Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 1(50)
Жамбаа багш
( Редакцийн зурвас )

 П.Нямдаваа

Халдварт өвчинтэй тэмцэх
Монголын үндэсний холбоо

 

           Эрүүл мэндийнхэн бид бүгдээрээ “Жамбаа багш” гэж хүндэтгэн дууддаг Монгол улсын гавъяат багш, доктор, профессор Цорос овогт Ганжаагийн Жамба 2012 онд 85 нас сүүдэр зооглож байна.
           Г.Жамба Увс аймгийн Хяргас сумын нутагт 1927 оны 9 дүгээр сарын 16-нд мэндэлжээ. 1938-1941 онд сумын бага сургуульд суралцан төгсөөд 1941-1945 онд сургуульдаа багшлаж, 1945-1947 онд МУИС-ийн бэлтгэл ангид, 1947-1952 онд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетэд суралцан төгсчээ. 1954-1958 онд тэр үеийн ЗХУ-ын Анагаах ухааны академийн Н.Ф.Гамалейн нэрэмжит Микробиологи-Эпидемиологийн хүрээлэнгийн аспирантурт суралцаж, “Цусан суулгын Ньюкасл нянд хими-заслын бэлдмэлийн үйлчлэлийг туршлагын нөхцөлд судласан нь” (Действие химио-терапевтических веществ на дизентерийные бактерии Ньюкастла в эксперименте) сэдвээр анагаах ухааны дэд эрдэмтний (одоогийнхоор докторын) зэргийг хамгаалж, манай анагаахын анхны микробиологич эрмдэмтэн болжээ. Мөн 1963-1965 онд ДЭМБ-ын шугамаар Чехословак, Югослав улсуудад вирүс судлалаар мэргэшсэн манай анагаахын анхны вирүс судлалч юм. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Эрдмийн зэрэг, цол олгох дээд комиссоос 1961 онд доцент, 1969 онд профессор цол хүртсэн.
Г.Жамба багш МУИС, АУДэС-д 1952-1965 онд Микробиологи, халдварт өвчин судлалын тэнхимийн багш, эрхлэгч, орлогч декан, АУДэС-д 1965-1969 онд хичээл ангийн эрхлэгч, 1969-1973 онд сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, АУИС-д 1987-1995 онд ректор, 1995-2004 онд микробиологийн тэнхимийн эрхлэгч, 2005 оноос зөвлөх профессороор ажиллаж, манай олон мянган эмч нар, олон арван эрдэмтэн судлаачдад багшилсан нэрт сурган хүмүүжүүлэгч тул 1999 онд “Монгол улсын гавъяат багш” цолоор шагнуулсан юм.
Проф.Г.Жамба 1973-1987 онд БНМАУ-ын ЭХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УАЦХСБШГ-ын дарга, улсын ариун цэврийн ерөнхий байцаагчаар ажиллахдаа ариун цэвэр халдвар судлалын албыг бэхжүүлэхэд их зүйл хийсэн Монгол төрийн нэртэй зүтгэлтэн билээ.
Г.Жамба багш сурган хүмүүжүүлэх, удирдан зохион байгуулах нөр их ажлынхаа зэрэгцээгээр Монгол улсад болон ДЭМБ зэрэг олон улсын байгууллагуудад сонгуульт үүрэг хүлээн нэр төртэй гүйцэтгэсэн, гүйцэтгэсээр байгаа олонд танигдсан нийгмийн зүтгэлтэн бөгөөд манай сэтгүүлийг анх байгуулагдсан цагаас редакцийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа юм.
“Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”-ийн редакцийн зөвлөл, уншигчдынхаа нэрийн өмнөөс болон “Халдварт өвчинтэй тэмцэх Монголын үндэсний холбоо”-ны нэрийн өмнөөс Жамба багшдаа наян тавны баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, урт удаан наслан, мэргэжлийн бидэндээ үнэт сургаалаа он удаан жил хайрлаж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, “Халдварт өвчинтэй тэмцэх Монголын үндэсний холбоо”-ны тэргүүн, академич П.Нямдаваа

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 306
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК