Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 4(89)
Монгол эм найруулахуй ур ухаан
( Лекц )

Г.Цэнд-Аюуш

АУИС

 

Эрт цагаас эхлэн хүн өвчний шинжийг голчлон анхаарч өөрийн болон өрөөл бусдын өвчинд туслах аргыг эрэн хайсаар эмийн олон жор бүтээжээ.

Бие чилээрхэх, халуурах, өвдөх, хавдах, мэдээ алдах энэ бүгдийг ямар нэгэн гадны хорлол буюу муу зүйлийн дохио гэж үздэг байлаа. Үүн лүгээ холбоотойгоор хологч /өвчин/ хорлогдогч нь бие махбодь гэж үздэг байжээ. Хорлогч хорлогдогч гэсэн томьёо хойч үедээ уламжлагдсаар өнөөгийн үзэж харж буй эмийн ном зохиолд олонтай байдаг.

Хорлогч буюу өвчин зовлонтой  тэмцэх, зайлуулах, устгах өвчнийг амирлуулах увидастай тарина, шишвлэг, сан утлага олон байснаас гадна өвчнийг бодитойгоор анагаагчийг эрж олдог байжээ.

Анагаах ухааны ном судруудад эм, засал зэргийг анагаагч буюу ерөнцөг хэмээн нэрлэсэн буй. Ерөндөг нь таслагч, номхотгогч гэсэн утгатай төвд үг юм. Аль ч улс орны хүн байлаа гэсэн байгаль орчинтойгоо харьцан зохицохын тулд сэтгэн бодож хэлсэн үг нь санаагаараа хоорондоо дүйж нийцэх нь цөөнгүй. Жишээлбэл английн Painkiller өвчнийг нядлагч буюу өвчнийг номхотгогч гэсэн байгаа нь дээр өгүүлсэн ерөндөгтэй ойролцоо байна. Өвчнийг яндлагч гэдэг үгийг ерөндөгтэй ижил утгаар эртний ном зохиолд хэрэглэсэн байдаг. Түүгээр ч барахгүй төвд, монголын эмч мэргэжлийн бүтээсэн судар номын нэр гарчиг “Өвчнийг нядлагч илдэн зэвсэг” гэж нэрлэсэн байх олонтай. Жишээлбэл 16-р зууны үед төвд орноо нэрд гарсан эмч Дэсрид Санжаажамц өөрийн бүтээсэн Лхантав хэмээх номоо /Рашааны зүрхэн найман гишүүнт нууц увидасын эрдэийн үндэсний нэмсэн арга, эмгэгийн энэлхүй халууныг арилгагч газар, цаг бусын үхлийн цалмыг огтлогч илдэн хэмээхүй өвчний шалтгаан тэргүүтнийг үзүүлсэн судар оршвой гэж нэрлэсэн байдаг. /4/ Аливаа амьтныг өвчний зовлонгоос гэтэлгэгч, түүний цалмыг огтлогч “илд” хэмээн эмийн  зүйлсээ нэрлэсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор эм, жор найрлагын зарим жишээг авч үзье.

Ганцаар хэрэглэдэг эм

Монгол-төвдийн анагаах ухаанд олон найрлагат эм жор ашигладаг уламжлал эрт дээр үеэс хэрэглэгдэх болжээ. Гэхдээ хортой хүчтэй ургамал ба эрдсийг дангаар нь хэрэглэдэг ёс байжээ. Ганцаар хэрэглэдэг эмийн /Гаравчигтүв/ ба монголоор “Ганцаар чадагч” гэж нэрлэдэг.

Ганцаар чадагч эм гэдэг нь 101-ээс доошгүй өвчнийг дарах эрдэм чадалтай байна гэж үздэг. Ганцаар чадагч буюу гаравчигтүв нь дотроо–нян устгагч гаравчигтүв, хор хураагч гаравчигтүв, махны хор хураагч гаравчигтүв хэмээн ялгагддаг ажээ. Зуун нэгэн өвчнийг  дарагч гаравчигтүв гэдэгт Тан пором овгийн олон наст өвслөг ургамал бөгөөд монголоор ягаан хүн хорс хэмээх хортой ургамал юм. Анх 8-р зууны үед Төвд хэл дээр гарсан Анагаах ухааны дөрвөн үндэст энэ ургамлын талаар өгүүлсэн нь “Гэдэсний хижиг өвчнийг засахуй дор гурван зүйл буй. Анхдугаарт судасны амыг хүхүй, дундад нь халуурхыг дарахуй, эцэст нь урсахуй мөрнийг таслахуй болой” гэж өгүүлсэн байна. Судасны амыг хүлхүй гэдэг нь цус тогтоох, дундад нь халууныг дарахуй гэдэг нь өвчний хорыг дарж халууныг бууруулах гэсэн санаа байхад эцэст нь урсахуй мөрнийг таслахуй гэснээр суулгыг тогтоох зогсоох үйлчилгээг хэлсэн болов уу. Ягаан хүн хорс бол тронавкы алкалоид нэртэй олон зүйлнэгдлүүд агуулсан орчин үед сайн судлагдсан ургамал юм. Энэ овгийн ургамлаас гуа хатны бэлдмэл болон өөр хэд хэдэн эм бэлдмэлийг гаргасан байна. Эдгээр бодис нэгдлүүдийн үйлчилгээ нь гэдэсний хананы булчин сулруулж, гэдэс базлах агшин өвдөхийг дарж зогсооно. Хүн байгалиас эмийн ургамал төдийхөн олныг олж таньж чадаагүй байсан тэр эрт цагт хүн хорын төрлийн ургамлын халдварт өвчний үед нянг устгахаар ашиглаж байсны учир хорхой нядлагч гаравчигтүв гэдэг нэрийг энэ ургамалд оноосон ажээ.

Өвчний хорыг хураагч гаравчигтүв

Хорыг хураагч гаравчигтүв нь цахилдаг юм. /Iris/. Цахилдагийн овгийн ургамал нь дэлхийд өргөн тархсан ургамал бөгөөд 10 орчим зүйл цахилдаг байна. Монгол Энэтхэгт цахилдгийг эр, эм, саармаг гэж гурван бүлэг хуваах бөгөөд эдгээр нь халуун амтгай, тэгш чанартай гэдэг ба үндсэн үр, цэцэгсийг нь эмэнд хэрэглэдэг ажээ. АУ-ны дөрвөн үндэсний эмийн чадлын бүлэгт цахилдаг нь хорыг хурааж нян хорхойг дарна гэдэг. Цахилдагны үндэс нь хэл ам хорсгоосон сэрүү татуулсан сонин амттай тул хоолонд дур сонирхон оруулхаас гадна цанханд сайн гэж алдаршжээ. Цэцгийг нь шар усны өвчин үрийг шарх ялангуяа түлэнхий шарханд их сайн гэж сурвалж бичигт бичжээ. Цахилдагны үрийг намар гүйцэд болсон үед нь түүж аваад хатаасны дараа битүү саванд хийж үнс болгоно. Ийм үнсийг доргоны тостой найруулж түлэнхийн шарханд түрхвээс шархны хорыг авна гэдэг юм. Уламжлалт эмнэлэгт хэрэглэгдэж ирсэн ургамлууд шинжлэх ухааны өндөр түвшинд судлагдаж байгаа үед ном хэвлэлийн мэдээнээс үзвэл цахилдаг тийм ч хортой ургамал биш бөгөөд эдгээрээс биологийн идэвхт нэгдэл болон эм бэлдмэл гаргаж авсан мэдээ ховор юм. Гэхдээ судлаач Гусинни.И.А /1950/ бичсэнээр бол мал иддэггүй ургамал бөгөөд түүний навч цэцэг үр үндэс нь хэсэг газрыг цочроосон эвгүй амттай идсэн мал хордож бөөлжих ба зарим үед үндсийг идсэн гахай хордож үхэх тохиолдол цөөнгүй бий гэжээ. /2/ Иймд цахилдаг нь бас ч хортой нөлөөлөл үэүүлж болзошгүй ургамал учир эм болгон ашиглах, жор найрлаганд хийх тохиолдолд болгоомжтой хандах нь чухал юм. Цахилдагны овог дотроос хамгийн их цууд гарсан төлөөлөгч бол Хачи гүргэм юм. Crouh sativus (6). Хачи гүргэм нь элэгний өвчин болон өөр олон гэмийг анагаах тус эрдэмтэй ерөндөг гэж алдаршсан байдаг.

Нян нядлагч Гаравчигтүн

Уламжлалт анагаах ухааны судар номуудад нян хорхой гэсэн хоёр үг голдуу хамтаар бичигдсэн байдаг. Энэ нь бактери цаашилбал гэдэсннй цагаан хорхой болон бусад паразитууд энэ хоёр үгийн утга санааг адилаар илэрхийлэх болно. Бас шүд чих арьсны зарим өвчин өвдөн загатнах шинжтэй байгааг хорхойлог өвчин гэдэг. Дорно дахины эрдэмтэн мэргэд өсгөн тохируулагч дуран /микроскоп/ гараагүй байсан тэр цагт нян хэмээгч нүдэнд үл үзэгдэх өвчин үүсгэгч бичил биетэн бий хэмээн хийсвэрээр таамаглаж байснаар барахгүй түүнээс биеэ хамгаалах устгах арилгах эм домын тухай бичиж хэлж байжээ. Нян нядлагч гаравчигтүв гэдэг нэрийн дор холтсон цэцэгний овгийн нилээд ургамлууд  тухайлбал Хорсын төрлүүдийг сонгон авч хэрэглэдэг байна.

Хорсын төрлийн ихэнх төлөөлөгчид алкалоид оруулсан их хортой юм. Олон зууны туршид ашиглагдаж ирсэн энэ ургамал нь ургацын динамик хөгжлийн үед чанар нь хувирах өөрөөр хэлбэл цэцэг навч үр үндсийг ямар өвчинд хэрэглэх хор хүчийг сааруулах /номхотгох/ боловсруулах маш нарийн технологийг баловсруулсан байгаа нь судар бичигт зарлигчлан бичигдсэн ба бишрэхүй сэтгэлийг төрүүлнэм. Газар дороос дөнгөж соёолон ургаж буй цагт нь дөрвөн хуруу хэртэй байхад нь ”зэмбэ" гэдэг газар нэрээр түүж авдаг бол намдуу газар газрын дээд хэсэг нь гандаж шим чанар нь үндсэндээ буусан үед нь үндсийг нь "Манчин" нэрээр малтаж авдаг. Мөн дүэн-лома гэдэг нэрээр навчийг нь ч бас хэрэглэдэг билээ. Ман-эм, чин-их гэсэн утгатай төвд үг юм. Түүнчлэн бон-а бон-гор, бон-мар гэж хар цагаан улаан гэж өнгөөр ялгадаг ёс бий.

Монголд ургадаг 10 гаруй зүйлийн, дотроос их хоргой хүч чадлаар хамгийн давуутай нь Чоно-голын манчин гэж алдаршжээ. Энэ нь Дорнод-Монголын нутгаар ургадаг Кузнецовын хорс (Aconitum kusnczowii rciche) юм. Зэмбэ нь тэгш чанартай хор багатай байхад манчин нь их хортой болохоор номхотгож хор хүчийг багасгахгүйгээр хэрэглэж болохгүй гэж заасан байдаг. Энэ нь хорс хэмээх энэ ургамалд агуулагадах алкалоид ургацын үе шатыг дагаж уг ургамлын эрхтэн бүрд хуримтлал зүйн хувьд ялгаатай байдгийг омпирик ажиглалтаар танин мэдсэн хосгүй сонин арга байжээ. Хорсын төрлийн ургамал нь ноцтой халдварт өвчнүүдийн цалмыг таслах увдистай хамгийн сайн юм гэж алдаршжээ. Тухайлбал сахуу боом хамаг биеэр ширгэнэ гөвдрүү туурсан хижиг томуу зэргийг анагаах зориулалтаар хэргэлдэг эм болно.

Олонхи халдварт өвчин нь халдварт вирусээр шалтгаалан үүсдэг нь тодорхой билээ. Ийм учраас хорсыг их эм буюу нян хорхой нядлах гаравчигтүв хэмээн нэрлэжээ. Махны хорыг дарагч гаравчигтүв, о-гаравчигтүв хэмээх өөр хоёр төрлийн гаравчигтүв бий хэмээн эмийн сударт номлосон байдаг. Махны хорыг дарагч гаравчигтүв нь Гомбогавж гэсэн ёгт /онжод/ нэртэй бөгөөд энэ ямар ургамал болохыг толь бичгээс /даяг/ олоогүй болно. Ахмад багш нараас асуун лавлаваас Гомбогавж гэдэг нь том цэцэгтэй өндөр ургадаг Банздоо маягийн ургамал байсан гэнэ. О-гаравчигтүв нь өвсөн орхоодой буюу хүн-эм гэж заасан байна. Энд өгүүлж байгаа таван төрлийн ургамлыг ганц дангаар нь хэрэглэж байсны учир ганцаар чадагч хэмээн нэрлэгддэг учир энэ буй.

Монгол төвд эмч нараас түрүү үед туурвиж бүтээсэн ном зохиолд хүмүүн эм буюу хүн орхоодойн талаар бичигдсэн тухай ер гардаггүй болно. Угаасаа энэ ургамлыг Солонгос Хятад эмнэлэгт өргөн хэрэглэж ирсэн уламжлалтай тул нилээд хожуу үсэс Монгол эмч нар энэхүү ургамлын ач тусыг ойлгож ашиглах болсон ба ном зохиолдоо нэгэн зүйл гаравчигтүв нэрээр нэмж оруулсан байж магад. Ганцаар чацагч хамээх нэрийг олсон эдгээр ургамлуудыг түүх шашдирын сурвалжаас он тооллын эрэмбээр нь харж танилцваас Хүн, эмийн ургамлыг ганц нэгээр нь олж ашиглаж сурсан нь их эрт үеийн үйл ажиллагаа болов уу. Халуун бууруулах юмуу өвдөлт намдаах зэрэг өвчний шинж тэмдгийг дарж арилгах зорилгоор дан ганцаар нь хэрэглэж байсан ургамал дээр нэмэр болгож хоёроор гурваар нь хамтруулсан байдлаар эм хийж найруулдаг болсон нь эмийн жор бүтээх анхны эхлэл ажээ. Эмийн ном зохиолд зөвхөн хоёр зүйлээр хамтруулан хийх жор бас байдаг.. Жишээлбэл хоёр гэсэр- эртний энэтхэг гаралтай эм гэсэн. Хоёр наран- сарам чулуу, алтны хүдэр- мөнгөний хүдэр хоёр зүйл хүдэр хоёр үнэртэн шингүн шудаг Хоёр илчит эм- бибилин-повари болон гадаадын хоёр бодь сэтгэл гэж нэрлэгддэг жонш барагшун, хоёр шар болох юн-а-жирэв гэх зэргээр хоёрт эм олон буй.

Дорно дахины анагаах ухаанд эмийн зүйлсийг өвчин анагаах чадал, тус эрдсмээр нь хооронд нь нийцүүлж ганцаар хоёроор гурваар дөрөвтөөр гэх мэт холбон тоггоож хэрэглэсэн нь их эртний уламжлал гүн гүнзгий утга учиртай ёс байжээ. Монгол эмч нар энэ ёсыг уламжлан авч эм найруулахуй ур ухаандаа зарлигчлан хэрэгжүүлсээр иржээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2285
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК