Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 2(83)
Тархмал хордлогот бахлууртасын үед Бамбай булчирхайн иод шингээх чадвар болон цусан дахь даавруудын өөрчлөлт
( Судалгааны өгүүлэл )

Ц.Лхагвасүрэн

АУИС дэд эрдэмтэн

 

Бидний хэрэглэж буй хүнс тэжээлийн зүйлүүдэд агуулагдах бичил элементүүд, ялангуяа иодын хэмжээ дутагдах нь бамбай булчирхайн (ББ) хэвийн үйл ажиллагааг эмгэг байдалд хүргэдэг томоохон хүчин зүйл болдог.

Манайд дотоод шүүрлийн булчирхайн төрөл бүрийн өвчнүүдээс ББ-н эмгэгүүд зонхилон тохиолдож байгааг дээрх шалтгаануудтай холбон үзэх бүрэн үндэслэлтэй.

Бид УКТЭ-ийн дотоод шүүрлийн булчирхайн өвчнийг эмчлэх тасагт хэвтэж эмчлүүлсэн хүмүүсийг судалж үзэхэд 25 орчим хувь нь ББ-н ямар нэг өвчтэй хүмүүс байв. ББ-н ямар нэг өвчтэй хүмүүсийн ихэнх нь буюу 78% нь тархмал хордлогот бахлууртас (ТХБ), 10.5% нь зангилаат бахлууртас, 5.1% нь хавсарсан хэлбэрийн бахлууртас, 2.7% нь ББ-н үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнүүд байсан юм. Хамгийн түгээмэп тохиолдож байгаа ТХБ-аар ихэвчлэн 20-40 насны эмэгтэйчүүд өвчилж байна. Эдгээр өвчнүүд нь үндсэндээ ББ-н үрэвсэлт өвчнүүд мөн боловч дархлалын механизмыг хэр сэдээж байгаагаараа харилцан адилгүй. Дархлалын өвөрмөц урвалын эрчим, бамбай булчирхайн эд эсүүд гэмтэж  байгаа зэргээс хамаарч даавар нийлэгжүүлэх болон ялгаруулах явц нь өөрчлөгддөг. Энэхүү өөрчлөлтүүдийг цусанд тироксин (Т4), трийодтиреонин (Т3), тиреотропин (ТТГ) зэрэг даавруудын  хэмжээ,  ББ-н йод шингээх чадвар хэрхэн өөрчлөгдөж байгаа зэргийг радиоизотопийн аргаар судалж үзлээ.

Л.Д.Линденбратен, Ф.М.Лесс нар эрүүл хүмүүст ББ-н йод шингээх хэмжээг 2,6,12,48 цагуудын завсарлагаатайгаар үзэж 9-10%, 17-15%, 29-32%, 27-29% байсныг тогтоосон бөгөөд эрүүл монгол хүмүүст мөн цагуудын завсарлагаатайгаар судалж үзэхэд (Ц.Лхагвасүрэн, Н.Оюун, П.Онхуудай) дунджаар 13.9%, 22.9%, 30.7%, 29.2% байлаа. Европын хүмүүст судлаачдын тогтоосон хэмжээтэй харьцуулж үзэхэд монгол хүмүүсийн ББ-н йод шингээх хэмжээ нь сорилт эхэлснээс хойших 2-6 цагийн дараа арай илүү, 12-48 цагийн дараах шингээлт нь үндсэндээ ойролцоо байлаа. (I хүснэгтээс үз) Гэтэл ТХБ-тай хүмүүст мөн цагуудын завсарлагаатайгаар судалж үзэхэд насны ангилал бүрт өвөрмөц хэлбэлзлэл гарч байгаа нь ажиглагдсан бөгөөд дунджаар 43.48%, 55.54%, 60.10%, 55.08% хүртэл нэмэгдэж байгаа нь (II хүснэгтээс үз) ТХБ-тай өвчтөний ББ-д йодын хэрэгцээ ихсэж байгааг харуулж байна. Нэг ёсондоо дааврыг эрчимтэй нийлэгжүүлэх шаардлагаас, эсвэл дааврын зохистой хэмжээг хангаж чадахгүйгээсээ болоод ББ нь йодыг хэвийн хэмжээнээс илүү ихээр авч байна гэж үзэж болох юм. Даавруудын хэмжээ ТХБ-тай хүмүүсийн цусанд хэрхэн өөрчлөгдөж байгааг судалж үзэхийн өмнө эрүүл хүмүүст байгаа хэвийн хэмжээг нь тодорхойлох шаардлага зүй ёсоор гарсны дагуу эрүүл гэж магадласан 78 хүний цусанд шинжилгээ хийж  үзэв.

Насанд хүрсэн монгол хүний цусан дахь тиреотропин 1.07±0.5 МЕ/1, тироксин 60.69 ± 7.6\1, трийодтиреонин 2.16 ±0.3/1 байгаа нь Ф.М.Лясс, Е.Г.Настюкова зэрэг судлаачдын тогтоосон болон олон улсын I РАС зөвлөлөөс гаргасан хэвийн хэмжээний үзүүлэлтүүдээс доогуур, ялангуяа Т4 нь нэлээн бага байгааг тогтоолоо (III хүснэгтээс үз). Харин ТХБ-тай өвчтөний цусанд дээрх дааврууд эрүүл хүмүүсийнхээс мэдэгдэхүйц ихээр нэмэгдэж Т4 нь 153.48 ±29.1 (1), Т3 нь 3.02±0.9 болтлоо өсчээ. Харин ТТГ нь 1.15±0.28 буюу дээрх хоёр даавартай харьцуулахад ялимгүй бага хэлбэлзэлтэй байна (4-p хүснэгтээс үз). Ийнхүү Т4, Т3 дааврууд ТХБ-ын үед нэмэгдэж байгаа нь ББ-н үйл ажиллагаа ихэссэнийг харуулж байгаагийн зэрэгцээ түүний нөлөөгөөр эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа өөрчлөгдөж хордлогын шинж тэмдэгүүд илрэхийн уг сурвалж нь болно. Энд Тиреотропин дааврын хэмжээ төдийлөн их нэмэгдэхгүй байгааг мэдрэл шингэний зохицуулалтын хариу мэдээллийн замаар зохицуулагдаж байна хэмээн тайлбарлаж болно. Чухам иймээс ТХБ-ын үед ББ-н үйл ажиллагааг голлон сэдээгч нь ТТГ биш, харин ЛАТС хүчин зүйл болон ББ-н эсээс үүссэн өөрийн эсрэгтөрөгчүүд мөн болохыг харуулж байгаа юм.

Хийгдсэн  судалгаанаас дүгнэж хэлэхэд:

  •  ББ-н йод шингээж авах чадвар энэхүү эмгэгийн эхэн үед илүүтэй байгааг үндэслэн бидний хэрэглэж байгаа хүнс тэжээл дэх йодын хэмжээ бага байна гэж үзэх үндэслэлтэй. Цаашид хоол хүнсний зүйлүүдэд байгаа йодын хэмжээг нарийн судлан тогтоож, улмаар бамбай булчирхайн эмгэгээс сэргийлэх үр дүнтэй арга хэмжээг авах нь  зүйтэй байна.
  • ТТГ, Т4, Т3 болон бамбайн йод шингээх байдлыг эрүүл монгол хүмүүст судлан тогтоосон нь эмгэг явцыг баримтлах бодитой хэмжүүр болох практикийн  ач холбогдолтой юм.
  •  ТХБ-тай хүмүүст ББ-н йод шингээх хэмжээ 2, 6, 24, 48 цагуудад эрс нэмэгдэж байгаа болон Т4 мөн Т3 дааврын хэмжээ ихэсч байгааг тогтоосон нь оношлогооны болон эмчилгээний үр дүнг хянан үзэх бодитой хэмжүүр болох байна.

ТТГ дааврын нэмүү сэдээлтээр ББ-н үйл ажиллагаа идэвхжин улмаар хэвийн нөхцөлд цусанд байдаггүй тиреоглобулин зэрэг ББ-н гаралтай эсрэг төрлүүд цусанд нэвчин өөрийн эсрэг биетийг үүсгэж байна гэж үзээд ийм тохиолдолд ЛАТС болон ББ-г сэдээгч иммуноглобулинууд уг булчирхайг сэдээснээр ТХБ-ыг үүсгэж байна гэсэн урьдчилсан таамаглал дүгнэлтэнд хүрч байгаа юм. Ерөөсөө ч ТХБ-ыг аутоиммунный өвчин гэж үздэг шүү дээ.

ТХБ-тай өвчтөнд дээрх үзүүлэлтүүдийг тодорхойлох нь оношлогооны ач холбогдолтойн зэрэгцээ шаардлагатай үед иммунологийн шинжилгээ хийж үзэх нь эмчилгээний зөв чиг баримжааг тогтооход ихээхэн ач холбогдолтой юм.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1402
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК