Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 1(82)
Монгол хүний физиологи био-химийн судалгааны өнөөгийн байдал
( Лекц )

Л.Лхагва, Ц.Номингэрэл

Хүн Судлалын үндэсний төв

 

Эдүгээ хүртэл бид орчин зүйн өөр нөхцөлд амьдардаг европ нутгийн хүний бие махбодын үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт, хэвийн хэмжээг өөрийн орны эмнэлэг, сургалт хүмүүжил, үйлдвэрлэлийн практикт үндсэн лавлах болгож ашигласаар ирсэн нь манай орны биологи, анагаах ухаан ялангуяа хүний физиологи, морфологи, биохимийн шинжлэх ухааны судалгаа боловсруулалтын ажлын цар хүрээ, түвшинтэй  холбоотой байна.

Манай Оронд монгол хүнээ судалж байгаа судлаачид мэр сэр байгаа боловч судалгааны объект судалж байгаа чиглэлүүд өөр өөр байгаагаас шалтгаалан үр дүн нь харилцан адилгүй байна. Энэхүү өгүүлэлдээ монгол хүний физиологи, биохимийн үзүүлэлтүүдийг судалсан зарим материалыг шүүн үзэж товчхон дүгнэлт хийхийг оролдлоо.

Монгол хүний цусны эсүүдийг судалсан хэд хэдэн материал, нийтлэгджээ. Б.Рагчаа 1964 онд Улаанбаатар хотод оршин суугч 19-38 насны 100 эрүүл хүнд, Ч.Шарав, А.Т.Колесникова нар 150 донорын цусанд шинжилгээ хийжээ (35, 49).

Ш.Жигжидсүрэн 1970 онд монгол 100 хүний захын цусан дахь дүрст язгуурын хэвийн хэмжээг судалж, цагаан эсийн үнэмлэхүй тоо нь нийтээр баримтлах хэвийн хэмжээний хүрээнд, тасархайтсан бөөмт нейтрофил, лимфоцитын харьцангуй хэмжээ нь хэвийн хэмжээний доод язгуурт байна  (14) гэжээ.

Д.Дэжидмаа Улаанбаатар хотын 2661 эрүүл хүн амыи захын цусан дахь гематолог үзүүлэлтийн хэвийн хэмжээг тогтоож, гемоглобины хэмжзэ 16-30, 46-60 насны хүмүүст 146+0.8 г/л, 17—35 насны хүмүүст 137.0-0.08 г/л ба эрүүл монголчуудын гематолог үзүүлэлт нь дундад Ази, Сибирь, байгалийн чанд орчмын нутгийн хүмүүсийнхтэй ойролцоо байна хэмээн дүгнэжээ (12).

Цусны үзүүлэлтийн хоногийн хөдлөл зүйг Л.Лхагва, Ц.Цэрэгмаа, А.Жанчив нар судалж улаан эс, гемоглобин, өнгө илтгэгч, цагаан эс, түүний хэлбэрүүд нь хоногийн хугацаанд тодорхой хэмжээгээр хэлбэлзэж байгааг илрүүлэн цаашид монгол хүний цусны эсүүдийн биохэмнэлийн хэвийн хэмжээг тогтоох шаардлагатай болох тухай дүгнэлтэд хүрсэн байна (17).

Монгол хүний цусны идэвхт урвал О.Сүхбаатарын судалгаагаар нийтийн баримталдаг үзүүлэлттэй тохирч цусны физик химийн үзүүлэлт нь хүний яс, үндэс, оршин суугаа газар орны онцлогоос бага хамаардаг, харьцангуй тогтвортой хэмжигдэхүүнүүд болох  нь тодорхой харагдаж байна (36).

Цусан дахь өөх тослог бодисын хэмжээг Н.Дондог (1967), Ш.Чадраабал (1968), Б.Лувсанноров (1970), Д.Баасанжав (1989), Л.Лхагва (1989), С.Ямаахай (1987) нар судалжээ.

Н.Дондог 240 монгол хүний ийлдсийн фосфолипидийн хэмжээ орос хүмүүсийнхээс онцын зөрөөгүй харин холестерины хэмжээ 50-аас дээш насанд бага болно гэж судлан дүгнэжээ (11).

Б.Лувсанноров, Н.Дондог (11, 21, 22) нар хөдөөгийн хүмүүсийн цусны өөх тослог бодисын хэмжээ хотынхоос харьцангуй бага байгааг тэдний идэвхтэй амьдрал эрхэлдэг, хоол хүнсэндээ сүү, сүүн бүтээгдэхүүнийг илүү их хэрэглэдэг явдлаар тайлбарлаж байна.  Судлаачдын материалаас үзэхэд холестерины хэмжээ насны бүлэглэл бүрд тодорхой нэмэгдэж байна. Б.Лувсанноровын судалгаа нь нилээд өргөн цар хүрээтэй, нэг чиглэлийн бөгөөд үр дүнг нь биеийн идэвх ажиллагаатай холбож үзжээ. Албан хаагчдын цусны беталипопротейны хэмжээ ажилчдынхаас дунджаар 23 мг%-оор, холестерин 12 мг%-оор их байгааг тогтоожээ (22).

Д.Баасанжавын судалгаанаас үзвэл тус орны Алтайн уулархаг нутагт амьдардаг хүмүүсийн цусны холестерины дундаж түвшин говь талынхаас бага байна (1).

Мөн газар зүйн янз бүрийн бүсэд липидийн судалгаа хийсэн С.Ямаахайн (1989) материалаас үзэхэд (нийт 2759 хүнд) Улаанбаатар хотын 30-39 насны эрэгтэйчүүдийн холестерины хэмжээ, Өмнөговь, Хэнтийнхээс арай бага буюу ойролцоо, Архангай, Өвөрхангайгаас их, Улаанбаатарын 30-39, 40-49 насны эмэгтэйчүүдэд холестерины хзмжээ Өмнөговь, Хэнтийнхээс бага байна. Ерөнхийдөө бүх бүсийн 46-49 насны хүмүүсийн холестерины хэмжээ хамгийн бага гэж дүгнэжээ (51).

Говийн бүсийнхний өөх тослог бодисын хэмжээ Хангайнхаас их байгааг мөн Я.Нямдорж (1984) илрүүлсэн байна. Ийнхүү өөх тослог бодисын хэмжээ нь газар зүйн бүс нутаг, хоол хүнсний онцлог, хөдөлгөөний идэвх зэрэг олон хүчин зүйлүүдээс шалтгаалан харилцан адилгүй байна.

Үүний нэг хүчин зүйл болох монголчуудын хоол хүнсний онцлогийг судалсан Ш.Чадраабалын судалгааны дүнгээс монголчуудын хүнс тэжээлийн бүтээгдэхүүнд амьтны гаралтай уургийн эзлэх хувийн жин харьцангуй их, харин нүүрс усны хэмжээ нэлээд бага, хоногийн хэрэгцээт уургийн 60-70 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүнээс, нүүрс усыг ихэвчлэн гурил, гурилан төрлийн бүтээгдэхүүнээс авдаг гэж дүгнэжээ (42, 43, 44,45).

ДЭМБ-аас гаргасан мэдээнээс үзэхэд Монгол улсын хүнсний зүйлс амьтны гаралтай өөх тосоороо дэлхийд тэргүүлдэг (88.43%) байна (55).

Монголчуудын цусны улаан эсийн АВО(Н) системийн эсрэгтөрөгчийн тархалтыг Од (27),  Батмөнх (3),  Шарав (50), Нямдаваа (27) нар судалжээ. Эдгээр судалгааг Г.Дашзэвэг, П.Нямдаваа, Ц.Эрдэнэ-самбуу нар (10) харьцуулан үзэж хойшлох тутам  А (II) бүлгийн хувийн жин буурч 0 (1)-ийн бүлгийн хувийн жин ихэсч байна гэжээ. Иинхүү манай хүн амд А генийн давтамж бага, В генийн давтамж өндөр байснаас сүүлийн жилүүдэд В(III) бүлгийн жин буурч бусад нь ихэсч байгааг тайлбарлахдаа цагаан цэцэг өвчний шилжилтийн улмаас А генийн тохиолдол давамгайлах болсон буюу Монгол улсад 1940 оноос хойш цагаан цэцэг өвчин гараагүйгээс бусад генийн тохиолдол өсч байна гэж үзэж байна.

Монгол хүний сийвэнгийн уургийн бурэлдэхүүнийг М.Отгон,  Я.Дондог (30),  Ш.Чадраабал (42), С.Ямаахай (50), Б.Лувсанноров Б.Баримов (24), Л.Лхагва (13) нар судалжээ. С.Ямаахайн судалгаа нь нэгэн чиглэлийн өргөн хүрээтэй бөгөөд доорх дүгнэлтийг хийжээ. Нийт уургийн хэмжээ нь хэмжээний хүрээнд боловч альбумины үнэмлэхүй болоод харьцангуй хэмжээ нь нийтээр баримтал­даг хэвийн хэмжээний доод хязгаар гаммаглобулины хэмжээ нь байвал зохих хэмжээний дээд хязгаарт ба үүнээс альбумин, глобулины харьцаа бага байна.

Цусан дахь сахарын хэмжээг В.Ичинхорлоо (16), М.Отгон, Я.Дондог (30), Чадраабал (42), Л.Лхагва (18) нар цөөн тооны эрүүл монгол хүмүүс судлахад бүх нийтий баримталдаг хэмжээний доод хязгаарт буюу түүнээс доогуур байгаа нь манай орны хүн амын хүнс тэжээлийн онцлогтой холбоотой гэж үзжээ. Монголчууд мах махан бүтээгдэхүүн ихээхэн хэрэглэдэг ба үүний найрлагад азот их хэмжээтэй байдаг болно. В.Ичинхорлоогийн (1962) судалгаагаар монгол эрүүл хүний цусанд үлдэгдэл азот 61 мг% байгааг тогтоож энэ нь бүх нийтийн баримталдаг хэвийн хэмжээнээс нэлээд их байна (16). Цусан дахь их хэмжээний азот нь эсийн нүүрсхүчлийн хэмжээг ихэсгэснээс цуснаас сахарыг их хэмжээгээр шингээдэг байна. Иймээс монголчуудын цусан дахь сахарын хэмжээ бага байгаа нь үүнтэй холбоотой болов уу.

С.Ямаахай (52) ийлдсийн зарим ферментийн идэвхийг эрүүл монголчуудад тодорхойлсон дүнг олон улсын нэгжид шилжүүлэн үзэж, нийтээр баримтлах хэвийн хэмжээтэй ерөнхийдөө тохирч байна гэсэн дүгнэлт өгчээ.

Монголчуудын цус бүлэгнүүлэх тогтолцооны, зарим үзүүлэлтийг И.Гэндэнжав (5), С.Ямаахай (54) нар судалж фибриногенийн хэмжээ 255.5-259.0мг% сийвэн гепаринд хариулахгүй болох хүгацаа 482.9-531.4сек, протромбины индекс 93.8-99.55% сийвэн дахин кальцжих хугацаа 89.45сек байсан ба зөвлөлтийн эрдэмтдийн тогтоосон хэвийн хэмжээний доод хязгаарт байна гэсэн дүгнэлт гаргав.

Цусан дахь эрдэс бодисуудын хэмжээг манай судлаачид цөөн тооны бодис дээр судлан тогтоожээ. Ч.Хүрэлбаатар, Ц.Цэндээ, Г.Вангаа (39), Б.Хишигчулуун, Д.Бурмаа, М.Шүрэнцэцэг (38) нар натрийн хэмжээ хэвийн хэмжээний дээд хязгаарт, калийн хэмжээ доод хязгаарт байгааг тогтоожээ. Г.Оросоо (29) хүүхдийн цусан дахь нэлээд олон төрлийн бичил язгуур махбодын хэмжээг судалсан байна. Судалгааны дүнд хүүхдийн цусны ийлдсэнд (нэг нас хүртэл хүүхдийн) төмөр 20.59±1.18 мкмоль/л, зэс 31.97± 0.88мкмоль/л, цайр 20.25±0.92 мкмоль/л, фосфор 1.48± 0.13ммоль/л, кальци 2.95± 0.05ммоль/л, магни 0.85±0.02 ммоль/л байгааг тогтоосон байна.

Эрүүл монголчуудын артерийн (тараагуурын цусны) даралтын хэмжээг Н.Дондог 1974 онд судалж, артерийн (тараагуур) болон венийн (хураагуурын) судасны цусны даралтын хэвийн хэмжээ янз бүрийн насны хүмүүст нийтээр баримталдаг хэмжээний доод хязгаарт байгаа болохыг тогтоожээ(10).

Г.Дэжээхүүгийн (13) судалгаагаар тараагуурын цусны даралт олон хүчин зүйлээс хамаардаг. Манай үйлд­вэрийн ажилчин, албан хаагчдын 12.8 хувь нь биеийн жин ихэдсэнээс ,34 хувь нь тамхи татаж, 20.7 хувь нь хөдөлгөөн багатай ажил хийж, 89.9 хувь нь давстай цай ууснаас даралт их болж байна гэж үзжээ.

Г.Батмөнх Монгол улсын өндөр уулын бүсэд оршин суугч нутгийн хүмүүсийн зүрх судасны системийн үйл ажиллагааны зарим үзүүлэлтийн онцлогийг 3174 хүмүүст судалж, бэсрэг ба нам уулын бүсэд оршин суугчдын судасны цохилтын дундаж хэмжээ өндөр уулынхаас цөөн байна (4) гэж дүгнэжээ. Өндөр уулын бүс нутгийн хүмүүсийн артерийн даралтын дундаж хэмжээг бэсрэг ба нам уулынхтай харьцуулбал их, венийн даралтын дундаж хэмжээ нийтээр хүлээн зөвшөөрсөн хэвийн хэмжээний дээд заагт байна. Газрын өндөр нэмэгдэх тутам венийн даралтын дундаж хэмжээ нэмэгддэг байна. Хялгасан судасны ханын нэвтрэх чанар нийтэд хүлээн зөвшөөрсөн хэмжээний дээд заагт байжээ. 3үүн бүсийн хүмүүсийн зүрхний цахилгаан бичлэгийг харьцуулахад газрын өндөр нэмэгдэх тутам зүрхний цахилгаан тэнхлэгийн баруун тийш хазайлтын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг илрүүлжээ (4).

Л.Өлзийхутаг, Ц.Бундан нар өндөр уулын бүсийн хүмүүсийн цусны бага эргэлтийн даралтын байдалд үнэлгээ өгөх зорилгоор нам уулын бүсийнхийг нэгэн адил хэмжиж харьцуулахад баруун  тосгуурын систолын даралт өндөр уулын бүсийнхэнд 2.76мм мөнгөн усны баганаар илүү байлаа. Баруун ховдлын систолын дундаж даралт өндөр уулын бүсийнхэнд 7.9 мм.муб-аар, диастолын даралт 8.5 мм.муб-аар тус тус илүү байгаа нь хүмүүсийн оршин суух газар өндөр болох тутамд корреляцийн шууд хамааралтай байна (33).

Н.Цэвэгмэдийн (40) судалгаагаар Архангайн хүмүүсийн хураагуурын цусны даралт Өмнөговийнхноос их байна. Бусад судлаачдын материалд мөн бүс тус бүрийн хүмүүсийн артерийн даралт харилцан адилгүй байгаа нь газар зүйн онцлог, хүнс тэжээлийн зүйлстэй холбоотой болох нь илэрч байна.

Гемодинамикийн үзүүлэлтийг Т.Зэвгээ, Б.Бадамцэдэн, 3.Мэндсайхан, Р.Цэвэлмаа, Н.Төмөрбаатар, А.Өлзийхутаг, И.П.Панилов, Г.Батмөнх нар судлан гаргажээ (4,15,25,32). Эдгээр судлаачид нь дунд ба өндөр уулын бүсэд богино хугацаагаар амьдрахад цусны урсгал хурдасдаг ба 1600-2020 метрийн өндөрлөгт оршин суугчдын цусны урсгал хэвийн хэмжээнд байна гээд цусны минутын эзэлхүүн өөртөө агуулагдах хүчилтөрөгчийн хэмжээнээс хамаарах учир оршин суух газар өндөрсөх тутам их болно гэж үзэж байна.

Мөн өндөр уулынхны гадаад амьсгалын хийн солилцоо ба үндсэн солилцоо нам газрынхнаас бага байна гэж А.Өлзийхутаг 1975, 1982, 1984 онд, Л.Чагинжав (1975), Данилов (1982, 1984) нар судлан тогтоожээ.

Г.Батмөнх (1977) идэр насны 300 эрүүл монголчуудын уушгины амьдралын багтаамжийг (УАБ) судлаад эрэгтэйчүүдийн дундаж үзүүлэлт нь 3.5±0.3 л, эмэгтэйчүүдийнх 2.8±0.3 л болохыг тогтоосон байна. Г.Батмөнхийн судлан тогтоосон УАБ-ын хэмжээ нь байвал зохих хэмжээнээс эрэгтэйчүүдэд 1.0±1.4 л буюу дунджаар 1.0 л-ээр, эмэгтэйчүүдэд 0.2-0.9 л буюу дунджаар 0.5л-ээр тус тус бага байна. Ийнхүү монголчуудын УАБ нь байвал зохих хэмжээнээс эрэгтэйчүүдэд дунджаар 25%, эмэгтэйчүүдэд 15%-иар бага байгаа ажээ.

Л.Чагинжав нарын (1975) судалгаа ч монголчуудын УАБ харьцангуй бага болохыг баталж байна. Гадаадын судлаачдын судалснаар УАБ 20-35 насанд дээд хэмжээндээ хүрээд цаашдаа аажмаар багасах хандлагатай байдаг байхад монголчуудын УАБ нь амьдралын 2 дахь арван жилийн төгсгөл, 3 дахь арван жилд дээд хэмжээндээ хүрдэг байна.

Гадаад амьсгалын зарим үзүүлэлтийг судалсан дээрх судалгааны материалуудад монголчуудын УАБ бага байгаа нь манай хүн амын удамшил галбирын онцлогтой холбоотой юм.

Гадаадын судлаачдын материалаас үзэхэд монголжуу хүний үндсэн солилцооны зарчим нь ижил насны хүйсний европжуу хүнийхээс дунджаар 10 хувь бага байдаг явдлаар энэ онцлогийг тайлбарлаж байна.

Л.Чагинжав, А.Өлзийхутаг нар (1975) газар зүйн 3 бүсэнд амьдран суугч 20-60 насны 1900 гаруй эрүүл монголчуудын гадаад амьсгал, хийн солилцоог харьцуулан судалж Монгол улсын уугуул хүн амын агаарын солилцооны үндсэн үзүүлэлтүүдийн хэвийн хэмжээг тогтоох анхны оролдлого хийжээ. Өндөр уулын бүсэнд оршин суугчдын УАБ нь дунд буюу нам бүсэнд оршин суугчдынхтай адил буюу ялимгүй бага, максимал агааржилтын хэмжээ нь их байдгийг илрүүлэн тогтоосон байна (46,47,48).

Монголчуудын ходоодны шүүсний хүчиллэг чанар харьцангуйгаар бүх нийтийн баримталдаг хэмжээнээс бага байж болох юм гэдгийг Г.Дашзэвэг судалгааныхаа дүнд илрүүлжээ (9).

Б.Од (28) монголчуудын амтлах мэдрэхүйн заагийг гашуун, исгэлэн, чихэрлэг, шорвог гэсэн 4 амтыг хэрхэн таних байдлаар судалжээ. Судалгаанд хамрагдсан 20-25 насны хүмүүс амтыг бараг адилхан мэдэрч байсан боловч 25 настай хүмүүс чихэрлэг амтыг арай муу мэдэрч байжээ. Харин эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүд гашуун, чихэрлэг амтыг илүү сайн амтлан таньж байсан байна.

Эрүүл монголчуудын тархины цахилгаан бичлэгийн судалгааг Д.Баасанжав хийж судалгааныхаа дүнд альфа-хэмнэлээс бусад долгион дагзны хэсэгт 3 хувийг эзэлж байсан бол духны хэсэгт 23, зулайн хэсэгт 26, чамархайн хэсэгт 65 хувийг тус тус эзэлж байна гэж үзжээ.

Эрүүл монголчуудын элэгний ацетилжуулах үйл ажиллагаа Б.Цэрэндаш,

Ф.Ренгер, Б.Рагчаа нар судалж, судалгаанд хамрагдсан хүмүүсийн 86 хувь нь хурдан ацетилжуулагчид,14 хувь удаан ацетилжуулагчид байв. Энэ нь Япон, Хятад, Солонгос зэрэг орнуудад хийсэн судалгааны дүнтэй тохирч байна гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ (41).

Эрүүл монгол хүмүүсийн дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг судалсан цөөн материал олдлоо. Д.Даариймаагийн судалгаагаар хэвийн жирэмсэн эмэгтэйчүүдийт хоногийн шээсэн дэх 17-кетостеройдын хэмжээ 4-28 долоо хоногт 9.8±1.6—12.7±3.5 мг хувь/24 цаг байлаа. Энэ нь бусад гадаадын судлагчдынхтай дүйж байна (8).

Катехоламины үзүүлэлтийг Л.Өлзийбаяр, Г.Цагаанхүү, Н.В.Лебедев, В.П.Бархататав нар (31) 30 эрүүл хүнд судалжээ. Эрүүл хүмүүсийн цусны сийвэн дэх норадреналин 549±41.2 пг/мл, адреналин 150,9±16,6 пг/мл хэмжээтэй буюу бусад гадаадын судлаачдынхтай тохирч байна.

Ц.Лхагвасүрэн (20)-ийн судалгаагаар эрүүл хүний бамбай булчирхайн иод шингээх хэвийн хэмжээ нь 2 цагийн дараа дунджаар 13.9±5.5 хувь, 6 цагийн дараа  22.9—5.5, 24 цагийн дараа 30.7-6.7 хувь, 48 цагийн дараа 29.2-4.4 хувь байсан бол бамбай булчирхайн дааврууд тухайлбал тироксин 66.6нмоль/л, трийодитреонин 2.2±0.2нмоль/л, уурагтай холбогдмол иод 0.28±0.09  хувь хэмжээтэй байгааг тогтоожээ.

Монголчуудын бие бялдрын дундаж үзүүлэлтүүдийг эрүүл тамирчдад К.Тарваа (37) нас хүйсээр ангилан гаргасан судалгаанаас үзэхэд нарын сарвуу ба нурууны хүч, биеийн чац, жинг дагаж нэмэгдэж байсан бол уушгины амьдралын багтаамж, эрэгтэйчүүдэд 13 наснаас эхлээд 20 нас хүртэл нэмэгдэж, 21-26 насанд нэгэн хэвийн болж,эмэгтэйчүүдэд 13-18 насанд нэмэгдэж,19-20 насанд буурч, 21-22 насанд нэмэгдэх, 23-25 насанд буурах зэргээр долгионлог зүй тогтолтой нь ажиглагдаж байна.

Дүгнэлт

1. Монгол хүний физиологийн чиглэлийн судалгааны ма­териал нь хомсхон байгаа бөгөөд голдуу өөр судалгаатай хавсарч эсвэл хяналтын судалгаа маягаар хийгдэж иржээ.

2. Судалгааны дүнг нэгтгэхэд хоорондоо уялдаа холбоо багатайн улмаас нэгдсэн дүгнэлтэнд хүрэх боломж бага, аргачлалын түвшин янз бүр, чиглэл өөр өөр байна. Гэвч монгол хүнд зүрх-судас, амьсгал, цусны за рим үзүүлэлтээр өвөрмөц онцлог байна гэсэн урьдчилсан дүгнэлт хийж болохоор байна.

3.Монгол хүний физологийн бүхий л үзүүлэлтүүд, биемахбод, сэтгэл зүйн онцлог байдал, оюуны болон бие бялдрын нөөц бололцоог чиглэсэн зорилготойгоор судалж үр дүнг нэг мөр ашиглах явдал олон талын ач холбогдолтой юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1582
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК