Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 3(63)
В Гепатитын эпидемиологийн зарим асуудал
( Судалгааны өгүүлэл )

Л.Оюунцэцэг,  Г.Гомбосүрэн  

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

НЕКОТОРЫЕ  ВОПРОСЫ ЭПИДЕМИОЛОГИИ ГЕПАТИТА В

Л.Оюунцэцэг, Т.Гомбосурэн

Путем эпидемиологического наблюдения выявили, что в очагах вирусного гепатита часто встречаются временные и постоянные HBs-антигено-носители и HBs Аg носители женщины являются основными источникам гепатита В для членов семьи.

Сүүлийн жилүүдэд В вируст гепатитын ахуйн замаар халдварлах онцлогийг судлах явдал судлаачдын анхаарлыг ихэд татаж байна. (1, 2, 6).

Манай орны хүн амын дунд В вируст гепатитын гадаргуугийн эсрэгтөрөгч агуулагчид 9,3% хүртэл байгаа нь (3,7) В вируст гепатит ахуйн замаар халдах нэг хүчин зүйл болж болзошгүй тул бид энэ судалгааг хийсэн юм. МАТЕРИАЛ БА АРГА: Гепатитын В вирусийн гадаргуугийн эсрэг төрөгч (HBsAg) давтан илэрсэн 10 голомтын 61 хүнд эпидемиологийн ажиглалт явуулж, тэдгээрээс 50 хүнд (эх 6, эцэг 4, хүүхэд 37, ойр дотны хүн 3) биохимийн болон иммунологийн шинжилгээ хийв. HBsAg-ыг Гельд тундасжуулах аргаар тодорхойлов. Үүнээс гадна Улаанбаатар хотын Халдварт өвчнийг анагаах клиникийн эмнэлэгт эмчлүүлж буй 88 өвчтөнд эпидемиологийн судалгаа, ретроспектив аргаар 13 өвчтөн, түүний 43 хавьталд халдвар судлалын судалгаа, биохими, иммунологийн шинжилгээ хийв.

АЖИГЛАЛТЫН ДҮН: HBsAg давтан илэрсэн 9 голомтын 50 хүнд биохими иммунологийн шинжилгээ хийхэд 5 голомтын 38 хүнээс 8/21 %-д нь HBsAg дахин илрэв. HBsAg эерэг хүмүүсийн 4 нь HBsAg байнга тээгч эх, 4 нь 4 сартайгаас 11 насны эмэгтэй хүүхдүүд байв. HBsAg тээгч эдгээр 8 хүний 7-д нь тимол, АлаТ, АсаТ-ын сорил өөрчлөлттэй байгаа нь HBs Ag-ыг байнга тээгчдэд элэгний үрэвсэлт процесс явагдаж буйг харуулж байна. HBsAg эерэг 5 голомтын 1-д нь 1 удаа, 2-д нь 2 удаа, 2-д нь 5 удаа вируст гепатитын өвчлөл янз бүрийн хугацаанд гарч HBsAg тээгч эх, хүүхдийн хамт байсан 38 хүнээс 15 (39,5%) нь вируст гепатитаар өвчилжээ. Эдгээр өвчлөгчдийн 2 нь HBsAg эерэг байв. HBsAg эерэг голомтын 1-д нь 3 хүнээс, 1-д нь 2 хүнээс, 3-д нь 1 хүнээс тус тус HBsAg илэрч байлаа. Мөн ретроспектив аргаар судалгаа хийсэн 13 өвчтөнтэй хавьталд орсон 43 хүний ийлдсэнд HBsAg илрээгүй боловч эдгээр голомтонд вируст гепатитын өвчлөл янз бүрийн хугацаанд хоёр ба түүнээс дээш удаа гарч байсан байна. Халдварт өвчнийг анагаах клиникийн эмнэлэгт эмчлүүлж буй 88 өвчтөний 36 (40,9%) нь А гепатит оноштой, 52 (59,1 %) нь В гепатит оноштой байв. А гепатитаар өвчлөгчдийн дотор нууц үеийнхээ хугацаанд эмнэлгийн ямар нэгэн парентерал үйлдэлтэй, өвчний хавьталтай, HBsAg эерэг илэрсэн өвчтөн 8 (22,2%), В гепатитаар өвчлөгчдөөс нууц үеийнхээ хугацаанд эмнэлгийн ямар нэгэн парентерал үйлдэлгүй, гэр, хөрш, ажлын газартаа өвчний хавьталгүй атлаа HBsAg эерэг 18 (34,6%) өвчтөн байлаа. Эмнэлгийн нөхцөлд ямар ч парентерал эмчилгээ хийлгээгүй, зөвхөн гэрээр парентерал эмчилгээ хийлгэсэн 8 (9,1%) байв.

ХАРЬЦУУЛСАН ДҮГНЭЛТ: Ахуйн нөхцөлд HBsAg тээгч эх нь халдвар тараах аюулаар их байхаас гадна хүүхэддээ уг өвчинг тараахдаа HBsAg агуулагч эцгээс 4 дахин илүү байдаг гэсэн С. Н. Цыбулякын (4) судалгаатай бидний ажиглалт тохирч баина. Судалгаагаар илэрсэн HBsAg тээгчид бүгд эмэгтэйчүүд байгаа нь В гепатитын халдвар агуулагч эх, тэдгээрийн хүүхдүүд В гепатит тараахад голлох үүрэгтэйг харуулж, архаг гепатиттай өвчтөн, HBsAg тээгч нь халдвар тархаахад тодорхой үүрэг гүйцэтгэж байгааг илрүүлсэн нь зөвлөлтийн судлаачдын дүнтэй (5) дүйж байна.

Нэг голомтонд HBsAg агуулагч 1-3 хүн байгаа нь В гепатит гэр ахуйн замаар халдах эх уурхай цөөнгүй байдгийг харуулж байна. Эмнэлгийн нөхцөлд ямар нэгэн парентерал эмчилгээ, үйлчилгээ хийлгээгүй зөвхөн гэрээр парентерал эмчилгээ хийлгэсэн өвчтөн болон өвчнийхөө нууц үеийн хугацаанд эмнэлгийн ямар нэгэн парентерал үйлдэлгүй, гэр, хөрш, ажлын газартаа өвчний хавьталгүй атлаа HBsAg эерэг өвчтөн цөөнгүй байгаа нь эдгээр өвчтөнүүдийн халдварын эх уурхайг гэр орон болон ойр дотны хавьтагсдаас илрүүлэх судалгаа шинжилгээг гүнзгийрүүлэи хийх шаардлагатайг харуулж байна. А вируст гепатит оноштой өвчтөний дотор HBsAg тээгчид цөөнгүй байгаа мөн В вируст гепатит оношийн дор А вируст гепатит багагүй тохиолдож байгаа нь ялгах оношлогоог сайжруулахын чухлыг харуулж байна.

Цаашид В вируст гепатит ахуйн замаар халдах онцлогийг орчин үеийн өндөр мэдрэг аргаар нарийвчлан судлах нь уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замыг улам тодорхой заан өгч болох юм.
ДҮГНЭЛТ. Вируст гепатит өвчний голомтод түр ба удаан хугацаагаар HBsAg агуулагчид цөөнгүй тохиолдож байна.

— HBsAg агуулагч эмэгтэйчүүд нь гэр бүлийнхээ гишүүдэд В вируст гепатитын халдвар та­раагч гол эх уурхай болж байна.

—  В вируст гепатит нь парентерал замаас гадна ахуйн замаар цөөнгүй  дамжин  тархаж байна.

—  В вируст гепатит гэр ахуйн нөхцөлд хувийн зүү шприцээр дамжин парентерал замаар халдаж байна,

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 434
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК