Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 1(143)
Монгол доноруудын дундах цусны ABO, резус, келл бүлгүүдийн тархалт
( Судалгааны өгүүлэл )

Т.Алимаа1, Б.Амгаа1, Э.Пүрэвдаваа1, Ч.Шарав1, Д.Оюунболд1, Л.Наранчимэг1, В.Алтангэрэл1, Д.Улаанхүү1, Б.Сайнчимэг2

1ЭМЯ-ны харъяа Цус сэлбэлт судлалын үндэсний төв, 2Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 
Абстракт

Abstract: Blood АВО groups among 5200 mongolian blood donors of ages 18-55 years, were determined by the “Erytrotest-Tsolyclone” agglutination tests, containing Anti-A and anti-B monoclonal antibodies that are produced at the “Hematology” company, Russian Federation, standart test sera and washed red cells produced at the National Center for Transfusiology, Mongolia. Rhesus group determination investigations were carried out among these blood donors using diagnostic tests “Hematology Erytrotest” of Russian Federation, which contain the monoclonal antibodies such as anti-D, anti-E, anti-C, anti-e, and anti-e. Кеll antigen was determined among 1464 blood donors (male 655 and female 809) using monoclonal “Аnti-Kell Super” diagnostic kit, produced at the “Hematology” company, Russian Federation, according to the instructions. Blood АВО groups determination study revieled that OI, AII, BIII and ABIV groups count for 40.1%, 21.9%, 31.1%, and 6.8 % respectively. Concerning the Rho(D) group, 99.1% of mongolian blood donors is Rho(D) positive, while 0.9% is Rho(D) negative. At the same time, 48.0% of blood donors is E (rh’’) positive, whereas 52% is E (rh’’) negative and 58.7% of blood donors is c(hr’) positive, while 41.3% is c(hr’) negative. Also 79.6% of blood donors is e (hr’’) positive, whereas 22.1% is e (hr’’) negative, and 69.7% of blood donors is С(rh’) positive, 30.3% is С(rh’) negative. A total of 99.1% of donors was Кell antigen negative, while 0.9% - Кell antigen positive.

Table 5, References 9

Удиртгал: Цус сэлбэх нь орчин үеийн үр дүнтэй  эмчилгээний аргын нэг болсон хэвээр байгаа боловч цус нь биологийн бүтээгдэхүүн учраас уг эмчилгээтэй холбоотойгоор, цус сэлбэлтээр дамждаг халдвар дамжих, дархлалын хариу урвал, хүндрэл илрэх зэрэг сөрөг үр дагавар ажиглагддаг [1]. Өвчтөний ийлдсэнд илэрсэн эсрэг биетэй холбогдох эсрэгтөрөгч агуулаагүй улаан эсийн бэлдмэлийг сонгож сэлбэх нь цус сэлбэлтийн дараа үүсдэг, дархлалын гаралтай урвал хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой. Иймээс цусны донор бүрийн улаан эсийн гадарга дахь, эмнэлзүйн хувьд ач холбогдолтой эсрэгтөрөгчийг тодорхойлж, мэдээллийн сан бүрдүүлэх нь аливаа цусны албаны үүрэг мөн билээ. Цус сэлбэлтээс үүдэлтэй урвал хүндрэлийн 50% нь, нярайн цус задрах өвчний 80% нь резус бүлгийн үл тохирлоос шалтгаалсан байдаг. Дархлалын урвал үүсгэх чадвараар нь резус бүлгийн эсрэгтөрөгчдийг харьцуулахад Д>Е>с>е>С гэсэн дараалалтай байдаг нь тогтоогджээ [2]. Манай улсын эрүүлийг хамгаалах систем цусны бүлгүүдийг нарийвчлан судлан тогтоох талаар тогтмол анхаарч ирсэн юм. Монгол улсын хүн амын дундах цусны бүлгийн тархалтыг судалсан Ч. Шарав 1970 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан [3] ба тус төв 1980 оноос Улаанбаатар хотын доноруудад резус D эсрэгтөрөгч (Rh0D)-ийг түүвэр аргаар тодорхойлох судалгааг хийж эхлээд, 2004 оноос Улаанбаатар хотын цусны бүх доноруудад хийдэг болж, 2006 оноос хөдөө орон нутаг, аймгуудын нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Цусны салбар банкаар үйлчлүүлж байгаа доноруудад резус D эсрэгтөрөгч (Rh0D) тодорхойлох шинжилгээг тус тус нэвтрүүлж, 2007 оноос резус Е, С, е, с (rh’’, rh’, hr’’, hr’) эсрэг төрөгчүүдийг тодорхойлох шинжилгээг өргөтгөсөн билээ.

Судалгааны зорилго: Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвөөр үйлчлүүлж байгаа доноруудын дундах АВО бүлэг болон эмнэлзүйн хувьд чухал ач холбогдолтой резус, Келл бүлгүүдийн тархалтыг судлан тогтооход энэ судалгааны зорилго оршино.

Судалгааны материал ба арга зүй. Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвөөр үйлчлүүлж байгаа 18-55 насны 5200 донорын цусны АВО бүлгийг тодорхойлох шинжилгээг ОХУ-ын “Гематолог” пүүсийн моноклон эсрэг бие агуулсан “Эритротест–Цоликлон” Анти-В, Анти-А оношлуур болоод тус төвд үйлдвэрлэж буй стандарт ийлдэс, угаасан улаан эс зэргийг ашиглан цус наалдуулах аргаар тодорхойлж, резус бүлгийн эсрэг төрөгчийг ОХУ-ын Анти-D, Анти-Е, Анти-С, Анти-е, Анти-с моноклон эсрэг биесийг ашигласан” Гематолог Эритротест” оношлуураар тодорхойлов. Үүний зэрэгцээ Келл эсрэгтөрөгчийг 1464 донорын цусанд Оросын Холбооны Улсын “Гематолог” пүүсийн “Анти - Келл Супер” оношлуураар, үйлдвэрлэгчийн зааврын дагуу тодорхойлов.

Судалгааны үр дүн хэлцэмж. Цусны АВО бүлгийн тархалтыг тогтоох судалгаанд нийт 5200 донор хамрагдсаны 2342 (45%) нь эрэгтэй, 2858 (55%) нь эмэгтэй донор байв. Эдгээр донорын дунд OI бүлгийн цустай донор 2086 (40.1±0.6%), AII бүлгийн цустай донор 1138 (21.9±0.5%), BIII бүлгийн цустай донор 1619 (31.1±0.6%), ABIV бүлгийн цустай донор 357 (6.9±0.3%) байгаа нь тогтоогдлоо. Монгол доноруудын цусны бүлгийн тархалтыг Орос, Армяни, Чечени зэрэг улсын хүн амын цусны бүлгийн тархалттай [4] харьцуулсан дүнг Хүснэгт 1-т нэгтгэн үзүүлэв.

Хүснэгт 1-ээс үзэхэд, монголчуудын дундах OI болон BIII бүлгийн цустай хүмүүсийн эзлэх хувийг орос, армяни, чечени үндэстнүүдийхтэй харьцуулахад илүү давамгайлж байхад AII бүлгийн цустай хүн армяни үндэстнүүдийн дунд давамгайлдаг [4] удамшлын онцлог ажиглагдаж байна. Цусны ABIV бүлгийн хувьд монгол, орос, армяни, чечени үндэстнүүдийх үндсэндээ адил байна. Монгол хүмүүсийн дунд 1970 онд доктор Ч. Шаравын хийсэн судалгаагаар OI бүлэг 39.2%, AII бүлэг 22.9%, BIII бүлэг 30.9%, ABIV бүлэг 6.9% -иар тодорхойлогдож байжээ [3]. Үүнээс үзэхэд сүүлийн дөч орчим жилийн хугацаанд монгол хүн амын цусны бүлгийн харьцаа бараг өөрчлөгдсөнгүй. Анх 1900-1901 онуудад Карл Ландштейнер нээж [5], дараа үеийн судлаачид [6, 7] шинжлэх ухааны үүднээс ангилсан цэгцэлсэн цусны үндсэн бүлгүүдийг донор болон цус сэлбүүлэх өвчтөнд нарийвчлан тогтоох нь цус сэлбэлтийн дараах урвал хүндрэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой байдаг. Гэхдээ АВO бүлэг тохирсон цус сэлбэхэд ч цус сэлбэлтийн дараах урвал хүндрэл хааяа тохиолддог нь резус бүлэг тохироогүйгээс буюу ховор бүлгийн эсрэгтөрөгч агуулсантай холбоотой юм [8]. Ховор бүлгийн эсрэгтөрөгчдийн дундаас Келл эсрэгтөрөгч нь эмнэл зүйн практикт урвал хүндрэл өгөхөөс гадна нярайн цус задрах өвчин үүсгэх шалтгаан болдог байна [2, 8]. Ийм учраас бид энэ удаагийн судалгаандаа резус бүлэг болон Келл эсрэгтөрөгчийг онцгойлон судалсан болно. Резус бүлгийн хувьд, судалгаанд хамрагдсан нийт 5200 донорын 5155 (99.1%) нь Rh0(D)- эерэг, 45 (0.1%) нь Rh0(D)-сөрөг тодорхойлогдов. Резус сөрөг доноруудын 19 (42.2%) нь эрэгтэй, 26 (57.7%) нь эмэгтэй байлаа. Резус системийн E(rh’’) фенотипийг судалж үзэхэд доноруудын 264(48%) нь эерэг, 285 (52%) нь сөрөг байсан бөгөөд E(rh’’) сөрөг доноруудын 120(22%) нь эрэгтэй, 165 (30%) нь эмэгтэй байна. Резус системийн c(hr’) фенотипийг судалж үзэхэд 322 (58.7%) нь эерэг, 226 (41.2%) нь сөрөг байсан ба c(hr’) сөрөг доноруудын 99(43.8%) нь эрэгтэй, 127(56.2%) нь эмэгтэй байна. Резус системийн e (hr’’) фенотипийн судалгаагаар доноруудын 420 (76.9%) нь эерэг, 126 (23%) нь сөрөг тодорхойлогдсон бөгөөд e(hr’’) сөрөг доноруудын 47 (8.6%) нь эрэгтэй, 49 (14.4%) эмэгтэй донорууд байна. Резус системийн С(rh’) фенотипийг судалж үзэхэд 381 (69.7%) нь эерэг, 166 (30.3%) нь сөрөг донорууд байсан ба С(rh’) сөрөг доноруудын 61(11.1%) нь эрэгтэй, 105 (19.2%) нь эмэгтэй донор байв.

Хүснэгт 2-оос үзэхэд, манай улсын цусны доноруудын дундах Резус бүлгийн эсрэгтөрөгчдийн тархалтын давтамж хоёр удаагийн судалгаагаар ерөнхийдөө ойролцоо тогтоогдсон боловч цаашид судалгааны хүрээг тэлж, сонголтын мадгийг арилган, нарийвчлан судлах шаардлагатай. Харин манай улсад хийсэн хоёр удаагийн судалгааны дүнг ОХУ-ын эрдэмтэдийн судалгааны дүнтэй харьцуулахад илэрхий ялгаатай байгаа нь ази, европ хүмүүсийн удамшлын онцлогтой холбоотойг харуулж байна. Келл эсрэгтөрөгч тодорхойлох судалгаанд нийт 1464 донор хамрагдснаас эрэгтэй 655 (44.7%), эмэгтэй 809 (55.3%/) донор хамрагдсан бөгөөд судалгааны дүнг Хүснэгт 3-т үзүүллээ.

Хүснэгт 3-т үзүүлснээр судалгаанд хамрагдсан доноруудын 99.1%-д нь Келл эсрэгтөрөгч сөрөг, 0.9%-д нь Келл эсрэгтөрөгч эерэг тодорхойлогдов. Келл эсрэгтөрөгч эерэг доноруудын 23.1% нь эрэгтэй, 76.9% нь эмэгтэй донор байна.

Хүснэгт 4-т үзүүлснээр, доктор Ч. Шаравын 1970 онд хийсэн судалгаагаар Келл эсрэгтөрөгч эерэг донор нийт донорын 0.4%-ийг эзэлж байсан [3] бол, Т. Алимаагийн 2003 онд хэвлүүлсэн судалгаагаар энэ үзүүлэлт 1.1% болсон байжээ [9]. Бидний судалгааны дүн ч үүнтэй ойролцоо байна. Үүнээс үзэхэд монгол хүн амын дунд Келл эсрэгтөрөгч эерэг донорын эзлэх хувь аажмаар нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа бөгөөд энэ ховор бүлгийн шинжилгээг донорын цусанд хийж байх нь болзошгүй урвал хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой юм.

Хүснэгт 5-аас үзэхэд, Келл эерэг донорын хувьд монгол болон чечени үндэстэнийх хоорондоо ойролцоо байхад орос, армяни үндэснүүдийх бараг ижил байгаа нь ажиглагдаж байна [4].

ДҮГНЭЛТ:

  1. Монгол хүн амын дунд цусны OI бүлэг 40.1% , AII бүлэг 21.9%, BIII бүлэг 31.1%, ABIV бүлэг 6.8 % -ийг тус тус эзэлж байна.
  2. Манай цусны доноруудын 99.1% нь Rho(D) эерэг, 0.9% нь Rho(D) сөрөг байгааг дотор нь ялган судалж үзэхэд 48.0% нь E (rh’’) эерэг, 52% нь E (rh’’) сөрөг, 58.7% нь c(hr’) эерэг, 41.3% нь c(hr’) сөрөг, 79.6% нь e (hr’’) эерэг, 22.1% нь e (hr’’) сөрөг , 69.7% нь С(rh’) эерэг, 30.3% нь С(rh’) сөрөг байна
  3. Манай доноруудын 99.1% нь Келл эсрэгтөрөгч сөрөг, 0.9 % нь Келл эсрэгтөрөгч эерэг байгаа нь тогтоогдов.
  4. Монгол хүн амын дунд Резус, Келл бүлгийн эсрэгтөрөгчид болон цусны бусад ховор бүлгүүдийн тархалтыг гүнзгийрүүлэн судалж, донорын мэдээллийн санг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Ном зүй

1. World Health Organization. Clinical use of blood. Aide-memoire for national health programmes. Geneva, 2003
2. American Association of Blood Banks. The Rh system. Technical Manual (14th Edition), 2004, p.271-294
3. Ч. Шарав. Групповые свойства крови у монголов. Автореферат диссертации на соискание учёной степени кандидата медицинских наук. Москва,
1970
4. Л.М.Абаева, С.И.Донсков. Группы крови учеченцев. Вестник службы крови России 2007, 1:15-16
5. Landsteiner K. Zur kenntnis der antifermentiven, lythischen and agglutinierenden Wirkung des blutserums und der Lymph. Zbl. Balk 1900, 23:367
6. Garratty G, Dzik W, Issitt PD, et al. Terminology for blood groop antigens and genes-hystorical origins and guidelines in the new millenium. Transfusion
2000, 40:477-489
7. Watkins WM. The ABO system. Historical backgrounds. Transfusion medicine 2001, 11:243-266
8. American Association of Blood Banks. ABO, H and Lewis Blood groups and structurally related antigens. Technical Manual (14th Edition), 2004, p.271-294
9. Т.Алимаа. Цус сэлбэлтийн дараах дархлалын зарим хүндрэлээс сэргийлэх боломж. Монгол улсын цус сэлбэлтийн албаны хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд. Онолпрактикийн анхдугаар бага хурлын илтгэлийн хураангуй. Улаанбаатар, 2003, х. 26-28
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Ч.Цэрэннадмид


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4085
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК