Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1993, 4(85)
Судас хатуурах өвчний үед гол судас цүлхийж язрахын эмнэл зүй, эмгэг судлалын асуудалд
( Лекц )

Б.Нацагдорж, М.Ирина, Б.Туул, Х.Туяа

 

Гол судас цүлхийх язрах нь олон янзын үүсэлтэй байх бөгөөд тэдгээрийн дунд судас хатуурах өвчин хамгийн гол шалтгаан болдог. Ер нь судас хатуурах өвчнөөр нас барах гол хүндрэлийн дотор зүрх судасны дутагдал, тархины цус хангамжийн хямрал, гол судас цүлхийж язрах, зарим том судас нарийсч битүүрснээс чухал эрхтэн үхжих зэрэг үндсэн хүндрэлүүд голчлон тохиолддог. Бид энэ удаад гол судасны цүлхийлт, язралтын эмнэл зүй, эмгэг судлалын зарим асуудлыг өөрсдийн  ажиглалтын тохиолдлуудад тулгуурлан мэдээлэх зорилго тавьж 1968-1992 оны хооронд Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн клиникийн эмнэлгүүдэд шинжлэгдсэн эмгэг анатомийн тохиолдлуудыг нэгтгэн дүгнэв. Энэ хугацаанд зүрх судасны нийт 3153 эмгэг анатомийн тохиолдол байсны дотор судас хатуурах өвчин үндсэн өвчнөөр 400 оношлогдов. Эдгээрийн 33 /8,25%/-нь гол судасны цүлхийлт үүссэн байсны 29 /87,9%/-д цүлхийлт язарч хүндэрснээс, 3 нь зүрх судасны архаг дутагдлаар нас баржээ. Нийт цүлхийлттэй тохиолдлын  57,6% нь эрэгтэй, 42,4% нь эмэгтэй. Насны бүлгээр 50-59 насанд 21,2%, 60-69 насанд 45,4%, 70-79 насанд 27,3%, 80-89 насанд 6,1% байв. 73,0% нь зовиур гэнэт эхлэж эмнэлэгт ирж зүрх юмуу уушги дарагдан шахагдаж, зүрх судас, амьсгалын хурц дутагдал болох хурц өвдөлтийн улмаас судасны дутагдалд орох, мөн хурц цус алдалтын улмаас хоног бололгүй нас баржээ. Эмгэг судлалын шинжилгээгээр цүлхийлт байрлалаараа гол судасны өгсөх хэсэгт 18,2% нуман хэсэгт 18,2% цээжний хэсэгт12,1%, хэвлийн хэсэгт 51,5%, түгэлтээрээ голомтлог 39,4%, нэг хэсгийн уртааш хамаарсан 45,4%, хоёр хэсгийн уртааш хамаарсан 12,1% байв. Язралттай 29 тохиолдолд язралтын чиглэлээр үнхэлцэг рүү 17,2%, улаан хоолой руу 3,4%, цээжний хөндий рүү 13,8%, хэвлийн хөндий рүү 44,8% хэнхдэг ар голч руу 6,9% тус тус цоорч цуж алджээ. Гол судасны нэг буюу хэд хэдэн хэсгийг хамаарсан үед хана нь хуурч цүлхийж харин голомтот ба зарим хэсгийн байрлалтай нь уут маягаар цүлхийж орчныхоо эд рүү ханалж язарсан байна. Эмнэлзүйн хувьд өвчний явц илрэх шинж тэмдэг нь янз бүр ба гол нь тэдгээрийн байрлал, язралтын хэмжээ, орчныхоо эдэд нөлөөлсөн байдал зэргээс болж эрс өөр өөр байна. Хэдийгээр гол судас цүлхийх нь удаан хугацаанд архаг явцтай үүсэх боловч түүний хүндрэл болох язрах нь огоцом үүсч хэдхэн цагаас хоног гаруйн дотор даамжирч хүндэрнэ. Эмнэлзүйн иж бүрдэл болох зовиур, бодит үзлэгийн илрэл, холбогдох бусад шинжилгээний  үзүүлэлтүүд нь цүлхийлтийн төрөл, талбай, байрлалаас болж янз бүр байна. Эдгээр шинжийг бид дараах 3 бүлэгдэлд хуваана. Үүнд: 1. Өвөрмөц биш ерөнхий шинж   2. Өвөрмөц ерөнхий шинж   3. Өвөрмөц тусгай шинж гэж ангилна.

Ерөнхий өвөрмөц бус шинж тэмдэг

Өвтөний өгүүллээс тухайн зовнил эхлэхээс өмнө харьцангуй эрүүл байсан, зовиур мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа, бодит үзлэгээр цусны даралт эхлээд хэвийн буюу бага зэрэг хэлбэлзэлтэй, судасны лугшилт үл ялиг олширсон, хааяа бага зэрэг халуурна.

Ерөнхий өвөрмөц шинж тэмдэг

Энд бодит илрэлүүд давамгайлна. Тухайлбал биеийн байдал давшимтгай муудаж шокийн хам шинжүүд улам илэрхий болно. Цус багадалтын шинж илэрхий нэмэгдэнэ. Цусны даралт багассаар эрс буурна. Судасны лугшилт түргэсч баригдахгүй бүдэг болох, судасны дутагдал тод илэрнэ.

Өвөрмөц тусгай шинж

Цүлхийлт, язралтын байрлал төрөлтэй нь уялдан гарах хам шинжүүд: өвдөлт хурц хүчтэй эхэлж цааш нэмэгдэнэ. Тухайлбал:

Цүлхийлт нуман хэсэгт бол өвчүүний араар хүчтэй өвдөлт өгч, цусны даралт унаж инфаркт миокард, кардигени шоктой андуурдаг.

Цээжний хэсэгт байрласан бол аль нэг цоорсов талын цээжээр хүчтэй өвдөж, уушги дарагдаж гялтан хальсны хурц үрэвслийн шинж, цагаан мөгөөрсөн хоолой руу цоорсон үед шууд цус алдаж, уушгины сүрьеэ, хавдартай андуурах талтай. Хэвлийн хэсгийн үед аюулхай орчмоор буюу цавь аарцаг руу өвдөлт дамждаг. Ходоод болон хоол боловсруулах систем рүү шууд цоорсон үед хурц цус алдалтын шинж тэмдгүүд илрэхээс гадна мэс заслын хурц үрэвслүүдтэй андуурдагийг анхаарах хэрэгтэй.

Ховор тохиолдолд үнхэлцэг рүү язарсан үед үнхэлцэг чихэлдэх. Зүрх дарагдах, гол ч руу язарсан үед улаан болон цагаан мөгөөрсөн хоолойн цочирол давамгайлах зэрэг болно. Тэмтрэх ба чагнахад тухайн газар лугшилт ихтэй, эсвэл мэдэгдэхүйц зүйл овойсон байдаг. Зүрхний хэт авиан болон цахилгаад бичлэг, гэрэл компьютерийн шинжилгээ нь байрлалыг тогтооход нэмэлт арга болно.

ДҮГНЭЛТ:

Гол судас цүлхийж язрах нь судас хатуурах өвчний үед голчлон үүсэх ба эмнэл зүйн илрэл нь хурц байх болно. Эмнэл зүйн илрэл нь байрлал, эмгэг зүйн төрөл, явц зэргээс болж өөр өөр байх тул өвөрмөц бус ерөнхий, өвөрмөц ерөнхий, өвөрмөц тусгай гэсэн гурван бүлэг болгон тэдгээрийн зэрэгцээгээр бусад лабораторийн үзүүлэлтийг харьцуулан оношлоно. Эрт ялган оношлох нь эмчилгээний яаралтай аргыг зөв тогтооход чухал болно.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1086
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК