Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 3(116)
Буухиа шилжихийн учир
( Редакцийн зурвас )
 

“Монголын анагаах ухаан“ сэтгүүлийн ерөнхий эрхлэгчийн хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг 1990 онд надад тохоон томилсноос хойш 11 жил гаруй өнгөрчихсөн байх юм. Сэтгүүлийн эрхлэгчээр томилогдохоосоо өмнө редакцийн зөвлөлд бас 10 шахам жил ажиллаж, гайгүй нухлуулчихсан байсан тул надад сэтгүүлийн нийтлэлийн хувьд болон редакторлах талаар айхавтар самгардах зүйл байгаагүй. Цаг зав л гаргах хэрэгтэй байсан. Харин зах зээлийн аягийг дагаад хэвлэлийн үйлдвэрүүд болон шуудан холбоо урьдчилгаа төлбөр шаардах болсон, сэтгүүлийг захиалан уншигчдын тоо эрс цөөрсөн зэрэг нь редакцийн зөвлөлөө ажиллуулах, сэтгүүлээ хугацаанд нь гаргах санхүүгийн эх үүсвэр олоход л ихээхэн санаа тавихад хүргэсэн санагдана.

Редакцийн зөвлөлд сонгогдсон эрдэмтэдэд редакторласны шагнал өгөх бололцоогүй болсноо шууд л хэлж, энэ сэтгүүлийн редакцийн зөвлөлд байна гэдэг бидний нэр төрийн хэрэг, мэргэжлийн хариуцлага гэдэг дээр санаа нийлсэн бөгөөд энэ зарчим одоо ч үргэлжилж байна.

Мэргэжлийн олон сэтгүүл нүд аньсан 1990-ээд оны эхний сэтгүүлзүйн болон зах зээлийн хар шуурганд сэтгүүлээ унагаачихалгүй авч гарсан гавъяаг тэр үед редакцийн зөвлөлд ажиллаж байсан бүх хүн, нэн ялангуяа сэтгүүл хэвлүүлэхээр хөөцөлдөх чимхлүүр ажлыг гардан гүйцэтгэж асан сэтгүүлийн нарийн бичгийн дарга их эмч Ч.Энхдалай, Д.Пүрэвдорж нар хүлэзнэ.

Чөлөөт мэдээллийн урсгал дотор эрүүл мэндийн боловсролын болон анагаах ухааны мэргэжлийн нийтлэл зайлшгүй байх шаардлагатай, тэр нь Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаа түшихээс аргагүй байсан нөхцлийг маань ойлгосон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Петер Хибзиер, Сусанта де Сильва нар дэмжин тусалснаар 1992-1994 онд тэр үеийн Эмнэлэг гэгээрлийн ордныг түшиглүүлэн “Эрүүл мэнд” хаягтай хэвлэлийн газар, теле студи хоёрыг босгосон нь яамдын дотроос энэ чиглэлийн анхных нь албад болж билээ. Өөрийн хэвлэлийн үйлдвэртэй болсон нь яам мэргэжлийн сэтгүүлээ хэвлэж байхад ихээхэн дөхөм болсон.

1996 онд ЭМЯ-ны ажлаа өгсний дараа тэр үеийн яамны удирдлага “Монголын анагаах ухаан” сэтгүүлийн ерөнхий редакторын цалингүй албаа үргэлжлүүлэн хийхийг хүсэхэд нь үнэнхээр тэр үеийн яамны удирдлагын дотор энэ ажлыг аваад явчих хүн үгүй байсныг нь харгалзан хүлээн авч билээ. 1998 онд "Монгол улсын хэвлэлийн зрх чөлөөний хууль” гарснаар төрийн захиргааны төв байгууллага хэвлэлтэй байх ёсгүй болж, уг хуульд зохицуулан Монголын эмч нарын эрдэм шинжилгээний нийгэмлэг, Шинжлэх ухааны академийн Анагаах ухааны бага чуулган, Анагаах ухааны их сургуулийг төгсөгчдийн холбоо гэсэн төрийн бус гурван байгууллага үүсгэн байгуулагчаар нь улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлсний дагуу 1999 оноос манай сэтгүүл бие даасан, чөлөөт, мэргэжлийн сэтгүүл болж, үүсгэн байгуулагчид маань энэ шинэ үеийг эхлүүлэх үүргийг бас л надад даалгасныг гүйцэлдүүлэх гэж сүүлийн 2 жил гаруй хичээлээ. Энэ шинэ үеийг эхлүүлэхэд сэтгүүлийн нарийн бичгийн дарга дэд доктор Б.Бурмаа, ня-бо Д.Амар, “Эрүүл энх” хэвлэлийн газрынхан хичээнгүйлэн зүтгэснийг тэмдэглүүштэй. Сэтгүүлзүйн мэргэжлийн дүн шинжилгээг бие даасан байр суурьнаас хийдэг “Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тойм“ сэтгүүлийн энэ оны нэгэн хавсралтанд “Монголын анагаах ухаан" сэтгүүлийг эрдэм шинжилгээний хамгийн сайн сэтгүүл1 хэмээн дүгнэсэн нь мэргэжил нэгт нөхдийнхөө итгэлийг хөсөрдүүлэхгүйсэн гэсэн 11 жилийн зүтгэлийг минь үнэлсэн хамгийн том шагнал боллоо. Ийнхүү сэтгүүл маань нэгэнт бие даасан мэргэжлийн сэтгүүлийн энд хүрсэн тул ийм сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүд, ерөнхий эрхлэгч нь сонгуулиар ээлжлэн ажилладаг дэлхий нийтийн жишигт нийцүүлэн чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг минь үүсгэн байгуулагчдын төлөөлөгчдийн хамтарсан хурлаар гүйцэлдүүлж өгсөнд талархаж байна. Миний халааг авч буй доктор, профессор, хүний гавъяат эмч Л.Лхагва бол буурьтай судпаач, нэртэй багш, авъяаслаг нийтлэлч, чадварлаг зохион байгуулагч чанаруудыг чухамхүү хослуулж чадсан, өргөн мэдлэгтэй эрдэмтэн тул буухианы ногдсон зайгаа одоогийн хүчийг нь алдуулахгүйгээр туулж, дараачийн хүнд эрчийг нь чангалан дамжуулах бүрэн итгэлтэй нэгэн гэдэгт эргэлзэх юун. Иш татсан сэтгүүлзүйн судалгаанд дурьдсанаас санаа авч, сэтгүүлээ олон улсын бүртгэлд бүртгүүлснээр хүлээлгэн өгч буйгаа бас дурьдмуу.

Академич П.НЯМДАВАА

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 215
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК