Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 3(165)
Биежүүлэх эмгэгийн эмнэлзүйн зарим асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Б.Жаргал, В.Дэлгэрмаа, З.Хишигсүрэн

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 
Абстракт

Introduction. There is group of mental disorder characterized by several physical symptoms are not fully explained by general medical condition, individuals visit many doctors and undergo numerous physical examinations, diagnostic tests associated with their suffer but no physical cause can be found. A third somatoform pattern is somatization disorder, characterized by numerous and recurrent physical complaints that begin by age 30. The prevalence of this disorder is 1-2% among adult population and it is occurred more female than male.

Goal. To study some clinical symptoms among people with somatization disorder. 

Materials and Methods. This study was conducted with quality research method semi-structure questionnaire among the 30 people, who admitted to state and private hospital and sanatorium in the Chingeltei, Songinokhairkhan, Khan-Uul, Sukhbaatar, Bayanzurkh and Bayangol district in Ulaanbaatar city province for medical care. We did random sampling for unexplained somatic symptom individuals by diagnostic criteria as followings: 1.Multiple, recurrent, clinically significant somatic complaints no physical cause can be found over the last 2 years. 2. There must be a history of a visit at least 3 times for professional medical help due to their constant suffer. 3. Did not accept their medical diagnose and conclusion, even though no evidence of somatic symptoms.

Results. There were 20 female and 5 male patients in our study, aged 23-78 years old were involved into our interview, and the average age was 44±0.8. We were clarifying clinical symptoms, such as gastrointestinal, cardiovascular, sexual function and urinary tract for all participants. The most of participants occurred gastrointestinal symptoms, such as nausea, vomit and timpanists. Also, all of the participants experienced heart beat symptom. As four of the 5 males reported loss of libido and majority of the females occurred pollakuria and sensopathy symptoms.

Conclusion. Gastrointestinal symptoms (nausea, vomit and timpanists), cardiovascular symptom (heart beat), sexual function and urinary tract (loss of libido and pollakuria) and sensor conversion (sensopathy) occur mostly for somatization disorder.

Key words: Cardiovascular, gastrointestinal, sexual function, somatization disorder.
Pp. 37-40, Table-1, Figure-1, References-6

Үндэслэл

Зарим хүмүүс өөрт илэрч буй зовиур шаналгаагаа юутай холбоотой үүсч байгаа талаар өөрөө тайлбарлаж чаддаггүй, бие махбодын зовиурын улмаас олон төрлийн шинжилгээнүүдийг хийлгэж, олон эмчид үзүүлсэн ч үзлэг шинжилгээгээр биеийн өвчин оношлогддоггүй, сэтгэцийн бүлэг өвчнүүдийн нэгэн хэлбэр нь “соматизаци” буюу биежүүлэх эмгэг юм.

Биежүүлэх эмгэгтэй хүмүүст 2-с доошгүй жилийн хугацаанд биеийн өвчний шинж тэмдэг олон янзаар үелзэн өөрчлөгдөж, олон эмнэлгийн шинжилгээ хийлгэсэн ч объектив  бие махбодын өвчин илэрдэггүйгээрээ онцлогтой [1].

Уг эмгэг нь насанд хүрсэн хүнамындунд 1-2% тархалттай, хүйсийн хувьд эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог бөгөөд (Feder, 2001) эмнэлзүйн шинж тэмдгүүд нь биеийн, арьсны,  бэлгийн гэх мэт эрхтэн тогтолцооны талаас голчлон илэрдэг [2]. 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үйлчлүүлэхээр ирж буй хүмүүст хийсэн эмнэлзүйн ажиглалт, ярилцлагаас үзвэл энэхүү эмгэг нь хожуу оношлогдож байгаа ба үүний шалтгаан нь:

  1. Үйлчлүүлэгчдэд илэрч байгаа шинжүүд нь бие махбодын өвчний шинжүүдтэй адил боловч органик шалтгаангүй, нөгөө талаас сэтгэцийн өвчнүүдийн үед илэрдэг ерөнхий шинжүүдтэй төстэй учраас оношлоход хүндрэлтэй байдаг.
  2. Ийм эмгэгтэй хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол дутмагаас болж зөвхөн биеийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуулан олон жилийн турш энэ өвчнөөр шаналж, ямар хэлбэрийн тусламжийг хаанаас авахаа мэдэхгүй тул сэтгэцийн эмчид ханддаггүй.
  3. Хүн амын дундах сэтгэцийн эрүүл мэндийн талаарх сөрөг ойлголтын улмаас бусдад ялгаварлан гадуурхагдахаас эмээж сэтгэцийн эрүүл мэндийн тусламжид хандахаас татгалздаг зэргээс үндэслэн энэхүү судалгааг хийж байна.

Зорилго

Биежүүлэх эмгэгийн эмнэлзүйн зарим шинжүүдийг тодорхойлох

Материал, арга зүй

Судалгааг чанарын судалгааны нэгэн төрөл болох хагас бүтцэт ганцаарчилсан ярилцлагын аргаар, 2009-2013 оны хооронд Улаанбаатар хотын Чингэлтэй, Сонгино-Хайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргийн харъяа улсын болон хувийн хэвшлийн эмнэлэгүүд, сувилалд эрүүл мэндийн тусламж авахаар хандаж ирсэн хүмүүсийг хамруулсан. Ингэхдээ өвчний олон улсын Х ангиллын 5 дахь бүлгийн “Сэтгэцийн ба төрх үйлийн эмгэгүүдийн ангилал”- ын “Биежүүлэх” эмгэгийн оношлогооны шалгуурт нийцэх 30 хүнийг сонгон, зорилтот түүврийн аргыг ашиглаж судалгааг явуулав.“Биежүүлэх” эмгэгийн оношлогооны шалгуурт өвдөлтийн зовиур доод тал нь биеийн 4 хэсэгт, 6-с доошгүй шинжүүдээр илэрсэн байх ёстой. Үүнд: Хоол боловсруулах эрхтэн системийн талаас (дотор муухайрах, огиулах, суулгах), зүрх судасны эрхтэн  системийн талаас (ачаалал үгүй байхад амьсгаадах, цээжээр өвдөх, зүрх дэлсэх), шээс ялгаруулах болон бэлгийн үйл ажиллагаатай холбоотой илрэх зовиурууд (хурьцлын үеийн өвдөлт, биений юм өвдөлттэй ирэх, шээс ойр ойрхон хүрэх, хөвчрөлт болон дур тавихад асуудал тулгарах), арьс, мэдрэхүй болон өвдөлтийн талаас (бие бадайрах буюу эмгэг сэрэхүй үүсэх, үе мөчөөр өвдөх, тэнцвэр алдагдах) гэх мэтийн шинжүүд 2- с доошгүй жилийн хугацаанд илэрч, 3-с доошгүй нарийн мэргэжлийн эмчийн  тусламжийг авсан байх.

Үр дүн

Бидний судалгаанд нийт 30 оролцогч хамрагдсанаас эмэгтэй 25, эрэгтэй 5 үйлчлүүлэгч байв. Насны бүтцийн хувьд 23-78, дундаж нас нь 44±0.8 байлаа. Боловсролын байдлаар нь авч үзвэл дээд боловсролтой-16, тусгай дунд-3, бүрэн дунд-5, дунд-6 байна. Бид судалгаанд хамрагдагсдад илэрсэн эмнэлзүйн шинжүүдийг 4 бүлэг шинж болгон авч үзсэн юм.

Үүнд: 1. Хоол боловсруулах эрхтэн системийн талаас илэрсэн шинжүүдийг тодруулахад:

Table 1. Gastrointestinal symptoms among participants

Судалгаанд оролцогчдод бүгдэд нь дотор муухайрах, ихэнхид нь огиулах, гэдэс дүүрэх, ходоод орчим цанхайх зэрэг шинжүүд илэрч байсан. Бид дээрхи зовиурийнхаа улмаас өөрийгөө нойр булчирхайн хүнд өвчтэй гэж бодон сүүлийн 6 жил тасралтгүй олон эмнэлэг, эмчид хандсан нэгэн эмэгтэйн тохиолдлыг тодрууллаа.

Эмнэлзүйн тохиолдол 1. 42 настай. Эмэгтэй

...6 жилийн өмнөөс үе үе дотор муухайрч, огиудас хүрдэг болсон. Жирэмсэн биш хирнээ яг л жирэмсний хордлого өгч байгаа юм шиг аягүй хэцүү. Дотрын бараг бүх эмчид хандаж, олон шинжилгээнүүдийг хийлгэсэн ч онцын өөрчлөлт алга гэдэг. Аргаа бараад уламжлалтын эмч, бариач, үзмэрч дээр хүртэл очсон. Харин нэг ардын эмнэлгийн тан уусан арай гайгүй болсон шүү. Тэгж байтал 3 жилийн өмнөөс нойр булчирхай өвдөж эхэлсэн. Яг нурууны ард хуруу дарам газар хатгуулж өвдөөд, их хэхэрч, заримдаа  хоолны үнэр авахаас дургүй хүрдэг. Сүүлийн 2 сар гаруй үе үе суулгадаг болсон. Дотрын эмч нар нойр булчирхайн шинжүүд байна гээд шинжилгээнүүд хийлгэхээр тийм их онцын өөрчлөлт байхгүй, бага зэргийн цөс өтгөрөлтэй, цөсөө угаа гэдэг. Эдгээр байдлууд сайжрах нь битгий хэл, улам дордоод байгаа болохоор сүүлдээ нойр булчирхайн хавдартай болж байгаа юм болуу гэж айх юм...

Зүрх-судасны эрхтэн системийн талаас илэрсэн зовиурууд:

Figure 1. Cardiovascular symptoms among participants

Зураг 1-с харахад бүх оролцогчдод зүрх дэлсэх шинж илэрсэн бөгөөд оролцогчдын талаас ихэнхид нь амьсгаадах, цээжээр өвдөх шинж илэрсэн байна.

3.Шээс ялгаруулах болон бэлгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг бид хүйсээр нь авч үзсэн юм. Эрэгтэй 5 оролцогчидын 4-т нь өвчний шинж тэмдэг илэрч байгаа үедээ бэлгийн дур хүсэл буурсан байна. Үүнийг доорхи тохиолдол дээр тодруулан үзлээ.

Эмнэлзүйн тохиолдол 2. 38 настай. Эрэгтэй

...2 жилийн өмнөөс зүрх дэлсэж, толгой дайвалзаж, хамаг бие салганаж, дотор давчдаж эхэлсэнээс хойш 1 жил гаруй хугацаанд гэртээ болон эмнэлэгт хэвтэрт байсан. Энэ үед сексийн дур хүсэл төрөх нь битгий хэл, өөрийгөө эдгэшгүй хүнд өвчин туслаа л гэж айж байсан...

Харин эмэгтэй оролцогчдын ихэнхид нь биений юм маш их өвдөлттэй ирдэг, шээс их ойр ойрхон хүрдэг гэсэн зовуурууд давамгайлж байв.

4.Энэ эмгэгийн үед өвдөлтийг мэдрэх сэрэхүй  өөрчлөгддөг. Үүнийг бид тодруулахад судалгаанд хамрагдагсдын ихэнхид нь сэрэхүй хувирах шинж (сенестопати) давамгайлан илэрч байлаа. Энэ шинжийг 39 настай залуугийн тохиолдол дээр тодруулан үзье.

...Үе үе хий юман дээр гишгичихэж байгаа юм шиг санагдаад хальт манараад, тасрах гээд ч байх шиг..., музей үзээд явж байтал хүзүү хөшөөд, бадайраад, нэг сонин  болоод, дагз руу нэг юм далбисхийгээд, гар хөл бадайраад, хүйт даагаад, дотор харанхуйлаад явчихсан..., ажил дээр суугаад жаахан тархиа ажиллуулаад юм бодохоор толгой дүүрээд, шилэн хүзүү хөшөөд ирдэг..., “зүүн тал тэр чигээрээ хүйт даагаад, баруун тал нь бүлээн, 1-2 минут хиртэй үргэлжлээд, тэр хугацаанд амь алдаад, зүрхний цохилт түргэсээд ирдэг. Ийм цохилт өгчихөөр 2 долоо хоногоор босч чадахгүй, ямар ч энерги байхгүй, энерги хуримтлуулах гээд идээд, уугаад, амраад ч нэмэргүй, жаахан энерги цуглуулж байгаад хөдлөхөөр л хамаг бие сулраад, ямар ч энергигүй болчихдог. Хүмүүс намайг жаахан сүртэй юм гээд байдаг, өөрт бол их зовиуртай... байдаг юм гэжээ.

Хэлцэмж

Биеийн тайлбарлаж боломгүй зовиур шаналгаа эмгэгийн эмнэлзүйн нэгэн хэлбэр болох “Биежүүлэх” эмгэг нь хүн амын дунд цөөнгүй тархалттай байдаг бөгөөд эмч болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид уг эмгэгийг оношлох тал дээр зарим нэгэн бэрхшээлтэй тулгардаг.

Биежүүлэх эмгэг нь бие махбодын органик өвчин биш бөгөөд энэ нь сэтгэлзүйн буюу стрессийн шалтгаантай эмгэг юм. Уг эмгэгийг 30 орчим насанд анх эхлэнэ гэж тодорхойлсон байдаг бөгөөд бидний судалгаанд хамрагдагсдын дундаж нас 44±0.8 байгаа нь ойролцоо үзүүлэлттэй байна. Мөн судалгаанд хамрагдагсдын дунд хүйсийн харьцаа эмэгтэй 4: эрэгтэй 1 байлаа. Энэ нь Cristina F, Antonio B (2010) нарын судалгаагаар 167 биежүүлэх эмгэгтэй гэж оношлогдсон хүмүүсийн хүйс эмэгтэй 124 : эрэгтэй 43 үйлчлүүлэгч байгаа нь уг эмгэг эмэгтэйчүүдэд илүү зонхилон тохиолддог болохыг харуулж байна [3, 4].

Уг эмгэгийн үед хоол боловсруулах, зүрх судасны, мэдрэхүйн, шээс ялгаруулах болон бэлгийн үйл ажиллагааны эрхтэн тогтолцоонуудын талаас 6-с доошгүй шинж тэмдэг өвчтөнүүдэд илэрдэг гэж оношлогооны шалгуурт үздэг. [5,6]Бидний судалгаанд оролцогчдодын ихэнхид нь дээрхи эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлтүүд илэрсэн юм.

Дүгнэлт:

  1. Биежүүлэх эмгэгийн үед хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас дотор муухайрах, огиулах, ходоод орчим цанхайх, гэдэс дүүрэх зэрэг шинжүүд илүү зонхилон илэрч байна.
  2. Зүрх судасны эрхтэн тогтолцооны талаас зүрх дэлсэх шинж бүх оролцогчдод илэрсэн. 
  3. Уг эмгэгийн улмаас эрэгтэйчүүдэд бэлгийн дур хүсэл буурах, эмэгтэйчүүдэд биений юм өвдөлттэй ирэх, шээс ойр ойрхон хүрдэг гэсэн зовиурууд давамгай илэрч байна.
  4. Мөн биежүүлэх эмгэгийн үед сэрэхүй хувирах шинж илэрдэг.
Ном зүй

1. Michael Trimble. Somatoform Didorders. A Medicolegal Guide. 2rd ed. Milton Keynes UK: Cambridge University Press; 2011
2. Susan Nolen-Hoeksema. Abnormal psychology. -3rd ed. 2004; 259-280
3. Lauren. B Alloy, John H. Riskind, Margaret J. Manos. Abnormal psychology. -9rd ed. 2005; 197-210
4. American Psychiatric Association. Diagnostic and Statistical Manual of Mental Disorders. 4thed, Washington, DC: APA; 2000.
5. Margot W. M. De Waal, Ingrid Arnold, I.A. Somatoform disorders in general practice: prevalence, functional impairment, and comorbidity with anxiety and depressive disorders. Br J Psychiatry 2004; 184:470-476.
6. Per Fink, Morten Steen Hansen. Somatoform disorders among first-time referrals to a neurology service. Psychosomatics: 2005; 46:540-548
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 861
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК