Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 2(164)
Угалзын нурууны тарваган тахлын зарим агуулагч амьтдын тархалтыг уур амьсгалын өөрчлөлттэй холбон судалсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Н.Сумьяабазар1, О.Мөнхбат1, Т.Дэлгэрмаа3, Б.Батжав2

1Говь-Алтай аймгийн ЗӨСТ, 2ЗӨСҮТ, 3Говь-Алтай аймгийн УЦУОША

 
Абстракт

Climate: Studies show that it is get warmer 2.10C in Mongolia in last 40 years. It influences ecology and decreased ecology event, succession action in ecosystem. It is interesting to study how climate change damage animal’s biology and ecology. The survey on changing ecology is rare conducted in Mongolia. Year average air temperature in Govi-Altai province got warmer 1.20C in last 30 years. Monitoring agency for meteorology and environment of Govi-Altai aimag summarized air temperature 1980-2009 (4-9 months) and it is got warmer 2.00C in Tonkhil soum.

Plants: According to our research, at the above sea level around 2229-2600m dry steppe, at a.s.l 2601-2800m in steppe and water-meadow steppe at a.s.l 2801m high mountain steppe, zone plants grow. At the report of research for motion and episodic in epicenter of the marmot plague (1987-1991) aspect of plants figure by J.Batbold warm weather influence plants grow at around 100m.

Animal spreading: In 1987-1991 M.sibirica spread almost part, S.erythrogenus above sea level 2300m in Ugalz mountains. Places where marmots live don’t have any marmots such as Alagiin hooloi, number of marmot is dramatically decreasing last years. It is related to climate change and hunting. Plants are changed due to influence climate animals in desert, dry steppe spread in Ugalz mountains and above sea level 2550m S.erythrogenus are according to the research, E.luteuse are spreading in front area of the Ugalz mountains, S.erythrogenus are spreading back of the Ugalz mountains.

Pp.11-18, Tables 3, Figures 6, Maps 2, References-14

Үндэслэл: Манай орон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг бөгөөд уур амьсгал хурдацтай өөрчлөгдөж байгаа орны тоонд ордог. Монголд жилийн агаарын дундаж температур 2.10С-ээр нэмэгдсэнийг судлаачид тэмдэглэсэн байдаг. Монголд төдийгүй дэлхий нийтэд цаг уурын өөрчлөлт хурцацтай явагдаж байгаа гэж олон улсын эрдэмтэн судлаачид батлан өгүүлсэн байдаг. Энэхүү цаг уурын өөрчлөлтийн үр дүнд монгол оронд байгаль орчин экологид сукцесийн үзэгдэл нэн эрчимтэй ажиглагдаж байгааг манай орны судлаачид, төсөл хэрэгжүүлэгч багийн судалгааны дүн харуулж байна. Байгаль орчны энэхүү өөрчлөлт байгалийн голомтот халдварт өвчний үүсгэгч, дамжуулагч, агуулагчид хэрхэн нөлөөлж буй нь ихээхэн сонирхолтой асуудал юм. Уур амьсгалын өөрчлөлт амьтдын биологи, экологид ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа талаарх судалгаа манай оронд ховор байна.

Ялангуяа тарваган тахлын агуулагч амьтдад хэрхэн нөлөөлж байгаа талаар хийсэн судалгаа бараг байхгүй байгаа ба биоценологийн энэхүү өөрчлөлт тарваган тахлын агуулагч амьтад болох мэрэгч, туулай хэлбэртэн амьтдын тархалт, тоошилд хэрхэн өртөж байна вэ? гэсэн асуулт тодорхой хариултгүй хэвээр байна.

Тарваган тахлын байгалийн голомтод нарны  идэвхижилт, цаг уурын гангийн үзэгдэл нөлөөлдөг талаар судлаачид тэмдэглэсэн байдаг. Тарвага, зурам, огдой зэрэг мэрэгч, туулай хэлбэртэн нь тарваган тахлын идэвхитэй агуулагч амьтад болдог. Үүнээс тарвага, зурмыг ахуйн зорилгоор агнадаг амьтад учраас эпизоотологийн холбогдолтой мэрэгчид юм.

Угалзын нурууны өр голомтод 1986, 1990, 2001 онуудад тарваган тахлын хүний өвчин 3 удаа гарч 9 хүн өвчилж, 1 хүн нас барсан байдаг. Энэ голомтод тарваганы тоошил сүүлийн жилүүдэд огцом буурч агнуурын хорионы дүнд тодорхой хэмжээгээр тоо толгой өсөх хандлагатай байгаа бөгөөд үүний зэрэгцээ тарвага агнуур ч нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. 

Судалгааг Говь-Алтай аймгийн Тонхил сумын Угалзын нуруунд 930301-930521 уртраг, 460501- 460051 өргөргийн хоорондох талбайд хийлээ. Хамрагдсан газар нь өндөр уулын хээрийн бүдүүн ялзмагт, хээрийн хар хүрэн, цөлөрхөг хээрийн бор хөрст гэсэн 3 биотоптой, далайн түвшинээс 2300-3228 м өргөгдсөн уул нуруу, хөндий хоолой, цав толгод бүхий ландшафттай нутаг юм. Говь-Алтай аймгийн Тонхил сумын Угалзын нуруунд 1987-1991 онд хийгдсэн “Тарваган тахлын байгалийн голомтын эпизоотийн хөдлөл зүй” суурин судалгааны мэдээ баримтад түшиглэн, 2011-2012 онд хийсэн “Уур амьсгалын өөрчлөлт болон үүсгэгч нь дамжуулагчаар дамжих халдварт өвчний хяналтыг сайжруулах нь” төслийн хүрээнд хийсэн судалгааны дүнтэй харьцуулан эргэмж судалгаа хийж уур амьсгалын өөрчлөлт тарваган тахлын зарим агуулагч амьтдын тархалтад хэрхэн нөлөөлж байгааг судлах нь зүйтэй гэж үзлээ.

Зорилгo

Угалзын нурууны уур амьсгалын өөрчлөлт, ургамал, амьтдын тархацад хэрхэн нөлөөлснийг судлан үзэхийг зорилоо.

Mатериал, арга зүй

Угалзын нуруунд 1987-1991 онд хийсэн “Тарваган тахлын байгалийн голомтын эпизоотын хөдлөл зүй” судалгааны мэдээ баримт, 2011-2012 онд хийсэн “Уур амьсгалын өөрчлөлт болон үүсгэгч нь дамжуулагчаар дамжих халдварт өвчний хяналтыг сайжруулах нь” төслийн хүрээнд хийсэн судалгааны тайлан, Говь-Алтай аймгийн БГХӨСТ-ийн мэдээ баримтыг харьцуулан судаллаа. Түүнчлэн Тонхил сумын Цаг уурын станцын мэдээ, судалгааны талбайд цуглуулсан мэдээг нэгтгэн боловсруулалт хийлээ.

Ургамлын зүйлийн бүрдэл, арвийг тогтоох судалгааг өндөршлийн дагуу 10 цэгт газарт хийж, ургамлын хатаадас, газрын дээрх биомассыг 1 метр квадрат талбайгаас  хайчлан авч хуурай, нойтон жингийн зөрүүгээр тооцсон.

Тарваган тахлын агуулагчдын судалгааны мэдээллийг БГХӨСҮТ-өөс гаргасан арга зүйн дагуу GPS ашиглан цуглуулж харьцуулан судаллаа. Судалгааны материалд MICROSOFT EXCEL, WORD, GOOGLE ART программыг ашиглан боловсруулалт хийв.

Cудалгааны дүн

Угалзын нуруу нь өндөр, Монгол алтайн нурууны үргэлжлэл ба уулын хээрийн бүдүүн ялзмагт, хээрийн хар хүрэн, цөлөрхөг хээрийн бор хөрст биотоптой, уул нуруу, хөндий хоолой, цав толгод бүхий ландшафттай нутаг. Бидний судалгаа нь 1987-1991 онд тарваган тахлын байгалийн голомтын эпизоотын хөдлөл зүйг судлах суурин судалгаанд хамрагдаж байсан талбайг хамруулан “Уур амьсгалын өөрчлөлт болон үүсгэгч нь дамжуулагчаар дамжих халдварт өвчний хяналтыг сайжруулах нь” төслийн хүрээнд д.т.д 2270-3228 метрт өргөгдсөн талбайд хийхээр сонгон авсан 54000 га талбайгаас мэдээлэл цуглуулсан (Map 1).

Говь-Алтай аймгийн биоценозод А.Г.Банников (1954) Говь-Алтай аймагт 25 зүйлийн туулай хэлбэртэн, мэрэгчид тэмдэглэгдсэн байдаг ба БГХӨС Байгууллагын (хуучин нэрээр) судалгаагаар Угалзын нурууны орчимд тарваган тахлын агуулагч болох M.sibirica, S.undulatus, S.erytrogenus, O.pallasi, O.daurica, A.barakshin, A.argentatus, A.strelzovi, M.gregalis, P.sungorus, A.sibirica, L.brandti, E.luteuse зэрэг 13 зүйлийн мэрэгч, туулай хэлбэртэн, M.eversmanni, M.erminae, V.corsac зэрэг махан идэшт амьтан, тэдгээр амьтдад 32 зүйлийн бүүрэг тархсаныг тогтоосон байдаг.

Үр дүн

Цаг уур: Тонхил суманд 2011-2012 онд агаарын жилийн дундаж температур -0,20С байв. “Говь-Алтай аймгийн агаарын жилийн дундаж температур сүүлийн 30 гаруй жилд 1.2°С-ээр дулаарсан байна. Тонхил суманд 1980-2009 оны хооронд 7 дугаар сард агаарын температур 2.10C-аар дулаарсан байна”. Монгол орны хэмжээнд явагдаж буй дулааралтай харьцуулбал Говь-Алтай аймгийн дулаарал харьцангуй бага байгаа хэдий ч гандуу байх, хэт халах үзэгдэл 1990 оноос нилээд өндөр давтамжтай байна. Говь-Алтай аймгийн Тонхил суманд сүүлийн 30 шахам жилийн 7 дугаар сарын агаарын дундаж температур Монгол орны нутаг дэвсгэр дээрх сүүлийн 30 жилийн агаарын дундаж температуртай ойролцоо байна. Ийм учраас агаарын дундаж температур ичдэг мэрэгчтэн, туулай хэлбэртэн амьтдын тархалтад үзүүлэх нөлөөллийг судлан үзэхэд өндөр ач холбогдолтой.

Агаарын дундаж температурын дулааралтыг арав арван жилээр хэрхэн өөрчлөгдөж байгааг Хүснэгт 1, Зураг 1-д үзүүлэв.

 

Агаарын температурын дулааралт 1990-2000 оны хооронд эрчимтэй нэмэгдэж байсан бол 2000 оноос хойш дулаарах эрчим буурсан байна. Харин агаарын дундаж температурын өөрчлөлт 15 жилээр авч үзвэл 1980-1995 оны хооронд 0.10С, 1996-2011 онд 0.90С-ээр тус тус дулаарчээ.

1980-2011 оны агаарын жилийн дундаж температур 0,50С-ээр дулаарсан байна (Зураг 1).

Дээрх хүснэгтээс харахад 1995-2011 онд агаарын температур нэлээд эрчимтэй дулаарсан байгаа нь харагдаж байна. Тухайлбал 4-р сард 1,80С, 6- р сард 1,70С, 7-р сард 2,10С, 8-р сард 1,50С-ээр дулаарсан байна (Зураг 2, 3 ).

Тонхил суманд 2000 оноос хойш 7 удаа гангийн хэмжээнд хүрснийг аймгийн цаг уурын албаны мэдээнд тэмдэглэжээ. Ингэж хуурайшиж байсан нь цөлжих эрчмийг нэмэгдүүлж зарим биотопуудад экологийн сукцессийн үзэгдлийг хурдасгаж байна.

Агаар мандлын гангийн индексийн олон жилийн явцаар индексийн утга нэлээд эрчимтэй өссөн харагдаж байна (Зураг 4). Хүснэгт 1, 2 болон агаар мандлын гангийн индексээс харахад 1995- 2011 оны хооронд хавар, зуны улиралд агаарын температур нэмэгдэж гангийн үзэгдэл давтагдаж байгаа нь тухайн бүс нутагт цөлжилтийг хурдасгах хүчин зүйл болж байна. Цөлжих явц нь бүс нутгийн ургамалжилт, амьтдын тархацад ихээр нөлөөлдөг.

Ургамалжилт: Угалзын нурууны ургамалжилтыг 1987-1991 оны суурин судалгаагаар “Далайн түвшнээс 2270-3228 метрт өргөгдсөн талбайд судалгаа хийхэд 2300-2500 метрт цөлөрхөгхуурай хээр, 2501-2700 метрт агь-үетэналаг өвст хээр, 2701-2800 метрт үетэн-алаг өвст хээр, 2801-ээс дээш метрт болон голын хөндийд улалж- алаг өвст нугархаг хээрийн ургамалжилттай” (Ж.Батболд нар., 1996) гэж ургамлын хэв шинжээр ангилсан байдаг.

Бидний судалгаагаар далайн түвшнээс дээш (д.т.д) 2229-2600 метр орчимд дэгнүүлт үетэнт цөлөрхөг хээр, үетэн-алаг өвст, хялганат хуурай хээрийн, 2601-2800 метр  орчимд агь, үетэн-алаг өвст хээр ба нугархаг хээрийн, 2801 метрээс дээш өндөрт өндөр уулын хээрийн алаг цоог царамын бүсийн ургамалжилтай байна (Хүснэгт 3). Иймд хөрс, ургамлын талаарх судалгааг нарийвчлан хийх шаардлага, хэрэгцээ урган гарч байна.

Тарваган тахлын байгалийн голомтын эпизоотын хөдлөл зүйн суурин судалгааны тайлан (1987-1991) болон Ж.Батболд нарын (1996) Угалзын нурууны ургамалжилтын хэв шинжийг ангилсан байдлыг 2011, 2012 оны ургамалжилтын байдалтай харьцуулан (Хүснэгт 1) үзэхэд дулаарлын нөлөөгөөр дэгнүүлт үетэнт цөлөрхөг-хуурай хээр, үетэн-алаг өвст, хялганат хуурай хээр, агь-үетэнт-алаг өвст эвшил уулын хээрийн ургамалжилт 100 орчим метрийн өндөрт тохиолдох болжээ.

Амьтдын тархац: Угалзын нуруунд 1987-1991 оны үед монгол тарвага (M.sibirica) нэлэнхүй тархацтай, бозлог зурам (S.erythrogenus) д.т.д 2300 метр хүртэлх өндөрт тархсан байжээ. Харин бидний судалгаагаар Дулаарлаас үүдэлтэй хуурайшилтаас шалтгаалж ургамлан нөмрөг өөрчлөгдөж бозлог зурам (S.erythrogenus), шар ов (E.luteuse), шар цэцүүл (M.meridianus) зэрэг цөлөрхөг, хуурай хээрийн гол төлөөлөгч амьтад Угалзын нуруунд дэлхэц нутгаа тэлж тархсан ба д.т.д 2550 хүртэлх өндөрт S.erythrogenus тохиолдох болсон байна. Угалзын нуруунд тарвага өндөршлийн дагуу янз бүрийн нягтшилтай тархаж байсан ба тарваганы дэлхэц нутаг хумигдаж өмнө тарвагатай байсан Алагийн хоолой огт тарвагагүй болсон нь бидний судалгаагаар тогтоогдлоо. Судалгаанаас харахад Угалзын нурууны өвөр талаас шар ов (E.luteuse), ар талаас бозлог зурам (S.erythrogenus) түрж тархсан байна.

Угалзын нуруунд тарваган тахлын агуулагчдаас монгол тарвага (Marmota sibirica)-ны тархалт далайн түвшнөөс дээш (д.т.д) 2500 орчим метрээс (Угалзын нурууны салбар болох Хараат, Ширээтийн уулсаар 2300м өндөрт тарваганы тархац эхэлдэг) эхлэн тарвага нэлэнхүй тархацтай ба дэгнүүлт үетэнт цөлөрхөг хээр, үетэн-алаг өвст, хялганат хуурай хээр бүхий д.т.д 2400-2600м өндөрт 1 га-д 0,1-0,3, үетэналаг өвст хээр ба нугархаг хээр бүхий д.т.д 2601-2800 м өндөрт 0,45-1,3, бушилз-ботуулт өндөр уулын хээрийн алаг цоог царам бүхий д.т.д 2800 дээш метрийн өндөрт 1 га-д 0,34-1,3 хүртэл нягтшилтай байв (Хүснэгт 4, Зураг 2).

2011 онтой харьцуулахад 2012 онд тарваганы тоо толгойд өсөлт, бууралт ажиглагдахгүй байна. Харин д.т.д 2600 хүртэлх метрийн өндөрт тоошил буурсан нь идэш тэжээлийн хомсдолтой холбоотойгоор (энэ жил Угалзын нуруунд гантай байв) өндөрлөг газартаа шилжин байршсан гэж үзэж болох ч 2600-гаас дээш өндөрт тарваганы тоо толгойд өсөлт гараагүй нь хулгайн агналт их байсныг харуулж байна. 

Монгол тарваганы тоо толгой сүүлийн жилүүдэд огцом буурахад агналт шалтгаалсан (Н.Сумьяабазар., 2007) боловч уур амьсгалын өөрчлөлтөөс давхар хамааралтай байгаа нь харагдаж байна. Хэдийгээр тарваганы тоо толгой агнуурын хорионы дүнд бага зэрэг өсөж байгаа боловч хуучин тархаж байсан Алагийн хоолойд тархаагүй байна. Алагийн хоолойд 1990-ээд оны дунд үеэс тарвагагүй болсон гэх нутгийн иргэдийн аман мэдээллийг (яг хэдийд тарвагагүй болсон нь тодорхойгүй) өгсөн. Энэ үед тарвага агнуур 2000 оны үеийнх шиг эрчимтэй байгаагүй. Тэгэхлээр орчны тааламжгүй нөхцлөөс шалтгаалан тарвага нүүн шилжсэн байх өндөр магадлалтай юм. Өөрөөр хэлбэл уур амьсгалын өөрчлөлт, дулаарлаас шалтгаалан тохиромжтой орчинд шилжин байршсан байна.

Угалзын өр голомтын тарваганы тоошил 1983-2012 онд хэрхэн өөрчлөгдсөн нь зураг 5 -аас харахад буурсан харагдаж байна.

Тарваганы тоо толгой буурсныг тарваган тахлын эпизоотын идэвхи өндөр байсантай холбон тайлбарлаж болох ч тоошил эпизоотын дараа популяци тоо толгойгоо богино хугацаанд нөхөн өсгөх байтал нягтшил өсөөгүй. Ийм учраас энэ хугацаанд уур амьсгал өөрчлөгдсөн эсэхийг судлахаар 1980-1995 оны Тонхил сумын 4-9 сарын агаарын дундаж температураас харахад 1.0-2.10С-ээр дулаарсан ба жилийн агаарын дундаж температур 0.90С болж нэмэгдэхэд тарваганы амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна (Зураг 6).

Угалзын өр голомтын тарваганы нягтшилыг 1983-2011 оны 4-9 дүгээр сарын агаарын дундаж температуртай харьцуулан үзэхэд 1996-2002, 2008 оноос шууд дундаас хүчтэй (r=0.5, r=0.9) хамааралтай байна. Эндээс харахад 1995 оноос дулаарлын нөлөөгөөр тарваганы тархацад өөрчлөлт гарч эхэлсэн байна.

Харин тарваган тахлын агуулагч амьтдад орчны олон жилийн дунджаас агаарын температур дулаарахад эерэг болон сөрөг нөлөөллийг үзүүлж байхад сул мэдрэх мэрэгчид байна.

Тухайлбал:

  • Урт сүүлт зурамны ареал далайн түвшнөөс дээш 2400 метрийн өндрөөс эхэлж, 2600-2800м өндөрт элбэг буюу 1 га-д 8,44 нягтшилтай, 2800-3014 м өндөрт 4,6 нягтшилтай, 2400-2600 м өндөрт 1,58 нягтшилтай, дунджаар 4,55 нягтшилтай.
  • Огдой агь-үетэн-алаг өвст хээр ба нугархаг хээрт цөөн бүлээр тохиолдож байв. Дэгнүүлт үетэнт цөлөрхөг хээр, үетэн-алаг өвст, хялганат хуурай хээрт уулын хажуу бэлээр элбэг байлаа. 

Тарвага, огдой, урт сүүлт зурамны ареал уг биотопын ихэнх газар давхацмал байдалтай. Мөн Алагийн хоолой хойд өргөргийн 46,04245, зүүн уртаргийн 93,7227, далайн түвшнөөс 2450- 2660 метрт хээрт урт сүүлт зурам (Spermophilus undulatus), бозлог зурам (Spermophilus erythrogenus), сибир алагдаага (Allactaga sibirica), намхан толгодын нугархаг хэсэгт монгол огдой (Ochotona pallasi), хад асганд нь хадны барагчин (Alticola argentatus), говь-алтайн барагчин (Alticola barakshin) зэрэг олон зүйлийн мэрэгч давхцсан ареал тохиолдлоо.

Олон жилийн дунджаас агаарын температур 0.90С-ээр дулаарахад M.sibirica-ны амьдрах орчинд маш хүчтэй сөргөөр нөлөөлж байхад Spermophilus erythrogenus,  E.luteuse гэсэн агуулагчдад тархац нутаг нэмэгдэж амьдрах таатай нөхцөл бүрдэж байна. Харин Spermophilus undulatus, Ochotona.sp.., Alticola. sp.. зэрэг агуулагчид сул мэдэрч байна.

Өмнөх суурин судалгааны үед энэ судалгааны талбайгаас олзворлогдоогүй бозлог зурам, шар чичүүл, шар ов нь цөлөрхөг, хуурай хээрийн амьтан гол төлөөлөгчид боловч судалгааны талбайд тархсан байгаа нь хуурайшилтын нөлөөгөөр ургамлын бүрхэвчинд өөрчлөлт гарсан болохыг илтгэж байгаа бөгөөд энд тархсан зүйлийн бүрдэл өөрчлөгдөж буйг харуулж байна.

Тухайлбал: Бозлог зурам цөлөрхөг, хуурай хээрийн амьтан ч 2450-2550 метрт буюу уулын хээрт тааралдаж байгаа нь хуурайшилтын нөлөөгөөр амьдрах орчны тааламжтай нөхцөл бүрдснийг илтгэж болох юм гэсэн таамаглалыг баталж байна. Мөн 2400 метрээс нам дор орших хөндий хоолой, тэдгээрийн дунд орших зарим цав толгод цөлжилтөнд илүүлтэй өртөж байгаа нь ажиглагдаж байна.

Мөн 1987-1990 онуудад суурин судалгааны үед Алагийн хоолойгоос монгол тарвага, монгол огдой, урт сүүлт зурам олзворлож байжээ. Харин бозлог зурам огт олзворлогдож байгаагүй бөгөөд эндээс 20 орчим км зайтай Хөтөл шандны хоолойгоос бозлог зурам олзворлогдсон байдаг. Бозлог зурам одоогоор Тонхил нуур, Хөтөл шандны хоолойгоос баруун тийш нилэнхүйдээ тархаж Алагийн хоолой, Угалзын ам хүрч Угалзын нурууны бэл хормойд хүрсэн байна. 

Тарваган тахлын агуулагчид дулаарлын нөлөөнөөс шалтгаалан тархац нутаг өөрчлөгдөж байгаа нь тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээг хийх арга зүй, үечлэл, хамрах хүрээ зэргийг өөрчлөх шаардлагатайг илтгэж байна. Тарваган тахал төдийгүй бусад амьтнаар дамжин халдварлах халдварт өвчний дамжуулагч, агуулагчийн судалгааны арга зүйг шинээр боловсруулан хэрэгжүүлж, орчны цаг уурын судалгааг хамт хийх зайлшгүй шаардлагатай байна.

Тарваган тахлын голомтын шинжилгээний үед хийгдэх судалгааны арга зүй, үечлэл, хамрах хүрээ зэргийг өөрчлөх нь тарваган тахал өвчин төдийгүй бусад амьтны гаралтай халдварт өвчний хяналтыг сайжруулах нийгэм эдийн засгийн хувьд хэмнэлттэй бодлогын чанартай алхам болно.

Хэлцэмж

Уур амьсгалын өөрчлөлт Монгол оронд эрчимтэй байгаа тухай судлаачид тэмдэглэсээр байдаг. “Уур амьсгалын эрсдлийн олон улсын үнэлгээгээр сүүлийн 20 жилд Монгол Улс дэлхийд хамгийн эмзэг 10 орны нэг болж байна”. Цаг уурын дулаарал манай орны бүс нутгуудад өөр өөр байгаа боловч Л.Нацагдорж, Д.Дагвадорж (2010) нарын судласнаар “Сүүлийн 70 шахам жилийн дотор Монгол орны нутаг дэвсгэр дээрх жилийн агаарын дундаж температур 2.140С-ээр дулаарчээ. Энэ бол дэлхийн дунджаас даруй 3 дахин эрчтэй дулаарч байна гэсэн үг. Мөн хур тунадасны өөрчлөлт Монгол орны хэмжээнд жил тутам 0,1-2,0 мм-ийн хурдтай буурч байна” гэж тэмдэглэжээ. Эдгээр судлаачдын тооцоолсноор 1980-аад оноос дулааралт эрчимтэй явагдаж байгаа, жилийн нийлбэр хур тунадасны олон жилийн явц 1990-ээд оноос огцом буурсан ба энэ хандлага ирээдүйд хэвээр хадгалагдана гэжээ. Монгол орны байгалийн бүс бүслүүрт дулааралт харьцангуй өөр өөр байгаа боловч энэхүү цаг уурын үл мэдэгдэм өөрчлөлт нь амьтдын тархалт, хөдлөл зүйд нөлөөлж байгаль экологид янз бүрийн өөрчлөлт гарч байна.

Угалзын нуруунд орших Тонхил сумын Цаг уурын станцын мэдээнээс харвал 1.1-2.10С-ээр агаарын дундаж хэм өссөн ба зарим тогтмол ундрагатай байсан булаг шанд ширгэсэн  байна. Энэ дулаарал нь Угалзын нуруу түүний ойр орчмын газар нутгийг уур амьсгалын өөрчлөлтөд хүргэж тухайн орчинд экологийн сукцессын үзэгдэл хурдацтайгаар явагдаж байна. Эндээс харахад Монгол Алтайн нуруунд уур амьсгалын өөрчлөлтөд их өртөж байна гэж үзэх үндэслэлтэй юм.

“Хиймэл дагуулын зураг, газрын мэдээллийг харьцуулан хийсэн судалгааны 1992, 2002 оны үр дүнгээс үзэхэд цөлийн, цөлөрхөг хээрийн бүсийн эзлэх талбай нэмэгдэж, хээрийн бүсийн хил зааг хойшоо шилжих дүр зураг харагдаж байна.

Түүнчлэн нийт бэлчээрийн талбайн 78,2 хувь нь дундаас дээш хэмжээний доройтолд орсон болохыг ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэд тогтоожээ. Бэлчээр доройтох нь ургамал нөмрөг сийрэгжиж ургац нь багасах, нэгж талбайд ургаж байгаа ургамлын төрөл, зүйлийн тоо хомсдох байдлаар илэрнэ”. Монгол Алтайн нурууны дунд хэсэгт орших Угалзын нуруу энэхүү агаарын температурын нөлөөгөөр цөлөрхөг хэв шинжийг илтгэсэн ургамлан бүрхэвч тэлжээ. 1987-1991 онд хийгдсэн судалгааны дүнтэй харьцуулахад босоо бүслүүрийн дагуу цөлөрхөг хээрийн ургамал түрж байгаа нь амьтдын тархалтад нөлөөлөх гарцаагүй зүйл боловч судалгаагаар батлах ёстой. Энэ талаар илүү нарийвчилсан судалгааг хийх шаардлага урган гарч байна. Бидний эхний судалгаагаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ургамлан бүрхэвч өндөршлийн дагуу цөлөрхөг хээрийн ургамал талбайгаа тэлж уулын хээрийн ургамлан бүрхвчийн талбай багассан байна. 

Ургамлан нөмрөг өөрчлөгдсөн нь зарим зүйл мэрэгчийн тархацад эерэг болон сөрөг нөлөөллийг үзүүлсэн байна. Цөлөрхөг хээрийн түлхүүр зүйлийн мэрэгчдийн тархалт ургамлын бүрхэвчийг даган тархжээ. Харин тарваган тахлын агуулагч тарваганы тархац, амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа нь тарваганы тоо толгой бууралтанд нөлөөлжээ гэж үзэх үндэслэл болж байна. Урт сүүлт зурам, огдойд агаарын температур олон жилийн дунджаас 2,10С-ээр нэмэгдэхэд сул мэдэрч байна. Дулаарлын үзэгдэл энэ хурдацтайгаар үргэлжлэх нь 20-30 жилийн дараа тарвагагүй болох магадлалтай.

Тарваганы тоо толгой буурсан байгаа нь тарваган тахлын халдварлах магадлал буурна гэсэн үг биш юм. Агуулагч амьтдын тоошил буурахад байгалийн голомтот талбай буурахгүй.

Харин бусад шинэ агуулагч амьтдад халдварлан тээгдэж голомтын талбайг тэлэх, халдварын эрсдлийг нэмэгдүүлэх боломжтой. Тарваган тахлын нянгийн хоруу чанар, тэсвэрлэх чадвар орчны өөрчлөлтөд хувирсан эсэх эргэлзээтэй. Ийм учраас байгалийн голомтот халдварт өвчний тарваганаас бусад агуулагч болон дамжуулагч үүсгэгчийн талаар өөр арга зүйг нэвтрүүлэн судлах шаардлага гарч байна.

Дүгнэлт: Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан экологийн сукцессийн нөлөө Угалзын нурууны тарваган тахлын агуулагчдын тархалтад хэрхэн нөлөөлснийг судлан  дараах дүгнэлтүүдийг гаргалаа. Үүнд:

  1. Тонхил суманд агаарын жилийн дундаж температур 1.10С-ээр нэмэгдэж, хавар, зуны улиралд 1-2.10С-ээр нэмэгдэж гангийн индекс өссөн байна.
  2.  Угалзын нуруунд уур амьсгалын өөрчлөлтөөр 2011-2012 оныг 1987-1991 онтой харьцуулахад ургамалан бүрхэвч өөрчлөгдөж цөлөрхөг хээрийн хэв шинжийг илэрхийлсэн ургамлын масс (нөмрөг) босоо бүслүүрийн дагуу 100 орчим метр дээшилсэн байна.
  3. Бозлог зурам (S.erythrogenus), шар ов (E.luteuse) зэрэг мэрэгчдийн амьдрах таатай нөхцөл бүрдэж, тархац нутгийг нэмэгджээ.
  4.  Олон жилийн агаарын дундаж температур 0.90С болж нэмэгдэхэд тарваганы амьдрах орчинд сөргөөр нөлөөлж бозлог зурам, шар ов гэх мэт мэрэгчдэд эерэг нөлөөг үзүүлж байна.
  5.  Тарваганы амьдрах орчинд сөрөг өөрчлөлт гарснаар дэлхэц нутаг хумигдахад хүрч агнуурын нөлөөтэй хавсран тоо толгой буурахад нөлөөлж, 1995 оноос дулаарлын нөлөөгөөр тарваганы тархацад өөрчлөлт гарч эхэлсэн байна.
Ном зүй

1. Я.Адъяа. Монгол тарвага., Улаанбаатар. 2000. х.84-88
2. А.Г.Банников. Млекопитающие МНР. Ленинград. 1954. хв625-630
3. Ж.Батболд, Ж. Батсуурь. Монгол тарвага., Улаанбаатар.1996.
4. Л.Нацагдорж, Д.Давгадорж. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй., Улаанбаатар. 2010. х.14
5. Emma L. Clark, Ж.Мөнхбат. Монгол улсын хөхтөн амьтны улаан данс., эмх. Улаанбаатар. 2006. х.32, 36-37
6. Баруун бүс нутгийн уур амьсгалын нөөц, түүний өөрчлөлт., Улаанбаатар. 2008. х.128
7. Р.Самьяа. Монгол орны биологийн олон янз байдал ба хүний хөгжил. эмх, “Байгаль орчин хүний хөгжил”, Улаанбаатар, 2009. х.11-12
8. Д.Батжав. Монгол орны тарваган тахлын эпизоотологийн холбогдолтой хөхтөн амьтдыг тогтоосон байдал. Эмх. Тарваган тахал судлалын товчоон., ЭШБ №9
БГХӨСҮТөв., Улаанбаатар. 2009. х.210- 211
9. Т.Дэлгэрмаа.“Говь-Алтай аймгийн уур амьсгалын өөрчлөлт”., магистрын зэрэг горилсон бүтээл. Улаанбаатар. 2010. х.58- 59, 76-79
10. “Уур амьсгалын өөрчлөлт болон үүсгэгч нь дамжуулагчаар дамжих халдварт өвчний хяналтыг сайжруулах нь” төслийн тайлан., Улаанбаатар. 2011-2012.
11. С.Давааням, Т.Чулуун. “У2012. http://www.mdi.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=221&Itemid=145&lang=mn12. http://www.tsag-uur.mn/
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор З.Адъяасүрэн


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 811
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК