Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 2(83)
Мэргэжил сонголтонд сэтгэц физиологийн сорил хэрэглэх алхам
( Лекц )

Г.Сүхбат1, О.Амарцэнгэл2

1Доц, 2Багш

 

Зах зээлийн эдийн засгийн өнөө үед хүний хүчин зүйлийн үүрэг улам өсөн нэмэгдэж, хөдөлмөрийн бүтээмжийг зайлшгүй дээшлүүлэх нийгэм эдийн засгийн шаардлага хурцаар тавигдах боллоо. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт юуны урьд  шинэ техник технологийг нэвтрүүлэх, тэдгээрийг чадамгай эзэмшиж, улам боловсронгуй болгох чадалтай мэргэжлийн боловсон хүчнээс хамаардаг. Иймээс ч өндөр хөгжилтэй орнууд техник технологи дээд зэргээр боловсронгуй болгохын зэ­рэгцээ ирээдүйн мэргэжилтэнг шилж сонгох ажлыг шинжлэх ухааны ихээхэн нарийн үндэслэлтэй явуулдаг ажээ.

Одоогоос 90 шахам жилийн тэртээ АНУ-ын Харвардын их сургуулийн проф.Мюистенберг вагоны дарга нарын сэтгэц физиологийн онцлогийг судалснаар, мэргэжил сонголтыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах судалгааны эхлэл тавигджээ. Шинжлэх ухааны үндэстэй мэргэжил сонгох ажил дэлхийн I дайны үеэс эхлэн АНУ, Франц, Герман, Швейцарт 1930-аад оны үеэс хуучин ЗХУ-д   нийлээд өргөжин өнөөг  хүртэл дэлхийн хөгжилтэй   бүх оронд мэдэгдэхүйц хөгжиж тэр ч байтугай өдөр бүр ажилдаа тэнцэж тохирох боломжтой эсэхийг ч урьдчилан тогтоочихдог болжээ (7, 8, 4, 9, 10). Өнөөдөр манай хойд хөрш ОХУ-д гэхэд л мэргэжил сонгох, баримжаалах чиглэлээр 10 шахам эрдэм шинжилгээний хүрээлэн ажиллаж, эмнэлэг физиологийн, сэтгэцийн, нийгэм эдийн засгийн эрх зүйн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил явуулж байна (2,7).

Сүүлийн жилүүдэд мэргэжил сонгох, сургалтын үйл явцыг боловсронгуй болгоход сэтгэц  физиологийн сорилтуудыг (аргуудыг) өргөн хэрэглэх боллоо. Тухайлбал спортын ур чадварын өсөлт дээд мэдрэлийн үйл ажиллагааны онцлогоос (5), оюутны сурлагын амжилт мэдрэлийн үйл ажиллагааны хүчнээс, ой ухаанаас (3,8) хамаардаг болохыг тогтоожээ.

Мэргэжил сонгох ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах асуудал зөвхөн нийгэмд ашигтай төдийгүй хувь хүнд ч маш их өгөөжтэй. Хэрвээ өөртөө тохирох мэргэжлийг зөв сонгож чадвал тухайн хүн өөриийхөө хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж, нийгэм хамт олны дунд зохих байраа эзлэж, нийгэмд хэрэгтэй хүн гэдгээ ухамсарлахын зэрэгцээ эрүүл мэндээ хамгаалж бэхжүүлэх ихээхэн боломж гарч ирдэг ажээ  (7, 6, 9). Мэргэжлээ зөв сонгож чадаагүй тохиолдолд дээр дурдсан үр өгөөж илрэхгүй бөгөөд өндөр мэргэжлийн хүмүүс эрүүл мэндээрээ тэнцэхгүй жагсаалаас эрт гарах тохиолдол багагүй байдаг. Үүний зэрэгцээ хүний физиологи, сэтгэл зүйн боломжийг бодолцохгүй техник технологийг огцом өөрчлөх нь хүний эрүүл мэндэд хор уршигтайг сүүлийн үед эрдэмтэд анхаарах боллоо (9,2). Манайд сурлуульд элсэгчдийн уралдаант шалгалт, эрүүл мэндийн үзлэг хоёрыг эс тооцвол мэргэжил сонгох ажлын шинжлэх ухааны үндэслэл өнөөг хүртэл орхигдож иржээ. Дээр дурдсан баримт сэлт нь манай оронд ирээдүйн мэргэжилтэнг шилж сонгох шинжлэх ухааны үндэслэл өөрийн гэсэн аргачлал зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Үүнээс үүдэн бид хамгийн энэрэнгүй ёсны мэргэжил хүний их эмч болох хүмүүсийг шилж сонгох сэтгэц-физиологийн сорил боловсруулан судалгаа явуулах зорилт тавилаа.

Уг copилыг сэтгэц-физиологийн сорил боловcpyулах үндсэн шаардлагуудыг бодолцон, нийтээр хүлээн зөвшөөрсөн зарим сорилоос үлгэр авч, «Ангаах ухааны дөрвөн үндэс» номонд өвчнийг анагаагч эмчийн орны шалтгааныг оюун нь төгөлдөр, сэтгэл нь цагаавтар, зорилго нь тод, ажилдаа хичээнгүй, овор нь төв гэж үзсэнтэй уялдуулан 5 бүлэг, 31 асуулт, 93 хариулттайгаар зохиож үнэн зөвийг шалгах түлхүүртэйгээр боловсрууллаа. Уг сорил бодит эсэхийг практикт туршихаар АУИС-ийн 187 элсэгчид, 800 оюутан, 60 төгсөгчдийг (эмч багш нар, мэргэжигч оюутнуудад) хамааруулан судалгаа явуулж үр дүнг нь компьютерт тусгай программаар  боловсрууллаа.

Судалгааны үр  дүнг авч үзвэл;

Сэтгэц-физиологийн шалгуураар судалгаанд хамаарагдсан 800 оюутаны 15% нь эмчийн мэргэжилд бүрэн тэнцэх, 66.4% нь тэнцэх боломжтой, 18.62% йь тэнцэхгүй гэсэн үзүүлэлт гарлаа. Эмэгтэйчүүдийг (16.45%) эрэгтэйчүүдтэй (13.02%) харьцуулахад бүрэн тэнцэх боломжийн хувьд харьцангуй давуутай байна. Эмч мэргэжлийн багш нар, мэргэжигч оюутнуудын бараг гуравны нэг нь (28.3%) бүрэн тэнцэж зөвхөн нэг хүн тэнцэхгүй гэсэн үнэлгээ авсан нь бидний боловсруулсан сорил үнэн бодитойг илтгэж байна. Элсэгчдийн дотор сэтгэц физиологийн шалгуураар эмчийн мэргэжилд тэнцэх хүмүүс олон (38%) байлаа ч уралдаант шалгалтаар тэр болгон тэнцдэггүй бололтой.

(Хүснэгт1)

(хүснэгт 2)

а) оюун төгөлдөр хэмээх үзүүлэлтээр бүх эмч болох хүний зан төлөвийн үнэлгээгээр авч үзвэл оюутны 18.5% сайн, 73.38% дунд зэрэг, 8.13% нь хангалтгүй гэсэн үнэлгээ авлаа. Оюун төгөлдөр байдлаар эрэгтэйчүүд (Сайн 22.19%, хангалтгүй 5.03%), эмэгтэйчүүдээс (сайн-15.8%, хангалтгүй-10.39%) давуутай байна. (Р<0.001)

б) цагаан сэтгэлтэй хэмээх үзүүлэлтээр оюутнуудын талаас илүү хувь нь (53.63%) сайн, 45% дунд зэрэг, 1.33% нь муу үнэлгээ авлаа. Цагаан сэтгэлээрээ эмэгтэйчүүд (сайн-61.47%), эрэгтэйчүүд (сайн-42.97%) мэдэгдэхүйц илүү байна. Зорилго нь тод байдлаараа бүх оюутнуудын 51.13% сайн, 48.48% дунд зэрэг байлаа. Хүйсний хувьд эмэгтэйчүүд (сайн 54.76%) эрэгтэйчүүдээс (сайн 46.15%) илүү байна,

Ажилдаа хичээнгүй байдлыг авч үзвэл бүх оюутны ихэнх хувь нь (78%) дунд зэрэг байгаа бөгөөд хүйснээс хамaарах  ялгаа ажиглагдсангүй.

Овор нь төлөв байдлаараа оюутнуудын 36% сайн, 63% нь дунд зэрэг, зөвхөн 1% нь муу гэсэн үнэлгээ авчээ. Эмэгтэйчүүд (сайн-40.48%) эрэгтэйчүүдээс (cайн-29.88 %) мэдэгдэхүйц  давуу  байна.

Дээр дурдсан судалгааны үр дүнд үндэслэн дараах дүгнэлтийг хийлээ.

АУИС-ийн элсэгчид, оюутнууд, төгсөгчдийг (тэргүүний) өөрсдийн боловсруулсан сэтгэц-физиологийн сорилоор харьцуулан судлахад ихээхэн бодитой үр дүн гарсан нь өөрийн гэсэн өвөрмөц хувилбартай хүчин төгөлдөр сорил болсныг харууллаа. Энэхүү сорилоор эмнэлгийн сургуульд элсэгчдийг шилж сонгох, сургалтыг боловсронгуй болгох зорилгоор ашиглах бүрэн боломжтой гэж үзлээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1665
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК