Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 1(90)
Хүүхдийн гадна, дунд чихний төрөлхийн гажиг хөгжилтийн онош, эмчилгээний асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Л.Шагдар, Б.Эрдэнэчулуун

AУИС

 

Сонсголын төрөлхийн гажиг хөгжилтийн тархалт шалтгаан, онош эмчилгээний асуудал олон оронд эрдэмтдийн анхаарлыг багагүй татаж байна.

Уг гажиг янз бүрийн оронд 1000 хүнд 3,1-20 тохиолдож байна, /М.Я.Козлов. 1986, И.Л.Кручнина 1986/

Сонсголын гажгуудын дотроос гадна ба дунд чихний төрөлхийн эмгэг 1000 хүүхдэд 2-4 илэрч, дуу дамжуулах аппаратын гаралтай дүлийн шалтгааныг үүсгэж, хүүхдийн хэл сэтгэхүйн хөгжилд муугаар нөлөөлдөг ажээ. /Радзиминский А.1961. Kimitaka Када, Susuki.J 1991/.

Эрдэмтдийн судалгаагаар мэдрэлийн гаралтай дүлий хүүхдийн 19,6% /Гукович В.А. 1986/ нь удамшлын гаралтай 27,7% /Л.А.Бухмана 1976/ нь төрөлхийн гажиг хөгжлийн шалтгаантай байжээ.

Чихний төрөлхийн гажиг хөгжилтийн үед дуу дамжуулах аппаратанд гарсан өөрчлөлтийг эрт оношлож, түүнийг мэс заслын аргаар нөхөн сэргээх асуудлыг олон оронд амжилттай шийдвэрлэж байна.

Манай оронд хүүхдийн чихний төрөлхийн гажиг хөгжилтийн үед гадна ба дунд чихэнд үүссэн дүлийн шалтгааныг хэл сэтгэхүй хөгжихөөс өмнө оношлож, бага насанд нь сонсгол сайжруулах мэс засал хийж, сонсголыг нөхөн сэргээж, хүүхдийн сэтгэхүйн хэвийн хөгжлийг хангах явдал чих судлалын хүрээнд хийх нэгэн зорилт болж байна.

Манай улсад Б.Надмид /1993/-ын судалгаагаар 1000 хүүхдэд чихний төрөлхийн гажиг 4 илэрсэн байна. 1993онд УЭХЭШТ-ийн төрөх эмэгтэйчүүдийн клиникт шинэ төрсөн 1000 нярайд гадна, дунд чихний хүнд хэлбэрийн гажиг хөгжилт 6 хүүхдэд оношлогджээ.

 Бид 1991-93 онд чихний янз бүрийн гажиг хөгжилтэй, 0-16 насны 36 хүүхдэд дуу дамжуулах аппаратын гаралтай дүлийг оношлох, эмчлэх судалгааны ажил эхлэв.

Судалгаанд хамаарагдсан хүүхдийн чихний төрөлхийн гажгийг С.И.Лапченко /1972/-ын ангиллаар ангилахад 15 /41,5%/ хүүхдэд гажиг хөгжил /дисгенези/ 16 /45,0%/-д чихний дутуу хөгжил /гипогенези/ 5 /13,5%/-д холимог хүнд хэлбэрийн эмгэг тус тус илэрч байлаа.

0-1 насны хүүхэд 6 /18,9%/, 1-3,2 /8,1%/, 4-7,4/10,8%/, 8-11 ,9/ 24,3%/, 12-16, 15 / 40,5%/, эрэгтэй  16 /43,2%/, эмэгтэй 22 / 56,8%/ байлаа.

Бид судалгааны ажлаа үндсэн дөрвөн хэсэгт хувааж явуулав.

  1. Төрөлхийн гажиг хөгжилтийн шалтгааныг угийн бичигтэй холбож тайлбарлав. 23 хүүхдэд 3-4 үеийн угийн бичиг зохиож үзэхэд 7 /31,5%/ хүүхдийн удамд чихний ямар нэгэн гажиг өөрчлөлт байсан нь тогтоогдсон байна. 8 хүүхдэд хромосомын шинжилгээ хийлгэж үзэхэд чихний гажиг хөгжилд хромосомын өөрчлөлт илрээгүй. Жирэмсний хордлого, хүчтэй хортой эм, архи тамхи, үйлдвэрийн нөхцөл зэрэг эрхтэн системийн хөгжилд гаж нөлөө үзүүлж болох шалтгаанууд бүх хүүхдийн 51,9 хувьд бүртгэгдсэн байна. Ялангуяа шуугиантай үйлдвэрийн ажилчид сонсгол хамгаалах хэрэгсэлгүй байгаа нь ирээдүйд чихний төрөлхийн гажгийг ихэсгэх нөхцөлийг бүрдүүлэх боломжтой байгаа нь ажиглагдлаа.
  2. Чихний гадна бүтцэнд нарийвчилсан хэмжилт /аурикулометр/ хийж, уг хэмжилтийг дэлбэн, гэдэс, суваг гэсэн гурван цэг дээр явуулж, хоорондын харьцааг гаргаж дутуу болон гажиг хөгжилтийн зэрэглэлийг тогтоов. Гадна чихний өөрчлөлтийг хэмжсэний дараа дунд чихний дуу дамжуулах аппаратыг компьютерт томографийн зүслэгээр харуулж, аппаратын байрлал, хэмжээ, нягт, дунд чихний агааржилтын түвшинг тооцож гаргав.
  3. Чихний төрөлхийн гажигтай хүүхдийн сонсголыг яриа, хөглүүр, үгийн болон аялгууны aудиометрээр шинжилж дуу дамжуулах, хүлээн авах аппаратын ажиллагааг тус тусад нь гаргав. Бидний судалгаанд хамрагдсан хүүхдийн сонсгол нь ясан дамжуулалтаар 1,0+4,30 дБ; агаараар 64,6+9.13 дБ буурсан байгаа нь уг эмгэгийн үед сонсгол нөхөн сэргээх мэс засал хийх нь ашигтай болохыг харуулж байна.
  4. Угийн бичиг, чихний хэмжилт, компьютерт томографийн шинжилгээ, сонсголын сорилтууд, сонсголын гуурсны ажиллагааг шинжилсний дараа гажиг өөрчлөлтийг мэс заслын аргаар эмчлэх зорилт тавьж байна.

Бид 1991-93 онд 28 хүүхдэд тө­pөлхийн янз бүрийн гажиг эмчлэн мэс заслын эмчилгээ хийжээ. Бүх хүүхдийн 11 /40,7%/-д нь дэлбэнгийн байрлал, хэлбэр засаж өөлөх гоо сайхны мэс засал, 17 / 59,3%/-д дуу дамжуулах аппаратыг сэргээн, сонсгол сайжруулах бичил мэс засал хийсэн байна. Дуу дамжуулах аппаратыг мэс заслын аргаар сэргээн засварласны дараа сонсгол 25-30 дБ хүртэл сайжирсан байлаа.

Ялангуяа хүүхдэд аль болох эрт суваг үүсгэх мэс засал хийх нь ашигтай байна гэдгийг судалгаа харуулж байна.

ДҮГНЭЛТ

Манай орны нөхцөлд хүүхдийн гадна ба дунд чихний төрөлхийн гажиг хөгжилтийн үөд дуу дамжуулах аппаратын байрлалыг компьютерт томографаар шинжилж, дүлийн шалтгааныг сонсгол сайжруулах бичил мэс заслаар эмчлэх бүрдмэл аргыг өргөн хэрэглэх нь ашигтай байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1605
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК