Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 1(82)
Хүүхдийн амьсгалын замын цочмог халдвар
( Лекц )

Г. Оросоо

АУ-ны Дэд эрдэмтэн, АЗЦХ-тай тэмцэх үндэсний хөтөлбөрийн удирдагч

 
Абстракт


 

1.Тулгамдсан байдал

Дэлхий дахинаа АЗЦХ-аар жил бүр 5 хүртэлх насны 4 сая гаруй хүүхэд нас барж байгаа нь хөгжиж буй орнуудын 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын 25—30%, хөгжингүй орнуудад 10—15%-тай тэнцэж байна. Жил бүр 2 живаа АЗЦХ-ын өвчлөл бүртгэгдэж эрүүл мэндийн салбарын ядмагхан төсөв, эдийн засагт хүндрэл учруулж байна.

Хөгжингүй ба хөгжиж байгаа орнуудад АЗЦХ-ын өвчлөл ойролцоо байхад эдгээр өвчний улмаас нас барах явдал хөгжиж буй орнуудад 30 дахин  өндөр байна.

Хятад, Индонез, Шинэ Гвиней зэрэг орнуудад АЗЦХ хүүхдийн эндэгдлийн нэгдүгээр шалтгаан болж нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 42%, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн  25%-ийг эзэлж байна. АНУ Англи, Энэтхэг, Гватемалд нэг хүүхэд жилдээ АЗЦХ-аар 5—8 удаа өвчилж, 10—12 сартай хүүхдүүд өвчлөлд хамгийн олонтаа өртөж хот суурингийн хүүхдүүд илүү өвчилж байна. Хөгжингүй орнуудад 5 хүртэлх насны 1000 хүүхдэд 250 өвчлөл тохиолдож байна. АЗЦХ-аар нас барж буй хүүхдийн 80% нь нэг хүртэлх насны хүүхэд байгаагийн 70%-ийг 3 сар хүртэлх, 40%-ийг нярай хүүхэд эзэлж байна. Дундаж наслалт 45-аас доош, нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөнд 206 байгаа оронд хүүхдийн нас баралтын 20.2%-ийг уушгины хатгалгаа, цочмог суулгалт өвчин эзэлж байхад дундаж наслалт 70-аас дээш, нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөнд 21 байгаа орны хүүхдийн нас баралтын зөвхөн 11.2% нь уушгины хатгалгаанаас шалтгаалж байна. Хүн амын 15% нь 5 хүртэлх насны хүүхэд, хүн амын дундаж наслалт 50 орчим байгаа хөгжиж буй орнуудад 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл хүн амын нийт нас баралтын 50%-ийг эзэлж байхад хөгжингүй орнуудын хүн амын нийт нас баралтын 65— 75%-ийг 65-аас дээш насны хөгшдийн нас баралт эзэлж байна. Ихэнх хөгжиж буй орны  нэг хүртэлх насны хүүхдийн нас баралтыг бууруулж чадвал хүн амын дундаж наслалт 57.5, 5  хүртэлх насны хүүхдийг аварвал дундаж наслалт 60 хүрэх боломжтой.

Дэлхийн улс орнуудад АЗЦХ ийнхүү тулгамдсан асуудал болж байгаа учир Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага «АЗЦХ-тай тэмцэх хөтөлбөр» боловсруулан 1982 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд одоо 43 орон «АЗЦХ-тай тэмцэх үндэсний хөтөлбөртэй», 32 орон үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллаж байна.

  • Амьсгалын доод замын халдвар, ялангуяа уушгины хатгалгаагаас хүүхэд нас барахыг бууруулах
  • Амьсгалын  дээд замын халдварын хүндрэлээс сэргийлэх
  • АЗЦХ-ын  эмчилгээнд антибиотик ба бусад эмийг зөв хэрэглэх арга барилд эмч, эрүүл мэндийн ажилчдыг сургах
  • ДЭМБ амьсгалын доод замын халдварын өвчлөлийг бууруулан 1995 онд дараах түвшинд хүрэх зорилт товч тавин ажиллаж байна.
  • Нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл амьд төрсөн 1000 хүүхдэд 40-өөс өндөр байгаа 88 оронд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • 5000 гаруй эмч, эрүүл мэндийн ажилчдыг жишиг эмчилгээ, оношлогооны  арга  барилд сургах
  • Сургалт явуулсны үндсэн дээр жишиг эмчилгээний антибиотикийг тээвэрлэж  хангалтыг сайжруулах
  • АЗЦХ-аар хүүхэд, нас барах явдлыг гуравны нэгээр бууруулах ДЭМБ дараах гол гол арга замуудыг ашиглан дээрх зорилтыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

1. Хүүхдийн амьсгал тоолох сэрүүлэгтэй цаг, агаарын хүчилтөрөгчийг баяжуулан хүүхдэд өгөх багаж, утлагын багаж, чихний дуран зэрэг энгийн багажаар эмнэлгийн бүх нэгжийг хангах

2.    Хүн амын дунд явуулах сурталчилгаа сургалтыг өргөжүүлэх

3.  Эрүүл мэндийн анхны тусламж, нэн чухал эмийн жагсаалт суулгалт өвчинтэй тэмцэх хөтөлбөр, хүүхдийн хоол тэжээлийн өсөлт хөгжлийг гэр бүл төлөвлөлт, сэргийлэх тарилгын өргөжүүлсэн хөтөлбөр зэрэг ДЭМБ-ын бусад хөтөлбөртэй нягт уялдуулах

4. АЗЦХ-ын мэдээлэл, түүний эргэх холбоог эрс сайжруулах цаашдын арга хэмжээг төлөвлөх

5. Сургалтыг бүх шатанд сайжруулах, хөтөлбөрийн удирдагч бэлтгэх, анхан шатны эмнэлгийн эмч, ажилчдыг сургах, анагаах ухааны их, дээд, дунд сургуулийн сургалтанд уг хөтөлбөрийг хамруулах, сургалтын үйл ажиллагаа, хэрэгжилтийг хянах сургалтыг хөгжүүлэх

6. ДЭМБ-ын АЗЦХ-тай тэмцэх хөтөлбөрийн оношлогоо, эмчилгээний жишгийг тухайн улс орны онцлогтой уялдуулан нэвтрүүлэх

7.  Нярай хүүхдийн уушгины хатгалгааг оношлох шалгуур шинжүүд 5 хүртэлх насны  хүүхдийнхтэй адил байгааг өөрчилж нярай хүүхдийн онцлогийг харгалзсан шалгуур боловсруулах зэрэг асуудлыг тусгайлан авч үзэх юм.

Одоогоос 10 жилийн өмнөх судалгаагаар АЗЦХ-ын өвчлөл манай орны 1000 хүүхэд тутамд 1 хүртэлх насанд 3392, 1—2 насанд 1647, 3—7 насанд 257, 8—15 насанд 61, дунджаар 597 өвчлөл тохиолдож байжээ. АЗЦХ-ын улмаас хэвтэн эмчлүүлэгсдийн 34.5—37%-ийг уушгины хатгалгаатай, 63.1—65.5%-ийг амьсгалын гуурсны үрэвсэлтэй хүүхэд эзэлж байна. Уушгины хатгалгаагаар өвчилсөн хүүхдийн 30—54.2% нь хүнд өвчилж байна. Уушгины хатгалгаагаар эмчлүүлэгсдийн 81.5% нь 3 хүртэлх насны хүүхэд байна. 1989 онд эмнэлэгт нас барсан 16 хүртэлх насны хүүхдийн 39%, нэг хүртэлх насны хүүхдийн 43% нь амьсгалын замын цочмог өвчнөөр нас барсан байна. Ийнхүү амьсгалын замын цочмог өвчнүүд манай орны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн шалтгаан нэгдүгээр суурь эзэлсээр байна. Амьсгалын замын цочмог өвчний талаарх эдгээр судалгаанууд олон жилийн өмнө хийгдсэн, АЗЦХ-уудыг (хамар залгиурын өвчин, улаан бурхан, сүрьеэ, халдварт мэнэн болон бусад) бүрэн хамруулаагуй тал байгааг анхаарах шаардлагатай.

АЗЦХ дэлхий нийтийн тэр тусмаа манай улсын хүүхдийн өвчлөл эндэгдлийн зонхилох шалтгаан болж буйг харгалзан ЭМЯ, ДЭМБ НҮБ-ын хүүхдийн сантай зөвлөлдөн «АЗЦХ-тай тэмцэх үндэсний хөтөлбөр»-ийг боловсруулан дэлхийн дахины зорилтуудыг өөрийн орны хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна.

2.Амьсгалын замын цочмог халдварын үүсгэгч

Хүүхдийн амьсгалын замын цочмог халдварын 90—95% нь вирусээр үүсгэгдэх боловч 50% нь уушгины хатгалгаагаар хүндэрч тэдний 10—20% нас бардаг ажээ. АЗЦХ-ууд одоо мэдэгдэж буй 300 гаруй вирус, нян, мөөгөнцөр, шимэгчдээр үүсгэгдэж байна. Үүсгэгчийг тогтоох шинжилгээний дээжид цусны өсгөвөр, цээжний хөндийн шингэн, уушгины хатгалгаар авсан эд зэргийг ашиглахыг зөвлөн бичжээ. Гэвч цусны өсгөврийн зөвхөн 10—30% нь эерэг, цээжний гялтан үрэвсэж цээжинд шингэн хуралдах нь тэр болгон элбэг биш, уушгины хатгалгааны хүндрэл зэрэг бэрхшээлийн улмаас амьсгалын дээд замаас дээж аван шинжилж уушгины хатгалгааны үүсгэгчийн тарвалзүйг тогтоож байна.

Сүүлийн 50 гаруй жилийн турш вирус судлал эрчимтэй хөгжиж буй хэдий ч лабораторийн өндөр мэдлэг, нарийн багаж шаардагддаг учир одоо ч нээгдээгүй вирус байхыг үгүйсгэхгүй бөгөөд шинжлэх ухааны нэгэнт нээгээд АЗЦХ үүсдэг болохыг баталсан вирусыг ч хөгжиж буй улс болгон тодорхойлж чадахгүй байна.Бичил амь судлалын судалгаагаар хүүхдийн амьсгалын замын хүнд халдварын гуравны хоёр нь нянгаар үүсгэгдэж байна.

3.Халгаат хүчин зүйлс

АЗЦХ-ын халгаат хүчин зүйлсийг судалж түүнтэй тэмцэх явдал бол ДЭМБ болон манай эрүүл мэндийн байгууллагын бас нэг гол зорилт мөн.

АЗЦХ-ын өвчлөл, эндэгдэлд нөлөөлдөг халгаат хүчин зүйлс (18)

Хүснэгт 1.

Угжны хүүхэд АЗЦХ-аар нас барах нь нэгээс ес дахин их байсан судалгаа байна. 5 сар хүртэлх насны хүүхдийг угжихыг 30—40%, 6—12 сартай хүүхдийг 10% бууруулж чадвал АЗЦХ-ын хүнд, хүндэвтэр өвчлөлийг 20%

—6 сар хүртэлх насны хүүхэд АЗЩХ-аар нас барахыг 15%

—6—12сартай хүүхдийн өвчлөл нас баралтыг 10% бууруулна гэсэн тооцоо гаргажээ. Өөр судлаачдын тогтоосноор угжны хүүхэд турж туранхай хүүхэд олон удаа хүнд өвчилдөг байна. Эхийн сүү амин дэм А ихтэй учир АЗЦХ-аас сэргийлэх ач холбогдолтой ба халдварыг үүсгэгч вирус, нян, амьсгалын хучаас эдэд бэхлэгдэхийг зогсоох үйлчилгээтэй эсрэг биеийг агуулдаг байна.

Цэвэр угжны хүүхэд нас баралтанд өртөх нь хөхний хүүхдээс 3.5 дахин их, холимог хоолтой хүүхэд 1.96 дахин их байдаг.

Хөгжиж буй орнуудын хотын өрхийн 30%, хөдөөний айл өрхийн 95% нь галладаг орон байранд амьдардаг бөгөөд утааны олон хорт бодис байдаг. Мөн эцэг эх тамхи татаж, гадна орчны агаарын бохирдолт, чийглэг, хүүхдийн өвчлөлд мэдэгдэхүйд нөлөөлдөг.

Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд Турк, Хятадад хүүхдийг өлгийдөх явдал их түгээмэл бөгөөд тэдгээр оронд хүүхэд, ялангуяа нярай хүүхэд уушгины хатгалгаагаар олонтаа өвчилдөг. Хүүхдийг 3 сар хүртэл өлгийдсөн үед АЗЦХ уушгины хатгалгаагаар 4 дахин олонтаа өвчилдөг байна. Хүүхдийг өлгийдөхөд хүзүүнээс хөл хүртэл бүх биеийн хөдөлгөөн хязгаарлагдаж уушгины тэлэгдэлт, амьсгалын бусад үйл ажиллагааг саатуулдаг. Мөн хүүхэд нарны гэрлээс тусгаарлагдаж сульдаагаар өвчлөх нь эрс нэмэгдэнэ. Боловсролтой эхчүүдийн хүүхдээс бага боловсролтой эхчүүдийн хүүхэд 4 дахин олон өвчилдөг байна.

4.Сурталчилгаа, урьдчилан сэргийлэлт

АЗЦХ-ын олон үүсгэгчдээс сэргийлэх тарилга одоогоор нээгдээгүй байгаа хэдий ч улаан бурхан, хөхүүл ханиад, сүрьеэгийн сэргийлэх тарилгын хямралтыг сайжруулах явдал бол хүүхдийн өвчлөл эндэгдлийг тодорхой хэмжээнд бууруулдаг байна. Пневмококкийн 23 инвазив серотипын эсрэг бие үүсгэх чадалтай сэргийлэх тарилга үйлдвэрслэснээр Папуа Шинэ Гвиней улс АЗЦХ-ын улмаас хүүхэд нас барах явдлыг 59% бууруулсан байна. Одоо зарим хөгжиж буй оронд туршаад үр дүн өгвөл тарилгын өргөжүүлсэн хөтөлбөрт оруулахаар төлөвлөж байна.

Урьдчилан сэргийлэх ажлын өөр, нэг чиглэл нь эцэг эхчүүдийн дунд сургалт явуулж тэдэнд мэдлэг эзэмшүүлэх явдал бөгөөд дараах зүйлүүдэд онцгой анхаарч байна.

  • Хүүхдийн энгийн зовиурыг эцэг эхчүүд ажиглаж сурах
  • Эхчүүд хүүхдийнхээ тухай эмчээс асууж ирдэг арга барилд сургах
  • Анхан шатны эмнэлгийн ажилчид эмнэл зүйн эмчилгээний жишигт суралцах

5.Эмчилгээ, оношлогооны зарим асуудлууд

АЗЦХ-ын оношлогоо, эмчилгээний жишиг тогтоон эмнэлгийн анхан шатны бүх эмнэлгүүд мөрдөх явдал онцгой ач холбогдолтой.Ихэнх улс оронд уушигны хатгалгаагаар хүүхдийг гэрээр нь эргэх үед оношлож байна.Гэтэл энэ үед өвчин эхлээд удсан байх тохиолдол бишгүй байдаг. Иймд эцэг эхчүүдийн уушигны хатгалгааны анхны шинж тэмдгүүдийг найдвартай ажиглаж сурахад ДЭМБ-ын АЗЦХ-тай тэмцэх хөтөлбөр их анхаарч байна.

Амьсгалын замын вирусын халдвар аяндаа эдгэх өөрийн жамтай бөгөөд одоогоор вируст үйлчилдэг эм бэлдмэл төдийлөн нээгдээгүй байна. Гэхдээ зарим вирусын халдвар хүндрэн хүүхдийн амь насыг осолдуулдаг ба биеийн чалхыг сулруулж бусад өвчин тусах, гаарах нөхцөл болдог. Иймээс АЗЦХ-тай тэмцэх хөтөлбөрийн гол зорилтууд бол:

  • Эмнэл зүйн энгийн шинжүүдийг ашиглан вирусын халдвар нянгийн халдвараар хүндэрч байгааг оношилдог болох.
  • Амьсгалын дээд замын хөнгөн, хүндэвтэр халдваруудын үед антибиотик болон нянгийн эсрэг үйлчилгээтэй бусад эм хэрэглэж мөнгө салхинд хийсгэдэг явдлаас татгалзан зогсоох
  • Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг амьд ажил болгон хэрэгжүүлэх зэрэг болно.

АЗЦХ-тай ихэнх хүүхдүүдэд антибиотик болон бусад эм шаардлагагүй. Гэтэл эмч нар илт өвчилсөн хүүхдэд ямарч эм бичилгүй явуулахаасаа зайлсхийж эм бичдэг байна. Хэрвээ эмч эм бичиж өгөхгүй бол өөр эмчид үзүүлэн эм авч өгдөг явдал хөгжиж буй орнуудад түгээмэл аж. Мөн эмч нар антибиотик уушгины хатгалгаанаас урьдчилан сэргийлдэг гэж найддаг тал байдаг байна. Иймд ДЭМБ-ын АЗЦХ-тай тэмцэх хөтөлбөрийн нэг гол зорилт антибиотикийг зөв хэрэглэх арга барилд эмч, эрүүл мэндийн ажилчдыг сургах явдал юм. Үүнийг шийдвэрлэх нэг гол арга зам нь эцэг эхчүүдтэй удаан ярилцаж эм уулгах шаардлагагүй гэрийн асаргаа чухал болох тухай тайлбарлан ойлгуулж, улмаар хүнд өвчний шинж тэмдгийн илрэлийг ажиглах арга барилд сургах явдал гэж үзэж байна.

6.Эрдэм шинжилгээний ажил

Xөгжиж буй орнуудад А3ЦX-аар нэн ялангуяа нярай хүүхэд өвчилж нас барах явдал их байгааг дээр өгүүлсэн билээ. Гэтэл эдгээр орнуудад судалгаа шинжилгээний ажил нэн хангалтгүй зөвхөн хөгжингүй, үйлдвэржсэн орнуудын судалгааны үр дүнд тулгуурлан ажиллаж буй нь туйлын буруу учир эдгээр орнуудад эрдэм шинжилгээний ажлыг дараах хоёр чиглэлээр эрчимтэй явуулах шаардлагатай гэж үздэг.

а)эмнэлэгт явуулах судалгааны ач холбогдол, чиглэл, зорилтууд

  • АЗЦХ-ын эмнэлзүйн шинжүүдийг тодорхой судалж өвчний үе шатыг тогтоох,
  • Ямар үүсгэгчтэй өвчний үед эмнэл зүйн ямар өвөрмөц хам шинж илэрч буйг тодорхойлох
  • Ямар антибиотик илүү үр дүнтэй байгааг тогтоох
  • Тухайн орон нутагт зонхилж буй үүсгэгч нянг тогтоох
  • Урьд нь антибиотик хэрэглээгүй «Гэрийн хатгалгааны» үүсгэгчийг ялган судлах
  • Орхон нутгийн эмнэлэг АЗЦХ-тай хэрхэн ажиллаж буйг судлах

Эмнэлэгт хийгдсэн судалгааны ажлын гол дутагдлууд

  • Анхан шатны эмнэлэгт янз бүрийн эмчилгээ хийгдсэн өвчнүүд хамрагддаг. АЗЦХ-ын тархалзүйн судалгаа явуулж болох боловч үүнд өвчний хөнгөн, хүндэвтэр хэлбэр, гэрийн нас баралт зэрэг хамрагддаггүй.
  • Өвчлөл, хүндрэлд нөлөөлж буй шалтгаануудыг бүрэн судлах боломжгүй.

б)хүн амын дунд явуулах судалгааны чиглэл, ач холбогдол,зорилтууд

  • АЗЦХ-ын өвчлөл, нас баралтыг бүрэн харуулдаг
  • Халгаат хүчин зүйлийг судлах боломж олгодог
  • Өвчлөлийн тохиолдол, өвчний хүнд хөнгөнийг зэрэглэн тогтооход ач холбогдолтой
  • Урьдчилан сэргийлэх ба эмчилгээний арга боловсруулах нөхцөл бүрдүүлдэг
  • Эмнэлгээс гарсан өвчтөний биеийн байдлыг хянах боломж олгодог

Хүн амын дунд явуулах судалгааны ач холбогдол ихтэй боловч үүсгэгчийг тогтоох, судалгааны дээж авах, тээвэрлэх, хадгалах, лабораторийн бэлэн байдал, хүчин чадал зэрэгт анхаарах шаардлагатай. Энэ хоёр чиглэлийн судалгааг хамтруулан явуулах нь маш ашигтай байдаг. ДЭМБ-ын АЗЦХ-тай тэмцэх хөтөлбөрийн, эрдэм шинжилгээний ажлын үндсэн чиглэлүүд (13)

  • Нярай хүүхдийн уушгины хатгалгаа, үжил өвчнийг оношлох гол шинж, хам шинж болон 5 хүртэлх насны хүүхдийн уушгины хатгалгааг оношлох шалгуур боловсруулах
  • Эцэг эхчүүд уушгины хатгалгааг таних, мэдлэг, дадлага, гэрийн асаргаа эмчилгээний дэглэм баримтлах чадварыг үнэлэх
  • АЗЦХ-тэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн эмчилгээний үр дүн үнэ өртөг эрүүл мэн­дийн сургалтын үр дүнг тооцох
  • Урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг хянах, гол гол үүсгэгчийн сэргийлэх тарилга үйлдвэрлэх

7.Дүгнэлт

1. Дэлхий нийтийн нэг адил хүүхдийн АЗЦХ манай улсын хүүхдийн эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал тул АЗЦХ-тай тэмцэх үндэсний хөтөлбөрийг (Эрүүл мэндийн сайдын 1991 оны 9 сарын10-ны А/134 дүгээр тушаал) хэрэгжүүлэх ажлыг эрүүл мэндийн салбарын бүх шатанд цаг алдалгүй зохиох

2. АЗЦХ-тай тэмцэх ДЭМБ-ын хөтөлбөрийн гарын авлага, зөвлөмжүүдийг өөрийн орны байгаль, цаг уурын онцлогтой уялдуулан эмнэлэг үйлчилгээний бүх шатанд ойрын үед нэвтрүүлэн юуны өмнө эмч, эрүүл мэндийн ажилчид мэдлэгээ сэлбэн шинэчилж эцэг эхчүүдийг сургах ажилд орох

3. Эрүүл мэндийн бүх шатны сургалтанд АЗЦХ-тай тэмцэх хөтөлбөрийг бүрэн хамруулж тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх эрдэм судлалын ажлын чиглэлийг ДЭМБ-ын чиглэлтэй уялдуулан явуулах

4. ДЭМБ, НҮБ-ын хүүхдийн сан болон олон улсын бусад байгууллагатай зүй зохистой хамтран ажиллаж тэдний тусламжийг үр дүнтэй ашиглах зэрэг асуудлыг шийдэн дэлхий дахины мэргэжил нэгт нөхөдтэйгээ хөл нийлүүлэн алхах амин чухал шаардлага бидэнд зүй ёсоор оногдож байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2321
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК