Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 2(83)
Тодорхой хүн амын дунд тархины судасны өвчнийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийн тархалтын асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Д.Баасанжав1, Г.Долгор2

1АУХ, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, дэд эрдэмтэн  2АУХ, Эрдэм шинжилгээний ажилтан

 

Тархины судасны өвчин тухайлбал тархинд цус харвах, цус тасалдах, цусан хангамжийн архаг дутагдлын хожуу хэлбэрүүдийн эмчилгээний үр дүн төдийлөн хангалтгүй, тэдгээрийн улмаас нас бapax, тахир дутуу болох нь өндөр үзүүлэлттэй хэвээр байна.

Тархины судасны өвчний (ТСӨ) урьдчилан сэргийлэх идэвхтэй apгa хэмжээг хүн амын дунд явуулж, хүндрэлийг саатуулан өвчлөл, нас баралтыг бууруулах бүрэн боломжтой байгaar манай орны болон гадаадын судлаачдын судалгаа  нотлож байна. Бид тодорхой хүн амын дунд ТСӨ-ний нөхцөлдүүлэгч хүчин зүйлийг илрүүлэн тогтоох зорилт бүхий судалгааг 1982—1984 онуудад явуулав.

Судалгааны арга ажлын хэмжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас боловсруулсан «Хүн амын дунд ТСӨ-ний НХЗ-ийг илрүүлэн тогтоох» аргачлал, асуун лавлах картаар

судалгаа хийв. Судалгаанд Анагаах ухааны хүрээлэнгийн дотор өвчин судлалын сектор, биохимийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан мэргэжилтнүүд зүрх судасны өвчинг оношлох, тэдгээрийн үе шатыг тогтоох, липидийн солилцол тодорхойлох шинжилгээнүүдийг хийх чиглэлээр хамтран оролцов.

Тодорхой хүн амын дунд ТСӨ-ний НХЗ-ийг илрүүлэн тогтоохдоо ахуйн дадал зуршил, амьдралын тогтоосон хэв маяг, нийгмийн болон үйлдвэрийн нөхцөл, удамшлын байдал, бие махбодийн үйл ажиллагааны дотоод дахь өөрчлөлт, зарим нэг өвчин зэрэг ТСӨ-ийг үүсгэн хөгжүүлэх нөлөө бүхий байж болохоор 20 гаруй нэр төрлийн хүчин зүйлийг тархины судасны «өвчин» илэрсэн ба «эрүүл» гэсэн 2 бүлэгт судалж үзүүлэлтүүдийг харьцуулан дүгнэх аргыг хэрэглэв.

Судалгааг Ажилчны дүүргийн (хуучин нэрээр) хөнгөн үйлдвэрийн 35—64 насны 3100 (эрэгтэй 1609, эмэгтэй 1491)  ажилчин, албан хаагчдын дунд явуулав.

Судалгааны дүн:

Хүн амын дунд явуулсан судалгааны дүнд 10 гаруй төрлийн тархины судасны өвчнnй НХЗ-ийг илрүүлэн тогтоолоо. Үүнд: тамхи татдаг 33.0%, биеийн жин хэтэрсэн 21.7%, архи уудаг 21.5%, удамшлын сурвалжтай (зөвхөн эцэг эхийн) 1.3%, артерийн даралт ихэссэн 19.9%, биеийн хөдөлгөөн идэвхгүй (гиподинами) 18.0% эмэгтэйчүүдийн дунд 8 ба түүнээс дээш жирэмсэлсэн 28.3%, цусан дахь холестерины хэмжээ ихэссэн 6.2%, ээлжийн ажилтай 19.5%, зөвхөн шөнийн ээлжийн ажилтай 1.8%, цайг давстай уудаг 84.0 %   тус  тус  тохиолдолтой байна.   (Хүснэгт №1).

Тамхичдын нэг өдөрт дунджаар татах тамхины тоогоор авч үзэхэд өдөрт 10 ш хүртэл тамхи татдаг тохиолдлын үзүүлэлт «өвчтэй» «эрүүл» хоёр бүлэгт 25.8%; 21.9% үнэн мaгaдтай ялгаагүй байна. Харин 11-20 ш хүртэл татдаг тамхичдынх дээрх 2 бүлэгт 13.4%, 8.1% (Р<0.001), 21 ба түүнээс дээш ширхэг тамхи татдаг 1.9%; 0.7% (Р<0.001)  тус тус тохиолдлын үзүүлэлттэй байна. Тамхи татсан хугацаагаар 11-30 жил тамхи тасралтгүй татсан хүмүүсийн тохиолдол «эрүүл» бүлэгт 18.7%, «өвчтэй» бүлэгт 23.4%, (Р<0.01), 31 ба түүнээс дээш жил татсан 2.7 %; 11.7 % (<0,. 01) өвчтэй бүлэгт тохиолдлын үзүүлэлт илүү байна. Тамхичдын өдөрт татах тамхины хэмжээ, татсан хугацаа ТСӨ-ний НХЗ болоход шууд хамааралтай байна.

Архи уудаг хүмүүсийг «хааяа», <<байнга>> уудаг гэсэн 2 тохиолдлыг судалгааны «эрүүл», «өвчтэй» бүлэгт харьцуулахад хааяа хэрэглэдэг тохиолдлын үзүүлэлт ялгаа багатай байхад, байнга хэрэглэдэг тохиолдлын, үзүүлэлт «өвчтэй» бүлэгт 2 дахин илүү байна. Үүнээс үзэхэд архийг хааяа уудаг зуршил ТСӨ-нийг үүсгэхэд нөлөөтэй бус, байнга хэрэглэх нь НХЗ болж байна.

Тархины судасны өвчний удамшлын сурвалжийг зөвхөн эцэг эхийн өвчлөлөөр судлахад 2 бүлэгт 39.5%; 11.2% буюу “өвчтэй” бүлэгт 3 дахин илүү тохиолдолтой байна. Aртерийн даралт ихсэх, тархинд цус харвах, цус тасалдах өвчин удамшлын сурвалжаар зонхилох байрыг эзэлж байна.

Биеийн хөдөлгөөний идэвхт байдлаар судалгааг явуулахдаа эрхэлсэн ажлын байдал (суугаа, зогсоо, явж хийдэг, холимог), хувь хүний биеийн тамираар хичээллэдэг эсэхийг харгалзан үзсэн. Үүнд; Биеийн тамираар тогтмол хичээллэдэг хүмүүсийн тохиолдлын үзүүлэлт ТСӨ-тэй бүлэгт 17.7%, эрүүл бүлэгт 22.1%   (Р<0.01), биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн тохиолдол эрүүл бүлэгт 34.3% (Р<0.01) өвчтэй бүлэгт 23.5% байгаа нь ТСӨ-нийг саатуулагч хүчин зүйл болох байна.

Биеийн жин хэтэрсэн буюу таргалалтыг жин өндрийн  индекс Кэттлле-ээр тодорхойлсоноор 26-29 хүртэл индекс ихэссэн тохиолдолд эрүүл бүлэгт 13.4%, өвчтэй бүлэгт 23.8% (Р<0.01) 30 ба түүнээс дээш ихэссэн тохиолдолд өвчтэй бүлэгт 2 дахин илүү тохиолдолтой байна.

Цусанд холестерины хэмжээ 5.18-6.48 ммоль/л байгаа тохиолдолд тархины судасны «өвчтэй» бүлэгт 10.0%, «эрүүл» бүлэгт 5.1% (Р<0.01), 6.49-7.76 ммоль/л болж ихэссэн тохиолдол дээрх 2 бүлэгт 6.5%; 1.8 (Р<0.001) 7.77 ммоль/л- ээс дээш тохиолдолд 7.0; 2.5 (Р<0.001) өвчтэй бүлэгт тохиолдолын үзүүлэлт их байна.

Бие махбодийн дотоод үйл ажиллагааны өөрчлөлтөөс уламжлан биеийн жин хэтэрсэн, цусанд холестерины хэмжээ ихэссэн өөрчлөлтүүдийг бүлэглэсэн тоо  хэмжээнээс шууд хамаарахгүйгээр аль ч тохиолдлуудад   тэдгээр нь тархины судасны  өвчний НХЗ болж байна.

Жирэмслэлтийг  1-2; 3-4;  5-7; 8 ба түүнээс дээш гэж бүлэглэн үзэхэд  8 ба түүнээс дээш жирэмсэлсэн тохиолдлын хэмжээ их байна (25.7%; 36.6% Р<0.01).

Үйлдвэрийн үйл ажиллагаа, нөхцөлтэй холбоотой өдрийн, өдөр-шөнийн, шөнийн ээлжийн ажилтай тохиолдолын үзүүлэлт 2 бүлэгт  өдрийн ээлжийн ажилтай тохиолдолд бараг ялгаагүй, өдөр-шөнийн ээлжийн ажилтай тохиолдол «өвчтэй» бүлэгт 33.5%, «эрүүл» бүлэгт 15.7% Р<0.001, зөвхөн шөнийн  ээлж З.5%; 0.8%; Р<0.001 тус тус олон тохиолдолтой байна. Үүнээс үзэхэд өдөр-шөнийн, зөвхөн шөнийн ээлжийн ажил нь үйлдвэрийн нөхцөлтэй холбоотой илрэх НХЗ болж байна. Үйлдвэрийн янз бүрийн нөхцөл дангаараа тохиолдолд «эрүүл» бүлэгт 13.3%, «өвчтэй» бүлэгт 3.5% байгаа нь НХЗ болохгүй байна. Харин үйлдвэрийн хүнд нөхцөлүүдтэй хавсарсан тохиолдолд дээрх 2 бүлэгт 9.7%; 4.8% Р< 0.001 өвчтэй илүү олон тохиолдолтой байна.

Хүн амын дунд артерийн  даралт  ихсэх тохиолдол 160/95 мм МУБ ба түүнээс дээш артерийн даралт их 13.6% 140/90-159/94 мм МУБ завсрын артерийн даралттай 6.3% байна. Артерийн даралт их тохиолдолд 3/4-д тархины судасны өвчний аль нэг хэлбэр илэрч байгаа буюу ТСӨ-ийг үүсгэгч судасны үндсэн өвчний дотор 42.2%-ыг эзэлж байгаагаас үзэхэд артерийн даралт ихсэх нь ТСӨ-ийг үүсгэх нөхцөлдүүлэгч хүчин зүйл болохын хувьд зонхилох рольтой байна. Дээр дурдсан хүчин зүйлс нь аль нэг төрлүүдээр хавсран тохиолдох хувилбаруудыг дээрх 2 бүлгийн хүн амд тус тусад нь судлахад хавсарсан тохиолдол нь ТСӨ-тэй хүн бүлэгт эрүүлээсээ бүр ч олон дахин тохиолдож байна. Гэхдээ НХЗ-ийн хавсарсан тохиолдлын хувилбараас хамаарч  үзүүлэлтүүд нь нилээд ялгаатай байна. Тухайлбал артерийн даралт ихсэх+архи уудаг+удамшлын сурвалжтай- 12.5, артерийн даралт ихсэх+ цусанд холестерины хэмжээ ихэссэн  12.3 дахин, артерийн даралт ихсэх+тамхи татдаг+өвчний удамшлын сурвалжтаи 8.8, артерийн даралт+биеийн жин хэтэрсэн+удамшлын сурвалжтай 7.3; артерийн даралт ихэссэн+тарган-2.8; артерийн даралт ихэссэн+тарган+архи уудаг 8.0; артерийн  даралт ихэссэн+тарган+зүрхний ишеми өвчин 3.0 дахин тус тус илүү тохиолдолтой байна (хүснэгт №2).

Ялангуяа артерийн даралт ихэссэн, биеийн жин хэтэрсэн, цусанд холестерины хэмжээ ихэссэн, архи тамхи хэрэглэдэг, өвчний удамшлын сурвалжтай зэрэг гол хүчин зүйлс аль нэг хувилбараар хавсран тохиолдох нь уг өвчний үүсэл хөгжлийг нөхцөлдүүлэгч хүчин зүйл болохын хувьд бүр ч илүү их рольтой байна.

Тодорхой хүн амын дунд ахуй амьдралын дадал зуршил, тогтсон хэв маяг, үйлдвэрийн хортой хүнд нөхцөл, бие махбодийн дотоод үйл ажиллагааны өөрчлөлт зэргээс уламжилсан НХЗ нь өөрийн өвөрмөц шинж байдал, тэдгээрийн эмгэг өөрчлөлт үүсгэх тоо хэмжээ, үргэлжилсэн хугацаа, хавсарсан тохиолдлын төрөл,  тоо зэрэг нь ТСӨ-ийг үүсгэн хөгжүүлэхэд шууд хамааралтайгаар холбогдож байна. Тархины судасны өвчний нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийн тархалтын үзүүлэлт тэдгээрийн төрлүүдээс хамаарч харилцан адилгүй байгаа боловч нийт дүнгээр өндөр үзүүлэлттэй байгаа нь хүн амын түвшинд ТСӨ-ний анхдагч урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимтэй авч явуулах асуудал зүй ёсоор тавигдаж байна.

Ашигласан хэвлэлийг зохиогчын хаягаар тодруулна уу?

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 361
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК