Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2010, 1(7)
Бодлын солбилцол
( Редакцийн зурвас )

М.Сүхбаатар

ЭХЭМҮТ

 
Абстракт

 “Хүүхэд” хэмээх хөөрхөн хүмүүстэй харьцах болсноор 40 жил эмч, багш сурган хүмүүжүүлэгч, судалгаа шинжилгээний ажил 35 жил хийх хугацаандаа 110000 гаруй өвчтөн үзэж эмчлэн, 10000 гаруй шавьтай болж, олон арван ном товхимол, лавлах, гарын авлага сурах бичиг туурвисан маань “Хүүхэд” хэмээх гэгээн ариун, тэнгэрлэг хүний төлөө хийж бүтээсний үнэлэмж гэж боддог.

Алтан үеийнхэн, ахмад хүмүүсээр “ном заалгаж” мэргэжил эзэмшин, амьдралын түмэн нугачаанаас “юм үзэж” дадлага суун нэгэн жарны хугацаанд насыг элээн бас ч хорвоогийн жам ёсоор хийсэн ажил, хэлэх үг багагүй болсон тул сэтгүүлээр дамжуулан санал бодлоо солилцое хэмээн бодсон бөлгөө.

Алтан үеэрээ бахархаж, тэднийг биширч шүтэж байдаг.

Манай ахмад  үеийнхэн хүүхэд харахаар ёстой л нүдэнд нь “хайр”, нүүрэнд нь “инээмсэглэл” тодордог ховор хүмүүс. Хүний төлөө унтах нойр, ууж идэхээ хугаслан, өөрийгөө мартан, өрөөлийг гэрэлтүүлдэг  “бурхан”  хүмүүс.

Орчин нөхцөл, оношлогоо, эмчилгээний технологи хоцрогдонгуй тэр үед тэдний “эмнэлзүйн сэтгэлгээ”-гээр тавьсан онош зөрдөггүй байсан. Тэд зөвхөн мэргэжил төдийгүй, олон шинжлэх ухааныг эзэмшсэн нь ерөнхий мэргэжил мэдлэгээр  цаг ямагт бусдад үлгэр дуурайл болж байдаг. Тэд хүнийг таньж мэддэг хүмүүс. Хүнд ажиллах, амьдралын итгэл сэтгэл, урам зориг өгдөг хүмүүс. XX зууны төгсгөл үед үр удам нь “өнгөрч дээ”, “мөхөж дээ” хэмээн бичигдэж байсан хүн амыг 4.5 дахин өсч, өдгөө 2700000 гаруй болоход энэ хүмүүс болон тэдний сургаж хүмүүжүүлсэн үе үеийн эмч шавь нарын хичээл зүтгэлээр өнөөдөр бид эрүүлжин эдгэрч, элэг бүтэн аз жаргалтай амьдарч явна.

Мэргэжлийн хувьд би эн тэргүүнээ НҮБ-ийн хүүхдийн сан, ДЭМБ-ын нэрэмжит шагналт, Монгол улсын гавъяат эмч, профессор П.Гэндэнжамц, Монгол улсын Ардын эмч, ШУА-ын гишүүн, академич, профессор Э.Лувсандагва, Монгол улсын хүний гавъяат эмч, профессор Ж. Раднаабазар, доктор профессор Д.Цэрэнбал болон бусад хүмүүсийг нэрлэн бахархаж, тэднийг биширч шүтэж байдаг. 

Одоо үедээ баярлаж та нартаа талархаж явдаг.

Ахмад үе маань хийж бүтээхийн амьд жишээ, хэлж ярихын үлгэр дуурайл байсан. Энэ замаар бид замнасан. Бидний үед сургууль төгсөөд хэрэгцээт газар очин ажиллана гэдэг хүсэлтэй байсан. Сурч судлахыг эрмэлзэж, хийж бүтээхээр тэмүүлсэн. Бидний үед сургалт хүмүүжлийн ажил цэгцэрч, сургалтанд алгоритм, сорил-шалгалт анх нэвтэрч, эмчилгээ оношлогоонд “хам судлагааны” ажил хийгдсэний үр дүнд хүүхдийн өвчлөл эндэгдэл эрс буурсан. Монгол улс хүүхдийн өвчлөл эндэгдэл  “их” орноос нэг алхам урагшлаж “дунд зэрэг” орны эгнээнд шилжив. Орчин үеийн оношлогоо, эмчилгээ, шинжилгээний багаж тоног төхөөрөмж, технологийг эх орондоо анх нэвтрүүлэв. Бидний шавь нар авдаг нь “бага”, ажил нь “их” ч гэсэн хоёргүй сэтгэлээр энэ салбартаа тэргүүлэн ажиллаж явна. Ахмад үеийнхний  итгэл сэтгэлийг бид алдаагүй.

Эдгээр хүмүүсээс  мэргэжлийн хувьд би эн тэргүүнээ Монгол улсын хүний гавъяат эмч, профессор Д.Малчинхүү, Д.Агваандорж, Анагаах ухааны доктор Д.Жамъянжав, Д.Батсүх, П.Батхүү, Д.Мандах болон бусад олон хүмүүсийг нэрлэж та нартаа талархаж явдаг.

Хойч үедээ итгэж, тэдэндээ найдаж байдаг.

Бидний мэргэжил өдөр болгон өвчтөн үзэж, эмчилж, сувилж байж олж авсан мэдлэг чадвар, дадлага туршлагын “цогц хуримтлал”-ын үрээр олон жилийн тасралтгүй хөдөлмөрөөр  санасандаа хүрч эмч, сайн эмч болдог онцлогтой. Залуу үе маань оношлож эмчлэхээс гадна, өөрийн ажилд үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд судалж шинжлэх арга барилтай,  бас өвчтөн, эцэг эх, хүн амд  “эрүүл мэндийн боловсрол” олгохын тулд сургах чадвартай байх шаардлагатай. Дээр нь гадаад хэл, компьютертийн сайн мэдлэгтэй байх нь чухал. Эмч хүний алдааны 15% нь мэргэжлийн, 85% нь хариуцлага ба харилцаанаас үүсдэгийг тунгаах нь зүйтэй.

Дэлхий даяарчлагдсан, шинжлэх ухаан, техник технологийн хөгжил дэвшил өндөр, хурдацтай байгаа, ахмад үеийнхний хийсэн бүтээсэн амжилт ололтыг ашиглах боломжтой болсон өнөө үед залгамж үе маань хичээн зүтгэж амжилт гаргана хэмээн  та нартаа найдаж байдаг.

“Эх барих эмэгтэйчүүд-хүүхэд судлал” хэмээх шинжлэх ухаан – практикийн сэтгүүл 2006 онд хэвлэгдэн гарч нийтийн хүртээл болсноос хойш сэдэв агуулга, өнгө үзэмж, гарч байгаа бүтээлийн тоо чанар жилээс жилд улам сайжран Монголын эх үрсийн тулгамдсан асуудлыг шийдэж, тэдний эрүүл мэндийг сахин хамгаалах гэгээн үйлсэд “оюуны” их хөрөнгө оруулж байгааг харахад нэн таатай. Сэтгүүл гаргах чимхлүүр бөгөөд хариуцлагатай энэ нөр их хөдөлмөрт үнэт цагаасаа зарцуулж үг хэллэг, орчуулга, шинжлэх ухаанч талаас нь шүүн тунгааж байдаг сэтгүүлийн редакцийн хамт олон, сэтгүүлийг уншиж өөрийн мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж байдаг уншигч олондоо талархал дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мэргэжил нэгт нөхөд, олон шавь нарын минь онош нь оновчтой баталгаатай, эмчилгээ нь эрчимтэй үр дүнтэй байх болтугай.



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК