Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 2(164)
Профессор Алексей Скородумов
( Түүх )

Анагаах ухааны доктор Л.Энхбаатар


 
Абстракт

Профессор А.М. Скородумов

Скородумов (1988- 1939) Сибир ба Алс Дорнодод тарваган тахал өвчин судлалын эхлэлийг тавьсан хүн билээ [1]. Тэрээр уг бүс нутагт энэ чиглэлийн анхны байгууллагыг байгуулахад гарын 5 хуруунд багтах хүнтэйгээр анх эхэлж байжээ. Эрхүү хот дахь “Сибир ба Алс Дорнодод тарваган тахал өвчин судлах хүрээлэн” энэхүү хөдөлмөрч эрдэмтний нэрэмжит ажээ. Алексей Михайлович Скородумов мөн Эрхүүгийн их сургуулийн Халдварт өвчний тэнхимийн анхны эрхлэгч бөгөөд 1923-1925 онд Эрхүүгийн их сургуулийн анагаах ухааны факультетийн эрхлэгч хийхийн чацуу Эрхүүгийн Хими-бактериологийн хүрээлэнгийн тахлын тасгийн даргыг хийж байх үедээ Монгол, Хятад, Алс Дорнод гарсан тарваган тахлын дэгдэлтэнд оролцож байсан байдаг [2].

Алексей Михайлович Скородумов 1888 онд Вологодскийн гар урчуудын гэр бүлд төржээ. 

Ээж эгч нь зүүгээр утас ороож юм нэхдэг гар урлалын мастерууд байв. Ээж эгчийнх нь уйггүй цаг хугацаа шаардсан нөр хөдөлмөр, түүнийг бага наснаас нь хөдөлмөрч тэвчээртэй болгож сургажээ [1]. Скородумов Вологодскийн гимназид дунд боловсрол, 1911 онд Петербург хотын цэргийн эмнэлгийн сургуулийг төгсчээ. Оюутан байхдаа эрдэм шинжилгээ судалгааны ажиллаа эхэлж мэс засалч Сильверст Федорович Тучемскийн нэрэмжит алтан меадаль, удаах шагнал нь одооныхоор ойролцоогоор “Шилдэг судлаач” шагнал авч байв [1]. Тэрээр төгсөөд Николаевскийн эмнэлэгт их эмч, Дэлхийн нэгдүгээр дайны үед 1914 онд цэрэгт татагдаж хорооны ахлах эмч, халагдаад Петербург хотод иржээ. 1917–1923 онд Петербург хотын Туршилтын анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан байв. Түүний эрдэм  шинжилгээний удирдагч нь нэрт эрдэмтэн, тахал судлаач академич Д.К.Заболотный байсан бөгөөд 1918 онд «Бөөсний хижигийн үе дэх цусны улаан бөөмийн Вейль-Феликсийн урвал» гэдэг сэдвээр эрдмийн зэрэг хамгаалжээ. 1920-иод оны үед Зөвлөлт Орос улсын олон бүс нутгуудад их сургуулиуд байгуулагдаж байх үед Сибирт мөн их сургууль байгуулж, анагаах ухааны факультет байгуулагдсан бөгөөд шинээр байгуулагдсан сургуулиудын эрдэм шинжилгээ–сургалтыг бэхэжүүлэх зорилгоор Оросын Европын хэсгээс олон судлаач багш нарыг явуулж байсны нэг нь профессор А.М.Скородумов юм. Тэр өөрийн хадам ээж, эхнэр, бага насны охинтойгоо 1923 оны 5 сард Эрхүү хотод ирж 5 дугаар сарын 13- нд Эрхүүгийн их сургуулийн Халдварт өвчний тэнхимийн эрхлэгчээр сонгогдсон байна [3]. 

А.М.Скородумов ирсэн өдрөөсөө Эрхүүгийн их сургуулийн Халдварт өвчний тэнхимийг байгуулах ажилд орсон бөгөөд уг тэнхимийг 1923 оноос 1937 оны 8 дугаар сарын 2 хүртэл хашжээ.

Энэ хугацаанд Эрхүүгийн Хими-бактериологийн хүрээлэнгийн тахлын тасгийн даргыг давхар хийж байжээ.Тэрээр туслахуудын хамт мэрэгч, түүний биологийг судлах, тахалтай ямар холбоотой, тахал дэгдсэн тохиолдолд түүнийг дарахад оролцох зэрэг ихээхэн ажил хийж гүйцэтгэх шаардлагатай байсан юм. Үүнээс гадна мэргэжилтнүүд хүн амын дунд ариун цэвэр-танин мэдүүлэх ажлыг идэвхтэй явуулсан байна. Тэр үед алслагдсан нутгуудад эмнэлгийн ажилтнууд их хэмжээгээр дутагдаж байсныг харгалзавал халдварт өвчний анхны шинж тэмдийг анхааралтай ажиглаж, илрүүлэх талаар хүмүүсийг сургах нь амаргүй зорилт байжээ.

Эрхүүгийн тахлын эсрэг лаборатори үндсэн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ Сибирь, Алс Дорнодын нутагт байрлах сүлжээ лабораторийн хамт бусад халдварт өвчинтэй тэмцэх гэдэсний хижиг, урвах тахал, хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөр байгалийн усан хангамж, ариун цэврийн онцлогийг мөн судалж байжээ. Тахлын эсрэг эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн Монгол, Тува, Өвөр байгальд тарваган тахал гарахад ажиллаж байсан бөгөөд Дорнод Сибирь, Ар Байгаль, Монголд ажилласан тухайгаа профессор А.М. Скородумов 1928 онд Ленинград хотод болсон Бүх Холбоотын нян судлаачдын их хуралд илтгэл тавьсан байдаг [4; 5].

А.М. Скородумов Тахал эсэргүүцэх эрдэм-шинжилгээний хүрээлэнгийн тарваган тахал судлаач эмч нарын хамт (1937 год)

Алексей Михайлович Скородумов 1928 онд Эрхүүгийн Хими-бактериологийн хүрээлэнгийн тахлын тасгийн дарга хийж байхдаа Монголд гарсан тарваган тахлын дэгдэлтэнд орсон байдаг [6]. Түүний өөрийн гарын үсэгтэй цахилгаан утас эдүгээ Үндэсний түүхийн төв архивт хадаглагдаж байна [7]. Дээрхи цахиалгаан утасыг чадан ядан утагчлан орчуулбаас.

Цахилгаан мэдээ

Монголын цахилагаан мэдээний хороо бланк 17, Монголын цахилгаан мэдээ: 2 хаяг Өргөө хувилсан 104 Эрдмийн зөвлөлд.

Хаанаас:Троицкасавск гэсэн болов . №572,

Хүлээн авсан өдөр: 18/......

Юунд зориулагдсан: Бодит эрүүл мэндийн яаманд

Эрүүлийг хамгаалах ардын комиссиаратын үүрэг даалгавараар би Монголын улсын хил орчмын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний тархвар судлалын байдлыг тандах үүрэг авсан билээ. Өргөө хот орчмын тарваган тахал өвчний голомт илрүүлсэнтэй холбоотойгоор Тройцкасавск? ардын комиссириатын бүрэн эрхийн дагуу материалын тусламж шаардаж байгааг яаралтай дамжуулж өгнө үү?

Профессор Скородумов.

Гээд: Дээр нь №88, 1925 оны 6 дугаар сарын 18 гэсэн гараар бичсэн он сар өдөр байв. 

ТЕЛЕГРАММА

Монголский телеграф бланк 17, Монголский телеграф: 2 адреса Урга копия 104 Ученому совету.

Из:Троицкасавск?. №572,

Принята: 18/......

От: Троицкасавск?.

Принял: 18/?

Служебные отметки: Подлинная Министерство Здравоохранения

Поручению наркомздрава занимаюсь поручением эпидемиологической чумы погранполосы Монголий .Тройцкасавск?- Ургу выяснения очагов тарбаганской чумы окажите содействие материальной поддержке сообщите срочно уполнаркомправу Тройцкасавск?.

Профессор Скородумов

Дээрхи байдлаас үзвэл профессор Скородумов Монголын хил орчим мөн Өргөө хотод ажилласан нь лавтай байна. Мөн 1926 онд Монголд ажилласан тухай Ц.Чулуунбаатар нарын “БНМАУ-ын Гоц аюулт халдварт өвчинтэй тэмцсэж ирсэн түүх” 1880-1985 он, 1-р хэсэг номд бичсэнийг сийрүүлэв [6].

1926 оны 10-11 сард Хэнтий аймгийн Идэрмэг суманд (Өндөрхаанаас зүүн хойш 50 км) тахлын дэгдэлт гарчээ. Энэ тухай мэдээг Улаанбаатарт 11-р дүгээр сарын 1-нд хүлээн авч 11-р сарын 20-нд А.А.Дудкалов даргатай 4 их эмч, 1 бага эмч, 1 лам эмчийн бүрэлдхүүнтэй шинжилгээний баг явжээ. Уг баг тарваган тахлын лабораторийн багж хэрэгсэл, эмчлэн сэргийлэх эм, мэргэжилтэн ирүүлэн туслахыг ЗСБНХОУын Эрүүлийг хамгаалах яаманд хүссэлт гаргасан байна. БНМАУ-ын засгийн газрын хүсэлтээр ЗСБНХОУ-ын Эрүүлийг хамгаалах ардын анхны комиссиарат В.И.Лениний хамтран зүтгэгч Н.А.Семашко Эрхүү хотын нян судлалын хүрээлэнгийн захирал, профессор Скородумовоор удирдуулсан шинжилгээний ангийг томилон явуулсан байна [6]. Уг цахиалгаан утсанд: Урьд өгсөн захиармжийг хойшлуулав. Скородумов удирдаж Печерский, Пономарчук нарын бүрэлдхүүнтэй Өргөө хот руу яаралтай яв.

Паспортыг мужын гйүцэтгэх захиаргаанаас ав, явахдаа цахиалаан өг”. Наркомздрав Н.А.Семашко. А.А.Дудкалов шинжилгээний багийг 12 дугаар сарын 6-нд Өндөрхаанд очиход бүх газарт хатуу хөл хорио тогтоосон байсан бөгөөд Өндөрхаан хотод шинжилгээний баг байрлаж ажиллахаас сэжиглэн цээрлэж албан газрууд нь өөр тийш нүүхээр завдах, зарим нь ч нүүсэж явсан байжээ. Шинжилгээний баг “Цамт” гэдэг газар гэр, байр бэлтгэүүлэн байрлаж 12 дугаар сарын 13-аас эхлэн өвчинтэй тэмцэх ажилд оржээ.

Энэ өвчин гарсан газар намар тарвага олноор үхэж махчин шувууд цугларч байсан байна. Анчин Чимэдийн охин Пүрэв 10 дугаар сарын 1-ний анхны цаснаар явж чадахгүй болсон өвчтэй тарвагатай тааралдаж нүхэнд оруулан дээлээ тайлж нүхийг бөглөөд явжээ. Дараа нь эргэн ирж дээлээ авч өмссөнөөс хойш хэд хоногийн дараа өвдөж эхэлжээ. Мөн өвдөхийн өмнө алсан тарвагыг олон удаа өвчиж байсан байна. Пүрэвийн суганы булчирхай, дараа нь хүзүү, цавины булчирхай нь цөм хавдаж 5-6 хоноод нас баржээ. Пүрэвийн дараа хойт ээж нь мөн тийм шинжээр өвдөж сар шахам болоод эдгэрчээ. Пүрэвийг нас барсны дараа эцэг Чимэд, дүү нар нь уушигны хэлбэрийн тахлаар өвдөж тэндээс Чимэдийн ахын гэрт халдаж ах, дүү нар нь өвдөж цөм үхэх үед ахын эхнэр 4 настай хүүхдээ авч өөр газар нүүж яваад амьд үлджээ. Тэдгээрийг эмчилэхээр залагдаж ирсэн лам мөн нас барагсдын хойтохийг уншиж гүрэм хийхээр ирсэн нөгөө лам нар тус тус халдвар авч Идэрмэг Баян-уулын хүрээнд өвдөж үхэх үед нь 3 шавь бусад 4 хүн тус тус халдвар авах зэргээр 22 хүн өвдөж дээр дурьдсан 1 хүн эдгэрсэн байна. Шинжилгээний отряд нас барагсдаас авсан  шинжилгээний материаллыг Улаанбаатарт авчирч Сонгино дахь мал эмнэлгийн лабораторид А.А.Дудкалов, профессор А.М.Скородумовын шинжилгээний ангитай хамтран тэдний авчирсан тахлын лабораторийн багж, эм урвалжаар шинжилгээ нийсний үр дүнд БНМАУ-д тарваган тахлыг нян судлалын аргаар анх удаа оношлосон байна.

1928 оны 7 дугаар сарын 29-нд ЗСБНХОУын Дагуурын тосгноны нэг иргэн БНМАУ-ын нутгийн зүүн хойд булан Тарган нуурын орчим өвс хадаж, тарвага агнаж байгаад гэртээ харьж 8 дугаар сарын 8-нд нас баржээ. Профессор А.М.Скородумовын бичсэнээр энэ нь Монголоос тарваган тахал Зөвлөлтөд зөөгдсөн тохиолдол байв гэж ээ [8].

1934 оны 6 дугаар сарын 5 өдрийн ЗСБНХОУын Хөдөлмөр батлан хамгаалахын бүрэн эрхэт зөвлөлийн тушаалаар Эрхүү хотод Сибирь Алс Дорнодын Эрүүл ахуй-тахал эсэргүүцэх эрдэмшинжилгээний хүрээлэн байгуулагджээ[9].

Дараа жилээс нь хүрээлэнгийн судлах хүрээ өргөжиж бусад гоц халдварт урвах тахал, бруцеллёз, хулган тахал, боом, арбовирүсын халдвар нэмэгдсэн байна. Хүрээлэнгийн анхны даргаар нян судлагч, тархвар судлагч Алексей Михайлович Скородумов томилогдсон юм.

Энэхүү хүрээлэн нь Сибирь Алс Дорнодын тахал эсэргүүцэх хянах томоохон үүрэгтэй Чита ба Хабаровск хотод тахал эсэргүүцэх салбар станцтай байв. Профессор Скородумов тахал судлаач эмч, биологи, лаборатори эрдэм шинжилгээ судалгаа хийх өндөр хариуцлага тулгарсан юм. А.М. Скородумов 1929 оноос Дорнод Сибирийн Газар зүйн нийгэмлэгийн “Хөдөлмөр” сэтгүүлийн редакцын гишүүн [10]. 

1930-д оноос Дорнод Сибирийг судлахад зорилготой Дорнод Сибирийн анагаах ухааны нийгэмлэгийн идэвхтэй гишүүнээр ажиллаж байлаа [10:11]. Тэрээр Ар Байгаль, Эрхүү мужийн байгалийн голомтотыг судлах олон судалгааны ангийг зохион байгуулж олон жилийнхээ хөдөлмөрийн үр дүнгээр «Сибир ба тахал» (1936) номоо туривжээ. Зохиогч энэхүү номондоо өөрийн олон жилийн туршлага судалгааны ажилд үндэслэн тарваган тахлын нян судлалын туршилтын үр дүн, эмгэг жам, эмнэл зүй, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг бичсэн байна. Уг номонд Ар Байгаль, Монгол, Манжуурын 1906-1930 онд тохиолдсон тахлын түүх бичигдсэн бөгөөд судлаачийн 60 гаруй бүтээлээс оржээ.

1936 оны хоёрдугаар сарын 29-нд Дорнод Сибирийн Анагаах ухааны их сургуулийн эрдмийн зөвлөлөөс түүний бүтээлд үндэслэн Анагаахын шинжлэх ухааны докторын зэргийг хамаалалтгүйгээр олгосон байна [10;11].

Профессор А.М.Скородумов энэ их ажлын хажуугаар Их сургуулийн Халдварт өвчний тэнхимийн сургалт арга зүйг сайжруулахыг анхаарч лекц дадлагыг мэргэжилийн өндөр түвшинд зааж сургадаг байсан тул эмч, оюутнуудын дунд маш их нэр хүндтэй багш байсан гэдэг. Түүнийг хүн үзэхэд эмч оюутнууд бөөнөөр дагадаг байсан гэдэг. Түүний хөдөлмөрийг үнэлж 1934 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан байна. Гэвч энэ хөдөлмөрч оюунлаг эрдэмтнийг Сталины мунхаг төрийн харалган бодлого зүгээр орхиогүй бөгөөд 1937 оны 8 дугаар сарын 2- нд Дотоод хэргийн ардын комиссариатаас “Бүх оросын Зөвлөлтийн эсрэг төв” хэмээх байгууллагын хорлон сүйтгэх байгууллагын гишүүн хэмээн баривчилж Москвад авчирч 1939 оны дөрөвдүгээр сарын 14-нд ЗСБНХОУын дээд шүүхийн шийдвэрээр буудан хороосон байна. Түүнийг Москва мужийн «Коммунарке» гэдэг нийтийн оршуулагын газар оршуулжээ. 

1955 оны 10 дугаар сарын 29-нд цагаатгагсан байна. Эрхүү хотын Трилиссерын гудамжин дахь Хөдөлмөрийн гавъяны улаан тугийн одонт Сибирь Алс Дорнодын Тахал эсэргүүцэх эрдэмшинжилгээний хүрээлэнгийн байшингийн хананд «Профессор А.М.Скородумов уг хүрээлэнг үндэслэгч, анхны захирал 1888-1937” гэмээх дурсгалын самбар байдаг [11].

Ном зүй

1. http://irkipedia.ru/content/skorodumov_aleksey_mihaylovich
2. [http://mir.ismu.baikal.ru/ismu/ about].
3. Иркутск: Историко-краеведческий словарь. Иркутск, 2011. С. 467.
4. http://mongolian.ruvr.ru/2008/06/17/457072.html
5. Иркутская летопись 1661–1940 гг. / сост., автор предисл. и примеч. Ю.П. Колмаков. Иркутск, 2003.
6. Ц.Чулуунбаатар нарын “БНМАУ-ын Гоц аюулт халдварт өвчинтэй тэмцсэж ирсэн түүх” 1880-1985 он, 1-р хэсэг
7. Үндэсний төв архив 23-1-65–д Судар бичгийн хүрээлэн ирсэн цахилгаан данс оросоор. 1925 он
8. Скородумов А.М Очерки по эпидемиологии чумы Забайкалье и Монголии. ВерхнеУдинскд 1928, 110
9. http://chumin.irkutsk.ru/history.htm.
10. Малов И.В., Аитов К.А. Скородумов Алексей Михайлович–организатор и руководитель кафедры инфекционных болезней Иркутского государственного медицинского университета (к 120-летию со дня рождения) // Сибирский медицинский журнал. 2008. №7. С. 143–145.
11. Скородумов А.М. – основатель и организатор противочумной службы в Сибири и на Дальнем Востоке. Иркутск, 1984.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 278
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК