Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 2(51)
Эмч, сувилагчийн дундах сүрьеэгийн халдварлалт, өвчлөл, нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлс: Агшингийн судалгаа
( Илтгэлийн хураангуй )

Д.Наранзул1, Б.Цолмон1, Н.Наранбат2, П.Баясгалан1, Б.Буянхишиг1, Д.Даваалхам3

1 Халдварт өвчин судлалын үндэсний төв,

2 Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо,

3 Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль

 
Абстракт

“ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТУЛГАМДСАН АСУУДАЛ”  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН ЗУРГААДУГААР БАГА ХУРЛЫН ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ

 ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

2012 оны 11-р сарын 9-ний өдөр


 

     Үндэслэл: Сүрьеэгийн халдварт эрүүл мэндийн ажилтанууд ихээр өртөх болсон нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болж байна. Бид Улаанбаатар хотын сонгогдсон эмнэлгүүдийн эрүүл мэндийн ажилтаны дунд сүрьеэгийн халдварлалт, өвчлөл, эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг судалсан.

     Зорилго: Эмнэлгийн мэргэжилтний дундах сүрьеэгийн халдварлалт, өвчлөл, нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг тогтоох

     Материал, арга зүй: 2012 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын 42 эрүүл мэндийн байгууллагыг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгож, 844 эмч, сувилагчийг хамруулан агшингийн судалгааг явуулсан. Туберкулины арьсаны сорил тавьж сүрьеэгийн халдварын тархалт, цээжний рентген зураг, цэрний шинжилгээгээр сүрьеэгийн өвчлөлийг илрүүлсэн. Тусгайлан боловсруулсан асуумжаар сүрьеэгийн сэжигтэй эмнэлзүйн шинж тэмдэг, эрсдэлт хүчин зүйлийн талаарх мэдээллийг цуглуулсан.

     Үр дүн: Идэвхтэй сүрьеэгийн 6 тохиолдол илэрсэн (71.1/10000). Эмнэлгийн мэргэжилтний дундах сүрьеэгийн тархалт 52.1% (CI: 48.8%; 55.5%) байна. Сүрьеэгийн халдварын тархалт эмч нарын дунд 53.1% (CI:48.0%; 58.0%), сувилагч нарын дунд 51.4% (CI: 46.7%; 58.9%)-тай байна (p=0.62). Олон хүчин зүйлийн шинжилгээгээр сүрьеэгийн салбарт ажиллах (OR=6.0 [95% CI:2.8.3-12.6]), эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хоёрдогч шатлал (OR=2.9 [95% CI: 1.3 - 2.9]), бусад эрүүл мэндийн байгууллага (Хорихын эмнэлэг, ШЭНЭСТ, Амаржих газрууд) (OR=1.9 [95% CI:1.3-2.9])-д ажиллах, хашаа байшинд амьдрах (OR=1.5 [95% CI: 1.1- 2.0]), шөнийн ээлжинд ажиллах (OR=1.4 [95% CI: 1.0-1.8]) нь сүрьеэгийн халдварыг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.

     Дүгнэлт: Эмнэлгийн мэргэжилтний дундах сүрьеэгийн халдварын тархалт дэлхийн бага болон дунд орлоготой улс орнуудын түвшинд байна. Энэхүү судалгааны үр дүнгээс харахад манай улсад эрүүл мэндийн ажилтаны дундах сүрьеэ нь тулгамдсан асуудал болох хандлага харагдаж байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2131
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК