Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 4(93)
Хайрст үлдийг (псориаз) монгол уламжлалт анагаах ухааны аргаар эмчилсэн тухай
( Лекц )

Б.Энхбаяр, Ч.Долгор, Б.Дагвацэрэн

Ардын эмнэлгийн хүрээлэн, Анагаах Ухааны Их Сургууль 

 
Абстракт

The clinical studies on 10 patients with psoriasis was conducted. It found that under the influence of preparation including camel's urine occured patterns of normalizing of disease in form of thining pathologic tissues and disappearing of the colour of damaged skin after 5-8 days of the treatment. pp.38-40.

Хайрст үлд (псориаз) нь дэлхийн олон оронд тархмал тохиолддог, үндсэн шалтгаан, эмгэг жам нь төдийлөн сайн тогтоогдоогүй, дахилт олонтой, эмчлэхэд төвөгтэй өвчин юм. Манай оронд олон жилийн ажиглалтаар арьсны өвчнүүдийн дунд насанд хүрэгчдэд 2,5-5,2 % буюу тохиолдлын тоогоороо, арьсны халдваргүй өвчнүүдийн дотор 3-4-р байр эзэлдэг гэж үзжээ.

Хайрст үлд бол манай тооллын өмнөх үе 4000 жилийн тэртээ PSORA гэдэг нэртэйгээр бичигдэж байсан бөгөөд дорно дахины болон монгол уламжлалт анагаах ухааны олон ном сударт арьсны өвчнийг үндсэн 10 өвчнөөр тоолж түүний дотор үлд өвчнийг авч үзсэн байдаг.

МУАУ арьсны янз бүрийн өвчнийг эмчилж ирсэн баялаг уламжлалтай бөгөөд хайрст үлдтэй төстэй өвчний шалтгааныг биеийн шар усны өөрчлөлттэй холбон авч үзэж ирсэн байна. Хайрст үлдийг сүүлийн үед бүх биемахбод-тогтолцооны шинжтэй өвчин гэж үзэж, үе шат явцаас хамааран төв ба зах хязгаарын мэдрэлийн систем, дотоод шүүрлийн булчирхай, өөх тосны, нүүрс-усны, уургын, дархлал зэргийн өөрчлөлт гарч байгааг батлан бичжээ. Хайрст үлд өвчнийг МУАУ зүү, төөнүүр, хануур, эм, шавар, шавшилга зэргээр эмчилж ирсэн ариун уламжлал байдаг.

Бид энэ удаа арьсны янз бүрийн өвчин эмгэгийг эмчлэхэд хэрэглэж байсан зарим уламжлалт аргуудын талаархи мэдээ баримтыг нягтлан авч үзсэний дүнд тэмээний шээс, түүнийг оруулсан бэлдмэлийг сонгон авч хайрст үлд өвчтэй цөөн тооны хүмүүст хэрэглэн клиникийн ажиглалт судалгаа явуулсан ажлынхаа урьдчилсан дүнг үзүүлж байгаа юм. Нийт 15-55 насны 10 өвчтөнийг судалгаанд хамруулав. Үүнээс эмэгтэй-5, эрэгтэй-5, үүнээс 15-20 насанд-5, 20-30 насанд-3, 40 ба түүнээс дээш насанд -2 өвчтөн байв. Эдгээрээс анх удаа хэвтэж эмчлүүлсэн -5 бусад нь давтан эмчилгээ хийлгэсэн байна. Дээрхи өвчтнүүдэд хайрст үлдийн байрлалыг авч үзвэл: дээд, доод мөч, цээжээр тууралттай-2, тууралт бүх биеэр (толгой үстэй хэсгийн хамт) байрлалтай-7, зөвхөн тохой, өвдөг толгой нүүрээр гарч эхэлсэн 1 өвчтөн байв.Гарсан голомтуудад ганц нэг гүвдрүүтэй тохиолдол 3 эрэгтэй, 4 эмэгтэйд ажиглагдсан. Хайрст үлдийн хөрзөнтэй (блящечный) тууралт 2 эрэгтэйд тохиолдсон ба шүүдэст (экссудативный) хэлбэр 1 өвчтөнд илэрсэн. Үе шатаар нь ялгавал: давших (прогрессивный) шатандаа байгаа, (эр-2, эм-5), зогсонги үедээ (стационарный) орсон 3 өвчтөн байв. Эмчилгээнд тэмээний шээсний бэлдмэлийг гадуур хайрст үлдийн голомтонд түрхэх, шавших замаар хэрэглэсэн. Өвчтнүүд энэ үеэр хоол унд,ажил хөдөлмөрийн ердийн дэглэм барьж байсан. Эмчилгээг өдөрт 2 удаа өглөө эрт ба орой унтахын өмнө хийв. Дээрхи эмчилгээг хийхэд хайрст үлд өвчний голомт буюу гарсан язгуур эд нь 8-10 хоногийн дотор шимэгдэн багасаж эхэлсэн.

Эхний 1-3 хоногт загатнаа улам нэмэгдэж байсан боловч эмчилгээг үргэлжлүүлэн хэрэглэхэд 5 дахь хоногоос загатнаа намдаж алга болов. Гарсан элементийн гуужилт ихсэж, улайлт нь бүдгэрч, үлдийн элемент нимгэрч зогсонги үедээ шилжин алга болох төлөвт орлоо. Энэ үед эр-3, эм-2 өвчтөний голомтууд нь хэт хуурайшин арьс нь хагарч байв.

Ийм тохиолдолд 2 янзын тос түрхэж үзлээ. Үүнд: 2 %-ийн салицилийн хүчил ба тэмээний чөмөгний тос тус тус түрхэхэд тэмээний чөмөгний тос илүү үр дүнтэй нь ажиглагдаж байлаа. Эмчилгээг нийтдээ 7-14 хоног хэрэглэв. Үүнээс хайрст үлдийн тууралтын элемент нь алга болсон-7, сайжирсан-3 өвчтөн байсан.

Дүгнэлт.

  1. Тэмээний шээсээр голлон бэлтгэсэн бэлдмэл нь хор гаж нөлөөгүй бөгөөд псориаз өвчний янз бүрийн үед, хэлбэр шатандаа байгаа өвчтөнд зохих үр дүнтэй болох нь бидний урьдчилан явуулсан судалгааны дүнгээс харагдаж байна.
  2. Цаашид судалгааг үргэлжлүүлэн гүйцэтгэхдээ орчин үеийн анагаах ухааны ололтонд түшиглэн МУАУ-ны аргыг харьцуулан үзэх ба эмчилгээнд хэрэглэсэн тэмээний шээс, түүний бэлдмэлийн тал бүрийн шинжилгээг төгс хийж хэрэглэх аргын үндэслэл гаргах хэрэгтэй байна.
Ном зүй

1. Ч. Долгор. (1980), Псориаз өвчний тархалт, эмнэл зүйн судалгаа, АУ докторын зэрэг горилсон диссертац. х 302.
2. Анагаах ухааны дөрвөн үндэс. (1991), Улаанбаатар.
3. С.Т.Семушкин. (1949). Диагностика заболеваний верблюдов. М.Мед. с 200.
4. Чойжамц. (1991), Маш гайхамшигт хуримын сан,Улаанбаатар. х 82—83.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 11623
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК