх болон хөхөө өөрөө шалгах аргыг мэддэг эсэх нь өвчтөний онош хожимдолтой холбоогүй (p=0.9) байхад хөхний өмөнгийн шинж тэмдэг мэдэгдэж эхлэнгүүт эмнэлэгт хандаагүй нь гол шалтгаан (p=0.0001) болж байна (Table 7).

Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 13 буюу 43 хувь нь оношийн хожимдолтой байсны хожимдсон хугацааны голч нь 1.3 сар, хамгийн их хугацаа алдсан нь 16 сар, хамгийн бага нь 9 хоног байлаа (Table 6).

Эмэгтэйчүүдийн анх аль шатлалын эмнэлэгт хандах нь онош хожимдолтонд хүргэх шалтгаан болж чадахгүй байна (p=0.7), харин анх үзүүлсэн эмч онош тогтоохоор эд эсийн шинжилгээ авсан эсэх (p=0.007), ямар зөвлөгөө өгсөн зэргээс шалтгаалж байна (Table 8).

Хөхний өмөнгийн шинж тэмдэг илэрснээс хойш дүүргийн эмнэлгээр дамжин ХСҮТ-д ирж оношлуулахад хугацаа алдаж байгааг (p=0.001) Figure 1-д үзүүлэв.

Хэлцэмж

Манай оронд өмнө хийгдсэн судалгааны [6] үр дүнгээс харахад умайн хүзүүний өмөнгөөр өвчилсөн эмэгтэйчүүдийн 32.7 хувь нь анх эмнэлэгт үзүүлснээс хойш 1 сарын дотор нарийн мэргэжлийн эмчид хандаж байгаа нь харагдаж байгаа ч 64 хувьд нь 2-6 сарын дараа эмчилгээнд орж байгаа нь 2-6 сараар хожигдож эмчилгээнд орж байна гэжээ.

Энэхүү судалгааны үр дүн дээрхээс 2 дахин бага байгаа нь өмнөх судалгаанаас хойш умайн хүзүү, хөхний өмөнгөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үйл ажиллагаа өргөжиж хүн амын дунд сургалт сурталчилгаа сайжирсантай холбоотой байж болох юм.

Эмэгтэйчүүдэд тохиолдох энэхүү хоёр өмөнгийн үед илрэх шинж тэмдэгүүд нь өвчин нилээд даамжирсан шатанд илэрдэг тул өвчтөн шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандана гэдэг нь нэгэнт хугацаа алдсныг сануулж байгаа юм.

Эрүүл мэндийн тусламжийн байгууллагуудын умайн хүзүү, хөхний өмөнг оношлох чадавхи хангалтгүй байгааг энэхүү судалгаа дахин баталж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хөх, умайн хүзүүний өмөнгөөр өвчилсөн хүмүүст дараагийн шатны эмнэлэгт илгээх бичиг хийж өгөхөөс өөр үйлчилгээ байхгүй байхад эмэгтэйчүүдийн хувийн хэвшлийн эмнэлэгт онош тогтоохоор шинжилгээ авч иргэдэд үйлчилж байгаа нь умайн хүзүүний өмөнг хугацаа алдахгүй оношлоход сайнаар нөлөөлж байна.

Аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд мөн л онош тогтоохоор эд эсийн шинжилгээ авах нь маш ховор байгаа нь тухайн эмнэлгүүдэд эмгэг судлаач эмч ажилладаггүйтэй холбоотой ба ялангуяа энэ байдал Улаанбаатар, алслагдаагүй аймгуудад ажиглагдаж байна.

Өндөр хөгжилтэй орнуудад умайн хүзүү, хөхний өмөнгийн эрт илрүүлэх үзлэгийн үйл ажиллагаа тогтворжсон тул тэдний онош хожимдолтой холбоотой судалгааны үр дүнтэй өөрсдийн судалгааг жиших нь төдийлөн ач холбогдол багатай юм.

Умайн хүзүү, хөхний өмөнгийн эрт илрүүлэх үзлэг шинжилгээний тогтолцоог орон даяар бий болгон өрхийн эрүүл мэндийн төв, нийгмийн эрүүл мэндийн төвүүдийн оношлох чадавхийг нэмэгдүүлэхээр олон мэргэжилтнүүдийг сургаж мэргэшүүлж байгаа нь маш сайшаалтай юм.

Энэ тогтолцооны хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зорилтот бүлгийн эмэгтэйчүүдээс умайн хүзүүний эсийн шинжилгээ авдаг болох бөгөөд аймаг дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төвд энэхүү эсийн шинжилгээг оношлох эс судлаач нар ажиллах юм. Хөхний өмөнгийн хувьд аймаг дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төвд эдийн шинжилгээ хийх чадавхитай болж байгаа юм. Гэвч зорилтот бус бүлгийн насны эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хөх, умайн хүзүүний өмөнгийн хожуу оношлогдох асуудал байсаар байхыг үгүйсгэхгүй юм. Иймд өрх, сумын эмнэлэг, дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын эдгээр өмөнгийн талаарх сэрэмжийг дээшлүүлэх, тэдний сургалтын хэрэгцээг тодорхойлж, тогтмол сургалтанд хамруулах, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт эс, эд судлаач эмчийг тогтвортой ажиллуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна.

Нөгөө талаас зөвхөн улсын эрүүл мэндийн байгууллагуудад ачааллыг үүрүүлэх нь төдийлөн үр дүнтэй биш байгаа нь энэхүү судалгааны үр дүнгээр батлагдаж байна. Эмэгтэйчүүдийн хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хөх, умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэх үзлэгийн төлбөрийн тодорхой хувийг эмэгтэй өөрөө төлж, үлдсэн хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь маш чухал байна. 

Ингэснээр тухайн хувийн хэвшлийн эмнэлэг ашиг орлогоо нэмэгдүүлэхээр эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт олноор хамруулах ба нөгөө талаас эрүүл мэндийн даатгалыг хэдэн жилээр төлсөн ч үр шимийг нь хүртэж чаддаггүй тогтолцооны гажуудлыг бага ч болов засах юм. 

Одоог хүртэл Эмгэг судлалын салбарын бүртгэл мэдээлэл цахимжаагүй байгаа нь хорт хавдрын бүртгэлийн цөм болсон эмгэг судлалын лабораториудаас мэдээлэл авах үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар байна.

Цаашид цахим мэдээллийн санг ашиглан энэхүү судалгааг нарийвчлан тогтмол хийх шаардлагатай байна.

Дүгнэлт:

  1. Умайн хүзүү, хөхний өмөнгийн шинж тэмдэг мэдэгдэж эхлэнгүүт эмнэлэгт хандахгүй байгаа нь өвчтөний оношийн хожимдолтын шалтгаан болж байна.
  2. Умайн хүзүү, хөхний өмөнгийн онош хожимдолтонд өрх, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт эд эсийн шинжилгээ хийж онош тогтоодоггүй, хавдрын сэжигтэй тохиолдолд зөв арга хэмжээ авах, зөвлөгөө өгөх дадлага хангалтгүй байгаа нь нөлөөлж байна.

Талархал

Энэхүү судалгааг Монголын мянганы сорилтын сан эрүүл мэндийн төслийн санхүүжилтээр хийсэн бөгөөд судлаачдын зүгээс гүн талархлаа илэрхийлж байна.

Ном зүй

1. Tuvshingerel S, Cancer Incidence and Mortality in Mongolia – National Registry Data, Asian Pacific J Cancer Prev, 2011, 1509-1514
2. Хорт хавдраас сэргийлэх хянах дэд хөтөлбөр. 2008-2013
3. Unger-Saldaсa K, Infante-Castaсeda, C. Delay of medical care for symptomatic breast cancer: A literature review. Salud Publica Mex 2009;51 suppl 2:S270-S285.
4. Mohamed Berraho, Majdouline Obtel, Sociodemographic factors and delay in the diagnosis of cervical cancer in Morocco, Pan African Medical Journal 2012; 12:14
5. Mantel H, Haenszel W. Statistical aspects of the analysis of data from retrospective studies of disease. J Natl Cancer Inst 1959;22: 719-48.
6. Д.Авирмэд, Умайн хүзүүний өмөнгийн онош хожимдлын шалтгааныг судалсан дүн, МАУ сэтгүүл, 2007, No4, x.24-27.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Д.Авирмэд


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 787
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК