Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 4(64)
Эхийн эндэгдлийн шалтгааны асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ш.Содномпил

Эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эх барих эмэгтэйчүүдийн өвчин судлалын сектор

 
Абстракт

К ВОПРОСУ ИЗУЧЕНИЯ ПРИЧИНЫ МАТЕРИНСКОЙ СМЕРТНОСТИ

Ш. Содномпил

На основе изучения 474 историй родов родильниц, авторами установлено что среди причин материнской смертности преобладают следующие 5 патологии:

1. Кровотечение 40,3%, 2. Экстрагенитальные заболевания 23,4%, 3.Септические заболевания 15,0%, 4. Поздный токсикоз 13,5%, 5. Разрыв матки 7,8%.

Эхийн эндэгдлийн үзүүлэлт,  эндэгдэлд хүргэж буй үндсэн шалтгааныг судалснаар жирэмсэн, төрөгч, төрсөн эхчүүдэд үзүүлж байгаа эх барих эмэгтэйчүүдийн тусламжийн   зохион байгуулалт, ажлын чанарын байдалд үнэлэлт дүгнэлт өгч цаашид тууштай бууруулах арга замыг боловсруулж хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ. Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагаас эхийн эндэгдлийн үзүүлэлтийг нэг мөр болгох зорилгоор өвчний олон улсын ангиллын 9 дэх удаагийн шинэчилсэн ангилалд жирэмсний хугацаанаас хамаарахгүйгээр, жирэмсэнтэй холбоотойгоор жирэмсний тээлтийн явцад ба төрсний дараах 42 хоногийн дотор нас барсан тохиолдлыг эхийн эндэгдэл хэмээн үзжээ. Харин золгүй тохиолдлын улмаас гарсан эндэгдлийг оруулаагүй байна. Эхийн эндэгдэл орон бүрд харилцан адилгүй байгаагаас гадна төрөлтийн түвшнээс нэлээд хамаарч байна. Манай оронд төрөлтийн түвшин өндөр байна. Нам, засгаас авч хэрэгжүүлсэн өргөн хүрээтэй арга хэмжээний үр дүнд эхийн эндэгдэл ардын хувьсгалын жилүүдэд 80 дахин буурч цаашид ч буурах хандлагатай байгаа боловч социалист орнуудын үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй өндөр түвшинд байна. Бид эндсэн 474 эхийн материалд статистикийн нарийвчилсан судалгаа хийв. Эхийн эндэгдлийн шалтгаан зүйн бүтцийн дотор нэгдүгээрт цус алдалт (40,3 %); хоёрдугаарт экстрагениталь өвчнүүд (23,4%); гуравдугаарт үжил халдвар (15, 0 %); дөрөвдүгээрт жирэмсний хожуу хордлого (13,5%); тавдугаарт умайн урагдал (7,8%) тус тус орж байна. Эндэгдлийн шалтгааны бүтцийг нарийвчлан судалж үзэхэд:

1.  Цус алдалтын дотор умайн гипоатони цус алдалт 40,8%, умайд ихэс түдэх ба ихэсийн хэсэг үлдсэн 26,7%, хэвийн байрласан ихэс цагаас урьдаж ховхорсон 20,4% ихэс түрүүлсэн 6,8%, цусны бүлэгнэлтийн процессод өөрчлөлттэй 3,1 %, бусад шалтгаан 2,1 %-ийг тус тус эзэлж байна.

2.    Экстрагениталь өвчнүүдийн дотор зүрхний эмгэг 26,1 %; ууш­гины хатгалгаа I8,9%,  элэгний архаг үрэвсэл 10,8%, бөөрний өвчин 9,0%, сүрьеэ ба менингит 2,7%, цус багадалт 1,8%, цусны даралт ихдэх өвчин 1,8%, бусад өвчин 28,8%-ийг эзэлж байна.

3.    Үжил халдвараар нас барагсдын дотор кесарев хагалгааны дараа оёдол тавиулж хүндэрсэн 36,6%, умайд ихэсийн хэсэг үлдсэн 23,9%, умайн салст бүрхэвчийн үрэвсэл 22,5%, тромбофлебит 5,6%, умайн гүйцэд биш урагдал 2,8 %, бусад шалтгаан 8,5%-ийг тус тус эзэлж байна.

4.    Жирэмсний хожуу хордлогоор нас барагсдын дотор жирэмсэн үеийн эклампси 50,0%, төрөх үеийн эклампси 31,3%, төрсний дараах үеийн эклампси 18,7%-ийг эзэлж байна.

5. Умайн урагдлаар нас барагсдын дотор умай агшаах эм буруу хэрэглэсэн 21,6%, умай мэс заслын хуучин сорвиор урагдсан 21,6%; ургийн толгой буруу тавигдсан 16,2%, ураг буруу байрласан 10,8%, ураг аарцгаар түрүүлсэн үед эх барихуйн тусламж буруу үзүүлсэн 8,1%, түргэн төрсөн 5,4 %, клиникийн уйтан аарцаг 5,4%, ураг эвдэх ажилбарын техникийг буруу хийсэн 2,7%, бусад шалтгаан 8,1 %-ийг тус тус эзэлж байна.

Эхийн эндэгдлийг эмнэлэг үйлчилгээний шатлал, байршилтаар үзвэл бүх эндэгдлийн 39,9% нь мал аж ахуйн бригадад 23,8% нь сумын төвд, 21,9% нь аймгийн төв буюу төвлөрсөн хотод, 14,3% нь Улаанбаатар хотод байна. Эдгээр эндэгдлийн 32,7% аймаг төвлөрсөн хотын нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт, 25,3% нь сумын их эмчийн салбарт, 16,0% нь Улаанбаатар хотын амаржих газруудад 12,4% нь сум дундын эмнэлэгт, 2,1 % нь бага эмчийн салбарт, 11,4 % нь гэрт болжээ.

Хүснэгт 1-ээс үзэхэд эхийн эндэгдэл голдуу аймаг ба төвлөрсөн хот, их эмч, бага эмчийн салбарт гарч байгаа нь мэргэжлийн тусламжийн чанар, уг тусламжийг газар дээр нь цаг алдалгүй төгс үзүүлэх эх барих эмэгтэйчүүдийн эмчийн   хангамж    хүрэлцээ хангалтгүй байгаатай холбоотой байж болох юм.

Эндсэн эхчүүдийн 11,4% нь гэрийн нөхцөлд эндэж байгаа нь жирэмсэн эхчүүдэд тавих эмнэлгийн хяналт шаардлагын хэм­жээнд хүрээгүй, жирэмсэн ба нялх биетэй эхчүүдийн амрах байрын ашиглалт хангалтгүйтэй холбоотой байна.


Хүснэгт 2-оос үзэхэд нийт эндсэн эхийн 43,7% нь 20—29 насны, 19,8% нь 40-өөс дээш насны эмэгтэйчүүд эзэлж байгаа нь эндэгдэл нас ахих тутам ихсэх хандлагатайг харуулж байна. Хүснэгт 3-аас үзэхэд эндэгдлийн дотор ажилчин (39,7), малчин (32,5%), гэрийн ажилтай (13,7%) эмэгтэйчүүд зонхилж байна.

Хүснэгт 4-өөс харахад эндсэн эхчүүдийн дотор бага (46,4%), дунд (34,8%) боловсролтой эмэгтэйчүүд давамгайлж байна.

Хүснэгт 5-аас үзэхэд эндсэн эхчүүдийн дотор анхны (21,9%), 10 ба түүнээс дээш удаа төрсөн (23,8%) эмэгтэйчүүд давамгайлж байгаа нь тулгар болон төрөлтийн тоо ихсэх тутам эндэгдэл ихсэх хандлагатай  байна. Нийт эндсэн эхийн 50,4% (239) нь мэргэжлийн, 25,1 % (119) нь мэргэжлийн бус их эмчийн, 11,8 % (56) нь бага эмчийн хяналтад, 11,4 % (54) нь эмнэлгийн бус нөхцөлд төрсөн байна. Тэдний 25,9%-д нь төрөлт 4—8 цаг үргэлжилжээ.

Судалгаанаас үзэхэд нийт эндсэн эхийн 9,9% нь 1 удаа, 3,4% нь 2 удаа дутуу төрж байсан, 3,4% нь 1 удаа, 1,5% нь 2 удаа үр хөндүүлсэн, 21,3% нь урд төрөхдөө цус алдаж ихэсээ гардуулсан, 2,5% нь өмнөх төрөлтөндөө ямар нэг мэс ажилбар хийлгэсэн, 4,4% нь амьгүй хүүхэд төрүүлж байсан, 5,3% нь бусад ямар нэг хүндрэлтэй төрж байсан байна. Эндсэн эхчүүдийг эндсэн цагаар нь үзвэл 42,2% нь 9—19 цагийн хооронд, 13,3% нь 19—22 ца­гийн хооронд, 42,0% нь 22—09 цагийн хооронд өөрөөр хэлбэл 55,3% нь ажлын бус цагаар эндсэн байна. Эндсэн өдрийг долоо хоногийн гаригаар үзэхэд 11,4 % нь Даваа, 13,7% нь Мягмар, 9,5% нь Лхагва, 11,0% нь Пүрэв, 11,8% нь Баасан, 11,2% нь Бямба,11,2% нь Ням гаригт тус тус байжээ.

Нийт эндсэн эхийн 81,4% нь төрснийхөө дараа эндсэн ба тэдний 78,5%-д нь задлан шинжилгээ хийхэд 85,5 %-д нь онош тохирчээ.

Дүгнэлт: Эхийн эндэгдлийн үндсэн шалтгааны нэгдүгээрт цус алдалт (40,3%), хоёрдугаарт экстрагениталь өвчнүүд (23,4%), гуравдугаарт үжил халдвар (15,0%), дөрөвдүгээрт жирэмсний хордлого (13,5%), тавдугаарт умайн урагдал (7,8%) орж байна. Үүнээс үзэхэд эхийн эндэгдлийн эдгээр шалтгаанаас урьдчилан сэргийлэх, төрөлтийг удирдах аргыг шинжлэх ухааны үндэстэй боловсронгуй болгох, энэ талаар нийт эмч, эмнэлгийн дунд мэргэжилтний мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх явдал чухал байгааг харуулж байна.

Нийт эндсэн эхийн дотор 40-өөс дээш насны эмэгтэйчүүд 19,8%-ийг үүний дотор цус алдсаны улмаас эндэгсдийн 23,5%, умайн урагдлын улмаас эндэгсдийн 32,4%-ийг эзэлж байгаагаас үзэхэд 40-өөс дээш настай эмэгтэйчүүдийг жирэмслэхээс урьдчилан сэргийлэх (ялангуяа экстрагениталь өвчтэй) төрөлтийн хоорондын хугацааг зохицуулах, жирэмсэн үед мэргэжлийн эмчийн онцгой хяналтыг сайжруулах шаардлагатайг харуулж байна. Эндсэн эхийн дотор ажилчин (39,7%), малчин (32,9%), гэрийн ажилтай (13,7%) эмэгтэйчүүд зонхилж  байгаа нь мэргэжлийн эм­чийн тусламжийг тухайн давхаргын хүмүүст улам ойртуулах тэдний дунд ариун цэвэр гэгээрлийн суртал нэвтрүүлгийг өвөрмөц ялгавартай хийх хэрэгтэй байна.

Нийт эндэгдлийн 32,7% нь аймаг, бусад төвлөрсөн хотын нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт тохиолдож байгаа нь тухайн эмнэлгүүдэд нарийн мэргэжлийн эмч байнга жижүүр хийдэггүйгээс яаралтай тусламжийг цаг алдаж үзүүлж байгаатай холбон үзэж болох талтай байна. Мөн цус алдаж эндсэн эхчүүдийн 30,4%, умайн урагдлаар эндсэн эхчүүдийн 29,7% нь их эмчийн салбарт гарч байгаа нь илүү өртөмтгий бүлгийн жирэмснийг онцгой хяналтад авах, гарч болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хүндрэлийн үед үзүүлэх мэргэжлийн тусламж мэргэжлийн бус эмч ажиллаж байгаа их эмчийн салбарт хангалтгүй байгаатай холбоотой байна.

Эндсэн эхчүүдийн 24,5% нь 10 ба түүнээс дээш удаа, 21,1% нь анхны жирэмсэн, төрөлтийн хувьд 23,8% нь 10 ба түүнээс дээш, 21,9% нь анхны төрөлт байгаа нь анхны төрөгчид тавих хяналтыг сайжруулах, жирэмслэлт төрөлтийн  хүндрэлээс урьдчилан сэргийлэх, төгс эмчлэх, эмэгтэйчүүдийн дунд зохиох ариун цэвэр гэгээрлийн суртал нэвтрүүлгийн ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, жирэмслэлт төрөлтийг төлөвлөгөөжүүлэх, төрөлтийн хоорондын зайг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохицуулахыг зүй ёсоор шаардаж байгаа юм. Нийт эндсэн эхчүүдийн 55,3% нь ажлын бус цагт тохиолдсон нь эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах, түүний зохион байгуулалтыг боловсронгуй болгох хэрэгтэй байна.

Эхийн эндэгдлийг бууруулах арга зам:

1. Төрөх насны нийт эмэгтэйчүүдийг диспансерийн хяналтад бүрэн хамруулж тэднийг эрүүлжүүлэх ажлыг системтэй зохиох;

2. Охидын эрүүл мэндэд онцгой анхаарч Улаанбаатар хотын райод, аймаг бусад төвлөрсөн хотод охидын эмчийг орон тоогоор ажиллуулах, охидын эмчийг гадаад, дотоодод мэргэжил олгох курсээр бэлтгэж шаардлагын хэмжээнд ажиллуулах;

3.   Анагаах ухааны дээд сургуулийн ахлах ангийн оюутнуудад заадаг эх барих эмэгтэйчүүдийн өвчин судлалын хичээлийн цагийг нэмэгдүүлэх, эмч нарын мэргэжил олгох, дээшлүүлэх курс ординатурын эмч нарын сургалтын программыг улам нарийсган тодотгох, өгөөжийг  эрс сайжруулах;

4.   Анагаах ухааны дээд сургуулийн эмч нарын мэргэжил дээшлүүлэх факультетийн харьяанд мэргэжлийн тэнхимийг шинээр нээж ажиллуулах;

5.   Ойрын жилүүдэд сумын их эмчийн   салбаруудыг   эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчээр хангах;

6.   Аймгийн төв, бусад төвлөрсөн хотын нэгдсэн эмнэлгүүдэд цус орлох шингэний нөөцийг хүрэлцээтэй болгох;

7.     Улаанбаатар хотын амаржих газруудын дунд шөнийн цагаар эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах иж бүрэн бригадыг ажиллуулах;

8.   Зарим аймгийн жишээгээр аймгийн төвүүдэд жирэмсэн ба нялх биетэй эхчүүдийн сум дундын амрах байрыг тогтмол ажиллуулах;

9.   Эхийн эндэгдэл өндөртэй зарим аймгуудад нарийн мэргэжлийн эмчийг тодорхой хугацаагаар томилон ажиллуулах нь зүйтэй байна.

 

Ном зүй

1. И.Н.Желеховцева — Организация акушерско—гинекологической помощи в СССР. М. 1970
2. И. В. Ильина —Организация родовспоможения и гинекологической помощи в СССР. М. 1980.
3. JI. И. Куриленко — Организация специализированной акушерско-гинекологической помощи. М. 1978
4. Я. П.Сольский, Г.К Степансковская — Организация акушерско-гинекологической помощи. Киев, 1980.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1319
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК