Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2013, 1(13)
Анагаах ухааны докторын зэрэг хамгааллаа
( Товч мэдээлэл )
 

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн тасгийн эрхлэгч Жүгдэр овогтой Отгонбаатар 2013 оны 03 сарын 22-ны өдөр “Бие гүйцээгүй хулгана дээр гипоксийн ишемийн тархины гэмтлийг богино хугацааны каффейн эмчилгээгээр бууруулах нь” сэдвээр Япон улсын Осакагийн их сургуулийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхимд Анагаах ухааны докторын (Ph.D.) зэрэг амжилттай хамгааллаа.

Гипоксийн ишеми (ГИ)-ийн тархины гэмтэл нь 1000 амьд төрөлт тутамд ойролцоогоор 1 тохиолддог ба нярайн эндэгдэл, нас баралтанд хүргэдэг төдийгүй удаан хугацааны мэдрэлийн эмгэг үүсгэдэг. Каффейн бол дэлхийд өргөн дэлгэр хэрэглэдэг физиологийн идэвхт бодис бөгөөд кофе, цай, шоколад, сэрүүн ундаа ба бусад олон төрлийн эмийн найрлаганд ордог. Түүний төв мэдрэлийн системд сонгомолоор үйлчилж сэргээдэг болохыг Р.Павлов судалсан байна. Каффейн жирэмсэн эмэгтэйн бие махбодoд төдийгүй урагт нөлөөлөх бөгөөд жирэмсэн эхийн өдөрт авах тунг зөв зохистой тохируулаагүй тохиолдолд ургийн хөгжилд нөлөөлж болохыг судалсан. Сүүлийн жилүүдэд ишемийн тархины гэмтлийг бууруулах асуудал нь анагаах ухааны судалгаа шинжилгээнд чухал байр суурь эзэлж, энэ чиглэлд олон тооны судалгаа хийгдэж байгаа боловч клиник практикт маш цөөхөн эмчилгээ ГИ-ийн тархины гэмтлийг бууруулж байна.

Судлаачийн хийсэн судалгааны гол зорилго нь бие гүйцээгүй хулганад ГИ-ийн тархины гэмтлийг каффейны урьдчилсан нөхцөлт байдлаар бууруулах нөлөөг судлах юм. Туршилтанд төрсний дараах 7 дах хоногтой хулганыг ашигласан бөгөөд хяналтын, каффейны урьдчилсан нөхцөл+ГИ-ийн гэмтэл (25мг/кг, 50 мг/кг), ГИ-ийн гэмтэл гэсэн 4 бүлэгт хувааж судалгааг гүйцэтгэсэн. Эдгээр бүлгүүд ижил хэмжээ, ялгаатай концентрацид нөхцөлдсөн бөгөөд хяналтын ба ГИ-ийн бүлэгт фосфатын буффер, каффейны урьдчилсан нөхцөлт бүлэгт каффейн (25мг/кг, 50мг/кг тус бүр)-ыг төрсний дараах 4, 5, 6 дах хоногуудад арьсан дор тарьж, 7 дах хоногт гүрээний артерийн судсыг мэс заслын аргаар боон, тархинд гэмтэл үүсгэсний дараа 80 минутын турш хүчилтөрөгч эмчилгээ хийсэн. Хулганы тархинд гэмтэл үүсгэснээс хойш 7 хоногийн дараа хулганы тархийг авч гистологит бэлдэн, МАП-2 ба бусад аргуудаар судалж үзэхэд бие гүйцээгүй хулганы тархин дах ГИ-ийн гэмтэл богино хугацааны каффейн эмчилгээгээр буурч байсан байна.

Судлаачийн хийсэн судалгааны үр дүнгээс харахад хэт бага жинтэй нярайд үүсдэг ГИ-ийн тархины гэмтлийг каффейнээр бууруулах боломжтойг хулгана дээр туршиж баталсан нь эмнэлзүйн практикт ач холбогдолтой судалгаа болсон.

 

АУ-ы доктор Ж.Отгонбаатар таны цаашдын эрдэм судлалын ажилд амжилт хүсье!

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 431
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК