Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 1(32)
ӨНДӨР ИДЭВХТЭЙ СҮҮН ХҮЧЛИЙН БАКТЕРИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭС
( Илтгэлийн хураангуй )

Ц.Энхтуул1, Ц.Даваажаргал2

1ШУТИС, Хүнсний Инженер Биотехнологийн Сургууль,

 

     Өнөөдөр дэлхий нийтэд хүнсний тухай төрийн бодлого нь хүнийг өвчилсөний дараа хоолоор сувилахад бус харин өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд илүүтэй анхаарч хүн амынхаа эрүүл мэндийн боловсролын байдлыг дээшлүүлэх, тэдэнд чанартай эрүүл ахуйн баталгаатай, цэвэр хоол хүнсийг бие организмын онцлогт тохируулан зөв хэрэглэх дадал зуршлийг бий болгож хэвшүүлэхэд чиглэгдэж байна. Сүүн хүчлийн бактери болон бифидобактериудийг хүн, амьтны бүдүүн гэдэс болон исгэлэн сүүн бүтээгдэхүүнээс ялган авдаг бөгөөд тэдгээрийг ашиглаж бактерийн амьд өсгөвөр агуулсан бүтээгдэхүүн хийдэг. Ийм хүнсийг хүн хэрэглэхэд тэдгээр нь ашиггүй бичил биетний өсөлт, хөгжилтийг саатуулан хүний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг. Иймээс өндөр идэвхтэй бичил биетнийг ялган авч эмчилгээний үр нөлөөтэй исгэлэн сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд ашиг тусаа өгнө.

     Судалгааны арга зүй: Судалгааны ажлын материал болгож Монгол орны янз бүрийн бүс нутагт монголчуудын уламжлалт аргаар исгэсэн тарагны хөрөнгөний дээжийг сонгон авлаа. Микробиологи болон бусад шинж чанарыг уламжлалт аргаар тодорхойлов.

     Судалгааны үр дүн: Судалгааны дээжийг 2009, 2010, 2011 онуудад цуглуулж тарагны хөрөнгөнөөс нийт 20 дээж авч, сонгомол орчин болох Рогозын шингэн болон хатуу орчин, тосгүйжүүлж ариутгасан шингэн сүү, Лактобацилын агарт орчин болон спиртийн агууламжтай орчинд анаэроб нөхцөлд өсгөвөрлөж тусгаар колони буюу анхдагч өсгөврүүдийг гарган авлаа. Эсийн хэлбэр дийлэнхэд нь савханцар, Грам эерэг, эсүүд нь ганцаар зарим тохиолдолд гинж үүсгэн байрласан байна.

     Өндөр идэвхтэй сүүн хүчлийн бактериудийн цөсний хүчлийг \0.2%, 0.3, 0.4%, 1.0%, 1.5%, 2.0%\ тэсвэрлэх чадвараар дээж №0, дээж №3 өсгөвөр 0,2% -ийн цөсний хүчлийг, дээж №1 өсгөвөр 0,2%, 0,3%, 0,4% -ийн цөсний хүчлийг тус тус тэсвэрлэх чадвартай байна.

     Тарагны хөрөнгөний сүүн хүчлийн бактерийн дээж №0 өсгөвөр бензилпенициллин, эритромицин, формум антибиотикт, дээж №1 өсгөвөр бензилпенициллин, оксициллин, цефолексин, эритромицин, цефазолинд, дээж №2 өсгөвөр нь оксициллин, цефолексин, эритромицин, цефазолин, клафоранд, дээж №3 өсгөвөр нь оксициллинд тэсвэртэй байгаа нь төрөл бүрийн антибиотик эмчилгээний үед антибиотикийн сөрөг нөлөөг багасгах үндсэн индикатор нь сүүн хүчлийн бактер болохыг туршилтаар харууллаа. Дээрх ялган авсан сүүн хүчлийн бактерийн зарим өсгөврүүд нь Грам сөрөг, спорт бактерийн эсрэг антагонист шинж чанартай байгаа нь пробиотикийн шинж чанартай.

     Дүгнэлт: Монгол тарагны хөрөнгөнөөс ялган авсан биологийн өндөр идэвхтэй сүүн хүчлийн бактерийн цэвэр өсгөврүүд нь пробиотик шинж чанарыг илтгэх цөсний хүчил болон хүчиллэг орчинг тэсвэрлэх чадвартай нь бие махбодын ходоод гэдэсний хүчиллэг орчинг тэсвэрлэн үлдэх боломжтойг харуулж байна.

     Түүнчлэн патоген бичил биетний омгуудад сөрөг нөлөөлж, тэдгээрийн өсөлт үржлийг дарангуйлж байгаа нь дисбактериоз болон ходоод гэдэсний архаг өвчтэй хүмүүс хэрэглэх эмчилгээний ач холбогдолтой бүтээгдэхүүний хөрөнгөний гол найрлагад орох боломжтой.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2462
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК