Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 3(63)
Дендронизид эмиин клиник туршилт
( Судалгааны өгүүлэл )

М. Дарьсүрэн, т. Варламова, Д. Дамдин,Ц.  Готов 

 

 

 

Ардын эмнэлгийн хүрээлэн, Улсын багшийн дээд сургууль

 

 

 
Абстракт

КЛИНИЧЕСКИЕ ИСПЫТАНИЯ ДЕНДРОНИЗИДА

М. Дарьсурэн, Т. С. Варламова, Д. Дамдин, Ц. Готов

В работе представлены данные клинического испытания препарата из рододендрона Адамса. Установлено, что Дендронизид оказывает стимулирующее влияние на умственную деятельность. Судя по результатам испытания тестов на физическую работоспособность препарат повышает устойчивость организма спортсменов к предельным фмзическим нагрузкам, стимулирует их работоспособность и выносливость. Выявлена эффективность Дендронизида при неврозах, неврастении, дистонии, астенических состояниях различного генеза, повышенной сонливости, функциональном ослаблении сердечной деятельности, гипотонии и т.д. Дендронизид обладает действием сходным с препаратами группы женьшеня и может стать важным фактором, повышающим эффективность комплексного лечения, а также средством профилактики ряда заболеваний.

Гадаад орчны төрөл бүрийн тааламжгүй үйлчлэлд бие махбодын тэсвэрлэх чанарыг дээшлүүлэх явдал чухал юм. Шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжлийн энэ зуунд хүний бие махбодод улам бүр өндөр шаардлага тавигдаж байна. Ийм учраас бие махбодыг чийрэгжүүлэх, сэргээх болон дасан зохицлын үйлчилгээтэй биологийн идэвхт шинэ бодисыг эрж хайх нь чухал юм. Бид дээр үеэс түвд ба монголын анагаах ухаанд биеийг чийрэгжүүлэх, ядаргааг гаргах эм болгон хэрэглэж байсан Адамсын тэрэлж (цагаан даль)-ийг судалсан юм. Дорно дахины эмч нарын төсөөллөөр бол адамсын тэрэлж нь хүний бие махбодын хүч тэнхээг дээшлүүлэн ажиллах чадвар, тэсвэр хатуужлыг сайжруулах үйлчилгээтэй ажээ. Ийм учраас түүнийг удаан ужиг явцтай өвчин, биеийн тэнхээ тамир доройтох, ажиллах чадвар, биеийн эсэргүүцэл суларсан үед хэрэглэхийг заасан байдаг. Ардын эмнэлгийн хүрээлэнгээс энэ ургамлын химийн судалгааг хийж цэцэг навчинд тритерпены төрлийн гликозид (0,1 %) ба бусад биологийн идэвхт бодис байгааг илрүүллээ. Уг ургамлаас тритерпены гликозид агуулсан нийлбэр бодис цэвэршүүлэн гарган авч «Дендронизид» гэсэн нэртэй бэлдмэлийн биологийи идэвхийг тогтоов.

Эм судлаач Т.Варламова адамсын тэрэлж ургамлын эм зүйн шинж чанар, ялангуяа түүний хамгаалах, дасал зохицлын үйлчилгээг судлан тогтоожээ. Үүний дүнд уг ургамал хор багатай, удаан хугацаагаар хэрэглэхэд гаж нөлөө үзүүлдэггүйн зэрэгцээ, төв мэдрэлийн системд нөлөөлж нойрсохын эсрэг үйлчлэхээс гадна булчингийн хүчдэлийг сайжруулах, сэргээх нөлөөтэйг тогтоосон юм. Амьтан дээр туршсан судалгааны дүн нь адамсын тэрэлжийн бэлдмэлийг клиникийн нөхцөлд сорих боломжийг бий болгосон билээ. Юуны өмнө бид уг бэлдмэлийн сэргээх үйлчилгээг илрүүлэхийн тулд Улсын багшийн дээд сургуулийн I курсын оюутнуудын оюуны хөдөлмөрт үзүүлэх нөлөөг судаллаа. Сорилтын гол зорилт нь Анфимовын зохиосон үсгийн хүснэгтэнд өгөгдсөн ажлыг тодорхой нөх­цөлд гүйцэтгэхэд оршино. Энэ нь уг ажлын тоо чанарын үзүүлэлтийг гаргах боломжийг өгдөг.

Бидний явуулсан судалгаагаар бэлдмэлийг нэг удаад 15 дуслаар хэрэглэхэд үр дүн хамгийн тодорхой илэрсэн бөгөөд энэ үед ажлын хурд 52,4%, үйлдлийн нарийн зөв гүйцэтгэх чадвар 47,4% нэмэгдэж байлаа. Бэлдмэлийн сэргээх үйлчилгээний үргэлжлэх хугацааг тодорхойлохын тулд 1,5-аас 6 цагийн турш ажиглалт хийв. Хяналтын группын ажлын үе дэх хурд ба алдааны хувь үзүүлэлтээс онц ялгагдахгүй ба 6—8 дахь цагаас ажиллах эрч аажим буурч байлаа.

Харин бэлдмэл хэрэглэсэн группын ажлын хурд ихсэх ба алдааны хувь багасах үзүүлэлтүүд 6 цагийн турш хадгалагдаж байсан юм. Үүнээс үзэхэд бэлдмэл оюуны хөдөлмөрийн чадварыг дээшлүүлэх, анхаарлыг төвлөрүүлэн оюуны үйл ажиллагааг эрчимжүүлэх нөлөөтэй болох нь тодорхойлогдож байна.

Үүний зэрэгцээ биеийн ажлын үед адамсын тэрэлжийн бэлдмэлийн сэргээх үйлчилгээг тодорхойлов. Судалгааг Биеийн тамир спортын хорооны сургалтын лабораторид хийв. Биеийн хүчний ихээхэн ачааллын үед тамирчдын булчингийн идэвхт ажиллагаанд үзүүлэх нөлөөг тодорхойлохын тулд идэвхт үйл хөдлөлийг эрчимт ачааллаар сорьдог PWc170-ыг сонгон электровелоэргометрийн багажийг ашиглав. Энэ сорилын агуулга нь минутын хугацаанд тодорхой хэмжээний зай (метр)-д ногдох дундаж ачааллын (кг) эсэргүүцлийг даван туулснаар гүйцэтгэх ажил, тэр үеийн зүрх судасны үйл ажиллагааны өөрчлөлтөөр ажиллах чадварыг тодорхойлоход оршино. Бэлдмэлийг 21 хоногийн хугацаагаар хоногт 60 дуслаар хэрэглэсний дараа тамирчдад тодорхой хэмжээний ачаалал олгон туйлдаж ядарсан үед максимум эрчимтэй хурд, ачаалал өгч гүйцэтгүүлэхэд эмийн эрчимжүүлэх нөлөө нь 33% хүртэл хамгийн тод илэрч байв. Дендронизид ядарч цуцсан булчингийн сэргэх процесс явагдах хугацааг богиносгож зүрх судасны системийн динамик өөрчлөлт хэвийн байдалд түргэн ороход эерэгээр нөлөөлж байлаа. Гэтэл хяналтын группын тамирчдын биеийн хүчний чадварт ахиц гараагүй, ядаргааны шинж хэвээр үлдэж байв.

Тэрэлжийн бэлдмэлийг хэрэглэсэн тамирчдын ачааллын үед зүрх судасны үйл ажиллагааны дасах ба сэргээх чанарын урвалжууд, хяналтынхаас илүү түргэн явагдаж байгаа нь ажиглагдсан юм. Иймд бэлдмэлпйг биеийн хүчний хүнд ажил хийдэг хүмүүст булчингийн системийн хэт ядаргаанаас сэргийлэх болон спортын төрлөөр өндөр ачаалалтай дасгал сургууль хийх үед хэрэглэж болох нь нотлогдлоо. Судалгааны дээрх үр дүн нь дендронизидын бэлдмэлийг эмчилгээний практикт туршин судлах чигийг зааж өгсөн юм. Бид энэхүү үр нөлөөг неврастени, гипотони, дистони, астенийн шинж бүхий 119 өвчтөнд сэтгэл мэдрэлийн улсын диспансер, стационарын нөхцөлд судаллаа. Кликик туршилтын дүнгээс үзвэл эмчилгээний сайн үр дүн өгч байгаа нь ажиглагдав. Эмийг хэрэглэсний даруйд алжаал ядаргаа багасч, ажиллах чадвар дээшилж байна. Цусны даралт багасах өвчний үед бэлдмэлийг хэрэглэхэд 7—10 дахь хоногоос артерийн даралт хэвийн байдалд орж байгаа нь ажиглагдав. Харин өвчин даамжирч органик өөрчлөлтөд орсон буюу мэдрэлийн сэрэмтгий чанар давамгайлсан тохиолдолд бэлдмэлийг хэрэглэх хэрэггүй юм. Эмийг турших хугацаанд ямар нэг гаж нөлөө илрээгүй ба нэг удаад 12—15 дуслаар өдөрт 3 удаа хэрэглэж эмчилгээний дундаж курсыг 30—45 хоногоор тогтоосон нь үр дүнтэй байна. Энэхүү бэлдмэлийн фармакологи, клиникийн илрэл нь түүнд aгуулагдаж  байгаa тритерпеноид зэрэг тодорхой үйлчлэгч бодисын зэрэгцээ бичил язгуур чухал үүрэг гүйцэтгэнэ. Бэлдмэлийн үйлчилгээ нь түүнд байгаа ганц нэг бодис биш, харин хэсэг буюу нийлбэр идэвх бүхий бодис агуулагдаж байгаагаас хамаарч болох юм. Дендронизидын бэлдмэлийг үйлдвэр практикт шилжүүлснээр оюуны болон биеийн хөдөлмөрийн ядаргаа, гадны тааламжгүй нөхцөлд бие махбодыг түргэн хугацаанд дасгах, сэтгэл санааны хямралаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Дүгнэлт

1. Адамсын тэрэлжийн бэлдмэлийн эм судлал, эмнэл зүйн туршилтын дүнгээс үзэхэд уг бэлдмэл хүн орхоодойн төрлийн эмүүдтэй төстэй үр нөлөөтэй болох нь илэрсэн бөгөөд эмийг зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор хэрэглэж болох нь тогтоогдлоо.

Редакцид ирсэн: 1985. 10. 30

 

Ном зүй

1. И. И. Брехман—“Женьшень” Л. Медгиз. 1957
2. И. И. Брехман—«Элеутерококк» Л. Наука. 1968
3. Н. С. Саратиков—„Золотой корень”. Томск. 1974.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 668
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК