Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 3(63)
Эмчийн сэтгэлгээ, орчин үе
( Түүх )

Доцент Ш. Жигжидсүрэн, Анагаах ухааны дэд эрдэмтэн Ц. Мухар

 

Орчин үеийн анагаах ухааны практикт шинжлэх ухаан техникийн сүүлийн үеийн гайхамшигт ололт нэвтэрч, эмч нарын мэргэжил улам бүр нарийсч байгаагаас мэргэжлийн эмч нарын дотор зарим нэгэн зааг гарч байна. Нөгөө талаар зөвлөх эмч нарын нөлөө ихсэж түүнд найдах, тэдний амыг харах явдал ч бий болж байна. Үүний улмаас өөрийн myршлага, мэргэжлийн зөн билэгт үл итгэх явдал ч зарим эмч нарын дотор байгаа билээ. Энэ бүхэн нь эмч нар өвчтөнийхөө өвчнийг оношлох, эмчлэх тактик зэрэгтээ мэргэшлийн хувьд түргэн өсөх, бие дааж ажаллахад нөлөөлж буй нь илэрхий. Ер нь өнөө үед эмчлэх ажил нь орчин үеийн анагаах ухааны онол, практикийн нарийн асуудлыг хэр зэрэг сонирхож жинхэнэ зүрх сэтгэлээсээ хэрхэн ажиллаж байгаагаас хамаарах тул эмчийн зохистой бодьгал чанар тун чухал юм. Иймийн учир сэтгүүлийн редакци энэ сэдвээр хэлэлцүүлэг нээж байна. Энэ хэлэлцүүлэгт эрдэмтэн, багш, профессор, эмч нарыг өргөн оролцохыг уръж байна.

Хүний бие махбод бол нэгдмэл систем юм. Энэ систем элемент буюу салбар тухайлбал зүрх судасны, тулгуур эрхтэний, мэдрэлийн гэх мэт дэд системд хуваагдана. Шинжлэх ухааны суурь судалгааны онолын хувьд энэ олон арван салбар систем, элементийг тусгай нарийн мэргэжлийн ажилбарт мэргэжсэн мэргэжилтэн, өндөр мэдрэмж бүхий аппарат багаж, лабораторийн тусламжгүйгээр судалж, дүгнэх аргагүй юм. Энэ нь маргаангүй, орчин үеийн анагаах ухааны гол шугам мөн.

Анагаах ухаан клиник, эрүүл ахуй, туршилтын гурван чиглэлээр 172 нарийн мэргэжлээр хөгжиж байна. Зөвхөн практикийн эмч нар 50 гаруй, зарим улсад 74 мэргэжлээр хүн амд эмнэлгийн тусламж үзүүлж, 10 мянга шахам өвчний онош хамшинжийг судалж байна.

Хүн, биологийн хувьд систем төдийгүй, нийгмийн талаас сэтгэл зүй, хөдөлмөр, ахуй, зан заншил зэрэг олон үзэгдэл юмсын уялдаа холбоо бүхий нийгэм-биологийн нэгдмэл цогц болдог. Энэ утгаар авч үзвэл практикийн эмч нарын үйл ажиллагаанд дифференциацчлалыг хэтэрхий болгох нь эмчийн сэтгэлгээг боогдуулж болох талтай юм. Ийм учраас анагаах ухааны практикт ерөнхий буюу түгээмэл мэргэжлийн эмч бэлтгэх зайлшгүй хэрэгцээ гарч ирсэн юм. Дунджаар эмнэлгийн тусламж авахаар анх ирсэн нийт хүн амын 40—50%-ийг зөвхөн ерөнхий мэргэжлийн эмч нарын хүрээнд шийдэх боломжтой байна.

Эмчийн клиник сэтгэлгээ нэн чухал байгаагийн учир юунд байна вэ.  Энэ нь:

1. Эмчийн уран гар, хурц оюун ухаанд итгэх итгэл бол анагаах ухаанд онцгой байр эзэлж ирсэн, эзлэх ч болно. Орчин үед эмчид итгэх итгэл сулрах хандлага ажиглагдаж байна. Үүнийг ерөнхий мэргэжлийн эмч цөөрсөн (итгэл авч чадах гол мэргэжил), эмнэлзүйн хурц илрэлтэй тохиолддог өвчин ховордсон, эмч өвчтөний хооронд зөвлөх эмч, техник орж «хөндийрүүлсэн» гурван гол шалтгаанаар тайлбарлаж болно. Зөвлөх эмчийн амыг харж, лаборатори багаж техникийн шинжилгээний үзүүлэлтийг хэт шохоорхсоноос болж эмч нарын клиникийн чөлөөт сэтгэлгээ боогдож байгаа тал байгаа нь үнэн. Энэ бол анагаах ухааны механизмын нөлөөлөл болох зөвлөх эмч нарыг төрөл төрлөөр олшруулсан доод байгууллагын ажлыг дээд газраас зааж зааварласан, биеэ даасан бүтээлч чадварыг боогдуулсан зэрэг удирдлагын хуучин арга хэлбэртэй холбож үзмээр санагдана.

2.  Эмч нар нарийн мэргэжилд баригдаж өвчтөнийг өрөөсгөл судлах дутагдал байна. Үүнээс болж ёс суртахууны, мэргэжлийн алдаа гардаг. Орчин үед өргөсөх хандлагатай клиникийн анагаах ухааны ерөнхий асуудлыг (мэдрэл сульдах өвчний илрэл, диэнцефалын хам шинж, коллагены өвчнүүд, харшлын илрэл, бага зэргийн (субфебрил) халуунтай өвчнийг шинжлэх, оношлох арга, антибиотик, дайврын гаралтай бэлдмэлээр эмчлэх, эмийн гаж үйлчилгээ г.м) судалж, танин мэдэхэд ерөнхий мэргэжлийн эмч шийдвэрлэх үүрэгтэй болж байна. Нарийн мэргэжлийн эмч нарын оношлогооны тойм мэдлэг дутах, мэргэжилдээ хэт явцуурснаас болж сүрьеэ өвчний ерөнхий хордлого, хурц халдварт өвчний эхлэл, хэвлийн хөндийн хурц өвчин, эмнэл зүйн ерөнхий шинж тэмдэг зэрэгт ихээхэн «барьц алдаж» байгаа жишээ баримт  багагүй  гарч байна.

3.  Нарийн мэргэжлийн эмч нар бие биедээ «зөвлөх» болж, харин тэд нарын санал нийлсэн буюу маргаантай асуудлыг холбох ерөнхий мэргэжлийн эмчийн өргөн сэтгэлгээ чамлагдсаар байна.

4.  Аль ч мэргэжилд өвчтөнийг судлах өвөрмөц тусгай арга байдгийн зэрэгцээгээр асуух, ерөнхий үзлэг хийх, барих, тогших, чагнах нийтлэг арга (бодит үзлэг) олон зуун жилийн уламжлалтай орхиж болохгүй арга мөн. Энэ бол эмч өвчтөнийг ёс суртахууны хувьд холбож өгдөг нандин холбоос юм. Эмч нар өвчтөнөөс асууж судлах, тав тухтай ярилцахын ач холбогдлыг бууруулж ёс төдий ханддаг сэтгэл зовоосон буруу арга барил газар авсаар байна. Зарим нарийн мэргэжлийн эмч нар өвчтөнг үзэж судлах уламжлалт сонгомол аргыг хэрэглэх  нь  багасч  байгааг олон  баримтаар  нотолж болно.

Эмгэг анатомын товчооны 1986 оны тайлангаас үзэхэд үндсэн оношийн зөрөөний 38,9% объектив, 61,1% нь субъектив шалтгаантай. Субъектив шалтгааны 35,3% нь бодит үзлэг хангалтгүй хийсэн, 36,3% нь эмчийн клиник сэтгэлгээ дутсан, 19,3 % нь туслах шинжилгээг дутуу буюу хэтрүүлэн үнэлснээс болжээ. Профессор Р. Хегглин (1965) дотрын өвчний оношлогоонд асуух арга ойролцоогоор 50%, бодит үзлэг 30%, лабораторийн шинжилгээ 20%-ийн ач холбогдолтой гэж үздэг байжээ. Анагаах ухааны хүрээлэнд хийсэн зарим судалгаагаар амбулаторийн дотрын чиглэлийн эмч нарын тэн хагас нь бодит үзлэгийг дутуу хийж байна. Бидний ажиглалтаар дэлүү зүүн хавирганы нуман дороос үл ялиг тэмтрэгдэж байгааг бодит үзлэгээр тодорхойлж чадаагүйгээс болж элэгний цирроз өвчтэй хүнийг «ходоодны шарх, үрэвсэл» гэдэг оношийн дор 10 шахам шиижилгээ, эмчилгээ хийж cap гаруй болсон тохиолдол нэг биш удаа гарсан юм.

5.  Нарийн мэргэжил эзэмшсэнээр унших, боловсруулах, сэтгэх хэмжээ хязгаарлагдахгүй. Мэргэжилдээ бүрэн эзэн болоогүй эмч ажилдаа хайхрамжгүй, хүнтэй элэгсэг биш харьцдаг, унших судлах дургүй болдог. Хэрэв сонирхож буй мэдлэгийн салбарт юм бүхэн эцэстээ хүртэл төгс хөгжчихсөн мэт санагдвал тэр хүний мэдлэг дутагдалтай байгааг харуулдаг ерөнхий зарчим байдгийг санахад илүүдэхгүй юм. Ой руу хичнээн гүн орох тутам төчнөөн өтгөн шигүү болдог гэсэн  орос  ардын цэцэн үг бий. Эмчийн ерөнхий мэргэжлийн бат суурьгүй «нарийн» мэргэжлийн эмч нарын клиникийн сэтгэлгээ хязгаарлагдмал байдаг нь зүйн хэрэг юм.

6.  Эмчилгээний тухай эмчийн бодол санаанд өрөөсгөл хандлага тод илэрч байна. Энэ бол эмийг эмчилгээний гол арга болгон олноор (эмийн полипрагмази) хэрэглэх явдал юм. Полипрагмази бол эмчийн сэтгэлгээ хөгжөөгүйн улмаас шинж тэмдгийн эмчилгээний арга хэрэглэж байгаагийн тод илрэл юм. Зарим эмч нар өвчнийг танин мэдэх, эмчлэн эдгэрүүлэхэд бие махбодын гадаад орчин, дотоод тогтолцооны диалектик холбоог дутуу үнэлж байна. Жишээлбэл: эмчилгээний гол хэлбэр болсон хөдөлмөр, ахуй, хоолны дэглэмийн зөвлөгөөг ерөнхийлөх, загварчлан тогтоох, дутуу үнэлэх өрөөсгөл хандлага ч байна. Чихрийн шижин өвчин, ходоод, элэг цөсний архаг үрэвсэл зэрэг олон өвчнийг зөвхөн хоолны дэглэм, амьдрал ахуйн зөв хэмнэлээр эмчилж болдог шүү дээ. Ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэх явдал ерөнхий талыг эхлэн тодруулж байж тусгай руу хандах хөгжил, танин мэдэхүйн диалектикийн үүднээс ч тодорхой юм. Манай оронд ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэх, сургах, мэргэжүүлэхэд учир дутагдалтай байна. Ерөнхий мэргэжлийн эмч, нарийн мэргэжлийн эмч нарын зохистой зөв харьцаа тогтоох хэрэгтэй юм. Ерөнхий мэргэжлийн эмч, хүн амд хамгийн ойрхон, өвчтөнийг судлах аргыг бие хүн, сэтгэл, гадаад орчинтой холбон судлах  чадвартай  эмч нийгмийн  зүтгэлтэн болно. Манай эмнэлэг үйлчилгээний практикт хэсгийн ба сумын эмч нар ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэх суурь мөн. Ерөнхий мэргэжлийн эмч үйлчилгээний дэвсгэр нутгийн хүн амын өвчин эмгэгийн талаар нарийн мэргэжлийн эмч нарт зөвлөх, зөвлөгөө өгөх чадвартай, тэднийг төвлөрүүлэн мэргэжлийн тусламжийг зохион байгуулах үүрэгтэй байх ёстой. Ерөнхий ба мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, ашиглах асуудлыг ЗХУ болон бусад социалист оронд ихээхэн анхаарч байна. Куба улсад эмчийг өрхийн мэргэжлийн хэлбэрээр бэлтгэж байна. Манай улсын поликлиникийн тусламжийн хүрээнд ерөнхий ба нарийн мэргэжлийн эмч нарын харьцаа 1:2-оос хэтрэхгүйгээр байх зарчмыг баримтлах нь зөв болов уу. Учир нь дэвсгэр нутгийн хүн ам ерөнхий мэргэжлийн эмч нарийн мэргэжлийн эмч гэсэн бие биендээ нөлөө бүхий цагариг холбоон дээр больницоос гадуур үзүүлэх эмнэлгийн тусламжид тулгуурлана. Ийм нөхцөлд ерөнхий мэргэжлийн эмч нарыг нарийн мэргэжлийн тусламжийг удирдан зохицуулах «удирдаач»  болох  төвшинд  бэлтгэвэл зохино. Ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэх асуудалд зохион байгуулалт, сэтгэл зүйн зарим бэрхшээл байна. Поликлиникоор үзүүлэх эмнэлгийи тусламжийн зохион байгуулалт өрөөсгөл байна. Нийслэл хотод гэхэд хэсгийн эмнэлэг бүхий дэвсгэр нутгийн поликлиник зохион байгуулахын оронд үйлчилгээний хүн амаас холдсон улс, хот, районы «зөвлөх» поликлиник нэмэгдэх хандлага байна. Энэ нь нарийн мэргэжлийн «зөвлөх» эмч нарыг олшруулна гэсэн үг. Ийм поликлиникийн эмч нарт үзүүлэх, шинжилгээ хийлгэх хүмүүс хэсгийн эмчээс бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд элдэв янзын үл ялих саад, дамжлага олширчээ. Ажлын арга барилд «...яльтай яльгүй дүрэм, горим, бичиг цаастай хэт зууралдах явдлаас болж ажиллах нөхцөл байдал яаж хүндэрснийг...» ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга М.С.Горбачев 1985 оны 4 сарын бүгд хуралд онцлон тэмдэглэсэн билээ. Поликлиникийн материал техникийн бааз үлэмж хоцрогдож байгаагаас гадна поликлиникт өвчтэй хүнийг гардан эмчилж, эрүүл хүний эрүүл мэндийг хамгаалж, нарийн мэргэжлийн эмч нартай холбож эцсийн үр дүнг хариуцдаг оношлох, эмчлэх, сэргийлэх өргөн сэтгэлгээ бүхий эмч нар үгүйлэгдэж, хөдөлмөрчдийг чирэгдүүлэх, эмч нарыг өвчтэй хүний төлөөх хариуцлагыг сулруулах нэг хүчин зүйл болж байгаа  биш биз. Эмч, эмнэлгийн удирдах ажилтан нарын ерөнхий мэргэжлийн тухай сэтгэлгээ «хоцрогдож» энэ нь хүн ам, нийгэмд буруу нөлөө үзүүлж байна уу? Эмчийн клиникийн сэтгэлгээнд саад болж байгаа зохион байгуулалтын бусад асуудлыг ч хөндөж ярих нь зүйтэй. Дээд газраас эмнэлэг, эмчийн ажлыг шалгахдаа цаас бичгээр дүгнэдгээс болж эмч нар үзлэгийн өрөөндөө мэргэжлийн ном сэтгүүл ашиглахын оронд элдэв янзын судалгаа, самбар үзүүлэн, цаас бичгээр шалгалтын нүд хуурах гасэн арга хэлбэр элбэгших шинжтэй байна. Таван жил ба жилийн аттестатчиллыг онолын төвшинд хийж улс төр, гадаад хэлний мэдлэг мэт дагавар хүчин зүйлийг гол болгосноос эмч нарын мэргэжлийн практик, өсөлт,  клиникийн сэтгэлгээг хөгжүүлэхийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөх идэвх суларч байгаад дүгнэлт хийвэл зохино. Аттестатчиллыг эдийн засгийн урамшилтай холбох цаг болжээ. Эмчийн ажлыг ор хоног, үзлэгийн төлөвлөгөөний тооны үзүүлэлтээр биш, үйлчлэх хүрээний хүн амыг жилд 1—2 удаа идэвхтэй үзэж өвчнийг эрт илрүүлж, төгс эмчилж, диспансерчилж байгаа эцсийн үр дүн чанараар дүгнэх хэрэгтэй байна. Нарийн мэргэжлийн эмчийг бэлтгэх, мэргэжүүлэхэд ялгавартай хандахгүй байна. Цэвэр шинжлэх ухааны чиглэлтэй боловсон хүчнийг дээд сургуульд байхаас эхлэн шинжлэх ухааны чимхлүүр салбарторчин үеийн техник лабораторт сургаж бэлтгэх нь зөв. Харин өвчтэй хүнтэй ажиллах практикийн эмч нарыг оношлох, эмчлэх арга ухаанд гаршуулж, түгээмэл мэргэжилд дадлагажуулж «эмч» болсон нөхцөлд нарийн   мэргэжлээр  мэргэжүүлэх нь  зүйтэй санагдана. Ерөнхий мэргэжлийн эмч нар бол дотрын өргөн мэдлэгтэй байхаас гадна анагаах ухааны судалгааны ерөнхий арга, архаг ба хурц, халдварт өвчин, хэвлийн хөндийн мэс засал, эх барихын ба хүүхдийн яаралтай тусламж, халдвар судлал, эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын түгээмэл мэдлэг эзэмшсэн байх ёстой. Ийм эмчийг оюутны сургалтаас эхлэн сонгож, дэс дараатай, системтэй бэлтгэх хэрэгтэй юм.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 697
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК