Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 2(51)
Монгол дахь сүрьеэтэй холбоотой нас баралт, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлс; 2010 он
( Илтгэлийн хураангуй )

Б.Цолмон1 , Д.Наранзул2, М.Энхтуяа2, О.Батбаяр2

 
Абстракт

“ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН ЗУРГААДУГААР БАГА ХУРЛЫН ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

2012 оны 11-р сарын 9-ний өдөр


 

     Үндэслэл: Монгол улсад сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл, нас баралт эрс нэмэгдэж нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсоор байна. Сүрьеэтэй холбоотой нас баралтын талаар тархвар судлалын болон бусад судалгаа шинжилгээ төдийлэн хийгдээгүй байна.

     Зорилго: Сүрьеэтэй холбоотой нас баралт, түүнд нөлөөлж байгаа зарим эрсдэлт хүчин зүйлсийг судлах.

     Материал, аргазүй: 2010 онд бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдолуудын эмчилгээний хуудсыг ашиглан бичиглэл болон эргэмж кохорт судалгааны аргаар дүн шинжилгээ хийлээ. Коксийн регрессийн шинжилгээгээр сүрьеэтэй холбоотой нас баралтад нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлийг тогтоосон.

    Үр дүн: 2010 эмчилгээнд хамрагдсан 4213 тохиолдлын 3227(76.6%) нь судалгаанд хамрагдсаны 120 нь нас баралт байсан ба түүний үхлийн түвшин 3.7% байна. Уушгины сүрьеэтэй(4.6%) тэр дундаа хурц тархмал хэлбэрийн (17.1%) болон сорвит хөндийт сүрьеэтэй (11.4%) өвчтөнүүдийн дунд үхлийн түвшин харьцангуй өндөр байна (р<0.05). Мөн сүрьеэгийн дахисан тохиолдол(11.2%), эмчилгээний хоёрдугаар (11.6%) ба “стандарт”(28.0%) бүлгээр эмчлэгдэж байгаа үйлчлүүлэгчдийн дунд үхлийн түвшин харьцангуй өндөр байна(р<0.05). 45 ба түүнээс дээш нас (adjusted Hazard Ratio=2.3 [95%C.I. 1.4-3.6]), эрэгтэй хүйс (aHR=1.9 [95%C.I. 1.3-2.9]) зэрэг нь сүрьеэтэй холбоотой нас баралтад нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлс болж байна. Хөдөлмөрийн чадвар түр алдсан (aHR=2.5 [95% C.I. 1.4-4.6]), эмчилгээний“стандарт” бүлгээр (aHR=10.7 [95% C.I. 3.7-30.7]) эмчлүүлэгчдийн дунд нас баралт харьцангуй өндөр байгаа нь ажиглагдлаа.

     Дүгнэлт: Сүрьеэтэй холбоотой нас баралтын тал хувь эмчилгээний эрт үед буюу эхний 2 сарын дотор тохиолдож байна. 45-аас дээш настай, эрэгтэй, хөдөлмөрийн чадвар алдсан болон стандарт эмчилгээний горимоор эмчлэгдэж байгаа үйлчлүүлэгчдийг идэвхтэй хянах нь сүрьеэтэй холбоотой нас баралтыг бууруулахад чухал нөлөөтэй.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 647
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК