Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 2(83)
Байгаль орчин-эрүүл мэнд
( Тойм өгүүлэл )

П.Нямдаваа1,  Б.Намбар, А.Бүзмаа2   

1Эрүүл мэндийн яам, 2Рашаан судлалын төв

 
Абстракт

Хүрээлэн байгаа орчин хүний амьдралын үйл ажиллагааны бүх л талыг, ингэхлээрээ хүний эрүүл ба эмгэг байдлыг нөхцөлдүүлэх гол  гадаад хүчин зүйл болно. Тиймээс өвчин эмгэг гэдэг бол хүний бие махбод гадаад орчинтойгоо дасан зохицож чадахгүй байгаагийн илрэл гэж тодорхойлох явдал ч байдаг.

  • Хүний бүх л өвчин, эмгэгийг дотоод (эндоген), гадаад (экзоген) шалтгаант гэж хуваан үзэж болох бөгөөд гадaад  шалтгаант  эмгэгийг;
  • Байгалийн хүчин  зүйлээс шалтгаалсан:
  • хүний өөрийнх нь бий болгосон орчны (техноген) хүчин зүйлээс шалтгаалсан гэж ангилж болно.

Байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан эмгэгийг;

  • геофизикийн хүчин зүйл (нарны цацраг, агаарын даралт болон халуун хүйтэн, салхины хүч, тунадасны хэмжээ г. м)-ээс шалтгаалсан:
  • геохимийн хүчин зүйл (хөрс, усны химийн найрлaгa) - ээс  шалтгaалсан;
  • xooл тэжээлийн дэглэмтэй холбоотой
  • хорт ургамал,ургамлын харшилтөрөгч (аллерген)-тэй холбоотой;
  • хорт амьтан, амьтны гаралтай харшилтөрөгчтэй холбоотой;
  • амьд үүсгэгч нян)-ээр сэдээгдэн
  • байгалийн гамшигтай холбогдсон гэж ангилдаг (А. Г. Воронов 1981)

Харамсалтай нь хүн амын өвчлөл, эндэгдлийг тус орны янз бүрийн хэсгийн байгаль, цаг уур, газар зүйн нөхцөл, онцлогтой холбон судалсан материал манайд харьцангуй бага байна. Улаан хоолой ходоодны өмөнгийн өвчлөлийг монголчуудын хэт халуун хоол, цай хэрэглэх зуршилтай холбон судалсан (Б.Доржготов 1989), уулархаг ландшафт хүн амын зүрх судас, амьсгалын тогтолцооны үйл ажиллагаанд өвөрмөц нөлөөлдгийг судалсан (Г.Батмөнх 1981, А.Өлзийхутаг 1990), ус хөрсөн дэх фтор, иод зэрэг бичил махбодын агууламж нь флрюороз, нутагшмал бамбайдал зэрэг зарим эмгэгийн үүсэл, хөгжилтэй холбоотойг судалсан (Д.Дорж 1990), зарим ургамлын тоос Улаанбаатар хотод харшлын өвчний шалтгаан болж буйг судалсан (Б.Сангидорж, 1990) төдийгөөр энэ талын судалгаа хязгaарлагдаж байнa.

Байгалийн голомтот халдварын тухайд тус улсын 16 аймгийн 140 орчим сумын 628000 км/квадрат талбайд тархсан тарваган тахлын голомтоос (Б.Батсүх, Ц.Чулуунбаатар, 1986; Е.П. Голублинский, 1988); гадна нутгийн умарт, төв хэсгийн дийлэнх хэсэгт ку-чичрэгийн (Б.Бямбаа, 1984), умарт хэсгийн зарим бүсэд хачигт энцефалитын, дорнод хэсэгт гетa-вирусийн байгалийн голомт байгааг илрүүлж тогтоогоод (Д.Абмэд нар,1990а, 190б) байна. Мөн тус улсын нийт нутаг дэвсгэрт нэн тархмал байгаа вируст гепатит, нэн ялангуяа В гепатит, түүнээс уламжилсан элэгний анхдагч өмөнг (П.Нямдаваа 1984; П.Нямдаваа 1989;) манай орны хувьд нутагшмал (эндемик) эмгэг хэмээн үзэх үндэстэй. Цаашдаа бүс нутгийн уугуул хүн амын хэвийн үйл ажиллагааны онцлог, өвчлөл эндэгдлийн байдлыг тухайн газар орны байгаль цаг уур, газарзүй, экологийн онцлогтой холбон судалж, шалтгaан-үр дагаварын хэлхээг тогтоон, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх аргыг боловсруулах нь эрүүл мэндийн салбарын одоогийн шатны нэн тулмагдсан асуудлын нэг болж байна.

Нөгөө талаар байгаль орчны хүчин зүйлс нь хүн амыг өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх асар их нөөц бололцоо юм.

Байгалийн эрүүлжүүлэх хүчин зүйлээс харьцангуй сайн судлагдсан, тодорхой хэмжээгээр эрүүл мэндийн чиглэлээр ашиглагдаж буй нь эрдэст ус, шавар (рашаан, рашаант шавар) болно. Тус улсын нутаг дэвсгэрт рашааны шинжтэй 400 шахам ус байгаагийн 100 гаруй нь олон улсын стандартын шаардлага хангахуйц рашааны орд ажээ. (О.Намнандорж нар 1966; Е.В.Пиннекер нар 1980; Л.Одончимэд, Л.И.Баклыков, 1985, И.Шима нар (1990) Олон улсын стандарт хангаж буй рашааны ордны 40 хувь орчим нь халуун рашаан, үлдэх нь нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан болно. Судлаачдын хийсэн тооцооноос үзэхэд халуун рашааны булгийн ундаргын нийт хүчин чадал нь 183 л/сек, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашааны булгийн ундаргын нийт хүчин чадал нь 33 л/сек болж буй ажээ. Гэтэл бид мэдэгдэж буй рашааны ордноосоо дөнгөж наймыг нь улсын чанартай рашаан сувиллын хэлбэрээр ашиглаж байгаа нь тун учир дутагдалтай байна. Цаашид улсын эрдэст yс, шаврын нөөц, үйлчилгээний зохистой даацын үнэлгээг шинжлэх ухааны үндэстэй тооцон гаргаж, рашаан сувиллыг цаашид хөгжүүлэх ерөнхий чиглэлийг боловсруулан хэрэгжүүлэх нь хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, эрүүлжүүлэх хойшлуулшгүй зорилт болохын зэрэгцээ улс орны эдийн засгийн чадавхид ч зохих хувь нэмэр оруулах нөхцөл бололцоог бүрдүүлэх ирээдүйтэй юм.

Тус орон дахь байгалийн эмчилгээний өөр нэг ирээдүйтэй чиглэл бол araap эмчилгээ болно. Хангай, Хэнтий, Саяны дунд уулсын шилмүүст ойтой өндөрлөгүүд нь жилийн дийлэнх хэсэгт (жилд 250-иас дээш өдөр) нартай байдаг нь уушгины архаг үрэвсэл, гуурсан хоолойн багтрааг эмчлэх асар их нөөц юм. Харамсалтай нь бид энэ их нөөцийг бараг огт ашиглахгүй байна. Цаашдаа байгалийн үзэсгэлэн бүрдсэн дунд уулсын бүсийг энэ чиглэлээр идэвхтэй aшиглах бодлого боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Гадаадын зарим орны туршлагаас үзвэл агаар эмчилгээний чиглэлд манай оронд огт хөндөгдөөгүй нэг чиглэл бол агуй зaсал болно. Газарзүйчид, агуй судлаачдын идэвхтэй оролцоотойгоор тус орны нутаг дэвсгэр дэх агуйн цэс гаргаж, агаарынх нь найрлагыг судлан тогтоосны үндсэн дээр эмчилгээний зориулалтаар ашиглаж болох агуйн жагсаалтыг гаргах нь энэ чиглэлийн судалгааны эхний алхам болох ёстой.

Манай орны нөхцөл дэх байгаль эмчилгээний өөр нэг ирээдүйтэй чиглэл бол элс-нарны угаал юм. Сүүлийн арваад жилд манай эмч, мэргэжилтнүүд Говь-Алтайн Бигэр, Дорноговийн Таван манхан, Баянхонгорын Эхийн голд хийсэн эмнэлзүйн ажиглалтаас үзэхэд бөөрний архаг эмгэгтэй хүмүүсийг зуны улиралд элс-нарны угаалаар эрүүлжүүлэх нь ихээхэн үр дүнтэй байна. Энэ өвөрмөц эмчилгээний эмнэлэг биологийн үндэслэлийг орчин үеийн анагаах ухааны түвшинд баталгаажуулбал энэ нь дэлхийн анагаах ухааны сан хөмрөгт монголын эмч, эрдэмтдийн оруулсан бодитой хувь нэмэр болж, цаашдаа олон орны эмч эрдэмтэд, мөн өвчтөний сонирхон тэмүүлэх газар болохыг үгүйсгэх аргагүй байна.

Манай орон байгалийн үзэсгэлэн бүрдсэн онгон тансаг газар олонтой нь цэцэг ногооны анхилуун үнэр, байгалийн уянгалаг хөгжимтэйгээ хослоод хүний сэрэхүйн бүх л эрхтэнд гоо сайхны дахин давтагдамгүй сэрэл үүсгэх ер бусын ид шидтэй нь байгалийн эмчилгээний бас нэг шавхагдашгүй нөөц болно. Хотжилт, үйлдвэржилтийн түрлэгээр ихсэх хандлагатай сэтгэл, мэдрэлийн ачаалал, түүнээс уламжил­сан эмгэгээс сэргийлэх, анагаахад гоо сайхны эмчилгээний энэ хэлбэр улам бүр ач холбогдолтой болж байна.

Байгаль орчны иж бүрдмэл эрүүлжүүлэх үйлчлэлээс гадна манай оpны ургамал, амьтан, эрдсийн сан нь эмийн үйлдэлтэй бодисоор арвин баян юм. (Ц.Хайдав 1977; Ц.Хайдав нар 1975, 1985, Г.Зориг 1985,1989). Байгалийн эдгээр баялагийн тархац нөөц нөхөн сэргээгдэх зүй тогтлыг ул суурьтай судалсны үндсэн дээр эх орны эмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүн амын эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэх, цаашид дэлхийн зах зээл дээр гарах арга замыг хайх нь манай судлаачдын нэгэн чухал зорилт болж байна.

Манай орны байгаль орчны эрүүлжүүлэх гайхамшигт нөөцийн тухай ярихдаа бид хүний өөрийнх нь ажиллагааны уршгаар байгаль орчны эрүүл мэндэд эерэг нөлөөлөх хүчин зүйлс сөрөг үйлчилгээтэй болж эхэлж байгааг дурдахгүй байх аргагүй юм. Энэ нь юуны өмнө төв суурин газрын бохир усыг цэвэршүүлэх үйл ажиллагаатай холбогдоно.

Манай сүдлаачдын (Ё.Банзар 1979; Д.Галбадрах, 1989) хийсэн ажиглалтаас үзэхэд Улаанбаатараас эхлээд тус орны төвлөрсөн хот, сууринаас гарч буй бохир ус нь үйлдвэрийн хорт хольц, өвчин үүсгэгч нян, вирусийн бохирдлоос бүрэн цэвэршихгүй байгаа нь төв суурин газарт гэдэсний халдварт өвчин зэрэг зарим төрлийн эмгэг дэлгэрмэл байгаагийн нэг шалтгаан  болж байна.

Улаанбаатар, Шарын гол зэрэг зарим хотуудьн атмосферийн агаарт ялангуяа өвлийн улиралд хорт хольцын хэмжээ нь эрүүл ахуйн  зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс олон дахин давж, амьсгалын замын өвчлөл ихсэхэд нөлөөлж байгааг судлаачид (Н.Сайжаа нар, 1982,1986) бичсэн байна.

Иймээс байгаль орчны болон эрүүл ахуй, халдвар судлалыг хяналтын байгууллагуудын нэн тулгамдсан зорилт нь улс орныг үйлдвэржүүлэх явцад байгаль орчныг бохирдуулах буюу байгалийн хүчин зүйлийн эрүүлжүүлэх хүчин чадлыг бууруулж болзошгүй үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлэхгүй байхад чиглэсэн сүдалгаа, хяналтыг өргөжүүлэх явдал болж байна

Тус орны нийгэм эдийн засгийн хөгжлийн цогцолбор төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх явцад байгаль орчны эрүүлжүүлэх нөөцийг бүрэн дүүрэн ашиглах, чадавхийг нь ширгээхгүй байхад чиглэсэн бодлого боловсруулан хэрэгжүүлэх нь байгаль орчны хяналтыг болон эрүүл    мэндийн байгууллагуудын хойшлуулашгүй зорилт мөн.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1091
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК