Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 2(164)
2012 онд анагаах ухааны салбарт докторын зэрэг хамгаалсан эрдэмтэд
( Товч мэдээлэл )


 
Абстракт

ДАШЖАМЦЫН ТҮВШИНЖАРГАЛ

(ЭМШУИС-ийн АУС-ийн Дүрс оношлогооны тэнхим, УБ Сонгдо эмнэлгийн дүрс оношлогооны тасаг)

Д.Түвшинжаргал нь “Simultaneous arterial spin labeling cerebral blood flow and morphological assessments for detection of Alzheimer’s disease” сэдвээр 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Япон Улсын Фукуока хотноо Кюушу Их Сургуульд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Альцгеймерын өвчин бол өндөр настны бүлгийн деменцийн хамгийн тархмал шалгтгаан болдог. Тархины бүтцийн шинжилгээнээс гадна үйл ажиллагааны дүрс оношлогооны арга болох артерийн цусны тэмдэглээтсоронзон резонанст дүрс оношлогооны арга бол эрт үеийн оношлогоонд ашиглагдах боломжтой юм. Цөмийн онош зүйн аргуудыг бодвол цацрагийн ачаалал өгдөггүй, давтахад гаж нөлөөгүй энэ аргыг бүтцийн соронзон  томографийн шинжилгээтэй хавсаргаж хэрэглэхэд 23 эрт үеийн Альцгеймерын өвчтэй шинжлүүлэгч нарыг (эрэгтэй:эмэгтэй=9:14, нас 74.6±8.9, MMSE оноо 21.1±4.4) эрүүл өндөр настны шижлүүлэгчдээс нарыг (эрэгтэй:эмэгтэй=11:12, нас 73.2±6.9, MMSE оноо 29.4±0.9) 89% зөв ангилсан юм. Соронзон томографийн бүтцийн болон цусан хангамжийн үнэлгээний шинжилгээг хавсаргаж хэрэглэх нь Альцгеймерын өвчний эрт үеийн оношлогоонд ач холбогдолтой байхыг тоон үзүүлэлтийн хувьд баталж гаргасан анхны судалгаа юм.

ЯДАМЫН АМАРЖАРГАЛ

(ЭМЯ, докторант)

ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал “Хүний дархлал хомсдолын вирусын хамтосуул CCR5, CCR2-ын генийн полиморфизм, эсийн дархлааны зарим үзүүлэлтийг монгол хүнд тодорхойлсон судалгаа” сэдвээр 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

ХДХВ/ДОХ-ын халдварт тэсвэртэй байх, халдварын явцад нөлөөлдөг CCR5, CCR2 хемокин тосуулын генийн полиморфизм, эсийн дархлааны зарим үзүүлэлтийг Монголын хүн амын дунд судлан тодорхойлох зорилгоор судалгаа хийж, CCR5Δ32, CCR5m303, CCR2-64I мутацийн тохиолдлыг судалгаанд хамрагдсан 263 хүнд  тодорхойлжээ. Эдгээр мутацийн тохиолдол, аллелийн давтамжийг судалгаанд хамруулсан Монгол улсын зарим ястан тус бүрээр тодорхойлж дараах дүгнэлт хийжээ. Үүнд:

  1. Судалгаанд хамрагдсан хүмүүст CCR5Δ32 мутацийн хомозигот хэв тодорхойлогдоогүй байгаа нь Монголын хүн амын дунд ХДХВ/ДОХ-ын халдвар авахгүй,  түүнд тэсвэртэй байх биологийн хүчин зүйл байхгүй болох нь батлагдлаа.
  2. ХДХВ/ДОХ-ын халдвар авсан тохиолдолд халдварын нууц үе, ДОХ-ын шинж тэмдэг илрэх, амьдрах хугацааг уртасгах зэрэгт нөлөөлдөг CCR2-64I мутаци  Монголын хүн амын дунд харьцангуй олон тохиолдож, харин үүнтэй ижил нөлөөлөл бүхий CCR5m303 мутаци цөөн байгаа нь тогтоогдлоо.
  3.  ХДХВ-1-ын халдвартай хүмүүсийн дотор CCR5Δ32 хетерозигот мутаци 1 хүнд, CCR2-64I хетерозигот мутаци 2 хүнд илэрсэн нь эдгээр хетерозигот мутант хэв нь ХДХВ/ДОХ-ын халдвар авахгүй байх, тэсвэртэй болоход нөлөөлдөггүй гэсэн бусад судлаачдын өртөмтгий бүлгийнхний дунд хийсэн судалгааны үр дүнтэй дүйж байна.
  4. Судалгаагаар Монгол хүний CD4+ эс 732,32±188,79 мм³, CD8+ эс 566,68±177,45 мм³, CD3+ эс 1376,68±325,77 мм³, CD4+/CD8+ эсийн харьцаа 1,37±0,40  байгаа нь дархлааны олдмол болон төрөлхийн хомсдол, бусад өвчин эмгэгийн үед илрэх дархлааны өөрчлөлтийг харьцуулах лавлагаа дундаж үзүүлэлт болж байна.

Судалгааны ажлын ач холбогдол

Монгол улсын хүн амын дунд тодорхойлсон CCR5, CCR2 хемокин тосуулын генийн мутацийн тохиолдлын судалгааны дүн нь цаашид бусад үндэстэн, ястнууд, ХДХВ/ДОХ-ын халдварт өртөмтгий бүлгийн хүн амын дунд хийх судалгааны ажлуудад жишиг болж өгнө. Олон орны судлаачид өөрийн орны болон бусад ястан, үндэстнүүдийн дунд хийсэн, CCR5Δ32, CCR2-64I, CCR5m303 мутацийн тохиолдлыг Монгол улсад, өөрийн хүн амын дунд анх удаа хийснээрээ ач холбогдолтой судалгаа болсон.

ХДХВ/ДОХ-ын халдварт тэсвэртэй байхад нөлөөлөгч биологийн хүчин зүйл хүн амд байгаа эсэхийг тодорхойлсноор тухайн өвчний халдвартай тэмцэх, сэргийлэх, хянах талаар шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого боловсруулах, урьдчилан сэргийлэх өвөрмөц арга хэмжээ авах боломжтой болно.

Бидний хийсэн судалгаа нь цаашид ХДХВ-ын халдварын явцыг урт хугацаанд хянахад, тухайн вирүсийн хэв болон генийн мутацийн нөлөөллийн онцлогийг ажиглан судлах боломжийн эх суурийг тавьж, зайлшгүй судлах шаардлагатай гэдгийг харууллаа.

Түүнчлэн CD3+, CD4+, CD8+ эсийн лавлах дундаж хэмжээг тодорхойлсон нь дархлаа судлалын чиглэлээр хийгдэх судалгаа шинжилгээний ажлууд, оношлогоо, эмчилгээнд суурь болж хэрэглэгдэхүйц практик ач холбогдолтой судалгаа болсон байна.

ДОНДОВЫН ОЮУНЧИМЭГ

(Экстернат, Хавдар судлалын үндэсний төв)

Д.Оюунчимэг нь “Монгол улс дахь умайн хүзүүний өмөнгийн өвчлөл, нас баралт, амьдарсан хугацааг судалсан дүн” сэдвээр 2012оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс, Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Бүтээлийн товч агуулга, гол ач холбогдол: Өөрийн орны хэмжээнд умайн хүзүүний өмөнгийн өвчлөл, нас баралтын түвшинг стандартчилсан үзүүлэлтээр гаргаж хорт хавдар оношлогдсоны дараа амьдарсан хугацааг хувь хүн бүрээр тооцох орчин үеийн шинэ дэвшилттэй аргыг хорт хавдрын бүртгэлд хэрэглэх боломж бий болгосонд практик ач холбогдол оршино.

Умайн хүзүүний өмөнгийн оношлогдсоноос хойшхи амьдарсан хугацааг оношлогооны үе шат, эмчилгээний төрлөөр гаргасан нь эрт илрүүлэгийг нэмэгдүүлэх, эмчилгээний оновчтой хэлбэрийг сонгон хэрэглэх, түүнийг үнэлэх судалгааны эхлэл болсон.

Анх оношлогдсоноос хойш амьдрах хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалтаар тооцсон жил зэргийг тооцох аргачлалуудыг хавдрын судалгаанд хэрэглэх боломжийг бий болгосон. 

Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэлтийн хяналт үнэлгээний суурь үзүүлэлтийг гаргасанаар умайн хүзүүний өмөнг эрт илрүүлэх хөтөлбөрийн явц үр дүнг хянах чанарын суурь үзүүлэлтийг гаргаснаар хөтөлбөрийн төлөвлөтийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийхэд нотолгоо, үндэслэл болох ач холбогдолтой.

Б.Зөвлөмж

Нэг. Умайн хүзүүний өмөнгийн хяналт, үнэлгээг сайжруулахын тулд: Монгол улс дахь хавдрын бүртгэл, эрт илрүүлэлтийн болон эргэн дуудах хүн ам суурилсан тогтолцоог бий болгохдоо доорхи үзүүлэлтээр тооцож байх. Үүнд:

А. УХӨ-ийн үр дүнгийн үзүүлэлтүүд: 

Өвчлөлийн түвшин

Нас баралтын түвшин

Өвчлөл ба нас баралтын стандартчилсан болон насны өвөрмөц үзүүлэлтийн түвшин

Амьдарсан хугацааны үзүүлэлт:

Илрүүлэлтийн үе шат

Эмчилгээний төрөл

Амьдарсан хугацааны хуримтлагдсан үзүүлэлт

Хоёр. Хавдрын үндэсний бүртгэлийн тогтолцоог сайжруулахын тулд:

  • Хүн амд суурилсан хавдрын бүртгэлийн бие даасан тогтолцоонд шилжих
  • Хавдрын бүртгэлийг идэвхитэй хяналтын хэлбэрээр ажиллуулах
  • Эргэн дуудах тогтолцоог яаралтай бий болгож зохион байгуулах
  • Хавдрын бүртгэлийн мэдээлэл, эрт илрүүлэлтийн мэдээллийн санг олон улсын стандартын дагуу бий болгох ажлыг зохион байгуулах
  • Хавдрын бүртгэлд хавдрыг хянах, үнэлэх үзүүлэлтэнд амьдарсан хугацааг тооцох зэрэг олон улсад хэрэглэж буй хавдрын тархвар зүйн үзүүлэлтээр тооцдог аргачлалыг нэвтрүүлэх
  • Хавдрын бүртгэлийн ажилтануудыг чадавхижуулах, сургах тэдгээрийн техник тоног төхөөрмж, программ хангамжийг олон улсын жишигт хүргэх

БАЯНЗУЛЫН ЦЭНГЭЛМАА

(Докторант, СХД-ийн “Гурванжаргалхайрхан” өрхийн эрүүл мэндийн төв)

СХД-ийн “Гурван жаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга “Өрхийн эмнэлэг (Өрхийн эрүүл мэндийн төв)-ийн тусламж үйлчилгээний зарим асуудалд” сэдвээр 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, Монгол улс , Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Бүтээлийн товч агуулга, гол ач холбогдол. Өрхийн эмнэлгийн талаарх хууль эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалтыг судлан түүний давуу, сул талыг гаргаж, өрхийн эмнэлгийн хүний нөөц, тэдгээрийн мэргэшсэн байдал, цаашид сурч боловсрох хэрэгцээг цогц байдлаар судлан, өрхийн эмнэлгийн түвшинд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэгдсэн шинэчилсэн загварыг боловсруулсан байна. Эрүүл мэндийн тухай шинэ хуулинд зааснаар өрхийн эмнэлгийг өрхийн эрүүл мэндийн төв болгон өргөжүүлэн ажиллахад хууль, эрх зүй, бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, үйл ажиллагаанд анхаарах санал, зөвлөмжийг боловсруулжээ.

Зөвлөмж: Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээг сайжруулахын тулд:

НЭГ. Бодлого боловсруулах түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээ:

  1. 2011 онд батлагдсан “Эрүүл мэндийн тухай хууль”-ийн 4.2.2-дэх заалттай уялдуулан ЭМАШТийг ӨЭМТ-ийн түвшинд үзүүлэх тусламжийн төрөл, чиглэл, хамрах хүрээ,  үйлчилгээ үзүүлэх технологи, шалгуур ба үнэлгээний үзүүлэлтээр гаргах
  2. Эрүүл мэндийн тухай хуулийн 13.2-дэх заалтын дагуу ӨЭМТ-ийн түвшинд НЭМ тусламжийн бодлого, менежментийг шинэчлэн боловсруулах
  3.  Зонхилон тохиолдох өвчний урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг хийх,идэвхитэй хянах, эмчлэн эрүүлжүүлэх удирдамж, стандарт, журмыг Эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулгад заасан шинэлэг заалтуудтай уялдуулан боловсронгуй болгох
  4.  Өрхийн эрүүл мэндийн төвийн төсөвт НЭМ –ийн ба үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төсвийг нэмж оруулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх

ХОЁР. ӨЭМТ-өөс үзүүлэх тусламжийг сайжруулахын тулд

  1. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зонхилон тохиолдох өвчний үед баримтлах НЭМ-тусламжийн стратегийг боловсруулах
  2. Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж үйлчилгээ болон эрүүл мэндийг дэмжих,боловсрол олгох сургалт сурталчилгаа явуулахад зориулсан багаж, тоног төхөөрөмжөөр хангах
  3. Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагааны стандартад (MNS 5292:2011) заагдсан өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд үзүүлэх эмнэлгийн болон НЭМ-ийн тусламж үйлчилгээний хэрэгжилт, хяналтыг эрчимжүүлэх, тогтмолжуулах, ЭМАШТ-ийн Олон Улсын Ангилал болон нотолгоонд тулгуурласан анагаах ухааны үзэл баримтлалыг нэвтрүүлэх
  4. Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа багт арга зүйн дэмжлэг үзүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, хүний нөөцийг тогтвортой ажиллуулах, урамшуулах
  5. ӨЭМТ нь стандартад заасны дагуу эмч сувилагч нарыг бүрэн орон тоогоор ажиллуулж, ажлын ачааллыг тэнцүүлэх, бусад холбогдох хүний нөөцийг хангаж ажиллах, хүний нөөцийн урт, дунд, богино хугацааны төлөвлөгөөтэй ажиллах,
  6.  Эмч сувилагч нарыг ӨАУ-ны чиглэлээр мэргэшүүлэхэд байгууллагын зүгээс тусалж дэмжих, тогтвортой ажиллуулах хөшүүрэг бий болгох, урамшуулах, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах

Гурав. ӨЭМТ-ийн хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр:

1. Өрхийн эмч, сувилагчдыг өрхийн мэргэшүүлэх сургалтанд тасралтгүй хамруулан, давтан

  1. сургалтыг олон улсын жишгийн дагуу явуулдаг болох, өрхийн эмнэлгүүдийг мэргэжлийн боловсон хүчнээр хангах бодлого, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх,
  2. Өрхийн эмнэлгүүдэд өрхийн эмнэлэг дундын менежер, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, шүдний эмч, уламжлалт болон эмийн бус эмчилгээний  мэргэжилтэн, компьютерийн операторчин-мэдээллийн ажилтан зэргийг орон тоогоор нэмж, нэг өрхийн эмчид 1-3 өрхийн сувилагч ногдохоор нэмж ажиллуулах
  3. Өрхийн эмч, сувилагчдыг гадаадын орнуудын туршлага судлуулахаар явуулах, өрхийн эмчийн резидентурын сургалтыг мэдлэг, ур чадвар сайтай өрхийн эмч нараас сонгон дадлагажуулаг чбагш (mentor) бэлтгэн, ажиллуулах
  4. ЭМАШТ-ийг гардан үзүүлдэг эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан НЭМ ба эмнэлгийн тусламжийн талаарх асуудлыг цогц уялдаатай байдлаар АУ-ны сургуулийн баклаврын ба төгсөлтийн дараахь сургалтад тусгах

Дөрөв. Санхүүжилт ба тоног төхөөрөмжийн хангалтын талаар:

  1. Өрхийн эмнэлгийн эрх зүйн статусыг тодорхой болгож, гүйцэтгэлийн гэрээний зарчмаар ажиллуулах ба үйл ажиллагааных нь үр дүнг бодитой тооцдог болох
  2. Нэг иргэнд ногдох зардлаар тооцсон санхүүжилтын аргыг боловсронгуй болгож, эрүүл мэндийн даатгалаас мөнгө авах болон зарим төрлийн тусламж үйлчилгээг төлбөртэй болгож, өрхийн эмнэлгийн санхүүжилтийг бэхжүүлэх
  3. ӨЭМТ-ийн санхүүжилтыг үр ашигтай зөв зохицуулж, хууль эрх зүйн хүрээнд бусад эх үүсвэрээс орлого олох арга замыг хайх
  4. ӨЭМТ-ийн багаж, тоног төхөөрөмжийг эмчилгээ үйлчилгээндээ аюулгүй, баталгаатайгаар бүрэн ашиглаж ажиллах

ЦЭНДИЙН ДЭЛГЭРЭХ

(Хавдар судлалын үндэсний төв, докторант)

Ц.Дэлгэрэх нь “Бамбай булчирхайн хавдрыг хэт авиан шинжилгээгээр оношлох асуудалд” сэдвээр 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Монгол улс, Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Судалгааны ажлын гол зорилго нь бамбай булчирхайн хорт хавдар болон түүний дахилтыг хэт авиан шинжилгээгээр оношлох, ялган оношлох арга зүйг боловсронгуй болгоход оршино. Судлаач хэт авиан шинжилгээгээр бамбай булчирхайн хавдрыг эрт илрүүлэх, бамбай булчирхайн хорт хавдрын үеийн судасжилтын өөрчлөлтүүд болон хэт авиан шинж тэмдгүүдийг судалж, хортой ба хоргүй хавдрын үед илрэх хэт авиан шинж тэмдгүүдийг тогтоож, ялган оношлох шалгуур үзүүлэлт боловсруулж, бамбай булчирхайн өмөнг анхан болон давтан үзлэгээр үнэн магадтай оношлох боломжийг бий болгожээ. Бамбай булчирхайн зангилаат үүсгэврээс хэт авиан шинжилгээний хяналтан дор нарийн зүүгээр хатгалт хийж эсийн шинжилгээ хийх нь илүү оновчтой байгааг тогтоосон байна. 

Мөн бамбай булчирхайн хорт хавдрын дахилтын үед илрэх хэт авиан шинж тэмдгийн үзүүлэлт боловсруулсан нь өвчтөний мэс засал эмчилгээний дараах үечилсэн хяналтын хугацааг тогтооход чухал ач хобогдолтой болжээ.

ЛУВСАНДАГВЫН БАЙГАЛМАА

(докторант)

Л.Байгалмаа “Эстрогенээр ихэсдэг GRP78 нь умайн салстын хавдарын хими эмчилгээний мэдрэг байдалд нөлөөлөх нь” сэдвээр 2012 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Япон улс, Гунма хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Бүтээлийн товч агуулга, ач холбогдол:

GRP78 нь эсийн эндоплазмийн торын гол уураг бөгөөд уургийн буруу эвхрэлт, гаж хөгжил, эсийн стрессийн үед ихэсдэг. Мөн апоптозийн эсрэг үйлчилгээтэй. Л.Байгалмаа GRP78-ийн илрэл, ач холбогдлыг умайн салстын хавдарт судалсан байна. Умайн салстын хавдар гэж оношлогдсон өвчтөнөөс хагалгааны үед эдийн дээж цуглуулж иммунохистохими, RT-PCR, mRNA, уургийн шинжилгээ хийж, GRP78, эстрогены илрэлийг судалсан байна.

Умайн салстын хавдрын 1 ба 2-р зэргийн үед GRP78, эстроген нь илүү их илэрч байсан, улмаар умайн хавдрын хэд хэдэн төрлийн эс дээр GRP78-ийн илрэлийг  дарангуйлаад химийн эмчилгээ (paclitaxel, cisplatin) хийхэд эмийн мэдрэг чадвар дээшилж байгааг олж илрүүлжээ.

Энэ судалгаагаар GRP78 нь умайн салстын хавдрын эсэнд апоптозийн эсрэг маш чухал хүчин зүйл болохыг олж тогтоож, үүгээр GRP78 нь хавдрын эмийн үйлчлэлийн механизмыг зохицуулах түлхүүр болж болох, GRP78 нь умайн салстын хавдрын 1, 2, 3-р зэргийг ялгах оношлогооны маркер, умайн хавдартай өвчтний эмчилгээний арга болох боломжтой гэж үзжээ.

Эх материалыг: “Gynocologic Oncology” сэтгүүлийн 126(2012), 132-139 хуудсанд үзнэ үү.

ДАШДОРЖИЙН АДИЛЗАЯА

(Докторант, ЭМШУИС)

Д.Адилзаяа нь “Бүдүүн, шулуун гэдэсний хавдар, түүний урьтал эмгэгийн патогистологи, иммуногистохимийн судалгааны дүн” сэдвээр 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Монгол улс, Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Судлаач манай оронд тохиолдож буй бүдүүн, шулуун гэдэсний хавдар түүний урьтал эмгэгүүдийн эмгэг судлал, гистологийн онцлогийг тодорхойлон, иммуногистохимийн шинжилгээний үр дүнг тогтоох зорилгоор судалгаа хийжээ. Тэрээр манай улсад тохиолдож байгаа БШГХ-ын оношлогоог ДЭМБ-ын ангиллын дагуу оношлон иммуногистохимийн аргыг нэвтрүүлэх боломжийг тодорхойлж, олон улсын оношлогооны түвшинд хүргэхийн тулд харьцуулан судалсан нь практикийн өндөр ач холбогдолтой юм. БШГХ-ын эдэд иммуногистохимийн урвалт өөрчлөлтийг илрүүлсэн нь хавдрын эрт үеийн оношлогоо болон гарал үүслийг тодорхойлох, хоол боловсруулах эрхтний хавдрын суурь судалгаа болсон байна.

Судалгаанаас дараах зөвлөмж боловсруулжээ. Үүнд:

  1. Бүдүүн шулуун гэдэсний хавдар түүний урьтал эмгэгийн патогистологийн өөрчлөлтийг ДЭМБын гистологийн ангилалд тохируулан, тэдгээр өөрчлөлтүүдийг оношинд тусгаж байх нь хавдрын эрт оношлогоо, эмнэл зүйн явц, эмчилгээний арга, хяналтыг сайжруулах цаашид хавдрын тавиланг шийдэх асуудалд нэн дөхөм үзүүлэхийг анхаарах.
  2. БШГХ түүний урьтал эмгэгийн оношлогоонд иммуногистохимийн шинжилгээ нь өнөө үеийн хойшлуулашгүй чухал шаардалагатай болж байна. Эс эдэд гарч буй  эмгэгүүдийг эд эсийн түвшинд нарийвчлан үзэж үнэлгээ дүгнэлт өгөх нь хавдрын эрт үеийн оношлогооны цогц шийдэл болох ёстой.
  3. Манай орны нөхцөлд БШГХ нь зонхилон хожуу үедээ оношлогдож байгааг анхаарч, цогц урьдчилан сэргийлэх арга боловсруулан дотоод хүчин зүйлүүдийн хор нөлөөг  сурталчилж, урьдчилан сэргийлэх скрининг үзлэг зохион явуулж байх шаардлагатай байна.
  4. Гэр бүл, удамшлын гаралтай эмгэгүүдтэй өндөр эрсдэлт бүлгийн хүмүүсийг дуран болон эмнэлзүйн эмч, эмгэг судлаач эмч нарын гурвалсан хяналтад эрт оруулж  хяналтыг сайжруулах, оношлогдсоноос хойш жилд 1-2 удаа БШГ-ийг дурандуулж эс эдийн шинжилгээг хийлгэж байх шаардлагатай.

ЛУВСАНСҮРЭНГИЙН ДАШИЙМАА

( Докторант, ЭХЭМҮТ)

Л.Дашиймаа “Хүүхдийн пиелонефритийн эмнэлзүй, үүсгэгчийн антибиотикт мэдрэг чанар” сэдвээр 2012 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Улс, Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгааллаа.

Бүтээлийн товч агуулга нь Манай оронд тохиолдож буй хүүхдийн пиелонефритийн эмнэлзүйн онцлогийг нас, хүйсний байдалтай уялдуулан судалсан. Хүүхдийн пиелонефритийн үүсгэгчийг тодруулан антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлсон байна.

Хүүхдийн пиелонефритийн үүсгэгчийн антибиотикт тэсвэржсэн байдал, тэсвэржилтийн генийн хэвшинжийг молекул-биологийн аргаар илрүүлсэн. Бүтээлийн гол ач холбогдол нь Пиелонефритийн эмнэлзүй, үүсгэгч түүний антибиотикт мэдрэг чанарыг зөв тодорхойлсноор оношилгоо, эмчилгээг боловсронгуй болгох; Пиелонефритийн үүсгэгч, антибиотикт мэдрэг чанар, тэсвэржилтийг молекул-биологийн аргаар генотипийн түвшинд оношийг батлан антибиотикийг оновчтой сонгон  хэрэглэж, эмчилгээний зөв тактик боловсруулснаар хүүхдийн эрүүл мэнд төдийгүй, эдийн засгийн хэмнэлт гарах эхний алхам болж буйд бидний судалгааны ажлын практик ач холбогдол оршино.

Зөвлөмж

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан шатны нэгж болох өрх, сумын эмнэлгийн эмч, дунд мэргэжилтэнг бактериологийн лабораторийн сургалтанд хамруулан, багаж техникээр ханган шээсний бактериологи шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх;
  • 1, 2 дахь шатлалын эмнэлгийн үйлчилгээнд нярайн скринин судалгааг дэлгэрүүлэн бөөршээс дамжуулах эрхтэний гажгийг эрт оношилох, архаг хэлбэрт шилжихээс урьдчилан сэргийлэх;
  • Пиелонефритийг зонхилон үүсгэж буй бактериуд одоо өргөн хэрэглэж буй олон антибиотикт тэсвэржилттэй байгаа учир шээсний бактериологийн шинжилгээг үндэслэн үүсгэгчийн эсрэг эмийг түүнтэй уялдуулан сонгон хэрэглэх шаардлагатай байна. 
  • Пиелонефритийг үүсгэж буй бактериудад 95%-иас дээш мэдрэг антибиотикуудыг эмчилгээний удирдамжинд оруулан эмнэлзүйн практикт өргөн хэрэглэвэл өвчин бүрэн эдгэрэх, архагшихаас сэргийлэх, эмнэлэгт давтан хэвтэлт болон үргүй зардал багасгах зэрэг ач холбогдолтой.
  • Орчин үед антибиотикт тэсвэржсэн бактериуд олон болж байгаа учир 3 дахь шатлалын эмнэлгийн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэн өргөжүүлж, бактерийн тэсвэржилтийг генийн түвшинд үзэх, тэнд ажиллах боловсон хүчнийг бодлогын хэмжээнд сургах нь чухал байна.
  • Пиелонефритээр охид давамгайлан өвчилж байгаа бөгөөд халдвар нь өгсөх замаар дамждаг тул охидын эрүүл ахуйн дэглэмд хэрхэн анхаарахыг эцэг эхчүүдэд бодлогын чанартайгаар заан сургах хэрэгтэй байна.
  • Хүүхдийн пиелонефрит архагшсан хойноо оношилогдох явдал нилээд байгаа учир хүүхдийн пиелонефритийг эрт илрүүлэн оношилох арга зүйд эмч мэргэжилтнүүдийг дадлагажуулах шаардлагатай байна.
  • Хүүхдийн пиелонефрит үүсэхэд бусад эрхтэний халдварын архаг голомтууд нөлөөлж байгаа тул этербиоз, тонзиллит, кариес зэрэг халдварын архаг голомтыг эрт илрүүлэн зохих арга хэмжээг авч байх нь уг эмгэгээс сэргийлэх үр дүнтэй аргын нэг болох юм.
  • Манай эмнэлгийн практикт, түүний дотор пиелонефритийн стандарт эмчилгээнд өргөн хэрэглэгддэг антибиотикуудад уг өвчний үүсгэгчүүд ихээхэн тэсвэржсэн байгаа тул  нэг талаас пиелонефритийн эмчилгээний стандартад зарим нэгэн өөрчлөлт оруулахын зэрэгцээ нөгөө талаас ер нь халдварын шалтгаант өвчний эмчилгээнд антибиотикийг мэдрэг чанарын үзүүлэлтэд үндэслэн сонгон хэрэглэж байх нь чухал байна.

ЮНДЭНДОРЖИЙН ГАНТӨГС

(Докторант, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Эрүүл мэндийн бодлого, менежментийн тэнхим)

Ю.Гантөгс “Дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээ” сэдвээр 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улс, Улаабаатар хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгааллаа.

Бүтээлийн товч агуулга, гол ач холбогдол: Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн бодит хүчин чадлаас үйлчлэх үйл ажиллагааны цар хүрээ их байгаа нь үйл ажиллаганы орчны шинжилгээний аргын дагуу нэгжийн өртөг буурч, хямд үнээр үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн байна. MNS-5095:2001 стандартын дагуу эрүүл мэндийн газраас хүн амын өвчлөлийн сүүлийн 5 жилийн үзүүлэлтийг үндэслэн эмнэлгийн орны хэрэгцээг жил бүр шинэчлэн ажиллах шаардлагатай байна.

Эмчлүүлэх эмчийг сонголт хийх боломж (p<0.019), эмч үйлчлүүлэгчийн хоорондын харилцаа хандлага (p<0.015), үйлчилгээний ажилтнуудын харилцаа (p<0.020), тусламж үйлчилгээний чанарыг (p<0.001) сайжруулах нь үйлчилгээний ерөнхий сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой байна.

Байгууллагын удирдлагын зүгээс хэрэгжихүйц, хэмжигдэхүйц төлөвлөгөөтэй, зөв зохион байгуулалттай, хүний нөөцийн оновчтой бодлоготой ажиллах нь байгууллагын амжилтын үндэс бөгөөд байгууллагын тоног төхөрөмж болон хяналтын үйл ажиллагаанд дараагийн түвшинд анхааран ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.

АМГАЛАНБААТАРЫН АЮУРЗАНА

(докторант, ЭМШУИС)

А.Аюурзана нь “Хархны үр хөврөлд этанолын ба лимфоцит эсэд гамма туяаны үзүүлэх нөлөөг судалсан дүн” сэдвээр 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Монгол улс, Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

А.Аюурзанын тогтоосон этанол болон гамма туяаны эукариот эсэд мутаци үүсгэх, үр хөврөлийн хөгжилд гажиг үүсгэх нөлөөг судлах аргууд нь ус, агаар хөрсний бохирдлын хүн, малын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг эрт илрүүлэх, эх орны эрдэм судлалын ажлын талбарт буусан оновчтой загвар болсон байна.

Хээлтэй хархны хөврөлд этанолын үзүүлэх нөлөөг судлан тогтоосноор жирэмсэн үедээ архи, согтууруулах ундааг хэрэглэж байсан эхчүүдээс төрөх хүүхдийн эрхтэн тогтолцоонд гарч болох зарим өөрчлөлтүүдийг тогтоох боломж олгожээ. Судлаач ийм нөлөөлөлд өртсөн хүүхдийг эмчлэх, эрүүл мэндийг нь хянах онол, практикийн чиг баримжааг тодорхойлж, цаашид эм ба эмийн бодисын үр хөврөл хордуулах нөлөөг судлах судлаачдад туршилт, шинжлэлийн ажлын загварыг боловсруулсан байна.

ЭНЭБИШИЙН ОЮУНСҮРЭН

(докторант, ЭМШУИС)

Э.Оюунсүрэн “Судалгааны ажлын сэдэв: Мэргэжүүлэх сургалтын хөтөлбөрийн үр дүнгийн үнэлгээ” сэдвээр 2012 оны 5 дугаар сарын 19-ний өдөр, Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгааллаа.

ДАУБХ-оос гаргасан олон улсын стандарт нь анагаах ухааны боловсрол олгодог дэлхийн бүх байгууллагуудыг нэгэн жигд стандартаар хангах явдал бөгөөд тус холбооноос анагаах ухааны боловсрол эзэмшүүлэх сургалтын глобал стандартыг анагаахын суурь мэдлэг олгох буюу төгсөлтийн өмнөх, төгсөлтийн дараах, тасралтгүй сургалтын түвшинд тус тусад нь боловсруулан гаргаж, улс орнуудад зөвлөмж болгосон байна.

Э.Оюунсүрэн ЭМШУИС-ийн МДИ-д 2004 оноос хэрэгжиж эхэлсэн дотор, мэс засал, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд гэсэн дөрвөн мэргэжлийг сонгон мэргэжүүлэх сургалтын хөтөлбөрт үнэлгээ өгөх, цаашдын зорилтыг тодорхойлох зорилгоор судалгаа хийжээ. ЭМШУИС-ийн Мэргэжил 

Дээшлүүлэх Институтэд хэрэгжиж байгаа төгсөлтийн дараах дотор, мэс засал, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд гэсэн дөрвөн мэргэжлийн мэргэжүүлэх сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, өндөр хөгжилтэй орнуудын мэргэжүүлэх сургалтын хөтөлбөртэй харьцуулан судалж өөрийн оронд тохирсон загварыг боловсруулсан.

Зөвлөмж:

  • Мэргэжүүлэх сургалтын хөтөлбөрийн агуулгыг олон улсын түвшинд хүргэж хугацааг уртасгах, арга зүй болон үнэлгээний аргуудыг шинэчлэн боловсруулах
  • Сургалтын хөтөлбөрийг цогц чадамжид суурилсан хөтөлбөрт шилжүүлэх
  • Мэргэжигч эмч эмнэлзүй дээр ажиллах таатай эрх зүйн орчинг бий болгох
  • Төгсөлтийн дараах сургалтанд хичээл заадаг мэргэшсэн багш нарын багтай болох
  • Төгсөлтийн дараах сургалтын дэвшилтэт арга технологи бүхий эмнэлзүйн ур чадварын төвтэй болох
  • Дадлагажиж байгаа эмч нарын хоёр жилийн хугацааг мэргэжүүлэх сургалтын суурь сургалт болгон шинэчлэн оруулах
  • Мэргэжигч эмчийн нийгмийн асуудлыг бодлогын хувьд дэмжих (цалин, тэтгэлэг авдаг байх, мэргэжигч эмчийн мэргэжлийн даатгалд хамруулах)
  • Төгсөлтийн дараах сургалт нь насанд хүрэгсэдийн, ажлын байранд суурилсан сургалт тул тэд нарыг ажлын нөхцөл, нийгмийн асуудлыг нь бодлогын түвшинд шийдэх хэрэгтэй байна.
  • Дадлагажигч эмчид зориулагдсан ажлын байран дээр суралцах сургалтын бүтэц, зохион байгуулалт бүхий шинэчлэн боловсруулсан загвар нь төгсөлтийн дараах сургалтын нэгдмэл тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүл Мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дугаар заалтыг хэрэгжүүлэх нотолгоонд суурилсан үндэслэл болно.

ОМБООСҮРЭНГИЙН БОЛОРСАЙХАН

(Докторант, ЭМШУИС)

О.Болорсайхан нь “Анагаахын боловсролын байгууллагын үйлчилгээний чанарын үнэлгээ” сэдвээр 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Монгол улс, Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгааллаа.

О.Болорсайхан нь анагаахын боловсрол олгодог их, дээд сургуулиудын үйлчилгээг хүртэгч суралцагчдын сэтгэл ханамж болон ДББ-ын сургалтын үйлчилгээний чанарын харилцан хамаарлыг тодорхойлсон анхны судалгаа хийжээ.

ДББ-ын сургалтын чанар, орц, гарц, үр дүнгээс гадна үйл явц буюу сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын үйл явцыг хэрхэн зохион байгуулснаас шууд хамааралтайг тогтоосон нь уг ажлын шинэлэг бөгөөд анагаах ухааны боловсролын үйлчилгээг хүртэгчдийн сэтгэл ханамжийг судлах үндсэн загвар болсон байна. .

Боловсролын үйлчилгээг чанартай хүргэхийн тулд үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээ шаардлагыг судлан сэтгэл ханамжтай, байнгын суралцагчийг хадгалж үлдэхэд энэхүү судалгаа нь үндэс суурь болох, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж түүнд нөлөөлөх эерэг, сөрөг хүчин зүйлийг тодорхойлсноор сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх арга замыг тооцон үйлчилгээний чанарыг сайжруулах арга замаа тодорхойлох ач холбогдолтой юм байна. Түүнчлэн байгууллагын чанарын удирдлагын хэрэгжилт, үйлчилгээний чанарын үндсэн үзүүлэлтэд үнэлгээ өгч, дүгнэлт хийснээр дээд боловсролын салбарын шийдвэр гаргагчид, судлаачид, удирдлагад шийдвэр гаргах зөв чиглэлийг нотолгоонд тулгуурлан тодорхойлох, цаашдын стратегийг боловсруулах, төлөвлөгөө гаргахад үндэс болохуйц мэдээллээр хангахад уг судалгааны ажил практик ач холбогдолтой ажээ.

ДАМБИЙНЯМЫН ЖАМБАНИНЖ

(Докторант, ЭМШУИС-ийн Эм Зүйн Сургууль)

Д.Жамбанинж нь “Илдэн игүүшин(Cacalia hastata L.)-ээс эмийн шинэ хэлбэр гарган авах технологийн судалгаа” сэдвээр 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Монгол улс, Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгааллаа.

Бүтээлийн товч агуулга, гол ач холбогдол: Монгол, Төвдийн уламжлалт анагаах ухаанд шарх эмчлэх, шархны эдгэрэлтийг эрчимжүүлэх, үрэвслийн эсрэг үйлдэлтэй биологийн идэвхт бодис агуулсан амьтан, ургамлын гаралтай эмийн бэлдмэлүүдийг өргөн хэрэглэсээр ирсэний нэг нь Илдэн игүүшин (Cacalia hastatа.L) юм. Илдэн игүүшин (Cacalia hastatа. L)-ий навч цэцгийг Монголын уламжлалт анагаах ухаанд ходоод, дээрх гэдэсний шархлааг эмчлэх, арьс салстын шарх эдгээх, элэг шарын халуун бууруулах, амны хөндийн үрэвсэл, эмэгтэйчүүдийн үрэвслийг эмчлэх зорилгоор хэрэглэдэг байжээ.

Бид Илдэн игүүшин(Cacalia hastatа. L)-ээс ходоод, дээрх гэдэсний шархлаа эмчлэх, ходоод хамгаалах үйлдэл бүхий хальсан бүрхүүлтэй шахмал эмийн хэлбэр болон үрэвслийн эсрэг, шарх эдгээх, шархны эдгэрэлтийг түргэсгэх гадуур хэрэглэдэг гель эмийн хэлбэрийн технологийг анх удаа боловсруулан, оновчтой найрлагыг тогтоож, технологийн процесст нөлөөлөх хүчин зүйлүүдийг судалж, чанарын шалгуур үзүүлэлтүүдийг тогтоосон юм. Илдэн игүүшиний хальсан бүрхүүлтэй шахмал эм болон гелийн тогтвортой чанар болон биошингэцийг судлан тогтоолоо. Илдэн игүүшиний гель нь шарх эдгээх, шархны эдгэрэлтийг сайжруулах үйлдэлтэй болохыг батлав.

СҮХБААТАРЫН МӨНХЗУЛ

(Докторант)

С.Мөнхзул “Амьгүй төрөлтийн зарим шалтгаан, хүчин зүйлийг судлах асуудалд” сэдвээр 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгааллаа.

Бүтээлийн товч агуулга: “Амьгүй төрөлтийн зарим шалтгаан, хүчин зүйлийг судлах асуудалд” судалгааг тохиолдол-хяналтын судалгааны загвараар амьгүй төрөлтийн шалтгааныг 1:1 харьцаагаар нийт 100 тохиолдол, хяналтын бүлэгт 50, тохиолдлын бүлэгт 50 эх авч асуумж судалгаа мөн төрсний дараа ихэсд эмгэг судлалын шинжилгээг хийжээ. 2005-2010 онд амьгүй ураг төрүүлсэн 842 эхийн төрөлтийн түүх, жирэмсний 22 долоо хоногтойгоос хойш хугацаанд хожуу зулбалт гэж оношлогдсон 1139 эхийн төрөлтийн түүх, жирэмслэлт таслуулсан 532 эхийн төрөлтийн түүхэнд боловсруулалт хийсэн байна.

Сүүлийн 5 жилийн дунджаар амьгүй төрөлтийн тохиолдлын 46.1% нь бүртгэлтэй байна. Бүртгэлгүй амьгүй төрөлтийн 95.8% нь жирэмсний 22-28 долоо хоногтой амьгүй төрөлт буюу эрт үеийн амьгүй төрөлт эзэлж байна. Амьгүй ураг төрөхөд эхийн нас хэт залуу болон 35-аас дээш хожуу насанд төрөх, боловсролын түвшин бага байх, тамхи татах, ажлын хортой нөхцөл, жирэмсэн үед төмөр, фолийн хүчил, кальцийн бэлдмэл хэрэглэхгүй байх зэрэг нь эрсдэлт хүчин зүйлс болж байна. Мөн архаг сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, манас таталтын урьдал зэрэг нь амьгүй ураг төрөх эрсдэлийг нөхцөлдүүлэх хүчин зүйлс болж байна. Амьгүй ураг төрүүлсэн эхийн ихсийн өөрчлөлтөд цэлмэн, тулгуур цэлмэнгийн өөрчлөлт, ихсийн дутмагшил, хүйн бүтцийн өөрчлөлт, хүй дарагдлын өөрчлөлт, ураг орчмын шингэний хальсны эмгэг илүү илэрч байна.

Амьгүй ураг төрүүлж байгаа ба ураг эхийн хэвлийдээ эндэж буй тохиолдлын шалтгааныг олон  аргаар анх удаа хослуулан судалж, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг тогтоосноор эрсдэлтэй бүлгийн эхчүүдийг эрт илрүүлэн амьгүй ураг төрүүлэхээс урьдчилан сэргийлэх аргын талаар санал боловсруулсан байна.

Амьгүй ураг төрүүлсэн, ураг эхийн хэвлийдээ эндсэн эхчүүдийн цаашдын жирэмслэлт, жирэмсний явцын болон төрөлтийн хяналтыг үр дүнтэй хийх, амьгүй ураг төрөхөөс сэргийлэх арга зүйн үндсэн зарчмыг боловсруулсан байна. Манай орны нөхцөлд амьгүй төрөлтийг бүртгэх санал гарган, нэгдсэн бүртгэлийн сан бий болгох хэрэгцээ буйг тодорхойлсон нь судалгааны ажлын гол ач холбогдол юм.

Зөвлөмж:

1. Амьгүй төрөлтийн бүртгэлийг сайжруулах чиглэлд:

  • ДЭМБ-ын зөвлөмж, Монгол Улсын ЭМ-ийн сайдын 2002 оны 173 тоот тушаалын 5-р хавсралтад заасны дагуу жирэмсний 22 долоо хоногтойгоос, ургийн жин 500 гр-аас дээш, ургийн чац 35 см-ээс дээш амьгүй ураг төрснийг амаржих газрууд бүртгэж, мэдээлэх
  • Амьгүй төрөлтийн бүртгэлийн загвар програмын дагуу бүртгэлийг сайжруулах боломжийг судлах
  • Амаржих газар бүр амьгүй төрөлтийн бүртгэл, мэдээллийн сантай болох
  • Бүртгэл мэдээллийн тайланг улирал, жил бүр мэдээлж байх
  • Эрт болон хожуу үеийн амьгүй төрөлтийг ялган мэдээлдэг байх
  • ЭМ сайдын 173 тоот тушаалын дагуу жирэмсний 22 долоо хоногтойгоос хойшхи хугацаанд амьгүй ураг төрсөн тохиолдол болгонд эмч нарын зөвөлгөөн хийж, шалтгааныг тодруулж, амьгүй төрөлтийн ангиллын дагуу бүртгэлд хамруулах эсэхийг шийдэж байх

2. Жирэмсний хяналт сайжруулах чиглэлд:

  • Амьгүй төрөлтөөс сэргийлэх арга зүйн зарчим баримталж ажиллах (Хавсралт 1)
  • Амьгүй ураг төрөхөд нөлөөлөх эх болон гэр бүлийнхний зан үйлийн талаар сургалт, сурталчилгаа хийх, боловсрол олгох
  • Хэт залуу, хожуу жирэмслэлтийн үеийн хяналтыг сайжруулах
  • Ажлын хортой нөхцөл, эхийн тамхидалтын сөрөг нөлөөний талаар ойлголт өгөх
  • Эхийг БЗДХ-аас сэргийлэх, архаг өвчнийг эрүүлжүүлэх, эмчлэх, нөлөөллийг багасгах арга хэмжээ авах
  • Жирэмслэхээс өмнө, жирэмсэн үед TORCH халдварын шинжилгээг эх бүрт заавал хийж, үүний зардлыг эрүүл мэндийн даатгалаас төлөх боломж бүрдүүлэх
  • Жирэмсний явцад ихэс, ураг, хүйн эмгэгийг оношлох эмчлэх

3. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, гэр бүл төлөвлөлтийн чиглэлд:

  • Жирэмслэлт хоорондын зайг зохицуулах
  • Жирэмсэн үе, төрөлтийн явцын өөрчлөлт, жирэмсний хяналтын талаар мэдлэгтэй байх
  • Архи, тамхины урагт үзүүлэх сөрөг нөлөөний талаар мэддэг байх

МӨНХБАЯРЫН АРИУНАА

(докторант, Арьсны өвчин судлалын үндэсний төв)

М.Ариунаа “Арьс цэврүүтэх аутоиммун өвчний дархлаа эмгэг судлалын оношийн цэгнүүр” сэдвээр 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол улс, Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгааллаа.

Бүтээлийн товч агуулга, гол ач холбогдол: Монгол улсад бүртгэгдэж байгаа арьс цэврүүтэх аутоиммун өвчний дархлаа-эмгэг судлалын шинжийг тодруулж, өөрийн орны нөхцөлд тохирсон оношлогооны шалгуур үзүүлэлтийг боловсруулах зорилгоор нэг агшингийн болон өвчтөнд суурилсан, эмнэлзүйн тохиолдлын судалгааны загварыг хэрэглэн судалгааг хийж, судалгааны үр дүнд цэврүүтлийн 13 (үүнээс энгийн цэврүүтэл 9, навчин цэврүүтэл 4), цэврүүт цэврүүшлийн 17, Дюрингийн дерматитийн 8 тохиолдлын оношийг баталгаажуулж, цэврүүтэл оноштой эмчлүүлэгчдэд ийлдсийн anti-Dsg1/anti-Dsg3 эсрэгбиеийн агууламж, цэврүүт цэврүүшил оноштой эмчлүүлэгчдэд anti-ВР180 аутоэсрэгбиеийн агууламж өвчний эмнэлзүйн илрэл, явцтай хамааралтай байгааг тогтоосон байна.

Эмгэг эд судлалын шинжилгээнд хөндийн байрлалыг тогтоох, дархан туяарах шинжилгээгээр эдийн болон ийлдсийн аутоэсрэгбие илрүүлэх, ийлдэс судлалын шинжилгээгээр эргэлдэгч аутоэсрэгбиеийн агууламжийг тодорхойлох нь арьс цэврүүтэх аутоиммун өвчнийг оношлох дархлаа-эмгэг судлалын үндсэн шалгуур үзүүлэлт болж байна гэж дүгнэжээ.

Арьсны эдийн сорьцонд дархан туяарах шууд аргаар аутоэсрэгбиеийн болон хавсаргын бүрдлийн хуримтлал илрүүлэх, арьсны эдийн сорьцонд болон давсалж хуулсан арьсны зэхэц дээр дархан туяарах шууд бус аргаар эргэлдэгч аутоэсрэгбиеийн хуримтлал илрүүлэх стандартчилсан техникийн заавар, ийлдэст арьсны нарийн бүтцийн аутоантигений эсрэг үүссэн эргэлдэгч аутоэсрэгбие тодорхойлох шинжилгээний техникийн заавар, арьсны эмгэг эд судлалын шинжилгээний стандартчилсан техникийн зааврыг шинэчлэн боловсруулж АӨСҮТ-ийн практикт нэвтрүүлж, өөрийн  орны онцлог нөхцөлд тохирсон арьс цэврүүтэх аутоиммун өвчний оношлогооны шалгуур үзүүлэлт, лабораторийн оношлогооны алгоритмийг боловсруулсан байна.

ДАШНЯМЫН СОЛОНГО

(Докторант, Улаанбаатар Их Сургуулийн Сувилахуйн тэнхим)

Д.Солонго нь “Гэрийн нөхцөлд үзүүлж буй сувилахуйн тусламжийг боловсронгуй болгох асуудалд” сэдвээр 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол улс, Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгааллаа.

Бүтээлийн товч агуулга: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөн эдгэрч илааршихад эмнэлгийн мэргэжилтний хяналтад гэрийн нөхцөлд үргэлжлүүлэн эмчлэн сувилах хэрэгцээ тулгамдсан асуудал болж байгаа бөгөөд энэ асуудлыг иж бүрэн судалж, өнөөгийн байдалд тодорхой дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзэж, гэрийн нөхцөлд үзүүлж буй сувилахуйн тусламжийн байдалд дүн шинжилгээ хийж, гэрээр сувилахуйн тусламжийг үзүүлэх сувилагч мэргэжилтний загварыг боловсруулах зорилгоор нэг агшингийн загварыг ашиглан судалгаа хийж судалгаанд 1227 үйлчлүүлэгч, 58 сувилагч, эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамруулж, сувилагч бэлтгэдэг төрийн өмчит 4, төрийн бус 5 сургуулийн хичээлийн агуулгыг харьцуулан судалсан байна.

Үр дүн: Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн 49.2% нь гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ авсан ба гэрээр үзүүлэх төрөлжсөн сувилахуйн тусламжийг хэрэгцээний төрлөөр нь авч үзэхэд: тархины цус харвалтын дараах саажилт (9.1%), зүрх судасны өвчинтэй (7.7%) ба бэртэл гэмтэлтэй (6.9%) хүмүүст үзүүлэх төрөлжсөн тусламж дийлэнх хувийг эзэлж, нийт үйлчлүүлэгчдийн 7.2% нь өрхийн сувилагчаар, 13.4% нь төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн сувилагчаар, 32.6% нь аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагчаар, харин 2.1% нь хувийн эмнэлгийн сувилагчаар хийлгэх сонирхолтой байна. Судалгаанд хамрагдсан сургуулиудаас ЭМШУИС-ийн ЭМТС, ЭМШУИС Дорноговь дахь салбар сургууль, Улаанбаатар Дээд Сургууль, Оточ Манрамба Дээд сургууль сургалтын хөтөлбөртөө “Гэрийн сувилахуй” хичээлийг оруулсан байна.

Гэрийн сувилахуйн тусламжийн ихэнх хувийг өрхийн сувилагч үзүүлдэг, тархины цус харвалтын дараах сувилгаа (9.1%), зүрх судасны өвчтэй хүний сувилгаа (7.7%), бэртэл гэмтэлтэй хүний сувилгааны (6.9%) эрэлт хэрэгцээ илүүтэй тулгамдаж байна гэсэн дүгнэлт хийжээ.

ДАМДИНБАЛЖИРЫН ОТГОНЖАРГАЛ

(Нийгмийн эрүүл мэндийн үндэстний төв, докторант)

“Монголын тав хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн хамааралт эмгэгийн тархалт, төрөөс баримталж буй бодлого” сэдвээр 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол улс, Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Бүтээлийн товч агуулга, гол ач холбогдол: Хоол тэжээлийн хамааралт эмгэгийн тархалтын түвшинг тогтоох, хооллолтын дадлыг тодорхойлох судалгаанд МУ-ын эдийн засгийн 4 бүсийн 21 аймаг, УБ хотын 0-59 сартай хүүхэд, бага насны хүүхдийн хоол тэжээлийн талаар эрүүл мэндийн ажилтан, эхчүүдийн мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох судалгаанд Говь-Алтай, Сүхбаатар, Дундговь, Төв, Архангай аймгуудын тус бүр 5 сум, УБ хотын Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн тус бүр 5 хороодын сонгогдсон сум, хороодын 0-35 сартай хүүхдийн эхчүүд болон өрхийн эмнэлгийн ЭМА-уудыг тус тус хамруулсан. 

Судалгаа нь тав хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн хамааралт эмгэгийн тархалт, чиг хандлагыг үндэсний хэмжээнд тогтоож, төрөөс баримталж буй бодлогын бичиг баримтыг судлан, бага насны хүүхдийн хоол тэжээлийн талаарх эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эхчүүдийн мэдлэг, дадал, хандлагыг тодорхойлох зорилгоор 4 зорилтуудыг дэвшүүлэн, гүйцэтгэсэн байна.

Судалгааны ажлын ач холбогдол: Бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамааралт эмгэгийн сүүлийн 19 жилийн тархалтын чиг хандлагыг харьцуулан судалснаар энэ чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын бичиг баримт боловсруулах онолын үндэслэл болно.

Нялхас, бага насны хүүхдийн хооллолтын байдлыг шинэчилсэн аргачлалаар тодорхойлсноор тэдгээр үзүүлэлтүүдийг дэлхийн болон бүсийн бусад орнуудын үзүүлэлттэй харьцуулах боломжтой болсон байна.

Бага насны хүүхдийн хоол тэжээлийн талаарх ЭМА, эхчүүдийн МДХ-ын байдалд үнэлгээ хийснээр цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны суурь судалгаа болж байгаагаар ач холбогдолтой.

Зөвлөмж:

Эрүүл мэндийн ажилтнуудад:

  • Аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад нялхас, бага насны хүүхдийн хооллолтын талаар зөвлөгөө өгөх ур чадвар эзэмшүүлэх
  • Бага насны хүүхэд, жирэмсэн ба хөхүүл хүүхэдтэй эхчүүдийг бичил тэжээлийн дутлаас сэргийлж, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл болон бусад шаардлагатай аминдэм, эрдсийн бэлдмэлийн хэрэглээнд тавих хяналт үнэлгээг сайжруулах, үр дүнг тооцдог болох
  • ЭМАШБ-ын ажилтнуудын бага насны хүүхдийн хоол тэжээлийн талаарх мэдлэг, хандлага, дадлыг сайжруулахад чиглэсэн Олон нийтэд түшиглэсэн хүүхдийн өвчний цогц менежмент сургалтыг орон нутагт зохион байгуулах, сургалтын тасралтгүй байдлыг хангах бүхий л боломжийг хангах
  • Хүүхдийн хоол тэжээлийн талаар зөв хандлага, дадалтай болгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх,
  • үнэлгээ хийж, эргэн мэдээллэх, зөвлөгөө өгөх ажлыг тогтмолжуулах
  • ЭМА-ын ажлын үндсэн үзүүлэлтэнд тэдний эхчүүдийн мэдлэг, хандлага дадлыг сайжруулсан үзүүлэлтийг тусгах

Эхчүүдэд:

  • Эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг эрчимжүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалтыг тасралтгүй үр дүнтэй зохион байгуулах
  • Бага насны хүүхэдтэй эхчүүд, гэр бүлийнхний мэдлэг, хандлагыг (сонголтоор) сар бүр үнэлж, түүнийг үндэслэн нийт эхчүүдэд зөвлөгөө өгөх
  • ЭМА эхчүүдэд хүүхдийн хооллолтын талаар зөвлөгөөний хэрэгжилт болон дадлын үзүүлэлт ямар байгаад хяналт тавих ажлыг тогтмолжуулах
  • Бага насны хүүхдийн бодит хооллолтыг (сонгосон гэр бүлд) улирал бүр судлан
  • Гаргасан алдаа ололтыг үндэслэн зөвлөгөө, тусламж үзүүлэх
  • Эхчүүдийн дунд зөвлөх бүлэг, туршлага солилцох цаг бий болгох, хүүхдээ эрүүл өсгөн бойжуулж буй ээж, гэр бүлийг нийтэд мэдээлэх, урамшуулж, туршлагыг дэлгэрүүлэх компанит ажил зохион байгуулах

ЯНЖМААГИЙН ЭНХЖАРГАЛ

(Докторант, ЭМШУИС-ийн ЭТМС)

Я.Энхжаргал нь “Чихрийн шижин хэвшинж 2 –ын үеийн хяналт, сургалтын асуудалд” сэдвээр 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол улс. Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгааллаа.

Бүтээлийн агуулга, ач холбогдол: Чихрийн шижин хэвшинж 2 (ЧШХШ2)- ын үед үйлчлүүлэгчдийн өөрийн хяналт, эрүүл мэндээ хянах асуудал хамгийн чухал билээ. Судлаач Чихрийн шижин хэвшинж 2-ын үеийн өвчтөний өөрийн болон эмчийн хяналтыг үнэлж, сургалтын орчин, хөтөлбөр, боловсон хүчин, эрх зүйн баримт бичгүүд, сургалтын үр дүнг судлан, хяналт болон сургалтанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлсон байна. Түүнчлэн ЧШХШ2-той үйлчлүүлэгчдийн сургалтын одоогийн байдлыг тодорхойлж, үр дүнг үнэлэхэд проспектив кохорт судалгааны аргыг анх удаа ашигласан нь бүтээлийн онцлог юм. Энэхүү судалгаагаар шинээр оношлогдсон ЧШХШ2-той үйлчлүүлэгчдийн мэдлэг, өөрийн хяналт, сэтгэлзүй, өвчиндөө хандах хандлага сургалтад хамрагдсан бүлэгт суурь судалгаанаас 6 сарын дараа сайжирсан үр дүн гарсан байна. Мөн сургалтад хамрагдсан үйлчлүүлэгчдийн систолын даралт (p=0.008), диастолын даралт (p=0.035) тус тус буурч, бүсэлхийн тойргийн хэмжээ (p=0.014) судалгааны явцад багассан төдийгүй сийвэн дэх HbA1C-ийн түвшин буурч (p=0.001), БНЛП-ын хэмжээ (p=0.0001) багасан, ИНЛП-ын хэмжээ нэмэгдэж (p=0.036) хяналт сайжирсан нь судалгаагаар тогтоогджээ. .

ЧШХШ2-той үйлчлүүлэгчдийн хяналт, сургалтыг сайжруулахын тулд бид дараах зөвлөмж гаргасан боловсруулсан байна. Үүнд:

  1. Улсын хэмжээнд ЧШ-тэй үйлчлүүлэгчдийн хяналтын бүртгэл мэдээллийн нэгдсэн сантай болох шаардлагатай байна. Энэ нь бүртгэлд хамрагдсан үйлчлүүлэгчдийн хяналтыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
  2.  ОУЧШХ-ны сургалтын стандарт болон Монгол Улсын хэмжээнд батлагдсан стандарт (MNS5943:2011)-ыг баримтлан ЧШ-гээр оношлогдсон ба эрсдэл бүхий бүх хүн амд боловсрол олгох, сургалтыг явуулах орчин, мэргэшсэн багийг бүрдүүлж, сургалтын цөм хөтөлбөр боловсруулан мөрдөх шаардлагатай байна. ЧШ-тэй үйлчлүүлэгчдийн хэрэгцээг үндэслэж гарын авлагаар хангах, хэвлэл мэдээллийн ЭМБО сургалтыг олшруулж, цахим болон зайн сургалтыг бий болгох хэрэгцээтэй байна.
  3.  Чихрийн шижин хэвшинж 2-ын эмнэлзүйн удирдамжид заагдсаны дагуу үйлчлүүлэгчдийн хяналтыг үнэлэх, үзлэг, шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж, төсвийг шийдвэрлэх
  4. ЧШ-гийн мэргэшсэн олон мэргэжлийн багаар ажиллах мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолт, мэргэжлийн зориулалт, ажиллах нөхцлийг бий болгох
  5. ЧШ-тэй болон ЧШ-гийн эрсдэл бүхий хүмүүс ЭМБ-оо дээшлүүлэх, БЖ-гээ барих, зохистой хооллолт, хөдөлгөөний дэглэмийг баримтлан, архи тамхины хэрэглээг бууруулах, өөрөө өөрийгөө хянах аргад суралцах

БҮРНЭЭБААТАРЫН БУЯНХИШИГ

(ЭМШУИС-ийн Био-Анагаахын Сургуулийн докторант, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв)

Б.Буянхишиг нь “Монголд зонхилон тохиолддог сүрьеэгийн савханцрын эмэнд тэсвэржилт, генотип шинж” сэдвээр 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улс, Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Бүтээлийн товч агуулга: Монгол улсад тархсан сүрьеэгийн савханцрын эмэнд анхдагч болон олдмол тэсвэржилтийн тархалтыг тогтоож, маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэг илрүүлж, сүрьеэгийн савханцрын генотип шинж, сүрьеэгийн савханцрын филогенезийг молекул генетикийн аргуудаар харьцуулан судлахыг зорьсон. Судалгааны үр дүнд үндэслэн дараах дүгнэлтэнд хүрлээ. Үүнд: Монгол улсад тархсан сүрьеэгийн савханцрын дунд эмэнд тэсвэртэй омгийн тархалт 25.1% (95% CI 22.3-28.1), олон эмэнд тэсвэртэй омгийн тархалт 7.5% (95% CI 5.9-9.5) байна. Мөн 2009-2011 оны хооронд маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн омог 19 бүртгэгдлээ. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй үйлчлүүлэгчдийн эмчилгээний амжилт 72,9% байгаа хэдий ч 9.02% нь үр дүнгүй, 9.02% нь эмчилгээ тасалж, 9.02% нь эмчилгээний явцад нас барж байна.

Сүрьеэгийн савханцрын эмэнд тэсвэржилт үүсгэгч генийн мутацид рифампицины тэсвэржилт үүсгэгч rpoB генийн S531L(MUT3), изониазидын тэсвэржилт үүсгэгч inhA  генийн С15Т(MUT1) мутациуд давамгайлж байна. Олон эмэнд тэсвэржсэн омгийн 97.8% нь Бээжин генотип эзэлж байна. Филогенезийн хувьд TbD1-RD9+ хапло хэв  шинжтэй, Зүүн Ази, Европ-Америкийн удам-газарзүйн бүлэгт хамаарах омгууд ойролцоо хувьтай байгааг уг судалгаагаар тогтоолоо.

ГОНГОРЖАВЫН АЯНГА

(Докторант, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв)

Г.Аянга нь “Тагнайн төрөлхийн сэтэрхийн мэс заслын эмчилгээг боловсронгуй болгох нь” сэдвээр 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монгол улс, Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгааллаа.

Бүтээлийн товч агуулга, гол ач холбогдол: Тагнайн төрөлхийн сэтэрхийн үеийн мэс заслын эмчилгээний үр дүнг олон улсад стандарт болон ашиглаж буй уламжлалт аргуудын үед мэс засалд зарцуулах хугацаа, мэс заслын дараах шархны эдгэрэлт, өвчтөн хэвтэн эмчлүүлсэн ор хоног зэргээр нь харьцуулан судалж, уг өвчний мэс заслын эмчилгээний манай оронд тохирсон шинэ арга боловсруулжээ.

Г.Аянгын боловсруулсан мэс заслын эмчилгээний шинэ арга нь дээрх үзүүлэлтүүдээр харьцуулсан бусад аргуудаас статистик ач холбогдол бүхий илүү үр дүнтэй болох нь нотлогдсон байна. Судалгааны ажлын үр дүнгээр “Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн цогц оношилгоо, эмчилгээ” сэдэвт 2,2 хэвлэлийн хуудас аргачилсан зөвлөмж нийтлүүлсэн байна.

ДАШПУНЦАГИЙН ХИШИГТОГТОХ

(докторант, ЭМШУИС-ийн НЭМС)

Д.Хишигтогтох “Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын дундах Халдварт бус өвчний зарим эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа” сэдвээр 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Монгол улс, Улаанбаатар хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Бүтээлийн товч агуулга, гол ач холбогдол:

Улаанбаатар хотын ЕБС-ийн сурагчдын дундах халдварт бус өвчний зарим эрсдэлт хүчин зүйлсийн тархалт болон илүүдэл жин, таргалалтанд нөлөөлж буй хүчин зүйлс, сурагчдын Халдварт бус өвчний талаарх мэдлэг, хандлагыг судлах зорилготой хийгдсэн уг судалгаа нь Халдварт бус өвчний зарим эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоохдоо сургуулийн бүх насны ангиллыг хамруулж хийсэн нь эрсдэлт хүчин зүйлсийн талаарх суурь мэдээллийн санг бүрдүүлэх, сурагчдын дунд илүүдэл жин, таргалалтын тархалтын түвшинг нас, хүйсээр харьцуулан үндсэн үзүүлэлтүүд (биеийн жингийн индекс, бүсэлхий болон ташаан тойрог, тэдгээрийн харьцаа, арьсан доорхи өөхөн эдийн зузаан, биед агуулагдах өөхөн эдийн хэмжээ)-ийн дунджийг гарган, өөхөн эдийн биомаркер адипонектиний түвшинтэй холбон судласан нь ХБӨ-өөс (чихрийн шижин, зүрх судасны өвчин г.м) сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний өнөөгийн байдалд үнэлгээ өгөх, цаашид авах арга хэмжээг төлөвлөхөд ач холбогдолтой юм.

САМБУУГИЙН ЦЭГМЭД

(Горилогч, НЭМҮТ)

НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан С.Цэгмэд “Распространённость, факторы риска и профилактика рака желудка у населения Монгол”сэдвээр 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Оросын Холбооны Улс, Эрхүү хотноо анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Бүтээлийн товч агуулга, гол ач холбогдол

Дэлхий дахинд нийт хавдарын өвчлөл жил ирэх тусам ихсэж байхад сүүлийн 40 жилд дэлхийн ихэнх улс оронд ходоодны хорт хавдрын өвчлөл буурч байгаа билээ. Харин ходоодны хавдар өсөж байгаа цөөхөн улсын нэг нь Монгол улс юм.

Судлаач Монгол улс дахь ходоодны хорт хавдрын өвчлөлийн тархалт, хөдлөл зүйг гаргаж, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийг тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зөвлөмж боловсруулах зорилт тавьжээ.

Судалгааны үр дүнд Монгол улсад ходоодны хорт хавдрын өвчлөл нийт хавдрын өвчлөлд олон жил 2 дугаар байр эзэлж, цаашид өсөх хандлагатай байгаа ба өвчлөл уулархаг газар илүүтэй тохиолдож байгааг гаргав. Мөн бүх сумын ундны усанд ерөнхий эрдэсжилт, хатуулаг, Zn, Cu, Ma, Co, Fe, As үзэж, эрүүл ахуйн үнэлгээг өгч, газарзүйн зураглалд оруулсан нь цаашид тухайн үзүүлэлтүүдийг сум бүр дээр хянах болон лавлагаа болох чухал ач холбогдолтой болж байна. Судалгааны үр дүнд үндэслэн унд ахуйн усан дахь хүнцлийн эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээг шинээр тогтоож стандартчилсан байна (MNS 0900- 2005 Ундны усны стандарт). Ходоодны хорт хавдрын өвчлөлийг ундны усны үзүүлэлттэй холбосноор ундны усны эрдэсжилт ходоодны хорт хавдрын өвчлөлтэй хамааралтай байгааг тогтоосон байна. Мөн ходоодны хорт хавдрын өвчлөлд хоол хүнсний хэрэглээний дадал хандлага болон амьдралын хэв маягийг судлан, өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг боловсруулсан байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1379
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК