Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 2(51)
Хамтдаа тэмцъе
( Редакцийн зурвас )

ХӨСҮТ-ийн захирал, АУ-ны доктор, клиникийн профессор Д. Нямхүү

 

     Байгаль дэлхийтэй хүйн холбоотой хүн төрөлхтөн хүрээлэн орчноос хамаарахгүй амьдрах боломжгүй юм. Үүний нэг нотолгоо нь хүн байгалийн хоорондох харилцааны явцад бий болсон шинэ болон удмын шинж нь хувьсан өөрчлөгдсөн бичил биетээр үүсгэгдсэн халдварууд жил бүр дэлхийн өнцөг булан бүрт хүний амь насыг үй олноор сүйтгэх нь нэмэгдэж байна. Хэдийгээр хүн төрөлхтөн шинжлэх ухааны ололт амжилтын ачаар халдварт өвчнөөс сэргийлэх аргыг боловсронгуй болгон хэрэгжүүлсээр байгаа боловч цаашид хүний үйлдэл халдварт өвчинг үүсгэгч ямар шинэ бичил биетийг бий болгохыг тааварлахын аргагүй. Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн салбар халдварт бус өвчин эмгэгт анхаарлаа ихээхэн хандуулаад байна. 10 гаруй жилийн тэртээ Монгол улсын нийт өвчлөлийн дотор халдварт өвчин тэргүүлэх байрыг эзлэж байсан бол эдүгээ хавдар, осол гэмтэл, зүрх судасны өвчин зонхилж, манай орны эрүүл мэндийн салбар ч гэсэн энэ чиглэлд голлох үйл ажиллагаагаа чиглүүлэх болсон. Гэтэл халдварт бус өвчний дотор гол суурийг эзлэдэг хавдарын, тухайлбал элэгний хавдарын үндсэн шалтгааны нэг нь хепатитын В, С, Д вирүс, умайн хүзүүний хавдрын хувьд хүний папиллома вирүс, ходоодны хавдарын хувьд хеликобактер зэрэг халдварт өвчнийг үүсгэгч бичил биетүүд байна. Түүнчлэн ургийн гажгийг үүсгэгч шалтгааны дотор цитомегаловирүс, токсоплазм, улаануудын вирүс, хламид зэрэг бичил биетүүд гол үүргийг гүйцэтгэсээр байна. Хүүхдийн нас баралтын үндсэн шалтгаан болох суулгалт, амьсгалын замын өвчний дийлэнх нь халдварын гаралтай. Иймээс бид халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх, оношлох эмчлэх чиглэлээр олсон амжилт, алдсан алдаа дутагдалаа орчин цагийн шинжлэх ухаантай харьцуулан дүгнэх, ирээдүйг төлөвлөн харах, халдварт өвчин судлалын шинжлэх ухааныг дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэхэд гол хөшүүрэг болох “Халдварт өвчний тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Жилээс жилд энэ үйл ажиллагаа өргөжин зөвхөн ХӨСҮТ-ийн төдийгүй аймаг орон нутаг, гадаад дотоодын үе үеийн мэргэжилтэн, судлаачдын хамтарсан эрдэм шинжилгээний бүтээлүүдээр баяжигдаж байгаа нь халдварт өвчин хүн төрөлхтөний өмнө хамтдаа байхыг тулган шаардсан шаардлага болохыг батлан харуулж байна. Өнгөрсөн үеийн туршлагыг өнөө үеийн шинжлэх ухааны амжилтаар баяжуулан халдварт өвчинтэй тэмцэх бүхий л үйл ажиллагааг эрдэмлэг ухаан, төгс бодлогоор зохион байгуулж, хамтдаа тэмцсэнээр бид амжилтанд хүрнэ гэдэгт итгэж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 305
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК