Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2013, 1(13)
Бодлын солбилцол
( Намтар )
 

Монголын анагаах ухаан 5000 жилийн тэртээгээс үүсч, 20 дугаар зууны эхээр орчин цагийн шинжлэх ухааны бие даасан салбар болон хөгжиж эхэлсэн түүхтэй. Анагаах ухааны салбарт хүүхдийн анагаахын алба салбарлан хөгжснөөр даруй 80 гаруй жилийг ардаа орхижээ. Монгол улсад “Хүүхдийн анагаахын алба” үүсч хөгжсөн түүх нь Хүүхдийн төв эмнэлэг буюу одоогийн ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгтэй салшгүй холбоотой билээ. 1930 онд анх 15 ортой байгуулагдаж байсан хүүхдийн тасаг эдүгээ 402 ортой 19 төрөлжсөн нарийн мэргэжлийн тасагтай, мэргэшсэн 400-аад эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй, сургалт, эрдэм шинжилгээг хослуулсан улсын хэмжээнд лавлагаа төвийн үүрэг гүйцэтгэх хэмжээнд өргөжин тэлсэн байна.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн төрөлжсөн тасгуудын нэг болох бөөр дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийн үндэс нь хүүхдийн поликлиникийн дэргэд Эрүүл мэндийн сайдын 1967 оны 197 тоот тушаалаар дотоод шүүрлийн кабинет байгуулагдан, АУ-ы дэд эрдэмтэн н.Долгормаа, 1976 онд бөөрний кабинет байгуулагдан, АУ-ы дэд эрдэмтэн Б.Басбиш нар ажиллаж эхэлснээр тавигдсан. Улмаар Улсын хүүхдийн клиникийн төв эмнэлгийн ерөнхий эмчийн 1983 оны 74-р тушаалыг үндэслэн “Бөөр, дотоод шүүрлийн эмгэг эмчлэх” 9 дүгээр тасаг байгуулагдсан түүхтэй. Өнөөдөр тус тасаг нь 40 ортой, мэргэжлийн эмч, сувилагч нараас бүрдсэн чадварлаг хамт олон болсноор барахгүй хамгийн олон эрдэмтэд уг тасгаас төрөн гарчээ. Э.Лувсандагва, Д.Цэрэнбал, Б.Басбиш, Б.Баярсайхан, Г.Эрдэнэтуяа, М.Цэндсүрэн, Д.Агиймаа, Л.Дашиймаа нарын эрдэмтдийн судалгаа шинжилгээний ажил монгол улсад хүүхдийн бөөр, дотоод шүүрлийн эмгэгийг эмчлэх, урьдчилан сэргийлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан ба Л.И.Лизунова, Б.Баасанжав, Э.Эрдэнэ, Н.Намнансүрэн, Т.Оюунбилэг, М.Батчулуун, Б.Ратэй, Л.Батжаргал нарын эмнэлзүйн мастеруудын ачаар өнөөгийн чадварлаг эмч нар бэлтгэгдэж гарсныг тэмдэглэхэд таатай байна. Бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасаг байгуулагдсны 30 жилийн ойн баярын мэндийг та бүхэндээ хүргэе.

Хүүхдийн эмнэлгийн хамт олон хүүхдэд тусламжийг чанартай, хүртээмжтэй эрсдэлгүй үзүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж эмчилгээ оношилгоондоо сүүлийн үеийн шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлсээр байна. Бид тусламж үйлчилгээндээ цахим бүртгэл, гемодиализ, сурфактант эмчилгээ, нярайн скрининг оношилгоо, эмчилгээ, удамзүйн лабораторийг өргөжүүлэн, шинэчилж удамзүйн шинжилгээ хийж эхэлсэн, яаралтай тусламжийн тасагт шинэ технологи нэвтрүүлснээр улсын хэмжээнд жишиг тасаг болсон зэрэг олон амжилтыг дурдаж болно.

Манай хамт олон зүрхний катетрийн лабораторийг байгуулж зүрхний эмгэгтэй хүүхдэд тусламж үзүүлэх, хавдрын тусламж үйлчилгээг өвдөлт намдаах, хөнгөвчлөх эмчилгээтэй хослуулах, дурангийн ба эрхтэн шилжүүлэх хагалгааг хийж эхлэх зэрэг дэлхийн жишигт хүрсэн эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөөд, зарим нь хэрэгжиж эхлээд байна.

Хүүхдийн эрүүл мэндийн төлөө харамгүй сэтгэлээ зориулсан үе үеийн ахмад буурлуудынхаа залгамж халаа болсон манай хамт олон хүүхдийн анагаахын салбар бүрт тэргүүлэгч байхын төлөө эрдэм оюун бүхнээ зориулж байгааг илэрхийлэхэд таатай байна.

Бүгдээс урьтаж хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлцгээе Бүхнээс түрүүлж хүүхдүүддээ “АЗ ЖАРГАЛ” бэлэглэцгээе

Та бүхнийг минь хүүхдийн буян ивээх болтугай.

 

ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал

АШУ-ы магистр, тэргүүлэх зэргийн эмч,

клиникийн профессор    Ц.Алтантуяа

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 432
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК