Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 1(90)
Хүн, малын бруцеллез өвчнийг прогнозчлох асуудал
( Судалгааны өгүүлэл )

Л.Энхбаатар, Н.Дондог,  П.Цолмон

 

Улсын хэмжээнд сүүлийн үед явуулсан судалгаагаар хүний бруцеллезын халдварлалт ихсэх хандлагатай байна. Үүнд:

1980 онд Архангайд 16,1%, Сэлэнгэд 15,1%, Булганд 17,0% байсан бол 1987 оны байдлаар Архангайд 20,7%, Сэлэнгэд 31,3%, Булганд 23,4% болж өсчээ. Хонины бруцеллезын халдварлалт Дорнот аймагт 1980 онд 2,4%, ямааных 0,3% байсан бол 1988 онд хониных 3,4%, ямааных 1,7% хүртэл нэмэгдсэн байна.

1988 онд 6 аймагт хийсэн түүвэр шинжилгээгээр малчдын 13,5% мал аж ахуйн мэргэжилтний 31,6% бодын 2,8%, богийн 0,2% нь бруцеллезын халдварлалттай гарсан байна (Н.Дондог, Д.Идэш, Ш.Уламбаяр 1990 он).

И ймд өвчлөлийн байдлыг харгалзан ХААЯ, ЭМЯ хамтран хүн, малын бруцеллезтай тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулан ажиллаж эхлээд байна.

Хүн, малын бруцеллезын өвчлөлийг бууруулах зорилтын нэг хэсэг нь уг өвчинд нөлөөлөх байгалийн хүчин зүйл, түүний хэлбэлзлийг өвчлөлтэй холбон прогнозлох асуудал юм. Судалгаанд нарны идэвхжилийн мөчлөгт явц хүн, малын бруцеллез өвчний 1966-1990 оны хоорондох 10000 хүн ам дахь өвчлөлөөр, малын өвчлөлийг уг он дахь улсын хэмжээгээр шинжилсэн малын халдваржилтаар авлаа.

Улсын хэмжээгээр малын бруцеллез өвчний 2 удаагийн, хүний өвчлөлийн 4 удаагийн дэгдэлт ажиглагдаж байна. /График N1/. Үүнийг хүний өвчлөл дээр авч үзвэл оргил үеүд 1966, 1982, 1989 малын өвчлөл 1966, 1989 онуудад, бууралтын доод түвшин хүний өвчлөл 1970, 1978, 1984 онуудад малын өвчлөл 1980 онд болжээ.

Тооцооны дүнгээс үзэхэд мөчлөгийн хамгийн урт нь 8 жил /1970-1978/ богино нь 6 жил /1978-1984/ дунджаар 7,3 жил оргил үеүдийн 10000 хүнд ноогдох өвчлөлийн тохиолдлын дээд үзүүлэлт 13, 16, доод үзүүлэлт нь 1,8 дунджаар 7,4 тохиолдол хамгийн нам түвшингүүдийн доод үзүүлэлт 1,8, дээд түвшин нь 4,2, дунджаар 3 улсын олон жилийн дундаж үзүүлэлт 6,1 тохиолдол болж байна.

Улсын хэмжээний малын бруцеллез өвчний халдварлалтын тахирмагаас халдваржилт аажим, 22-23 жилийн мөчлөгт явцтай нь харагдсан байна. Оргил үеүд нь 1966, 1989 онуудад / график N2/ мал тус бүрээр авч үзвэл үхрийн эпизоти 20-22 жилд, хониных 23 жилд, ямааных 24 жилд, тэмээнийх 16-21 жилд 1 идэвхжиж байгаа нь харагдаж байв. Малын бруцеллезын дэгдэлтийн оргил үеүд нарны идэвхжилийн нэмэх мөчлөгийн өгсөх үед тухайлбал: XX, XXII нэмэх мөчлөгт /1966, 1987, 1989 онуудад/ тогтвортой ажиглагдаж байна.

Нарны идэвхжлийн өгсөх ба уруудах үед хүний бруцеллез өвчний дэгдэлтийн оргил үеүд ерөнхийдөө давхцаж байна. XXI хасах мөчлөг /1976-1978 он/ өгсөх үед өвчлөл ихсээгүй байдал ажиглагдаж байгаа юм. Мөн идэвхжлийн нэмэх, хасах мөчлөгийн /XX нэмэх, XXI хасах/ уруудах /1972, 1982 онд/ үед дэгдэлт гарсан байна. / график N1/

Энэ дашрамд XXII мөчлөгийн уруудах үе эхэлсэн бөгөөд ойрын үед бруцеллез өвчний голомт идэвхтэй байх төлөвтэй байна. Бруцеллез судлагч дэд эрдэмтэн Ж.Дашдаваагийн 1949-1967 оны хоорондох халдвартын төв больницад хэвтэж эмчлүүлэгсдийн өдрийн дундаж ор хоногийн судалгааг нарны идэвхжилтэй холбож үзэхэд идэвхжлийн өгсөх, уруудах үед хэвтэж эмчлүүлэгсэд ихэссэн байдал ажиглагдсан юм.


Үүнд идэвжилийн 18 дугаар мөчлөгийн уруудах 1949 он, XIX мөчлөгийн өгсөх 1955 он, уруудах 1962 онд 6-7 жилийн зайтай ихэсчээ. /график N3/.

Хүний бруцеллезын дэгдэлт ба тархалт нь бог, бод малын эпизоотын 23 жилийн мөчлөгт явц, сууриас халдварлагдаж тэр нь дунджаар 5-7,3 жилд нэг ихэсдэг гэж үзэж байна. Хүний өвчлөлийн нь 10000 хүн ам дахь олон жилийн дундаж үзүүлэлтийг аймгуудад авч үзвэл Сүхбаатар /16,5/, Хөвсгөлд /16,4/, өндөр, Өмнөговь /1,8/, Увс /2,7/, Ховд / 3/, Баянхонгор /3,1/ тохиолдол    тус тус байна. Аймгуудын олон жилийн дундаж өвчлөлөөр нь 4 ангилж зургаар үзүүлэв. / зураг N1/.

Судлаачдын үзэж байгаагаар нарны идэвхжилтэй холбогдон хур тунадас, их, бага унахаас гадна зарим цочмог халдварт өвчин дэлгэрдэг болно.

Иймд нарны идэвхжлээс үүсгэвэрлэн гарах зүй тогтлыг судлан харгалзах нь амжилтанд хүрэх гол арга юм. /н.Жагварал, Р.Индра 1974 он/

Бруцеллез өвчнийг үүсгэгч нян нарны идэвхжлийн нэмэх мөчлөгийн өгсөх үед идэвхждэг шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Бруцеллезын малын эпизооти нь манай нөхцөлд 23 жилд, хүний дэгдэлт дунджаар 5­7,3 жилд нэг явагдаж байна. Энэ зүй тогтол тодорхой болсноор бруцеллезтай тэмцэх ажлыг оновчтой зөв шийдвэрлэж эдийн засгийн үр ашигтай ажиллах боломж бүрдэх юм.

Бруцеллезын улмаас мал аж ахуйд учруулсан эдийн засгийн хохирлыг зөвхөн үхэр дээр тооцвол 1987-­1990 онд улсын хэмжээнд бруцеллезын шалтгаанаар 180 мянган үхэр нядлагджээ. Хэрэв эднийг нядлуулахгүйгээр үр төлийг нь авсан бол 1990-1995 онд 180 мянган үхрийн дотор байсан 100 мянган үнээг 5 жил төллүүлж 100 эхээс 70 тугал бойжуулна. /1 00.0000:100= 1000x7 = 70000/, тэгвэл 70000 үхэр нэмэх байжээ.

Үхрийн хээл хаялтыг авч үзье, 1984-1986 оны хооронд улсын хэмжээгээр жил бүр дунджаар 47,100 үнээ хээл хаяж байжээ. Үүний 20% нь бруцеллезийн гаралтай байсныг аймаг, хотын лабораториудад хийсэн нян
судлалын  шинжилгээгээр тодорхойлжээ. Иймд ирэх 5 жилд бруцеллезын гаралтай үнээний хээл хаялтыг 50% бууруулна гэж үзвэл 1991-1995 онд жил бүр 4700 үнээг хээл хаяхаас сэргийлж, /4700 х 5=23500/ 23500 үнээнээс тугал авна. Энэ түгалын 3500 нь хорогдоно гэж үзвэл, 5 жилд 20000 үхэр байх юм.

Хүний бруцеллез өвчнийг авч үзье. Манай улсын 1990 оны хүн ам цаашид жил бүр 2,6%-иар өснө гэж үзээд улсын хэмжээнд 1991-2000 онд жил бүр бруцеллезын халдварлат 17%, 10 мянган хүн ам дахь өвчлөлт 10 тохиолдож байна гэж үзээд, тодорхой арга хэмжээ авахгүй байвал уг хугацаанд 26099 хүн бруцеллезор өвчлөх төлөвтэй байна. Хэрэв хөтөлбөрийн дагуу арга хэмжээ авч хүний өвчлөлийн халдварлалтыг зөвхөн нэг хувиар бууруулахад бодит тоогоор 208188 хүн өвчлөх бөгөөд 5281 хүнийг бруцеллезоор өвчлөхөөс сэргийлэх бүрэн боломжтой. / Н.Дондог 1992 он/

Амбулаториор бруцеллезтой нэг өвчтөнийг эмчлэхэд 343 төгрөг зарцуулахаар бодож эдийн засгийн үр ашгийг тооцоход 1,8 сая төгрөг гарч байна. Хэрэв халдварлалтыг 50%-иар  бууруулахад 90 сая төгрөгийн үр ашиг гарч болох юм. Иймээс бруцеллезын хүн ба малын өвчлөл зайлшгүй нөлөөлөх байгалийн хүчин зүйлийг зөв үнэлж чадвал уг өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээ, эм урвалж, тэжээлт орчин, боловсон хүчний  хангамж зэрэг эмнэлэг урьдчилан сэргийлэх, зохион  байгуулалт тактикийн асуудлыг үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх, цаашид халдварлалт, өвчлөлтийг тогтвортой бууруулах боломжийг бүрдүүлэх болно.

ДҮГНЭЛТ

Малын бруцеллез өвчин 2009-2011 оны үед  идэвхжих бөгөөд эпизоотын явцад, уг хугацаанд хүний өвчлөл 2-3 удаа ихсэж болзошгүй хандлагатай байна.        

Ном зүй

1. \"Малын бруцеллезтой тэмцэх асуудал\" онол практикийн бага хурал Maл эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрэлэн.УБ 1990 он
2. Н.Жагварал, Р.Индра \"Монгол орны хөдөө аж ахуйг хөгжүүлэх байгалийн нөхцөл” УБ. 1974 он
3. Б.Яримпил, М.Зина, Г.Цэвэгмид \"Мал, амьтны халдварт өвчин судлал\" УБ 1988 он
4. \"Клинико-эпидемиологическая характеристика бруцеллеза в условиях Монгольской Народной Республики\" Ж.Дашдаваа диссертация на соискания ученой степени канд.мед.наук УБ Алма-Ата 1969г.
5. Л.Энхбаатар, Д.Батсүх \"Говь гурван сайхны тарваган тахлын байгалийн голомтонд байгалийн хүчин зүйлийн нөлөө\" ГАХӨЭСГ-ын мэдээлэл N УБ 1990 он
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 896
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК