Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 2(51)
Чингэлтэй дүүрэгт бүртгэгдсэн оны бздх-ын өвчлөлийн байдал; 2009-2011 он
( Илтгэлийн хураангуй )

Г.Заяа, Ц.Хишигсүрэн

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл

 
Абстракт

“ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН ЗУРГААДУГААР БАГА ХУРЛЫН ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

2012 оны 11-р сарын 9-ний өдөр


 

     Үндэслэл: Чингэлтэй дүүрэг нь 144341 хүн амтай ба нутаг дэвсгэрийн ихэнх хувийг гэр хороолол эзэлдэг. Ажилгүйдэл, ядуурал, архидалт, биеэ үнэлэх байдал, хөдөөнөөс хотруу ирэх шилжилт хөдөлгөөн ихтэй. Дүүргийн хэмжээнд баар цэнгээний газар, зочид буудал, саун олон байдаг. Нийт хүн амын 57,9%-ийг нөхөн үржихүйн насны залуучууд эзэлдэг зэргээс шалтгаалан бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) ихсэх хандлагатай байна.

     Зорилго: Чингэлтэй дүүргийн (ЧД) нийт хүн амын дунд тэмбүү, заг хүйтэн, трихомониаз өвчний тархалтыг судлаж, өвчлөлд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох.

     Материал, аргазүй: Судалгааг ЧДийн БЗДХ/ХДХВ/ДОХ-ын диспансераар 2009-2011 оны хооронд үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн дунд хийв. Судалгаанд мөн оны амбулаторийн үзлэгийн мэдээ, диспансерийн хяналтын карт, халдварт өвчний үйл ажиллагааны ЭМТ-304 тайланг ашиглан нэгтгэн дүгнэх, харьцуулах аргаар судалгааг явуулсан.

     Үр дүн: ЧД-ийн нийт халдварт өвчний 30.6% нь БЗДХ байна. Үүнээс тэмбүү өвчин 68% байна. Улс, хотын сүүлийн 5 жилийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад тэмбүү өвчин жил бүр тогтмол ихсэж сүүлийн жилд улсын дунджаас 6.99, УБ-ын дунджаас 2.41 промиллээр өссөн байна. Харин заг хүйтэн, трихомониазын өвчлөл харьцангуй тогтмол улс, хотын дунджаас бага байна. БЗДХ-ын 54,84% нь жирэмсэн эмэгтэйчүүд байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тэмбүү – 72,74 %, заг хүйтэн – 26,61%, трихомониаз – 0,65% байна. БЗДХ-ыг хүйсний хувьд авч үзвэл эмэгтэй 80%, эрэгтэй 20% байгаа нь жирэмслэлт болон урьдчилан сэргийлэх үзлэгт эмэгтэйчүүд илүү хамрагдаж байгаатай холбоотой гэж үзэж байна. Судалгааны дүнгээс харахад 20-40 насны залуучуудын дунд БЗДХ тогтмол өндөр /82,72%/ байгаа ба өсвөр үеийнхэн /13-19 нас/ дунд БЗДХ нэмэгдэх хандлагатай байна. Хавьтал илрүүлэлт, халдварын эх уурхайн хувьд байнгын хавьтлаас халдвар авсан гэх асуумж ихэнх хувь /80%/ байна. БЗДХ-ын хувьд ЧД-ийн 19 хорооноос 7-19 дүгээр хороонд өвчлөл өндөр байна.

     Дүгнэлт: ЧД-ийн хэмжээнд БЗДХын өвчлөл сүүлийн 5 жилд тогтвортой буурахгүй байна. “Нэг цэгийн үйлчилгээ”-г хэрэгжүүлснээр жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тэмбүүгийн илрүүлэлт сайжирсан. Хавьтал илрүүлэлт муу байгаа нь ДОХ/ БЗДХ-ын диспансерт халдвар судлаач ажилладаггүй болон хувь хүний нууц зэрэг асуудалтай холбоотой байна. Залуучуудын дунд өвчлөл их байгаа нь ДОХ/БЗДХын талаар мэдлэг мэдээлэл хангалтгүй, урьдчилан сэргийлэх дадал хэвшил суугаагүй зэрэг хүчин зүйл нөлөөлж байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 382
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК