Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 1(82)
Бага насны хүүхдийн эмчилгээ үйлчилгээний зарим асуудалд
( Лекц )

Н.Сэнгэсүрэн

Эх нялхсын төвийн их эмч 

 

Улс оронд өөрчлөлт шинэчлэлт эргэлт буцалтгүй болж нийгэм эдийн засгийн хямрал гүнзгийрч байгаа нөхцөлд эх нялхсын эрүүл мэнд түүний дотор бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг тогтвортой бууруулах, эмчилгээ, үйлчилгээнд чанарын өөрчлөлт хийх чадвартай баталгаа алга гэж хэлж болмоор байна. Эм тариа, ороох боох, ариутгал цэвэрлэгээний материал, хоол хүнс зарим эд аж ахуйн хангамж хүрэлцээгүйгээс асар их бэрхшээл тулгарч байна. Ийм зовлон байгаа ч бололцооныхоо хирээр ажиллаж зах зээлийн бодлогод зохицож ухаалаг хэрэглээнд шилжихээс өөр замгүй.

  1. Удирдлага, зохион байгуулалт,  мэдээллийн шуурхай албаны хариуцлага суларч, удирдлагын эдийн засгийн мэдлэг, авхаалж самбаа их мөхөсдөж байна. Юуны урьд эмчилгээ оношлогооны ажлын ур чадвар арга барилыг шинэ шатанд гаргахад эмч нарын бие даасан ажиллагаа дутагдаж зөвлөх эмч нарын өдөр тутмын байнгын туслалцаа өвчтөнд зөвлөгөө өгөх хэмжээнээс хэтрэхгүй олон жил үргэлжилж ирсний дээр сургалтын материаллаг бааз ядуурлаас гарч чадахгүй зогсонги хэвээр байна. Хүүхдийн эмнэлгүүдийн материаллаг бааз бие даасан үйл ажиллагаа насанд хүрэгсдийнхээс харьцангуй доогуур байгаа хоцрогдлыг арилгах нь ойрын зорилт баймаар санагдана. Сүүлийн үед өрх гэрийн зохион байгуулалтад шилжихэд эмч нарын мэргэжлийн ур чадвар дутаж хоол тэжээл, урьдчилан сэргийлэх, хяналтын ажил эзэнгүйдэхэд хүрч болохоор байна. Хот хөдөөгийн хүүхдийн эмнэлгүүд нь бүтэц зохион- байгуулалтын хувьд цомхон чадварлаг байх нь зах зээлд өрсөлдөх бололцоотой болно.

Туслах лабораториудын дэнгийн гэрэл шиг сүүмэлзсэн үхээнц ажиллагаанд өөрчлөлт хийхгүйгээр оношлогоо шинжилгээ найдвартай баталгаажиж чадахгүй, хэвшмэл хэдэн шинжилгээний явцуу хүрээнд эргэлдсээр өдий хүрсэн нь дэлхийн түвшингээс хол хоцорчээ. Бид шинжилгээг зөвхөн эсийн түвшинд бүрэн хийж чадахгүй мөртөө молекулын түвшинд хийдэг болсон нь гайхалтай.

Орчин үеийн шуурхай мэдээллийн систем хүүхдийн практикт нэвтрээгүйгээс зөвхөн улиг болсон дүн бүртгэлийн хэдэн тоо сонсох хэмжээнээс хэтрэхгүй байгаа мэдээллийн хомсдолоос яаралтай гарахад эрдэм шинжилгээний салбар, албадууд ажиглах цаг болжээ. Хүүхдийн нарийн мэргэжлийн чиглэлийг хөгжүүлэхдээ хэт жижиглэн төрөлжүүлэх нь явцуурах хандлага гарч орон тоо нэмэгдэж сул цаг ихсэж цогцолбор шинж алдагдаж байна.

  1. Эмчилгээ оношлогооны арга зүй өөрчлөлт шинэчлэлийн уур амьсгалаас ихээхэн хоцорч захиргаадалтын үеийн нэг загварчлалаас зоригтой гарч чадахгүй хэвээрээ л байна. Ер нь хэл ам хэрэг зөрчилд өртөхгүй байхын тул судас, булчин тариа, дусал, цус, сийвэн, шинж тэмдгийн зэрэг 15—16 нэр төрлийн оновчгүй эмчилгээ хийдэг хуучин сэтгэлгээ хүүхдийн практикт одоо хүртэл ноёрхсоор байгаа нь өвчний эдгэрэлт, эдийн засагт багагүй дарамт учруулсаар ирлээ.

Бодит байдал ийм байхад юуны урьд эмч нарыг чадваржуулах, эрдэм шинжилгээ, сургалт, практикийн нэгдлийг зангидах, оновчтой цөөхөн нэр төрлийн эмээр эмчлэх шинэ аргад суралцах зайлшгүй шаардлага гарч байна. Суулгалт өвчний хордлогын эхний үед 4—6 цагт багтаан давсны нунтаг (хросолыг) амаар уулган, гэдэсний элдэв эм уулгахгүйгээр жирийн уламжлалт аргаар хооллох ДЭМБ-ын үндсэн чиглэлийг баримтлах нь зүйтэй. Суулгалт өвчний хордлогын хүнд хэлбэрийн үед буюу шингэн ууж чадахгүй ам нь эвэрч хуурайшсан, нүд гархилж, зулай хонхойсон, үргэлжлэн бөөлжсөн, шээс ховордож нулимс гарахгүй, хөдөлгөөн эрс суларсан үед л дусал хийхээр зөвлөж байна.

Тэгэхэд манайд энтероколит хордлогын 1,2,3 дугаар үе гэж дэгс нэг стандартын онош тавиад 5—10%-ын глюкоз, полиглюкин, натри хлор 0,9%-ын уусмал, цус, сийвэн зэргийг хэд хоногоор хамаагүй ёс мэт дуслаар хийж олон төрлийн антибиотикийг ээлж дараалан хэрэглэж эцэстээ гэдэс ходоодны замд байгаа ашигтай савханцаруудыг устгаж оронд нь болзолт эмгэг төрөгч нянгууд бий болгож дисбактероз болгодог олон жилийн буруу арга барилаа өөрчлөх болжээ.

Сахарын уусмалыг их хэрэглэснээс осмос даралт өөрчлөгдөж (осмотический диария) суулгалт ужиг хэлбэртэй удааширдаг тухай дээрх мэргэжилтнүүд зөвлөж байгааг анхаарах нь зүйтэй. Давстай хярам, ус, байхуу цай, цагаан будааны шүүс зэрэг уламжлалт шингэнийг өргөн хэрэглэх нь чухал юм.

Уушигны үрэвслээс бусад амьсгалын замын цочмог болон халдварын бүс гаралтай суулгалт онош тодроогүй өвчний үед урьдчилан сэргийлэх журмаар антибиотик хэрэглэхийг зогсоох, өвчтөний биеийн байдлыг хэтрүүлэн үнэлж хордлогын болон харшлын эсрэг олон төрлийн эмчилгээг давхцуулан хийснээс нянгийн задралыг ихэсгэж токсемыг гүнзгийрүүлж, хүүхдийн иммунобиологийн идэвхит чанарыг дарангуйлагч цаашдаа өвчин даах чадварыг улам сулруулж гиперсенсибилизаци харшил нөлөөнүүд буй болсоор байгааг ухаармаар байна.

Амьсгалын замын цочмог өвчний үед антибиотикийг эмнэлэгт, гэрээр өргөн хэрэглэж эмчилгээний замбараагүй арга барилд хөдөлмөрчдийг дасгаж тэднийг муу занд сургасан нь өөд хаясан чулуу өөрийн толгойд гэгч болж байгааг бид шударгаар хүлээх хэрэгтэй. Хэрэв тариа хийхгүй бол хэн бүхэн сэтгэл дундуур байдаг нь илэрхий.

Нийгэм эдийн засгийн хямралт байдлыг дагаж эмийн олдоц багасаж байгаа үед эмчилгээний тактикт шинэчлэлт хийгдэх нь эргэлзээгүй. Тэгэхдээ эмчлэхгүйгээр хохирооно гэсэн үг биш юм.

Оношийг үндэслэлгүйгээр хэтрүүлэн өсгөж тавих, нарийн мэргэжлийн болон зөвлөх эмч нарын оношийг хэт шүтэх, гарын үсэг авах сэтгэлгээнд хөтлөгдөн өөртөө тавих шаардлага сулруулж хүүхдийн хоолыг ч бичиж чадахгүйд хүрч байгаа нь харамсалтай.

Бага насны хүүхдэд биеийн жингээр буюу насаар эмийн тунг боддог зарчим өөрчлөгдөөгүй байхад баримжааны тунг ихэсгэж багасгадаг ноцтой дутагдал бишгүйдээ байна.

Сүүлийн  үед бариач илээчээр явж хүндрүүлэн, янз бүрийн тан ууж өвчин даамжруулах зэрэг ноцтой алдаа эцэг эхчүүдийн дунд байгааг хэн хүнгүй анхаарууштай.

Бага насны хүүхдийн өвчлөл эндэгдлийн дотор олон жилийн дунджаар үзэхэд амьсгалын эрхтний өвчин тогтвортой буурахгүй тэр дотроо уушгинд цочмог үрэвслийн эхний шатанд эндэх нь их байгааг анхаарч шинжилгээ судалгааны ажлыг энд чиглүүлэх шаардлагатай байгаа юм.

Хүн амзүйн бодлогыг буруу явуулж байгаагийн уршиг дутуу нярайн эндэгдэл, сургуулийн насны хүүхдийн дотор хурц лейкоз, бөөрний эмгэгийн улмаас хүндэрсэн архаг дутагдлын үеийн дундаж наслалт хөгжсөн орнуудтай харьцуулахад дэндүү доогуур байгаад нүд дасчээ. Хүүхэд ахуй наснаасаа болон идэр залуугаасаа бөөрний цочмог үрэвсэл өвчнөөр  өвчилж улмаар архаг дутагдалд орж бөөр орлуулагч аппаратын (гемодиалез) тусламжаар амьдрах чадвар манайд сайндаа нэг жил зургаан сараас хэтрэхгүй ертөнцийн мөнх бусыг ээлж дараалан үзэж байхад хөгжилтэй оронд бараг насаараа амьдарч байна. Гемодиализын шингэн гэхэд наад захын шаардлага хангахгүй байхад хэнд хоцрогдсоноо харуулж хэзээ тоогий нь гүйцээх гэж хэний гар хараад байгаа юм бэ? Үүнээс болж ард түмэн эрүүл мэндээр хэлмэгдэх ёсгүй.

  1. Бага насны хүүхдийн уушгины цочмог, архаг үсэвсэл, АЗЦӨ, суулгалт өвчтэй хүүхдүүдийг нэг тасагт хольж хэвтүүлдэг хуучирсан арга барил төвийн эмнэлгээс эхлээд орон нутгийн эмнэлэгт ч хэвээрээ байгаа нь дотоод халдвар нэмэгдэн хүндэрснээс өвчтөн эдийн засагт ч багагүй хохирол учруулж антибиотикийг шаардлагагүй өвчтөнд өргөн хэрэглэн ямар нэг тэсвэртэй нянгууд бий болж дотоод халдварыг ихэсгэдэг муу нөлөөг нэн даруй зогсоомоор байна. Янз бүрийн хэлбэрээр хатгалтын тоог олшруулснаас тариурын шар мэт дотоод халдварыг нэмэгдүүлэн хүүхдийг давхар зовиурт нэрвэгдүүлдэг зохиомол аргуудыг таслан зогсоож ядрахдаа антибиотикийн хатгалтыг цөөлж 12 цагийн зайтай болгож сул биетэй, рахиттай, тураалтай, цус багасалтай, хүнд гэсэн олон нэрээр цус сийвэн, витаминууд, судас, булчин тариаг зай завсаргүй зэрэгцүүлэн хийхийн оронд орлуулан хэрэглэх эмийг амаар өгч болох тухай ч бодууштай. Хэрэгтэй хэрэггүй эмчилгээ шинжилгээ хийх нэрийдлээр хатгалтын тоо хэт нэмэгдсэнээс сувилагчид техник ажиллагаагаа дийлэхгүй бусад үйлчилгээний ажил нь хоцордог дутагдал нилээд үзэгддэг.

Ядахдаа  амьсгалын замын өвчтэй хүүхэд бүрийг гэрэлд харж хордуулдаг ёс манайхаас өөр хаана байдаг болдоо. Сардаа, жилдээ хэд ч харуулж зураг авахуулах нь дурын хэрэг болжээ. Эмчилгээг оновчтой хийх нь зөвхөн үйлчилгээний төдийгүй олон талын ач холбогдолтой болох нь ойлгомжтой. Онош зүй, өвчний түүх, өдрийн тэмдэглэл, туслах кабинетуудын шинжилгээний бичлэг, дүгнэлтүүдийг ойлгогдохгүй оросоор бичдэг хувьсгалжуу маягаасаа үндэснийхээ хэлбэрт шилжих эх хэлээрээ бичиж ойлгуулж байвал өвчтөн хүндээ илүү мэдрэгдэж баймаар санагдана.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 844
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК