Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 2(164)
Ёшидо эмч
( Түүх )

Л.Энхбаатар


 
Абстракт

Тэртээ 1274 оны 11 дүгээр сарын эхээр Монголын Юан гүрний их хаан Хубилайн тушаалаар хэдэн жил бэлтэгсэний үр дүнд жинхэнэ далайн цэргийн флот байгуулагджээ. Хэзээ ч тэнгис далайд тулалдаж байгаагүй монголчууд анх удаа тэнгис далайг гаталж, арлын Японтой дайтахаар хөдлөв. Энэхүү далайн аялалд 900- аад том жижиг байлдааны усан хөлөг онгоцонд 15000 монгол, хятад, зүрчид цэрэг Хаппогоос (өнөөгийн Пусан хот) Японыг зорин хөдөлсөн түүхтэй билээ [1].

Миний мэдэхээр Монгол-Японы харилцаа ингэж эхэлдэг. Албан ёсоор Монгол, Японы хооронд дипломат харилцаа 1972 оны 2 дугаар сарын 24-нд тогтоожээ [2; 3].

Монгол-Японы эрүүл мэндийн хамтын ажиллагаа олон чиглэлээр хэрэгждэг. Тухайлбал: Монгол улсад Японы Засгийн газрын олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын “Эх хүүхдийн-эрүүл мэнд”-ийн төслийн хүрээнд 1997-2002 он хүртэл 5 жилийн хугацаатай Дархлаажуулалт төсөл амжилттай хэрэгжсэн.

Төслийн хугацаанд олон улсын стандарт шаардлага хангасан вакцин, хүйтэн хэлхээний зориулалтын тоног төхөөрөмж, цахилгаан үүсгэвэр, мотоцикль, автомашинаар аймаг орон нутгийг хангаснаар дархлаажуулалтын вакцин, био-бэлдмэл хадгалах үйл ажиллагааны материаллаг бааз бэхэжиж улсын хэмжээнд 1 хүртэлх насны хүүхдийн дархлаажуулалтын хамрагдсан хувь тууштай нэмэгдсээр байна.

Мөн төслийн хүрээнд нийлүүлсэн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжүүд Монгол улсын засгийн газрын 1993 оны 149 дүгээр тогтоолоор батлагдсан Дархлаажуулалтын Үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэлж баршгүй тусламж дэмжлэг болсон. 2007 оны байдлаар нэг хүртэлх насны хүүхдийн дархлаажуулалтын хамралт сүрьеэгийн эсрэг вакцин 98,6%, халдварт саагийн эсрэг вакцин 98,7%, сахуу, хөхүүл ханиад, татрангийн эсрэг вакцин 94,8%, В вирүст хепатитийн вакцин 98%, улаанбурханы вакцин 96,8%-д хүрч, дархлаажуулалт бүхий халдварт өвчнүүд сахуу, хөхүүл ханиад өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна. Улсын хэмжээнд  дархлаажуулалтын нэгжийн 98% нь хүйтэн хэлхээний зориулалтын тоног төхөөрөмжөөр хангагдаж, вакциныг чанартай хадгалах, тээвэрлэх нөхцлийг бүрдүүлсэн билээ [4].

Япон улсын Засгийн Газрын тэтгэлэгт их сургуулийн үндсэн оюутныг манай улсаас анагаах ухааны чиглэлээр жил бүрийн 6 сард шалгаруулан авдаг. Үүнээс: Эм зүй, нийгмийн эрүүл мэнд, сувилахуй, биотехнологи, нүүр ам судлалын шалгалтад тэнцэж болзол хангасан оюутныг тоо харгалзахгүй элсүүлдэг байна [5]. Мөн хавдар, нөхөн сэргээх анагаах ухаан, элэгний өвчин судлал, уламжлалт анагаах ухаан, нүдний эмгэг судлал, “Өвсний үндэс” хөтөлбөр, ЖАЙКА-ийн сайн дурын мэргэжилтний хөтөлбөр зэргээр биеллээ олж байдаг [6; 7]. Мөн 2010 оны Энэ оны 3 дугаар сарын 24-нд Монголын Анагаах Ухааны Академийн ерөнхийлөгч, академич П.Нямдаваа Японы Тохоку  (Зүүн Хойд) их сургуулийн Анагаах ухааны сургууль (ТисАус)-ийн захирал, профессор М.Ямaмото нар Сендай хотноо хоёр байгууллагын хооронд анагаах ухааны салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ [8; 9]. Хамгийн сүүлийн үеийн байдлаар Японы анагаах ухааны Токүшюкай нийгэмлэгийн тэргүүн Т.Токүда сүмоч Кёкүтэнхо Н.Цэвэгнямын хүсэлтээр Налайх дүүргийн эмнэлэгт бөөрний цус шүүгч аппарат 5-ыг бэлэглэн, Монголын 1 эмч, 1 техникч, 2 сувилагч урьж дадлага хийлгэхээр болов. Тус нийгэмлэг Монгол Улсад 500 ортой, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий эмнэлэг барихаар бэлтгэл ажилдаа ороод байгаа юм [10].

2010 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр орны харилцааг цаашид шат ахиулан хөгжүүлэх тухай “Стратегийн түншлэл байгуулахад чиглэсэн Монгол, Японы Хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зуржээ. 

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 3 дугаар сард Японд Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалаар Ерөнхий сайд Японы Угсаа залгамжлагч Хунтайж Нарухито, Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичи нарт бараалхаж, Ерөнхий сайд Ё.Нода-тай хэлэлцээ хийв. Айлчлалаар Монгол, Японы хооронд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоох зорилтын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тухайлбал хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах албан ёсны хэлэлцээг эхлүүлэхээр тохирчээ [11]. Япон нь Монгол Улсын гол донор, хандивлагч орон. Зөвхөн 1991-2003 онд Япон Улсын Засгийн газраас Монголд үзүүлсэн зээл, тусламж 128,2 тэрбум иен буюу ойролцоогоор 1,2 тэрбум ам. доллар байгаа нь манай улсад үзүүлсэн гадаадын зээл тусламжийн 70 орчин хувийг эзэлж байна. Жилд дунджаар 45-50 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл, 30-35 сая ам, долларын буцалтгүй тусламж, 10 гаруй сая ам. долларын техникийн хамтын ажиллагааны тусламж олгож байна [11].

Хорьдугаар зууны эхэнд түүхийн ухааны доктор, профессор С.Ичинноровын судалгаагаар эдүгээгийн Алтанбулаг тэр үеийн Хиагт хотод 1915 онд Япон эмч Ёшидо эхнэрийн хамт ажиллаж амьдарч байжээ. Монголын үндэсний төв архивт Япон эмч Ёшидотой холбоотой 4- 5 баримт байгаагаас нэг баримтыг уншигч олондоо толилуулъя [12-14].

Баримт 1. “Монгол Хиагтын худалдааны монгол иргэдийн хэргийг захиран шийтгэх түшмэл Балданцэрэнгийн бичиг. Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамнаа өргөн мэдүүлэхийн учир. Урьд Хиагт хотноо хүрч ирсэн Жибэн улсын эмч Ешидагийн биеийг хэвээр суулгах ба явуулахын алиныг тогтоон зааж тушаахыг өргөн мэдүүлсэнд Дээд Яамнаас Жибэн улсын эмч Ешидад хамгаалах тэмдэгт бичиг шийтгэн олгож, харъяат хотноо суухад нэн илүү туслан хамгаалваас зохихын тул уламжлан учрыг ухуулж, тэр чухам нэгэн жилийн буюу 6 сарын хугацааны тэмдэгт бичгийн алиныг хүлээн авах явдлыг нэн даруй тодорхойлон мэдүүлж, хамгаалах тэмдэгт бичигт шийтгэн олгуулахад бэлтгүүлтүгэй. Эл учрыг эмч Ешидад ухуулан хэлсэнд түүний хамгаалах бичиг хүлээн авахыг гуйн бичиж ирсэн хуудсанд энэ жил 38 настай.

Өөрийн эмийн (эхнэрийн) хамт Монгол улсын Хиагт хотын газар нэгэн жилийн хугацаагаар оршин суух хамгаалах тэмдэгт бичиг олгох ажаамуй” гэжээ.

Жибэн улсын харъяат хүний эмч Ешидад хүсэлт ёсоор хамгаалах тэмдэгт бичгийг олгосон тухай “Монгол Хиагтын худалдааны монгол иргэдийн хэргийг захиран шийтгэх түшмэл Балданцэрэнгээс Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамнаа өргөн мэдүүлэхийн учир мөнөөхөн Жибэн улсын харъяат эмч Ёшида, түүний эмийн (эхнэр) хамтаар манай Хиагт хотноо нэгэн жилийн хугацаагаар оршин суухыг гуйн өргөснийг Дээд Яамнаас ёсоор болгон албаны бичиг дагуулан, тушаан хүргүүлж ирсэн хамгаалах бичгийг хүлээн авч Жибэн улсын эмч Ёшидагийн гарт нь тушаан өгөөд, албан хэргийн зүйлд тушаах хоёр ланд таацуулан өгсөн Орос Цөлкөв гуравыг хураан авч, бичиг дагуулан Гадаад хэргийн яамнаас өргөн мэдүүлж, байцаан хураамжлахыг гуйсугай. Олноо өргөгдсөний 5 дугаар он 11 сарын 8” гэжээ. 

Хүний эмч Ёшидаг Монгол газар түр суухад нь “Нэн илүү туслан хамгаалваас зохихын тул” гэснээс үзвэл түүнд их халамж анхаарал тавьж туслан хамгаалах санаа агуулж байгаа нь нэн сонин байна хэмээн профессор С.Ичинноров үзжээ. Энэ нь тэр хүн нутгийн Монголчуудад мэргэжлийн хувьд их тус хүргэж байсан байж болох талтай ч, ер нь Япон хүмүүст хандаж байсан Монголчуудын нийтлэг жишээ гэж үзсэн байна [12].

Ном зүй

1. http://mn.wikipedia.org/wiki/ Монголчуудын Япон руу хийсэн довтолгоо
2. http://ikhzasag_diplomat.miniih.com/index. php/home/post/22
3. http://www.olloo.mn/modules.php?name=New s&file=print&sid=81382
4. Л.Энхбаатар (2009) “Вакцины Оргил” Улаанбаатар хот он
5. http://www.mongolmed.mn/article/1111
6. http://www.moh.mn/index.php?option=com_content&view=article&id=772:2012-10-08-01-14-01
7. http://emch.mn
8. http://www.mams.mn/index.php?pageID=9&objid=114&catID=1&msg=one
9. http://www.med.tohoku.ac.jp/english/index.php/article/show/id/573
10. Японы анагаах ухааны Токүшюкай нийгэмлэг монголд зарим тусламж үзүүлэв http://www.mfat.gov.mn
11. http://www.tokyo.mfat.gov.mn
12. С.Ичинноров, Түүхийн үнэний мөрөөр IV.Улаанбаатар хот. 2011 он
13. Монгол улсын үндэсний төв архив Ф.А.4. Д.1. хн. 337
14. Монгол улсын үндэсний төв архив Ф.А.4. Д.4. хн. 337
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 304
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК