Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 4(85)
Сум эмнэлгийн амбулаторийн нэгж үйлчилгээний өртөг
( Судалгааны өгүүлэл )

И.Ядамсүрэн, Н.Оюунчимэг 

Анагаах ухааны хүрээлэн

 

Зах зээлийн нөхцөлд эрүүл мэндийн салбарын төсөв төлөвлөгөөг улам боловсронгуй болгох, хөдөлмөрчдийн эдийн засгийн боловсрол-сэтгэлгээг хөгжүүлэн, тооцоо судалгаа нэвтрүүлэхэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний өртгийг судалгааны үндсэн дээр тогтоох нь чухал болоод байна. Үүний тулд бид хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн 5 шатлалын 2 дугаарт багтдаг сумын эмнэлгийн амбултори стационарын зардлыг тусгаад нь салган хуваарилж, төсөв төлөвлөгөө зохиох, санхүүгийн үйл ажиллагааны тайлан дүн бүртгэлийн үзүүлэлтийг задлан шинжлэх, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн чанар, үр ашгийг санхүүгийн талаас нь урьдчилан харах, эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд аажмаар шилжих, эмнэлгийн төлбөртэй тусламжийн зарим нэг хэлбэрийг нэвтрүүлэхэд шаардагдах өртөг зардлыг үндэслэлтэй тооцохыг амьдрал шаардаж байна. Энэ нь ардчилал, шинчлэлийн үед манайд эмнэлгийн тусламжийг үнэ төлбөргүй үзүүлэх зарчмаас зарим талаар татгалзаж, шинэ үндсэн хууль батлагдаж гарсантай холбогдож шинээр дэвшигдэн тавигдаж байгаа нэн чухал асуудал юм.

Гадаад орнуудад эрүүл мэндийн онол, практикийн аль ч түвшинд хамгийн бага судлагдсан энэ асуудал эмнэлгийн тусламжийг үнэ төлбөргүй үзүүлдэг орнуудад ч гэсэн эрүүл мэндийн өртгийг бодитойгоор үнэлэх, эмнэлгийн тусламжийн зарлагыг нарийвчлан тооцож, эмнэлгийн эдийн засгийн аргаар удирдах талаар сүүлийн цөөхөн жилүүдэд эрчимтэй ажиллаж эхэлсэн байна. Тухайлбал: Е.Р.Мах \1983\, В.Абель-Смит \1983-1989\, В.П.Корчагин, Б.И.Бояринцев \1988, 1990\, О.П.Щепин \1988\ нар болно.

Нэгдсэн эмнэлгийн зарлагыг төсвийн зүйл ангиар амбултори, стационарт хуваарилан судлах аргачлалыг В.И.Лисыцин анх \1961\ онд боловсруулжээ.

Манай оронд эрүүл мэндийн онол арга зүй, зохион байгуулалт эдийн засаг санхүүгийн тодорхой асуудлаар Н.Чагнаа \1969\, Л.Буджав \1971\, Ц.Мухар \1977, 1992\ П.Батхүү \1978\, Г.Зуунай \1981\, Б.Дэмбэрэл \1971, 1989\, Мо.Шагдарсүрэн \1988\, И.Ядамсүрэн \1989\ нар эрдэм шинжилгээний ажил хийжээ.

Эмнэлгийн нэгж тусламж, үйлчилгээний өртгийг тооцох нь онол практикийн чухал ач холбогдолтой асуудал юм. Үүнд :

1.   Эрүүл мэндийн салбарт хувиарлагдсан хөрөнгийг үр ашигтай зарцуулахад дөхөм болохоос гадна зах зээлийн нөхцөлд эмнэлгийн төсөв, төлөвлөгөө зохиох үндэслэлийг сайжруулах төлбөртэй ба төлбөргүй эмчилгээ, үйлчилгээний нэгдсэн жагсаалт тогтооход баримтлах гол зүйл болно.

2.   Амбултори, стационарийн зардлыг кабинет, тасгаар хувиарлах аргачлалыг өөрийн орны нөхцөлд анх удаа боловсруулж, эрүүл мэндийн үр ашгийн үзүүлэлтийг төгрөгөөр илэрхийлэн, төсвийн зарлагыг зүйл ангилалаар нь ялган хувийн жинг тогтоосонд бидний судалгааны ажлын ач холбогдол оршино. 

Судалгааны ажлын зорилго:

1.   Сумын эмнэлгийн төсвийн зарлагыг ажил үйлчилгээний 2 үндсэн хэлбэр явуулын ба суурин эмчилгээ (амбулатори, стационар)- гээр салган хуваарилах зөвлөмж боловсруулах.

2.   Амбулаторын нэгж үзлэг, стационарын нэг ор хоног, нэг өвчтөний эмчилгээний өртөг зардлыг кабинет, тасаг, өвчний нозологоор тодорхойлж төсвийг нь үйлчлэх хүрээний хүн амын тоог харгалзан төлөвлөх боломж бүрдүүлэхэд оршиж байлаа.

Уг ажилыг ОХУ-ын эрүүлийг хамгаалах эдийн засагт туршиж байгаа судалгааны зөвлөмж аргачлалд тулгуурлан өөрийн орны өвөрмөц нөхцөлд тохируулан баяжуулсны үндсэн дээр өөрсдөө боловсруулсан юм. Ингээд уг аргачлалын дараа материал цуглуулан түүнийг түүвэр судалгааны аргаар хийж гүйцэтгэнэ. Түүгээр судалгаа хийхдээ судалгааны тусгай карт боловсруулж 1989-1991 оны эмнэлэгийн санхүү, статистикийн үйл ажиллагааны тайлан зэрэг материалыг ашиглаж цахим тоолуурт машинд боловсруулсан болно. Нэгдсэн эмнэлгийн амбулатор стационарын зардлыг салгаж хуваарилах аргачлал \И.Ядамсүрэн 1989\ урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг тооцож хуваарилах үлгэрчилсэн журам батлах тухай эрүүл мэндийн сайдын 1991 оны А\27 дугаар тушаалын ιι хавсралтыг баримтлан судалгааны бааз сумын эмнэлгийн төсөвийг хуваарилах судлах ажил хийв.

Говь-Алтай аймгийн Тонхил сумын эмнэлгийн 1991 оны бүх зардлын 39.2% нь амбулаторид, 60.8% нь стационарт зарцуулагдсан байна. Зөвхөн амбулаторын зарлагыг 100% гэж авж үзвэл цалин, цалингийн шимтгэл 70.8%, бичиг хэрэг аж ахуйн зардал 20.6% албан томилолт, нормын хувцас, зөөлөн эдлэл 1.2%, үндсэн хөрөнгийн урсгал засвар 1.5%, эм, боох материалын зардал 5.9% тус тус эзэлж байна. Эмчийн мэргэжлийн кабинетаар авч үзэхэд дотор 88,0 мян.төг \33.7%\, хүүхэд 93,8 мян.төг \35.8%\, эмэгтэйчүүд 53,3 мян.төг \20.4%\, зүү эмчилгээ 26.3 мян.төг \10.1%\ зарцуулсан байна. Амбулаторын үзлэгийн кабинетийн зарлагыг эмчийн үзлэгийн тоонд харьцуулж тухайн мэргэжлийн нэгж үзлэгийн өртөгийг тодорхойлход дотрын кабинетийн нэгж үзлэг 38 төг.98 мөн, хүүхэд 33 төг 42 мөн, эмэгтэйчүүд 36 төг 0.4 мөн, зүү эмчилгээ 53 төг 67 мөн буюу амбулаторын нэгж үзлэг 39 төг 0.7 мөн болж байна. Тонхил сумын эмнэлэг нь бригадын бага эмчийн 5 салбартай ажилладаг бөгөөд тэдгээрийн зарлагыг хасаж тооцвол сумын амбулаторын нэгж үзлэгийн зарлага 37 төг 75 мөн, дотрын кабинет 33 төг 88 мөн, хүүхэд 32 төг 27 мөн, эмэгтэйчүүд 35 төг 0.4 мөн, зүү эмчилгээ 53 төг 67 мөн болж байна. Нутаг дэвсгэрийн оршин суугчдын эрүүл мэндийн бүлгээс хамааруулан амбулаторын нэгж тусламжийн зардлыг тодорхойлход Тонхил сумын нийт хүн амын 80.7% нь эрүүл мэндийн нэг ба хоёрдугаар бүлэгт хамрагдаж байгаа бөгөөд цоо эрүүл хүний нэгж үйлчилгээний зардал 42 төг 86 мөн, ιι бүлэг буюу өвчний өмнөх ба дараах байдалд байгаа үед 85 төг 72 мөн, ιιι бүлэг 128 төг 53 мөн, ιv бүлэг 171 төг 44 мөн, v бүлэг буюу архаг өвчтэй хүний нэгж үйлчилгээний зардал 214 төг 30 мөн байлаа. Нэг иргэнд ногдох амбулаторын зардал 80 төг 14 мөн буюу төсвийн жинхэнэ зарлагын 64.6%-ийг \109.0 мян.төг\ эрүүл мэндийн нэг ба хоёрдугаар бүлгийн хүмүүсийн урьдчилан сэргийлэх үзлэг болон амбулоторын тусламж, үйлчилгээнд 35.4% \92.4 мян.төг\-ыг ιιι-v бүлгийн архаг өвчтэй хүмүүсийг илрүүлж эмчлэхэд зарцуулсан байна.

Дүгнэлт:

  1. Бидний судалгаа нь сумын эмнэлгийн амбулаторын кабинетын нэгж үзлэг, стационарын нэг ор, нэг өвчтөн, нэг ор хоногийн өртөгийг харилцан адилгүй хүчин чадалтай эмнэлгүүдэд зөв тодорхойлох үндэслэл болж, өртөг зардлын үзүүлэлтийг манай орны сумын эмнэлгийн түвшинд төгрөг мөнгөөр гаргасанд оршино.
  2. Амбулаторын кабинетын нэгж үзлэгийн өртөгийг тодорхойлох үндэслэлийг боловсруулсан явдал эрүүл мэндийн эдийн засгийн үр ашигийг тооцох, эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шилжихэд нэн тэргүүнд шаардагдах онол практикийн ач холбогдолтой ажил юм.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 742
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК