Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2013, 1(13)
Бахархал болсон багш нар минь
( Түүх )

Дотоод шүүрэл, булчирхайн ахмад эмч Т.Оюунбилэг

 
Эрээдэрийн Лувсандагва

Монгол Улсын ардын эмч, Монгол Улсын шинжлэх ухааны академийн гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Эрээдэрийн Лувсандагва нь зөвхөн миний багш төдийгүй Анагаахын дээд сургуулийг төгссөн хүүхдийн эмч бүхний гүнээ хүндэтгэдэг багш минь билээ. Монголын хүүхдийн эрүүл мэндийн манаанд зогссон 50 гаруй жилийн хугацаанд үзэж эмчилсэн, эдгэрүүлсэн хүүхдийн тоо гэвэл том тоо гарна гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх бизээ. Багш маань шавь биднийгээ ихийг мэдээсэй хэмээн оюутан байхад ч, эмч болсон хойно ч зааж сургасаар, зөвлөсөөр байгаа номч мэргэн хүн юм.

Багш маань өргөн мэдлэгтэйгээс гадна хүн чанарын хувьд энэрэнгүй, нинжин сэтгэлтэй, хүнийг их бага гэж ялгадаггүй, олныг баярлуулсан, тийм л гэгээлэг, олонд хүндлэгдсэн багш, бас эмч нэгэн. Би багшийнхаа дэргэд 30 гаруй жил ажиллан, ихийг мэдэж, суралцсаар байгаа шавь нарынх нь нэг гэдгээрээ бахархдаг билээ. Багш маань өвчтөн үзэхдээ их элэгсэг хандаж, үзлэгээ эхлэхдээ амар мэндийг нь мэдэж, нутаг усыг нь асуугаад хэзээний танил хүн шиг л уулздаг. Тэгээд аав, ээжтэй нь хуучилж байгаад хүүхдийг нь үзэхэд тэдний нүд нь сэргээд ирэхийг би олонтоо анзаарч байсан. Зөвлөж, эмчилсэн хүүхдээ огт мартдаггүй. Хэзээ хойно ч асууж сурч, санаа тавьдаг заншилтай. Хүний хувьд хээгүй талдаа. Хүнээс ялгарч, зэрэг зиндаагаа дөвийлгөөд байдаггүй эгэл даруухан хүн дээ миний багш.

Олон шавь нар биднийгээ дагуулан үлгэрлэж, ажил хөдөлмөрийн урт замд түшиг тулгуур болж яваа эрхэм багш маань үнэхээр бахдам дотно сайхан санагдаж байна. Багшдаа аз жаргал, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

Дүгэржавын Цэрэнбал

Анагаах ухааны доктор, профессор Дүгэржавын Цэрэнбал нь Монголын анагаах ухааны ахмад зүтгэлтний нэг бөгөөд багш маань Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийг үндэслэн байгуулагчийн нэг юм. Санитараас бага эмч, их эмч, Анагаах ухааны доктор болтлоо шаргуу хөдөлмөрлөсөн зөвлөх багш минь юм. Багш маань 1956 онд Монгол Улсын Их сургуулийн хүн эмнэлгийн факультетийг төгсөөд хөдөө орон нутгаас ажил амьдралын гараагаа эхлэсэн ба хүнд нөхцөлд, аливаа бэрхшээлээс шантрахгүй ажиллаж байсан багшаараа бид бахархдаг.

Д.Цэрэнбал багш эгэл даруухан, уур уцааргүй, хүнлэг сайхан сэтгэлтэй, эмч шавь нараа мэдлэг чадвартай болгоход чин сэтгэлээсээ тусалдаг, сэтгэл гаргадаг багш байлаа. Нефрологич эмчийн нарийн мэргэжил эзэмшүүлэх дагалдан курс анх зохион байгуулж, Б.Ратэй, Л.И.Лизунова, Л.Батжаргал, н.Норжмаа нарыг сурган мэргэжил эзэмшүүлсэн. Мөн намайг эндокринологич эмч болоход мэргэжлийн хичээл зааж, Улсын клиникийн төв эмнэлгийн эндокринологич эмч Норовын хамт 6 сарын дадлагыг удирдсан. Маш ихээр уншуулж, мэргэжлийн нарийн зүйлс асууж, ихийг мэдүүлж сургасан. Тэр үед 14 хоноод л шүүлэг авдаг, их хатуу дүгнэдэг, бид маш их сандардаг байж билээ. Өөрөөсөө ном авчирч өгөн уншуулж, товчлол хөтлүүлж байсан нь багш хүний хичээл зүтгэл юм даа.

Багш маань мэс заслын эмч, 5-р тасгийн эрхлэгч, биохимийн лабораторийн эрхлэгч, Анагаах ухааны дээд сургуульд багшилсан өргөн мэдлэгтэй оюунлаг эрдэмтэн багш. Би 1971-2005 он хүртэл хамтран ажиллахдаа, хичээл заалгаж, өөрийн хариуцсан өвчтөндөө үнэтэй зөвөлгөө авч байлаа. Багшийн бичиг хэрэг маш их цэгцтэй, нямбай гэдэг нь тод харагддаг байлаа. Д.Цэрэнбал багш дотоод шүүрлийн булчирхайн анатоми, физиологи, биохимийн нарийн үйлдлийг тодорхой заасны хүчинд эндокринологич эмч болж чадсандаа багшдаа үргэлж талархаж явдаг. Эрхэм багшдаа эрүүл энх, сайн сайхныг хүсье!

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : АУ-ы доктор, клиникийн профессор М.Цэндсүрэн


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 859
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК